Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2019/01652

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ХХХХХХХХХХХХХХХ тоотод байрлах, В ХХК-ийн /РД: ХХХХХ/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХХХХХХХХХХХХХХХХХХХХХ тоот, Т.Ж ХХК, /РД: ХХХХХ/,

Хариуцагч: ХХХХХХХХХХХХХХХ тоотод оршин суух, Т.Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Л/Л, паспортын дугаар GХХХХХХХ/ нарт холбогдох

ХХХХХХХХХХХХ 2 орон сууцнаас тус бүр 2 өрөө бүхий 38 м.кв талбайтай 10 орон сууц, 46 м.кв талбайтай 11 орон сууц буюу нийт 1.063.200.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Ж ХХК-ийн 170.000 ам доллар буюу 245.265.800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В ХХК-ийн захирал Д.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.*******,

Хариуцагч Т.Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тулга,

Хариуцагч Л.Л,

Орчуулагч, хэлмэрч М.Батчулуун,

Хариуцагч Л.Лгийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Билэгсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч В ХХК-ийн захирал Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багт орших ******* хотхоны 96 айлын орон сууцыг барихаар манай компани 2009 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг дарга болон Т.ЖХХК-тай хамтран ажиллах тухай гурван талт гэрээг, Т.ЖХХК-тай мөн өдөр уг барилгыг барихад хамтран ажиллах талаар зөвшилцлөлийн гэрээ байгуулсан.

В ХХК гэрээний дагуу захиалагчийн үүргээ зохих ёсоор биелүүлж ажилласан. Гэтэл барилгын ажил дуусч 90 хувьтай байх үед тус компанийн захирал Шин Сү Жиан, Л.Лнар В ХХК-ийн захирал Д.******* намайг гүтгэж улмаар эрүүгийн хэрэг үүсгүүлэн ял шийтгүүлж хэлмэгдүүлсэн.

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ХХХ дүгээр шийтгэх тогтоолд дээрх гэрээтэй холбогдох асуудлыг шийдвэрлээгүй, эрүүгийн хэрэгт хамааралгүй гэж үзсэн бөгөөд энэ талаарх маргаанаа иргэний шүүхээр шийдвэрлүүлэхээр заасан.

Зөвшилцлөлийн гэрээнд зааснаар манай компани газраа ашиглуулах, барилга захиалж бариулах үйл ажиллагааг, хариуцагч барилгыг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн.

Т.ЖХХК-ийн В ХХК-тай хийсэн тохиролцоогоор барилгын ажлын ашгийн 60 хувийг Т.ЖХХК, 40 хувийг В ХХК авахаар тохиролцон ажлыг эхлүүлсэн. Гэвч Т.ЖХХК Хятадаас хөрөнгө оруулалт авна, танайх бага хувийн ашиг авахаар байх шаардлагатай байна гэж хууран мэхлэн зөвшилцлөлийн гэрээнд ашгийн 90 хувийг Т.ЖХХК, 10 хувийг В ХХК авахаар болгож бичсэн.

Зөвшилцлөлийн гэрээний 6-д Т.Ж ХХК В ХХК-д газар ашиглалтын зардал, зураг төсөл боловсруулсан зардалд нийт 170.000 ам доллар төлнө гэж, 7 дугаар заалтад Т.Ж ХХК нь В ХХК-ийг ашгийн 10 хувийг авахыг зөвшөөрсөн гэж тохиролцсон бөгөөд төсөл хэрэгжиж дууссан тул хариуцагч Т.ЖХХК-иас Сэлэнгэ аймаг, Мандал сумын 1 дүгээр багт орших ******* хотхоны 96 айлын 2 орон сууцнаас ашгийн 10 хувьд ногдох 21 орон сууц буюу мөнгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Уг орон сууц ******* хотхоны 96 айлын орон сууц гэж нэрлэгддэг бөгөөд байрны дугаар гэж үгүй болно.

Т.Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Л 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр уулзахад уг орон сууцнаас манай компанид ногдох 21 орон сууц борлуулагдаагүй, хадгалагдаж байгаа, шүүхийн шийдвэрээ авчирвал өгнө гэсээр өнөөдрийг хүртэл өгөөгүй байна.

Уг орон сууцууд бүгд 2 өрөө бөгөөд 38 м.кв жижиг өрөө, 46 м.кв том 2 өрөө ба 2, 5, 6 дугаар давхруудад байрлалтай. Т.Ж ХХК-иас худалдан борлуулж байгаа одоогийн үнэ м.кв нь 1.200.000 төгрөг гэсэн мэдээлэл байгаа.

Урьдчилсан тооцоогоор 38 м.кв 10 орон сууц, 46 м.кв 11 орон сууц нь нийт 886 м.кв болж байгаа бөгөөд м.кв нь 1.200.000 төгрөг гэсэн мэдээллийн дагуу тооцвол нийт 1.063.200.000 төгрөг болохоор байгаа.

Иймд Т.Ж ХХК-ийн Сэлэнгэ аймаг, Мандал сумын 1 дүгээр багт орших ******* хотхоны 96 айлын 2 орон сууцнаас тус бүр 2 өрөө бүхий 38 м.кв талбайтай 10 орон сууц, 46 м.кв талбайтай 11 орон сууц буюу 1.063.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тулга шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч В ХХК-иас 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр гаргасан Т.Ж ХХК-ийн ХХХХХХХХХХХХХХХХХХ  2 өрөө бүхий 38 м.кв талбайтай 10 орон сууц, 46 м.кв талбайтай 11 орон сууц, нийт 21 орон сууц буюу 1.063.200.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

В ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал Д.*******тэй 2009 оны 6 дугаар сард танил болж 2009 оны 7 дугаар сараас хамтран ажиллах талаар ярилцаж байсан бөгөөд албан ёсоор ямар ч гэрээ байгуулаагүй.

Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болж байгаа зөвшилцлийн гэрээ гэх баримт нотлох баримтын шаардлага хангахгүй, өөрөөр хэлбэл он, сар, өдөргүй, хятад хэл дээр орчуулга хийгдээгүй байна. Т.Ж ХХК-ийн удирдлага хятад хүмүүс бөгөөд бусадтай гэрээ хийх бүрт монгол хэлээс гадна хятад хэл дээр үйлддэг тул энэ баримт нь хуурамч гэж үзэж байна.

В ХХК-ийн захирал Д.******* тухайн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт 10 га газар эзэмшдэг, уг газарт танайх хөрөнгө оруулалт оруулж барилга барь, би газраа танайд ашиглуулахаар шилжүүлж өгнө, барилга барих бүх зөвшөөрлийг гаргаж өгнө, барьсан орон сууцыг борлуулж өгнө гэж байсан ч энэ нь худал байсан.

Тус компанийн захирал Д.*******ийн үгэнд итгэж газар ашиглуулах зардалд 170.000 ам доллар шилжүүлж өгсөн. Тээр газраа шилжүүлж өгөөгүй бөгөөд харин ч тус компани 10 га газар эзэмшдэггүйг мэдсэн. Т.Ж ХХК Мандал сумын засаг даргад хандаж хүсэлтээ хуулийн дагуу гаргаж 2010 онд Мандал сумын 1 дүгээр багт орших ******* хотхоны 96 айлын байрыг үргэлжлүүлэн барьж 2013 онд ашиглалтанд оруулсан.

В ХХК-ийн захирал Д.******* танилцсан цагаасаа компанийг хуурч мэхлэн 2009 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс цагдаагийн байгууллагад залилангийн гэмт хэргээр шалгагдан түүнээс хойш хамтран ажиллаагүй, ярьж хэлэлцэж байсан зүйлүүд ажил хэрэг болоогүй, харьцаагаа тасалсан.

Т.Ж ХХК дангаараа бусадтай хамтралгүй ******* хотхоныг барих үйл ажиллагааг шинээр эхэлж бүх гэрээг зохих байгууллагуудтай нь байгуулсан. В ХХК-ийн захирал Д.*******ийн нэхэмжлэлдээ хавсаргасан барилгын ажил гүйцэтгэх гэрээ, техникийн гэрээ, зураг төсөл хийж гүйцэтгэх гэрээ, зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлын гэрээ, барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ажлын гэрээ гэх мэт баримтууд бүгд өөрийнх нь хийсэн гэрээ боловч Т.ЖХХК болон 96 айлын барилга барих үйл ажиллагаанд ямар ч хамааралгүй.

Барилга баригдах хугацаанд В ХХК-ийн захирал Д.******* залилангийн хэргээр шалгагдаж 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 129 тоот шийтгэх тогтоол, 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 452 тоот магадлал, 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 543 тоот хяналтын шатны шүүхийн тогтоолоор түүнийг гэм буруутай болохыг тогтоож, 10 жил, 1 сарын хорих ялаар шийтгэсэн.

Эдгээр шийдвэрүүдээр В ХХК-ийн захирал Д.******* Т.Ж ХХК-ийг залилан хохироосон нь харагдана. Бодит байдал ийм байхад В ХХК-ийн захирал Д.*******тэй 96 айлын орон сууцыг хамтран барьсан, барилга барихад шаардагдах бичиг баримтыг авахуулуулсан, орон сууц борлуулах ажлыг хариуцуулан хийлгүүлсэн, орон сууц борлуулах сурталчилгааг хийлгүүлсэн гэх ямар ч үндэслэлгүй бөгөөд компани барилга угсралт, хяналт, захиалга, борлуулалтын ажлаа хариуцан гүйцэтгэсэн.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт 96 айлын ******* хотхоныг барихад В ХХК-ийн оролцоо байхгүй тул нэхэмжилж байгаа 2 өрөө бүхий 38 м.кв талбайтай 10 орон сууц, 46 м.кв талбайтай 11 орон сууц, нийт 21 орон сууц буюу 1.063.200.000 төгрөгийг өгөх үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч нь 2009 онд байгуулагдсан гэх гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгө, мөнгө шаардаж байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил, мөн зүйлийн 75.2.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил гэсэн хуулийг зөрчиж байна. Иймд В ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Л.Лшүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

