| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2022/01947/И |
| Дугаар | 102/ШШ2022/02894 |
| Огноо | 2022-08-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2022/02894
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг, ... тоотод оршин суух, эмэгтэй, регистр ..., Да... овогт М...ын Д...,
Хариуцагч:Баянгол дүүрэг, ... тоотод оршин суух, регистр ..., О... овогт Г...ын Ч...,
Нэхэмжлэлийн шаардлага:422 424 төгрөг гаргуулах тухай хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч М.Д..., хариуцагч Г.Ч..., гэрч Е.Г..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М.Д... нь хариуцагч Г.Ч...т холбогдуулан 422 424 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Би 2012 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Н.Ч...т ... УБЧ улсын дугаартай Тоёота эксив маркийн авто машиныг худалдахаар тохиролцож, худалдах, худалдан авах гэрээ хийж, нотариатаар баталгаажуулж машиныг хүлээлгэн өгсөн.Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооноос холбогдож дэрх авто машины татварын өр надад хуримтлагдсан гэж хэлснээр Г.Ч... тухайн авто машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлээгүй болохыг мэдсэн.Уг өр нь худалдах, худалдан авах гэрээ хийснээс хойш буюу 2016-2022 онуудад төлөгдөөгүй тээврийн хэрэгслийн татвар болох 416 924 төгрөгийг Г.Ч...оос гаргуулна гэв.
Хариуцагч хариу тайлбартаа:Би М.Д...той 2012 оны 8 дугаар сарын 5-ны өдөр авто машин худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, ... УБЧ улсын дугаартай Тоёота эксив маркийн авто машиныг хүлээж аваагүй.Би 2012 онд оюутан байсан, энэ хүнтэй уулзаж байгаагүй, би 2011 онд иргэний үнэмлэхээ алга болгоод дахин үнэмлэхээ захиалж авсан, миний гээгдүүлсэн иргэний үнэмлэхийг хүн ашигласан байна, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, авто машин худалдах, худалдан авах гэрээний хуулбар, ... УБЧ улсын дугаартай Тоёота эксив маркийн авто машины техникийн тодорхойлолтын хуулбар, уг тээврийн хэрэгслийн татварын жагсаалтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас шүүхэд баримт өгөөгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:Г.Ч... нь надаас худалдан авсан авто машин худалдаж аваад өөрийнхөө нэр дээр шилжүүлээгүйн улмаас үүссэн татварын төлбөр 416 924 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:Би М.Д...оос авто машин худалдаж аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн авто машин худалдах, худалдан авах гэрээний хуулбар, ... УБЧ улсын дугаартай Тоёота эксив маркийн авто машины техникийн тодорхойлолтын хуулбар, уг тээврийн хэрэгслийн татварын жагсаалт зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчийн хооронд 2012 оны 8 дугаар сарын 5-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Талуудын маргааны зүйл нь хариуцагч нь нэхэмжлэгчээс авто машин худалдаж аваагүй тул энэхүү татварыг төлөхгүй гэж маргаж байна.
Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Г.Ч... нь худалдаж авсан тээврийн хэрэгслийн татварыг 2016-2022 онуудад төлөөгүй байгаа болох нь Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн тээврийн хэрэгслийн татварын жагсаалаар нотлогдож байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн төлөгдөөгүй татварыг 2021 оны 11 дүгээр сард мэдсэн гэж байх тул Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар эрх зөрчигдсөн тухай мэдсэн үеэс нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн гэж үзэхээр байна.
Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх гэрээнд зурагдсан өөрийнхөө гарын үсгийн загварт шинжээч томилж, дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, шинжээчээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг томилж шийдвэрлэсэн боловч хариуцагч Г.Ч... нь гарын үсгийнхээ чөлөөт болон харьцангуй чөлөөт загварыг шинжилгээний байгууллагад хүргүүлээгүйн улмаас шинжилгээ хийгдээгүй байна.
Хариуцагч нь өөрийнхөө иргэний үнэмлэхийг 2011 онд алга болгосон гэж тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1- зааснаар хариуцагч нь тайлбараа баримтаар нотлоогүй байна.
Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал гэж үзэж Г.Ч...оос 416 924 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 323 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 13 323 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан Г.Ч...оос 416 924 /дөрвөн зуун арван зургаан мянга есөн зуун хорин дөрвөн/ төгрөгийг гаргуулан М.Д...ид олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан М.Д...ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 323 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ч...оос 13 323 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН