| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 195/2025/1670/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1940 |
| Огноо | 2025-08-07 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Г.Мөнхтүвшин |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1940
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж, шүүгч Б.Булгантамир, шүүгч М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор,
улсын яллагч Г.Мөнхтүвшин /томилолтоор/,
иргэдийн төлөөлөгч Б.Г,
шүүгдэгч Т.Ц, түүний өмгөөлөгч Х.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508000000450 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Т-ийн Ц, Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ У ХХК-д ноос угаагч ажилтай байсан, ам бүл 3, эх, охины хамт *** оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ***, урьд
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 616 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч У.Э-ы цээжин тус газар хутгалж алсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг;
Шүүгдэгч Т.Ц, түүний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргахгүй гээд 2-р хавтаст хэргийн 103, 104-105, 115, 55-56, 136, 140 дэх талд авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүгдэгч Т.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо *** тоотод байрлах нийтийн байрны 3 тоотод “гэрээсээ хөөсөн” гэх шалтгаанаар өөрийн үеэл дүү У.Э-ы цээжин тус газар хутгалж алсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- Дуудлагын утга: “Би дүүгээ зодсон юм шиг байна”, Дуудлага өгсөн огноо “03/28/2025 15:05:24” гэх СХДЦГ ЦХ-3, Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас (1-р хавтаст хэргийн 1 дэх тал),
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 4, 6-15 дахь тал),
- Нийслэлийн түргэн тусламжийн төвийн хүлээлцэх хуудас (1-р хавтаст хэргийн 5 дахь тал)
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт (1-р хавтаст хэргийн 16-19 дэх тал),
- Т.Ц-ы биед үзлэг хийсэн тэмдэглэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 21-23 дахь тал),
- Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эрүүгийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Д-ийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 45-49 дэх тал),
- Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт ирсэн ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 60 дахь тал),
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ан-ы “...2007 онд манай аав ээж хоёр намайг 5 настай байх үед салсан. Тэр үеэс хойш хамт амьдарч байгаагүй. ...Би хамгийн сүүлд энэ оны 2 дугаар сарын 27-ны өдөр уулзсан. 3 дугаар сарын 23-ны өдөр утсаар ярьсан. Утсаар ярихдаа ажил төрөл сайн уу гээд тамхины мөнгө байна уу гэж асууж байсан. ...Ц нь манай аавын ээж У-ийн төрсөн эгч Т-ийн том хүү юм. Энэ хоёр хамт амьдраад 4-5 сар болж байгаа байх, архи согтууруулах ундаа байнга хэрэглэдэг байсан. ...Т нь нөгөө хоёр чинь архи уугаад байна, бие биеэ хөөж туугаад байна гэж хэлж байсан, би тэр үед нь нээх тоохгүй тийм үү гээд өнгөрдөг байсан. Ямар ч байсан амь хохирогч У.Э болон Т.Ц хоёр архи уухаараа л маргадаг гэдгийг мэднэ....” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 63-64 дэх тал),
- Гэрч Ц.Б-ын “...Өнөөдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 28-ны өглөө 06 цаг 30 минутын сэрсэн. ...хамт ажилладаг Т.Ц-ыг авахаар *** тоотод байх ногоон өнгийн 2 давхар нийтийн байранд ирээд гэрт нь ирээд хаалгыг нь нүдтэл Т.Ц хаалгаа онгойлгож өгөхөд “за ажилдаа явах уу” гэж асуухад “үгүй ээ би ажилдаа явахгүй өнөөдөр тавилгаа зөөнө” гэж хэлсэн. Би хаашаа зөөх гэж байгаа юм бэ гэхэд танайд аваачаад хураая гэхээр нь бид зас тэг тэг зөвшөөрсөн. ...Т.Ц бид хоёр цагаан амьжиргааны жолоочтой манай гэрт ирээд тухайн эд зүйлсийг буулгаж хураагаад гэртээ гал түлээд Т.Ц бид хоёр амьжиргааны жолоочтой хамт доошоо уруудсан. Т.Ц бид хоёр хүнсний дэлгүүрийн ойролцоо буугаад Т.Ц тухайн дэлгүүрээс 0,75 литрийн “Хараа” нэртэй архи аваад Т.Ц-ы амьдарч байсан нийтийн байран дээр 10 цагийн үед ирэхэд амь хохирогч У.Э нь шалаа угаагаад сууж байсан. Т.Ц амь хохирогчид хандаж энэ архийг задлаадах гэж хэлж задлуулаад өөрөө архиа тойруулаад бид гурав хувааж уусан. Архи дөрвөн хуруу орчим үлдсэн байхад амь хохирогч банк орлоо гээд гарахдаа Т.Ц-д 20,000 болон 10,000 төгрөгийн дэвсгэрт өгөөд 1 шил архи, 1 кг элсэн чихэр аваарай гэж хэлэхэд Т.Ц ахын дүү өөрөө 10,000 төгрөгийг нь хэрэглэ гээд 20,000 төгрөгийг аваад үлдсэн. Т.Ц надад чи тогоотой аарц буцалгаж бай гэж би 1 шил архи бас элсэн сахар аваад ирье гэж хэлээд гэрээс гараад явсан. Бид аарцыг нь ганцаараа буцалгаад 30 минут орчим хүлээгээд ирэхгүй болохоор нь аарцыг нь унтраагаад яваад өгдөг юм билүү гэж бодож байтал Т.Ц нь гартаа том кола ундаа барьсан, гар утсаараа хүнтэй ярьсаар орж ирсэн. Би чи нөгөө архи, элсэн сахар яасан бэ гэхэд эндхийн атаманууд тааралдаад 3, 3 хийж өгөөд жоохон үлдэхээр нь би ундаан дотроо хийгээд ороод ирлээ гээд нэлээн согтолтой орж ирсэн. Би тухайн ундаанаас цайны аягаар хоёр хийж уугаад байж байхад амь хохирогч У.Э гаднаас орж ирээд суухаар нь би нөгөөх чинь архиа энэ ундаанд хийсэн юм байна, энэ ундаанаас уугаарай гэж хэлээд гарч явсан. Цамбагарав хүртэл алхаад автобусанд суугаад Жуков дээр буугаад эгчийнхээ гэр орсон. ...Тухайн үед найз Т.Ц, амь хохирогч У.Э нарыг орхиод явах үед тэд нарын биед ил харагдах гэмтэл шарх байхгүй, хэвийн зүгээр байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 71-74 дэх тал),
- Гэрч Б.Б-ийн “...манай нөхөр Ц.Б өнөөдөр өглөө 07 цаг 20 минутын үед ажил руугаа явна гээд ганцаараа гарсан. Би Жуковт байх ажил дээр байж байтал 11 цаг 40 минутад миний 8960**** дугаар луу 8897**** гэх Т.Ц-ы дугаараас дуудлага ирсэн байсан. 12 цагийн үед буцаагаад залгахад Б утсыг нь авахаар нь хаана байгааг нь асуухад “би А-д буюу Т.Ц-ы гэрт байна, ажил дээрээ очоод ирсэн, өнөөдөр ажиллахгүй, Т.Ц-ы гэрт аарц чанах гэтэл сахар байхгүй байна, аарцыг нь уугаад гарна гээд эрүүл бололтой ярьсан. ...Б гар утасгүй гарсан тул бид хоёр 14 цагаас манай ажил дээр уулзахаар болсон. ...Жуковт байх хадам эгч Б-ийн гэрт цай ууж байхад 14 цагийн орчим Б гаднаас жоохон архи үнэртүүлсэн орж ирсэн...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 76-78 дахь тал),
- Гэрч Б.Д-ийн “...2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 15 цаг 05 минутын орчим 8897**** утаснаас “Сонгинохайрхан дүүргийн 43-р хороо *** тоот ногоон өнгийн нийтийн байранд би дүүгээ зодчихсон юм шиг байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч А.Х-ийн хамтаар тухайн дуудлага мэдээллийг хаягаар очиж шалгасан. ...3 гэж тэмдэглэсэн хаалганы цаана утасны ая сонсогдохоор нь энэ айлаас дуудлага өгсөн байх гэж бодоод А.Х-ийн хамт орох гээд хаалгыг цааш түлхтэл бүтэн онгойхгүй бага зэргийн зай гарахаар нь орсон чинь тус өрөө эмх замбараагүй болсон, архины үнэр болон цусны үнэр их хэмжээгээр үнэртэж байсан. Тухайн өрөө гол хэсэгт дээшээ гарсан хоёр нүдний зовхи аниастай, ам нь хаалттай нүүр хэсэг нь бүхэлдээ цус болсон, хоёр гар цайсан 40-45 насны орчим залуу хэвтэж байхаар нь гүрээний судас дээр нь дарж үзэхэд цохилт байхгүй байсан. ...Тухайн өрөөний цонхны доор биеийн зүүн талаар газар хэвтсэн байсан залууг сэрээх гэж оролдсон боловч огт сэрэхгүй байсан. ...арай хийж сэрээгээд “та дуудлага өгсөн хүн мөн үү, энд юу болсон юм бэ” гэхэд “ би дүүгээ зодчихсон чинь амьсгалахаа больчихлоо, би дүүгээ алчихсан юм шиг байна, одоо яах уу” гэж надаас асуусан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 86-89 дахь тал),
- Гэрч М.О-ын “...Би тухайн нийтийн байранд 3 жил хагас амьдарч байна. Галч хийгээд 3 сар болж байна. ...3 тоот өрөөний хүн ахтайгаа амьдраад 34 сар болж байгаа. ...Цагаан сар болж байхад би төрсөн ах М.Э-ын гэрт байж байхад Т.Ц нь гаднаас согтуу орж ирээд манай дүү болох У.Э намайг байнга зодоод хөөгөөд байна, нэг амьжиргааны жолооч руу залгаад өгөөч юмаа ачаад явмаар байна гэж орж ирж байсан. ...Амь хохирогч У.Э болон Т.Ц нар нь мөнхийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байдаг...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 91-92, 94 дэх тал),
- Гэрч Ч.Б-ийн “...Би нөхрийн хамт тухайн нийтийн байранд 2 жил хагас амьдарч байна. ...3 дугаар сарын 27-ны өдөр 3 тоотод бага зэрэг чимээтэй байсан. 27-28-нд шилжих шөнө 02 цагийн үед хэрэлдээд маргалдаад байсан. Өглөө 06 цагийн үед бас маргалдаад байсан. Миний сонссоноор чи яв гээд дахин дахин хэлж байсан.Тэрнээс хойш нам гүн болсон...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 96-97 дахь тал),
- Гэрч Н.Б-ийн “...Өглөө 10 цагийн үед үл таних хоёр нь 3 тоотоос угаалгын машин зөөж байхаар нь би нүүж байгаа юм уу гэж асуухад тухайн хүн нүүгээгүй манай ах юмаа авч байгаа гэсэн...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 102 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн ЕГ0325/2743 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Хар өнгийн иштэй хутга шинжилгээнд тэнцэж байна. 2. Хар өнгийн иштэй хутганаас цус илэрсэн. Бусад биологийн мөр илрээгүй. 3. Илэрсэн цус нь У.Э гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн (1-р хавтаст хэргийн 108-111 дэх тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ЕГ0125/1195 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн саарал ноосон цамц, бор цамцанд зүсэгдэлт хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр шинээр үүссэн байна...” гэсэн (1-р хавтаст хэргийн 202-206 дэх тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ЕГ0625/1267 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Амь хохирогч У.Э-ы цогцост цээжний баруун талд 3, 4-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, үнхэлцэг хальс, гол судас гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн хацар, уруул, эрүү, хүзүүнд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Амь хохирогч цээжний хөндий рүү нэвтэрсэн хутгалагдсан шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь хохирогчид учирсан цээжний хөндий рүү нэвтэрсэн хутгалагдсан шарх нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэгт, зүүн хацар, уруул, эрүү, хүзүүний зулгаралт, баруун өвдөгний цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй.
3.8. Амь хохирогч нь цээжний баруун талд 3, 4-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, үнхэлцэг хальс, гол судас гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шархны улмаас зүрх чихэлдэж нас баржээ.
4. Амь хохирогчид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
5.6. Цусанд 1,6 промилли, ходоодны шингэнд 3.1 промилли спиртийн зүйл илэрсэн ба энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Цусанд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.
7. Амь хохирогчийн цус нэгдүгээр бүлгийн харьяалалтай байна... ” гэсэн (1-р хавтаст хэргийн 229-237 дэх тал),
- Шинжээч эмч М.З-ын “...Цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс, гол судас гэмтээснээр үнхэлцгийн хөндийд цусан хураа үүсэж зүр чихэлдэж буюу цус хураа зүрхийг дарах, чихэлдэлтийн улмаас нас барсан гэсэн ойлголт юм...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 244-245 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ЕГ0325/2741 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Амь хохирогч У.Э-ы өмсөж байсан гэх сааран өнгийн ноосон цамц 1ш, шаргал өнгийн фудболк 1ш, ногоон өнгийн богино түрийтэй гутал 1 хос, хар өнгийн тамирын өмд 1ш, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ш, бор өнгийн тэлээ 1ш, саарал өнгийн дотуур хувцас 1ш, хар өнгийн саравчтай малгай 1ш, хар алаг өнгийн оймс 1 хос, эрээн өнгийн дотоож 1ш зэрэг зүйлс шинжилгээнд тэнцэж байна. ...4. Саарал өнгийн ноосон цамцнаас илэрсэн цуснаас холимог ДНХ-ийн тогтоц тогтоогдсон нь У.Э гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоц болон №2734 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан Т-ийн Ц /НО81022077/-ын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн (2-р хавтаст хэргийн 28-33 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн ЕГ0725/4981 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Дүгнэлт 1.2. Т.Ц-ы биед зүүн хөмсөгт шарх, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн хөмсөгний шарх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтэл байна. Баруун нүдний доод зовхи цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1- зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Т.Ц-ы биед учирсан зүүн хөмсөгт шарх гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт, баруун нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй...” гэсэн (2-р хавтаст хэргийн 55-56 дахь тал)
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 361 дугаартай дүгнэлтэд “...1. Т.Ц нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан байна. 2. Т.Ц нь эмнэлгийн байнгын хяналтад байдаг гэх баримтгүй байна. 3. Т.Ц нь хэрэг үйлдэгдэх үед сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрэхгүй байна. 4. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 5. Т.Ц нь хэрэг хариуцах чадвартай...” гэсэн (1-р хавтаст хэргийн 222-223 дахь тал) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан буюу зөрчсөн үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй байх бөгөөд тухайн нотлох баримтын эх сурвалжууд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хүрэлцээтэй байх шаардлага хангагдсан гэж үзэв.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Амь хохирогч У.Э нь 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр цээжний баруун тал 3, 4 дүгээр хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс, гол судас гэмтээж хатгагдаж зүсэгдсэн, ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шархны улмаас зүрх чихэлдэж нас барсан болох нь шинжээчийн ЕГ0625/1267 дугаартай дүгнэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон.
Шүүгдэгч Т.Ц нь амь хохирогч У.Э-тай үеэлүүд ба хэрэг гарсан газар болох Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо *** тоотод байрлах нийтийн байрны 3 тоотод хамтдаа амьдарч байсан нь гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Ц, амь хохирогч У.Э нь хоорондоо урьд өмнө маргаж муудалцаж байсан, амь хохирогч У.Э нь шүүгдэгч Т.Ц-ыг гэрээсээ явахыг шаардаж байсан болохыг гэрч нар мэдүүлжээ.
Хэрэг гарсан өдөр шүүгдэгч Т.Ц нь үеэл дүү У.Э-ы гэрээс нүүхээр найз Ц.Б-ыг дуудаж нүүдэл хийсэн ба улмаар Т.Ц, У.Э, Ц.Б нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна.
Гэрч Ц.Б хэрэг болсон газраас шүүгдэгч Т.Ц, амь хохирогч У.Э нарыг орхин явсан болох нь түүний гэрчээр өгсөн мэдүүлэг, эхнэр Б.Б-ийн мэдүүлэг, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 14 цаг 17 минутын орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо *** тоот орж байгаа хяналтын камерын бичлэг (1-р хавтаст хэргийн 54-55 дахь тал) зэргээр хангалттай тогтоогдож байна.
Улмаар 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 15:05:24 минутад “Би дүүгээ зодсон юм шиг байна” гэх утга бүхий дуудлага ирснээр цагдаагийн байгууллагын албан хаагч нар хэргийн газар ирсэн байна.
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эрүүгийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Д нь дуудлагын дагуу хэргийн газарт ирэхэд амь хохирогч У.Э нь нас барсан байдалтай, шүүгдэгч Т.Ц нь бусадтай зодолдсон байталтай унтаж байсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Б.Д-ийн гэрчээр өгсөн мэдүүлгээр нотлогдон тогтоож байна.
Түүнчлэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн ЕГ0125/2741 дүгнэлтээр амь хохирогч У.Э-ы өмсөж байсан саарал өнгийн ноосон цамцнаас цус илэрч, тухайн цуснаас амь хохирогч У.Э, шүүгдэгч Т.Ц нарын ДНХ-тэй тохирсон холимог ДНХ-ийн тогтоц тогтоогдсон.
Шүүхээс нь тогтоосон хэргийн үйл баримтаар шүүгдэгч Т.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, *** тоотод байрлах нийтийн байрны 3 тоотод “гэрээсээ хөөсөн” гэх шалтгаанаар өөрийн үеэл дүү У.Э-ы цээжин тус газар хутгалж алсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Т.Ц-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлтийг танилцуулсан тул шүүгдэгч Т.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Т.Ц, түүний өмгөөлөгч нараас хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргаагүй болохыг тэмдэглэв.
1.3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохоос татгалзаж, оршуулгын зардалтай холбоотой баримтаар хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Т.Ц-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-д 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Т.Ц-ы өмсөж байсан хувцсыг түүнд буцаан олгож, бусад эд зүйлсийг устгуулах саналтай... ” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгч Т.Ц-д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн, 1.4 дэх заалтад заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгчийн ар гэрээс оршуулгын зардлыг бүрэн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн болно. Т.Ц гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцөл байдал байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хуульд зааснаас доогуур ял буюу 5 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Түүнчлэн Т.Ц-ы охин болох 4 настай охины асрамжийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ц иргэний үнэмлэхийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 114 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (2-р хавтаст хэргийн 110 дахь тал), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 107 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолт (2-р хавтаст хэргийн 108 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2-р хавтаст хэргийн 103 дахь тал), Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол (2-р хавтаст хэргийн 105 дахь тал), хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 115 дахь тал) зэрэг нотлох баримтыг шинжлэн судалж, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч Т.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршиг /хүний амь нас хохирсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн/, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан/ зэргийг тал бүрээс нь харгалзан шүүдэгч Т.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-ы цагдан хоригдсон 130 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, амь хохирогч У.Э-ы гарын 9 хурууны хумс, хоёр гарын арчдас, өмсөж байсан саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, шаргал өнгийн фудболк 1 ширхэг, ногоон өнгийн богино түрийтэй гутал 1 хос, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн тамирын өмд 1 ширхэг, бор өнгийн тэлээ 1 ширхэг, хар өнгийн саравчтай малгай 1 ширхэг, хар алаг өнгийн оймс 1 хос, хөх өнгийн оймс 1 хос, эрээн өнгийн дотоож 1 ширхэг, Ц.Б хоёр гарын арчдас, шүүгдэгч Т.Ц-ы хоёр гарын арчдас, хар өнгийн үстэй куртик 1 ширхэг, хэвтээ захтай босоо суудалтай эрээн өнгийн ногоон цамц 1 ширхэг, хар өнгийн даавуун өмд 1 ширхэг, саарал өнгийн резин бүслүүртэй дотуур өмд 1 ширхэг, түрээтэй гутал 1 хос, ягаан өнгийн хуванцар савтай зүйлээр мааралд шингээж авсан улбар шар өнгийн зүйл 1 ширхэг, LD гэх бичиглэлтэй тамхины иш 5 ширхэг, хөр өнгийн иштэй хутга 1 ширхэг, саарал өнгийн саравчтай малгай 1 ширхэг зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгав.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Ц-ы иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
2-р хавтаст хэргийн 115 дахь талд авагдсан төрсний бүртгэлийн лавлагаагаар Ц-ы Н нь 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, бага насны хүүхэд болох нь тогтоогдохоос гадна шүүгдэгч Т.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт Ц.Н-ийн ээж 2021 оны 10 сард нас барсан, манай ээж болон надтай хамт *** аймгийн *** сумд амьдардаг гэж мэдүүлж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Ц.Н /РД:***/-д асран хамгаалагч томилохыг *** аймгийн *** сумын Засаг даргад үүрэг болгож шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Т.Ц-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Т-ийн Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 (найм) жил 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-ы цагдан хоригдсон нийт 130 (нэг зуун гуч) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, амь хохирогч У.Э-ы гарын 9 хурууны хумс, хоёр гарын арчдас, өмсөж байсан сааран өнгийн ноосон цамц 1 ширхэг, шаргал өнгийн фудболк 1 ширхэг, ногоон өнгийн богино түрийтэй гутал 1 хос, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн тамирын өмд 1 ширхэг, бор өнгийн тэлээ 1 ширхэг, хар өнгийн саравчтай малгай 1 ширхэг, хар алаг өнгийн оймс 1 хос, хөх өнгийн оймс 1 хос, эрээн өнгийн дотоож 1 ширхэг, Ц.Б хоёр гарын арчдас, шүүгдэгч Т.Ц-ы хоёр гарын арчдас, хар өнгийн үстэй куртик 1 ширхэг, хэвтээ захтай босоо суудалтай эрээн өнгийн ногоон цамц 1 ширхэг, хар өнгийн даавуун өмд 1 ширхэг, саарал өнгийн резин бүслүүртэй дотуур өмд 1 ширхэг, түрээтэй гутал 1 хос, ягаан өнгийн хуванцар савтай зүйлээр мааралд шингээж авсан улбар шар өнгийн зүйл 1 ширхэг, LD гэх бичиглэлтэй тамхины иш 5 ширхэг, хөр өнгийн иштэй хутга 1 ширхэг, саарал өнгийн саравчтай малгай 1 ширхэг зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Ц-ы иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Ц.Н /РД:***/-д асран хамгаалагч томилохыг *** аймгийн *** сумын Засаг даргад үүрэг болгосугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Т.Ц-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Ц-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАР
ШҮҮГЧ Б.БУЛГАНТАМИР
ШҮҮГЧ М.МӨНХБААТАР