В ХХК-ийн захирал Д.******* нь зөвшилцлийн гэрээ гэж нэхэмжлэлдээ баримт болгон хавсаргасан гэрээний 6-д заасны дагуу Т.ЖХХК нь В ХХК-д газар ашиглалтын зардал, зураг төсөл боловсруулсан зардалд нийт 170.000 ам доллар төлнө, гэрээний 7 дугаар зүйлд заасны дагуу Т.ЖХХК В ХХК-ийг ашгийн 10 хувь авахыг зөвшөөрсөн гэж тохиролцсон, төсөл хэрэгжиж дууссан тул Т.ЖХХК-иас Мандал сумын 1 дүгээр багт орших, ******* хотхоны 96 айлын 2 орон сууцнаас ашгийн 10 хувьд ногдох 21 орон сууцыг гаргуулахаар шаарджээ.

Уг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Т.ЖХХК нь В ХХК-тай хамтран ажиллах төсөл хийгдсэн. Албан ёсоор гэрээ байгуулаагүй. Хэзээ, хаана хийгдсэн нь тодорхойгүй, он, сар, өдөргүй, хятад хэл дээр орчуулгагүй гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.

2009 онд В ХХК-ийн газар дээр Т.ЖХХК барилгын ажил хамтарч гүйцэтгэхээр болж 10 хоногийн дотор 10 га газрыг ашиглуулахаар өгөх, Т.ЖХХК нь В ХХК-ийн захирал Д.*******т 170.000 ам долларыг өгөхөөр тохирч В ХХК-ийн захирал Д.*******т 170.000 ам долларыг өгсөн ч 10 га газраа өгөөгүй, тус компанид 10 га газар тухайн үед огт байхгүй байсаныг дараа нь мэдсэн.

Т.ЖХХК нь Мандал сумын засаг даргад хандаж газар хүсэн 2010 онд Мандал сумын 1 дүгээр багт орших ******* хотхоны 96 айлын байрыг үргэлжлүүлэн барьсан.

Миний бие Л.Лболон захирал Шин Сү Жиан бид анх В ХХК-ийн захирал Д.*******тэй 2009 оны 6 дугаар сард танил болон 2009 оны 7 дугаар сараас хамтран ажиллахаар болсон. Хамтран ажилласан үеэсээ л биднийг хууран мэхлэж 2009 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс залилангийн хэргээр шалгагдаж Т.ЖХХК, В ХХК-ийн хооронд яригдсан бүх зүйл худал болж зөвшилцлийн дагуу ямар ч ажиллагаа хийгдээгүй.

Т.ЖХХК нь 2009 оны 8 дугаар сараас Мандал суманд ******* хотхоныг барих үйл ажиллагааг шинээр эхэлж бүх гэрээг зохих байгууллагуудтай дахин байгуулсан. Дурьдвал барилгын ажил гүйцэтгэх гэрээ, техникийн гэрээ, зураг төсөл хийж гүйцэтгэх гэрээ, зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлын гэрээ, барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ажлын гэрээ, Мандал сүлжээ ХХК-тай 96 айлын орон сууцны гадна цахилгааны ажилт хяналт тавих гэрээ, Зүүн хараагийн 2 дугаар уурын зууханд тогоо хүлээлцэх акт гэх мэт.

Нэхэмжлэгч В ХХК-ийн захирал Д.*******ийн нэхэмжлэлдээ хавсаргасан гэрээнүүд өөрийнх нь байгуулсан гэрээ боловч Т.ЖХХК болон 96 айлын барилга барих үйл ажиллагаанд ямар ч хамааралгүй.

Барилгын ажил гүйцэтгэх 2009 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 003/2009/ВГ тоот гэрээг хавсаргасан байгаа ч уг өдөр Т.ЖХХК байгуулагдаагүй байсан.

В ХХК-ийн захирал Д.******* 2013 онд Т.ЖХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй ******* хотхоны орон сууцны барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамч баримт ашиглан авсан нь тогтоогдож Сэлэнгэ аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 24 тоот шийдвэрээр В ХХК-д олгосон үл хөдлөх эд хөрөнгийн Y-1307000671 дугаарт бүртгэгдсэн, 000103105 дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон.

Т.ЖХХК нь 2 ширхэг орон сууц бариагүй, ямар тооцооллоор хэдэн төгрөгийн ашгийг хэрхэн бодож шаардаж байгаа нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч В ХХК-ийн захирал Д.******* хятадууд биднийг хуурч байна гэх мэтээр өнөөдрийг хүртэл бусдад буруу ойлгуулсаар ирсэн. Анх ярьж тохирсоноороо үнэн зөвөөр явсан бол гэрээний дагуу Мандал суманд 96 айлын 6 байр баригдах байсан ба Д.******* өнөөдөр ийм байдалтай явахгүй байсан.

Бид ******* улсын нутаг дэвсгэрт 100 хувийн хөрөнгө оруулалттай барилга барьж үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулсан, одоо ч хууль зөрчөөгүй ажиллаж байгаа.

В ХХК-ийн захирал Д.*******ийн нэхэмжлэлийн гол баримт зөвшилцлийн гэрээ нь худал баримт бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа зөв тодорхойлоогүй, баримт болгон хавсаргасан гэрээг Т.ЖХХК албан ёсоор байгуулаагүй, он, сар, өдөр болон хаана үйлдсэн нь тодорхойгүй, орчуулгагүй бичгийг үндэслэн нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд В ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Т.ЖХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тулга шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.ЖХХК нь В ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал Д.*******тэй 2009 оны 6 дугаар сард танил болж 7 дугаар сараас хамтран ажиллахаар ярилцаж эхэлсэн. В ХХК-ийн захирал Д.******* тухайн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт 10 га газар эзэмшдэг, уг газар дээр танайх хөрөнгө оруулалт оруулж барилга барь, газраа 10 хоногийн дотор шилжүүлж өгнө, барилга барих бүх зөвшөөрлийг гаргаж өгнө, орон сууцыг сурталчлан борлуулж өгнө гэж байсан.

Тус компанийн захирал Д.*******ийн ярианд итгэж газар ашиглуулах зардал 170.000 ам долларыг 2009 оны 7 дугаар сарын 15-ны өдөр өгч В ХХК-иас мөнгө өгснийг нотлох 176 дугаартай кассын орлогын ордерыг авсан.

Гэтэл В ХХК-ийн захирал Д.******* газраа шилжүүлж өгөөгүй бөгөөд тус компани 10 га газар эзэмшдэггүйг мэдсэн. Т.ЖХХК Мандал сумын засаг даргад хандаж газар эзэмших хүсэлт гаргаж 2010 онд Мандал сумын 1 дүгээр баг, ******* хотхоны 96 айлын байрыг үргэлжлүүлэн барьж 2013 онд ашиглалтанд оруулсан.

В ХХК-ийн захирал Д.******* тохирсон зүйлээсээ буцсанаас гадна Т.ЖХХК-ийг залилан онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгагдаж шүүх түүнийг гэм буруутай болохыг тогтоож, 10 жил, 1 сарын хорих ялаар шийтгэсэн. Шүүхийн шийдвэрүүдээр В ХХК-ийн захирал Д.******* Т.ЖХХК-ийг хэрхэн залилан мэхлэж хохироосон нь тодорхойгоос гадна тус компаниас авсан 170.000 ам долларыг эргүүлэн өгөөгүй өдийг хүрээд байна.

Тухайн үеийн ханшаар буюу 2009 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн ******* банкны 1 ам доллартай харьцах албан ёсны ханш 1.442,72 төгрөг байх бөгөөд В ХХК-д шилжүүлсэн 170.000 ам доллар нь 245.265.800 төгрөг болж байна. Иймд В ХХК-иас 170.000 ам доллар буюу 246.265.800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Л.Лсөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Т.ЖХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж оролцож байгаа болно гэв.

Нэхэмжлэгч В ХХК-ийн захирал Д.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.ЖХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багт, ******* хотхоны 96 айлын орон сууцны барилгын ажил дуусаж, 90 хувьтай байх үед Т.ЖХХК-ийн захирал Шин Сү Жиан, Л.Лнар намайг гүтгэж улмаар эрүүгийн хэрэг үүсгүүлэн ял шийтгүүлж хэлмэгдүүлсэн.

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолд талуудын хооронд байгуулагдсан гэрээтэй холбогдох асуудлыг шийдвэрлээгүй, эрүүгийн хэрэгт хамааралгүй гэж үзсэн бөгөөд энэ талаарх маргаанаа иргэний шүүхээр шийдвэрлүүлэхээр заасан.

Орон сууцыг компанийн эзэмшлийн газарт барьсан боловч Т.ЖХХК нь газар ашиглалтын зардал, зураг төсөл боловсруулсан зардал болгон өгөх 170.000 ам долларыг өгөөгүй. Үүний оронд авто машин, байр өгсөн бөгөөд байр, машин авч байгаа юм чинь 170.000 ам доллар авсан гээд гарын үсэг зурахаар болсон.

Улмаар намайг хэлмэгдүүлэн эрүүгийн хэрэг үүсгэснээр надад өгсөн машин, байрыг буцаан гаргуулсан. Манай эзэмшлийн газарт орон сууц барин ашиг орлого олсоор атлаа гэрээний дагуу өгөх ёстой газар ашигласны болон зураг төсөл боловсруулсаны зардал 170.000 ам доллар, орон сууцнаас олсон 10 хувийн ашгийг одоог хүртэл өгөөгүй. Иймд хариуцагч Т.ЖХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч В ХХК нь хариуцагч Т.ЖХХК, Т.ЖХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Лнарт холбогдуулан Сэлэнгэ аймаг, Мандал сумын 1 дүгээр багт орших, ******* хотхон, 96 айлын 2 орон сууцнаас тус бүр 2 өрөө бүхий 38 м.кв талбайтай 10 орон сууц, 46 м.кв талбайтай 11 орон сууц буюу нийт 1.063.200.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,

Хариуцагч Т.ЖХХК нь 170.000 ам доллар буюу 245.265.800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч В ХХК-ийн Сэлэнгэ аймаг, Мандал сумын 1 дүгээр багт орших, ******* хотхон, 96 айлын 2 орон сууцнаас тус бүр 2 өрөө бүхий 38 м.кв талбайтай 10 орон сууц, 46 м.кв талбайтай 11 орон сууц буюу нийт 1.063.200.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч В ХХК талуудын хооронд 2009 оны 7 дугаар сард зөвшилцлөлийн гэрээ байгуулагдсан тул гэрээний дагуу 10 хувийн ашгийг авна гэж, хариуцагч Т.ЖХХК болон Л.Лнар Хамтран ажиллах талаар ярилцаж байсан ч тухайн гэрээг байгуулаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

В ХХК-ийн захирал Д.*******ийг 2009 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Т.ЖХХК-ийн захирал Шин Су Жианд ******* улсад гадаад хүний нэр дээр хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээ авч болдоггүй гэж итгүүлэн Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Дүнжингарав хороолол, 108 дугаар байр, 13 тоотын 5 өрөө орон сууц, мөн байрны 9 тоот авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг итгэл эвдэх хуурч мэхлэх аргаар өөрийн нэр дээр 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гаргуулан авч 714.507 юань буюу 150.260.822,1 төгрөг залилсан,

2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Шин Су Жианы худалдан авсан ланд ровер маркийн авто машины эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авч 41.000 ам доллар буюу 59.122.000 төгрөгийн хөрөнгийг залилсан,

Х.Дүнгээтэй бүлэглэж Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргын 2008 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 18 тоот захирамжаар В ХХК-д орон сууц, худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон 4.3 га газрын гэрчилгээг үрэгдүүлсэн гэж нөхөн гаргуулахдаа хэмжээг нь хууль бусаар 10 га болгон өөрчилсөн,

Т.ЖХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй ******* хотхоны 96 айлын орон сууцны 5.443,2 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй барилгын өмчлөх эрхийн 000103105 дугаарын гэрчилгээг хуурамч баримт ашиглан хуурч мэхлэх аргаар В ХХК-ийн нэр дээр 2010 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр гаргуулан авч Т.ЖХХК-ийн 2.543.933 доллар буюу 3.749.675.121 төгрөгийг залилсан,

2009 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр бага оврын зуух авах шаардлагатай гэж итгүүлэн 10.000 ам доллар буюу 14.430.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилсан,

2010 оны 5 дугаар сарын 17-ны өдөр иргэн Б.Цогтгэрэлд Зүүнхараад 96 айлын орон сууцны барилга барьж дуусч байгаа, дотоод засал 50-60 сая хэрэгтэй гэж итгүүлэн Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Дүнжингарав хороолол, 108 дугаар байр, 13 тоотын 5 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаалан 57.000.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилж авсан,

Иргэн Д.Баяртогтохын эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, 38-196 тоот орон сууцыг 2007 оны 12 сараас 2009 оны 6 сар хүртэл түрээслэхдээ итгэл эвдэж 2.000.000 төгрөгийн хохирол учруулж, нийт 6 удаагийн давтан үйлдлээр бусдад 4.032.487.943,1 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

 

Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 129 тоот шийтгэх тогтоолоор Нийслэлийн прокурорын газраас Д.*******т холбогдуулан Х.Дүнгээтэй бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон,

Д.*******ийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгийн хурааж, 10 жил, 1 сарын хорих ялаар шийтгэн,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Д.*******ээс 14.430.000 төгрөг гаргуулан хохирогч Т.ЖХХК-д, 57.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Цогтгэрэлд, 2.000.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Баяртогтоход олгож,

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар эрхийн улсын бүртгэлийн Y-2204027346 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Дүнжингарав хороолол, 108 дугаар байр, 13 тоот, 5 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Y-2204027347 дугаарт бүртгэгдсэн, мөн байрны зоорийн давхрын 9 тоот зогсоол, 28-82 УНВ улсын дугаартай, ланд ровер маркийн суудлын авто машин зэргийн өмчлөгч Т.ЖХХК мөн болохыг тогтоож,

Дээрх хөрөнгүүдийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг бүртгэлийн байгууллага болон Авто тээврийн газарт тус тус даалган,

Эрхийн улсын бүртгэлийн Y-1307000671 дугаарт бүртгэгдсэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлалтай, 90 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилгээг Сэлэнгэ аймгийн бүртгэлийн албанд, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргад тус тус хүргүүлж шийдвэрлэжээ.

 

Шийтгэх тогтоолд ялтан Д.******* гомдол гаргасан ба Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 452 тоот магадлал болон Улсын Дээд Шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 543 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 28-48 дугаар тал/

 

Дээрх шийдвэрүүдээр шүүх В ХХК болон БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Т.ЖХХК-ийн хооронд Зөвшилцлөлийн гэрээ байгуулан улмаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд ******* хотхон барьж байгуулахаар сумын засаг дарга Б.Цээпилдорж, Т.ЖХХК-ийн захирал Шин Су Жиан, В ХХК-ийн захирал Д.******* нар хамтран ажиллах 01 тоот гэрээ байгуулсан талаар дүгнэн гэрээнүүд болон хөрөнгө оруулалтын үр дүнд Сэлэнгэ аймгийн Мандал суманд 96 айлын орон сууцны барилга 90 хувийн гүйцэтгэлтэй баригдсан тул Д.*******т холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгон, хөрөнгийн маргаантай асуудал байгаа тохиолдолд иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой гэж шийдвэрлэсэн байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 28-48 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж заажээ.

В ХХК болон Т.ЖХХК-ийн хооронд Зөвшилцлөлийн гэрээ байгуулан Сэлэнгэ аймгийн Мандал суманд ******* хотхоныг барихаар тус сумын засаг дарга Б.Цээпилдоржтой эдгээр компаниуд нь хамтран ажиллах 01 тоот гэрээ байгуулсан мөн дээрх гэрээнүүд болон хөрөнгө оруулалтын үр дүнд тус суманд 96 айлын орон сууцны барилга 90 хувийн гүйцэтгэлтэй баригдсантай холбоотой асуудлыг шүүх шийдвэрлэсэн нь дээр дурьдсан шүүхийн шийдвэрүүд болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 28-48, 2 дугаар хавтасны 76-78, 3 дугаар хавтасны 41, 61 дугаар тал/

В ХХК-ийн захирал Д.******* сумын хөгжил, нөхцөл сайжруулах, орон сууц ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор ТЗ-ыг 1 дүгээр багт ******* нэртэй орон сууц, худалдаа үйлчилгээний хотхон байгуулах хүсэлт гаргасан тул өргөдөл, материалыг харгалзан Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргын 2008 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаар захирамжаар тус компанид орон сууц, худалдаа үйлчилгээний хотхоны зориулалтаар газар олгохоор шийдвэрлэн 4,3 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн 0121346 дугаартай гэрчилгээг 2008 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр, 10 га газрыг 60 жилийн хугацаагаар эзэмших эрхийн 0204741 дугаар 2009 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр олгосон гэжээ.

Мөн сумын засаг даргын 2010 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 514 дүгээр захирамжаар В ХХК-ийн захирал Д.******* төсөл сонгон шалгаруулах журмаар эзэмших гэрчилгээ авсан газраа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй гадаадын хуулийн этгээдэд ашиглуулсан хэмээн газар эзэмших эрхийн 0121346, 0204741 дугаар гэрчилгээнүүдийг хүчингүй болгон газрыг нийтийн эдэлбэр газарт шилжүүлсэн байна.

Т.ЖХХК нь орон сууцаа ******* хотхон болгон өргөтгөн газар ашиглах хүсэлт гаргасан тул баримтыг үндэслэн Мандал сумын засаг дарга 2012 ны 12 дугаар сарын 6-ны өдрийн 689 дүгээр захирамжаар 6 дугаар баг, Төмөр замын стадионы зүүн талд орон сууцны зориулалтаар 1.2 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэн газар ашиглах эрхийн 0003509 тоот гэрчилгээг олгожээ.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 103-208 дугаар тал/

 

В ХХК-д газар эзэмших эрх олгогдсоноос хойш 2009 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг дарга Б.Цээпилдорж, Т.ЖХХК-ийн захирал Шин Су Жиан, В ХХК-ийн захирал нар суманд ******* хотхон байгуулахад хамтран ажиллах 01 тоот гэрээ байгуулсаны дагуу барилгын үйл явцын талаархи бичлэгт сумын засаг дарга ярилцлага өгсөн нь маргаж буй В ХХК-ийн эзэмшлийн газарт Т.ЖХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар 96 айлын орон сууц барьж ашиглалтанд оруулсныг Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.9-д заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газрыг гадаадын хуулийн этгээдэд ашиглуулсан гэж үзэхгүй хэмээн дүгнэн Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 06 тоот шийдвэрээр В ХХК-ийн газар эзэмших эрхийн 0121346, 0204741 дугаар гэрчилгээнүүдийг хүчингүй болгосон Мандал сумын засаг даргын 2010 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 514 дүгээр захирамжийг хууль бус гэж үзэн хүчингүй болгосон байна.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 157-165 дугаар тал/

 

Талуудын хооронд 2009 оны 7 дугаар сард байгуулсан Зөвшилцлөлийн гэрээ-ний 7 дугаар зүйлд Т.ЖХХК нь В ХХК-ийг ашгийн 10 хувийг авахыг зөвшөөрсөн гэж заасан байх бөгөөд тэдний хооронд дээрх гэрээ байгуулагдсан нь, В ХХК-ийн эзэмшлийн газарт Т.ЖХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар 96 айлын орон сууц барьж ашиглалтанд оруулсан нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр, Т.ЖХХК-ийн 2009 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хөтөлсөн барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэлийн дэвтэр болон хэрэг авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 5, 3 дугаар хавтасны 40 дүгээр тал/

 

Т.ЖХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* хотхоны 96 айлын орон сууц нийт 5443,2 м.кв талбайтай болох нь дээр дурьдсан шийдвэрүүд болон талуудын тайлбараар тогтоогдсон ба уг орон сууцны 1 м.кв талбайг 1.200.000 төгрөгөөр бусдад худалдан борлуулж байгаа талаар хэн аль нь тайлбарласан бөгөөд хариуцагч тал шүүхэд гаргасан хүсэлтдээ мөн энэ талаар дурьджээ.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 76-78, 167-172, 3 дугаар хавтасны 209-217 дугаар тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ ёсоор нэхэмжлэгч В ХХК нь зөвшилцлөлийн гэрээнд заасан ёсоор ашгийн 10 хувийг авах эрхтэй байна.

5443,2 м.кв*1.200.000 төгрөг=6.531.840.000 төгрөг,

6.531.840.000 төгрөг*10 хувь=653.184.000 төгрөг

 

Т.ЖХХК нь гадаад худалдааны үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр 2009 оны 7 дугаар сарын 7-ны өдөр ******* Улсын хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн байх ба үүсгэн байгуулагч Шин Су Жиан 90 хувь, Л.Л10 хувийн хувьцааг тус тус эзэмшдэг бөгөөд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Шин Су Жиан болох нь бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдсон бөгөөд компанийн бусадтай байгуулсан гэрээний улмаас хүлээх хариуцлагыг хувьцаа эзэмшигч иргэн Л.Лд хариуцуулах боломжгүй.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 68-72, 83-92, 2 дугаар хавтасны 53, 55 дугаар тал/

 

Иймд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2-т заасныг баримтлан хариуцагч Т.ЖХХК-иас 653.184.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 410.016.000 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Л.Лд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч Т.ЖХХК-ийн 170.000 ам доллар буюу 245.265.800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заажээ.

Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ... бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.

Хөрөнгө олж авсан этгээд гэж маргааны зүйл болох эд хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг, үүрэг гүйцэтгэгч гэж уг эд хөрөнгийг шилжүүлсэн этгээдийг хэлэх ба үүрэг үүсээгүй гэдэг нь тэдний хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүйг хэлнэ.

Талуудын хооронд 2009 оны 7 дугаар сард Зөвшилцлөлийн гэрээ байгуулагдсан нь, мөн В ХХК-ийн эзэмшлийн газарт Т.ЖХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар 96 айлын орон сууц барьж ашиглалтанд оруулсан нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон тул энэ талаар дахин дүгнэх шаардлагагүй.

 

Талуудын хооронд байгуулагдсан зөвшилцлөлийн гэрээний 6-д Т.ЖХХК нь В ХХК-д газар ашиглалтын зардал, зураг төсөл боловсруулсан зардал болгож нийт 170.000 ам долларыг төлнө гэж заасны дагуу хариуцагч Т.ЖХХК нь нэхэмжлэгч В ХХК-д уг мөнгийг хүлээлгэн өгсөн нь 2009 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн кассын орлогын ордероор тогтоогдож байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 171 дүгээр тал/

 

В ХХК-ийн захирал Д.******* 170.000 ам долларыг хүлээн аваагүй, эрхийн улсын бүртгэлийн Y-2204027346 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Дүнжингарав хороолол, 108 дугаар байр, 13 тоот, 5 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Y-2204027347 дугаарт бүртгэгдсэн, мөн байрны зоорийн давхрын 9 тоот зогсоолыг нийт 109.000 ам долларт, 28-82 УНВ улсын дугаартай, ланд ровер маркийн суудлын авто машиныг 31.000.000 төгрөгт тооцон өгч 34.000 ам долларын үлдэгдэлтэй болсон тул 170.000 ам долларыг хүлээн авсан гэх баримтанд гарын үсэг зурсан гэж тайлбарлалаа.

Түүний дээрх тайлбар хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолоор үгүйсгэгдэж байх ба тэрээр 170.000 ам долларыг аваагүй гэх боловч энэ нь баримтаар нотлогдоогүй бөгөөд энэ талаарх баримтаа ирүүлээгүй болно.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй буюу В ХХК-ийн захирал нь үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй, гэрээгээр тохирсоны дагуу зардлаа авсан байх тул хариуцагч Т.ЖХХК-ийн 170.000 ам доллар буюу 245.265.800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

В ХХК-ийн захирал Д.******* нь Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 129 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн байх ба тэрээр давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гарган шийдвэр хүчин төгөлдөр болж 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр шинэчилсэн Эрүүгийн хуульд хамрагдсан суллагдан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхэд 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 1 дүгээр хуудасны ар тал, 56 дугаар тал/

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил бөгөөд талуудын хооронд үүссэн хамтран ажиллах гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж үзлээ.

 

 

Т.ЖХХК болон Хингжиюуан ХХК-ийн тамга дарагдсан 2009 оны 7 дугаар сарын 10-ны өдөр нээсэн, Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл гэх дэвтэр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, ******* хотхон, 96 айлын орон сууцны барилгын зөвшөөрөл, техникийн нөхцөл, холбогдох бичиг баримт, ил далд ажлын акт гэх хавтас бүхий баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7, 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Н.Батжаргал нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгөөгүй тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурьдлаа.

 

******* Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2-т заасныг баримтлан хариуцагч Т.ЖХХК-иас 653.184.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 410.016.000 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Л.Лд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Т.ЖХХК-ийн 170.000 ам доллар буюу 245.265.800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч В ХХК-иас 5.473.950 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Т.ЖХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 1.384.279 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.ЖХХК-иас 3.423.870 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В ХХК-д олгосугай.

 

4. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 18976 дугаар захирамжаар хариуцагч Т.ЖХХК-ийн Төрийн банк дахь 340003761705 тоот данс, Хаан банк дахь 5044085524 тоот данс, хариуцагч Лю Лянхуагийн Хаан банк дахь 5021334068 тоот данснуудын зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр хязгаарлан,

Мөн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Их ******* улсын гудамж, 108 дугаар байрны зоорийн давхрын 9 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Y-2204027347 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Их ******* улсын гудамж, 108 дугаар байр, 13 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Y-2204027346 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, Сэлэнгэ аймаг, Мандал сум, 1 дүгээр баг, Төмөр Зам *******т хотхон, 57 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Y-1307002078 дугаар бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг тус тус битүүмжилж, бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй, захиран зарцуулахгүй байхыг хариуцагч Т.ЖХХК-д даалгасан,

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 20136 дугаар захирамжаар хариуцагч Т.ЖХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 455050320 тоот данс болон Т.ЖХХК болон гүйцэтгэх захирал Лю Лянхуа нарын арилжааны банкууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр хязгаарлан,

Сэлэнгэ аймаг, Мандал сум, 1 дүгээр багт орших, *******т хотхоны 96 айлын орон сууцанд байрлах, бусдад зарагдаагүй мөн эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй гэх 29 тооны орон сууц буюу 2, 3, 7, 10, 12, 14, 19, 20, 22, 23, 24, 25, 43, 47, 51, 55, 57, 62, 66, 70, 69, 71, 73, 74, 76, 83, 91, 94, 95 тоот орон сууцууд болон мөн зоорийн давхрыг битүүмжилж, бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй, захиран зарцуулахгүй байхыг хариуцагч Т.ЖХХК-д даалгасан,

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 20136 дугаар захирамжид өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 643 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймаг, Мандал сум, 1 дүгээр багт орших, *******т хотхоны 96 айлын орон сууцанд байрлах, бусдад зарагдаагүй мөн эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй гэх 29 тооны орон сууц буюу 2, 7, 12, 19, 24, 25, 43, 62, 66, 70, 71, 74, 91, 94, 95 тоот орон сууцууд болон мөн зоорийн давхрыг битүүмжилж, бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй, захиран зарцуулахгүй байхыг хариуцагч Т.ЖХХК-д даалгасан,

2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 3614 дугаар бүхий захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 18976 дугаартай захирамжийн 2 дахь заалтын зарим хэсгийг буюу хариуцагч Т.ЖХХК-ийн Төрийн банкин дахь ХХХХ тоот, Хаан банкин дахь ХХХХХ тоот дансуудын зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр хязгаарласугай гэснийг болон мөн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 20136 дугаартай захирамжийн 1 дэх заалтын зарим хэсгийг буюу хариуцагч Т.ЖХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 455050320 тоот данс болон Т.ЖХХК-ийн арилжааны банкууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр хязгаарласугай гэснийг тус тус хүчингүй болгож, шүүгчийн захирамжийн бусад заалтуудыг хэвээр үлдээсэн бөгөөд дээрхи захирамж, тогтоол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд буюу давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах хугацаанд хүчинтэй хэвээр байхыг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН