Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 156/ШШ2017/00245

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 156/ШШ2017/00245

Хэнтий аймаг

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 156/2015/00378/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам, даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хариуцагч: Хэнтий аймгийн . оршин суух, Ц.С.......  (РД:.........)

Хэнтий аймгийн ..................оршин суух Ц.Д.     (РД: ...

Хэнтий аймгийн .............оршин суух Ц.Б. (РД:..................)

Хэнтий аймгийн ........... оршин суух Ч.С. (РД: .................)

.................тоотод оршин суух Ц.Н. (РД:...................) нарт холбогдох,

 

Нэхэмжлэгч: .................... оршин суух С.Б.гийн “ өөрт ногдох эд хөрөнгө болох мал буюу 31 800 000 төгрөгийг гаргуулж, уучлалт хүсүүлэх, хариуцагч Ц.Б., Ч.С. нараас мал буюу 5 200 000 төгрөг, хариуцагч Ц.Н.аас мал буюу 2 300 000 төгрөгийг тус тус гаргуулж эцэг Ц.С., эх Ц.Д. нарын өмчлөлд шилжүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б., хариуцагч Ц.Да., Ц.Б., Ч.С., Ц.С.н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б., нарийн бичгийн дарга Н.Э.нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэгч С.Б. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний эцэг эх Ц.С., Ц.Д. нар нь Хэнтий аймгийн Дадал сумын Балж багт 2000 оноос өмнө мал маллаж амьдарсаар ирсэн. Бид эцэг эхээс 4-үүлээ. Би айлын том хүүхэд юм. Миний дараагийн дүү С.И. нь 2000 онд Герман улс руу ажиллахаар явж эцэг эхдээ надаас өөр тус дэм болох хүн байхгүйгээс би ээжийн дүү Ц.Ба., Ц.Н., Ц.Г. нар болон тэдний гэр бүлийнхэнтэй хамт мал ахуйд нь дэм болох хадлан өвс тэжээл авалцах зэрэг ажлуудыг хийж өгч тусалдаг байсан.Аав, ээж маань хүүхдүүддээ тус бүрт нь 1 гунжин үнээ өгсөн. Тэдгээр нь эцэг эхийн малын хамт өсөж дүү нар бид өөрсдийн хувь хувийг тухайн үед нь авцгаасан.

Эцэг эхийн мал өссөнөөр дахин хүүхдүүддээ хувь өгөхөөр болсон. Өмнө нь аав ээжийн хүүхдүүддээ өгсөн гунжин үнээг улсаас өгсөн хувьцаа ч гэж ойлгож болох юм. Гадаадаас дүү С.И. нь 2000 онд эхнэр Сэ.ийн хамт ирж хуримаа хийсэн. С.И.н хуримыг хийхээс өмнө аав ээж надад 8-9 тооны бод малыг надад өгсөн. Би 1 охинтой юм. Аав, ээж сүүлд надад 8-9 тооны мал өгөхөөс өмнө эцэг Ц.С., Ц.Д., С.И. нар нь пронтер маркийн машин авах болсон. Машин авахдаа С.И. нь...”таны байрны ордерыг банкинд тавих гэсэн юм” гэхэд нь би анзааралгүй өгсөн. С.И. нь байрны ордерыг банкинд тавиад машин

авсан байсан. Сүүлд тэр машинаа аав, ээжид өгсөн. Учир нь С.И.г пронтер маркийн машиныг авахын өмнө аав, ээж надад мал болон хөрөнгө тасдан өгч охинтой минь хамт тусад нь гаргахаар шийдэх байсан. Харин С.И.н хуримыг хийсэн нь үр хүүхдээ гэсэн сэтгэлгүй зүйл болсон бөгөөд миний бие тэр үйлдэлд нь гомдсон юм.

Эхийн дүү Ц.Б., эхнэр Ц.С. нар нь хүүхдүүдийн хамт 2 жил орчим аав, ээжийн малыг харахдаа ажилд хойрго хандах зэргээр аав, ээжийг минь мэхэлж  тугалтай эрлийз үнээ-1, шүдлэн үхэр-1, бяруу-1, 10 төлөг, 5 борлонг илүү авч явсан. Аав, ээж хоёр Ц.Б., Ц.С. нарын хоол, хүнс, хувцас, хүүхдүүдийн сургуульд сургах зардлыг бүгдийг хариуцдаг байсан. Ц.Б., Ц.С. нараас 10 орчим үхэр, 30 гаруй хонь, ямаа, ишиг, борлон авч явсныг аав, ээжид буцаан олгуулж өгнө үү?

Эхийн дүү Ц.Н. түүний 3 хүүхдийн хоол, хүнс, өвлийн идэш, хувцас, хүүхдүүдийн сургуульд сургах зардлыг бүгдийг хариуцдаг байсан. Ц.Н.с 1 тооны гунжин үнээ, 1 сая төгрөг, шүдлэн үхэр, 1 тооны бярууг аав, ээжид буцаан олгуулж өгнө үү?

Эхийн дүү Ц.Г.р нь мөн ажлын зохих хөлсөө авсан.

Өнгөрсөн 2013 оны байдлаар эцэг Ц.С., эх Ц.Д. нарын өмчлөлд 90 гаруй үхэр, 90 гаруй адуу, 130 орчим хонь, ямаа, пронтер маркийн машин байсан.

2008, 2010 оны өмнөх малын орлогуудыг өөрсдөө хэрэглэдэг байсан. Миний бие өмнө нь архи уудаг байснаа больж, эх Ц.Д.ас орон байрны гачигдал, хоол хүнсний тусламжид тэтгэврийн зээл гэх мэт 3 000 000 төгрөг авч байсан.Иймд:

        Эцэг Ц.Сү., эх Ц.Д. нараас уучлалт хүсүүлэх, эцэг Ц.С., эх Ц.Д. нараас өөрт ногдох эд хөрөнгө болох мал буюу 31 800 000 төгрөгийг гаргуулах, хариуцагч Ц.Б., Ч.С. нараас мал буюу 5 200 000 төгрөгийг гаргуулж эцэг Ц.С., эх Ц.Д. нарын өмчлөлд шилжүүлэх, Ц.Н.с мал буюу 2 300 000 төгрөгийг гаргуулж эцэг Ц.С., эх Ц.Д. нарын өмчлөлд шилжүүлж өгнө үү.

         Миний бие амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэн тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ (хх-ийн 1-3 тал)

 

Нэхэмжлэгч С.Б. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:....1990 онд хувьчлал үүсч манай эцэг С., эх Д. нар нь мал хувьчилж аваад хүүхдүүддээ нэг нэг тооны гунж өгсөн юм. Уг мал нь өсөөд 8-9 тооны үхэр болсон.  Би өөрийн хэрэгцээнд 8-9 тооны малаа 2004 он гэхэд хэрэглээд дуусгасан. Энэ хугацаанд ч гэсэн эцэг эхийн мал өсч байсан. Миний дүү И. нь Герман улс руу явсан. Дүү нар нь бага байсан учраас эцэг, эх хоёрт надаас өөр туслах хүн байгаагүй. Би хадлан тэжээлийг нь бэлдэж өгч малыг нь маллаж байсан. Миний бие өвдөөд ганцаараа мал маллах боломжгүй болохоороо Б. түүний эхнэр С. дээр очиж эцэг С., эх Д. нарын ойр байж малнаас нь маллаж өгөөд өөрсдөө ч гэсэн хэдэн тооны мал ав гэж хүсэлт тавьсан.

 

Үүний дагуу Б., түүний эхнэр С. нар нь ирж манайхтай айл болсон. Надаас өөр эцэг С., эх Д. нарт тус дэм болсон хүн байхгүй.

Энэ хугацаанд эцэг С., эх Да. нарын мал нь өссөн. Хүүхдүүддээ дахин хувь оногдуулах гэж ёстой гэж үзэж байгаа юм. Мөн дүү И. нь 2008 онд Германаас ирж хурим хийсэн. Тэр үед эцэг Сүхбаатар, эх Д. нар нь И.т 50 тооны бод, 50 тооны бог малыг хуримын бэлэг гэж өгсөн. Эцэг С.р, эх Д.м нарын малаас хүүхдүүд нь тэнцүү тоотой хувааж авах ёстой. Хэрвээ И.т тийм мал өгч байгаа бол бусад хүүхдүүддээ ч гэсэн мал өгөх ёстой юм. Энэ тал дээр шудрага бус зан гаргасан. Ийм учраас би эцэг С.р, эх Д. хүү И.,

 охин Б., О. мөн миний бие Б. нар малыг нь тэнцүү 6 хувааж, надад ногдох хэсэг мал буюу 31 800 000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байгаа юм. Би 2000 оноос 2004 оныг хүртэл Монгол улсын Их сургуулийн эдийн засгийн сургуульд магистраар 4 жил сурсан. Түүнээс хойш ажил хийх гэж байгаад өвчтэй болоод эмнэлэгээр явсан. Гэхдээ би шүүх эмнэлгийн гаргасан дүгнэлтийн хүрээнд ой санамжтай. Миний эрх дүү Идэрийг 2008 онд ирснээс хойш миний эрх зөрчигдсөн гэж үзэж байна. И. нь ирээд миний байрны ордерыг барьцаанд тавиад машин авсан. Тэр авсан машинаа эцэг С., эх Д. нарт өгсөн. Мөн хуримын бэлэг гэж өгсөн малын асуудал яригдаж байгаа юм. Хэрвээ би гэр бүлээсээ салаагүй байсан бол надад манай эцэг эх мал өгөх байсан байх. Гэхдээ би айлын дагавар хүүхэд учраас надад ингэж хандаж байгаа юм болов уу гэж би боддог юм.        Яагаад гэхээр би энэ айлын ууган хүү учраас надад оногдох хувийг би нэхэх эрхтэй. И.т 50 бод, 50 бог өгөхөөр надад оногдох малаас маань хасагдаад оногдох хувь маань багасаж байгаа гэсэн үг юм. Тийм учраас И.т мал өгсөн үйлдэл нь хууль бус гэж үзэж байна. Би энэ айлын хүүхдийн хувьд адил тэгш хандаасай гэж хүсэж байгаа юм. Б.ийн авч явсан малыг ах дүү нар нь намайг авсан мэтээр хардаг. Би их мал авсан юм шиг харагдаж байгаа юм. Тийм учраас Б.ийн авсан малыг буцааж нэхэмжилж байна гэв.

           Хариуцагч Ц.Д. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Манай хүү Б. нь эцэг, эхээсээ өөрт ноогдох эд хөрөнгөө авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Энэ нэхэмжилж байгаа мал нь Б.ийн мал биш нөхөр бид хоёрын өдий хүртэл үйлээ үзэж өсгөсөн мал юм. Батзоригийг би өөрт ногдох хувиа авсан гэж боддог. Дандаа надаас мөнгө авдаг. Энэ хүнийг өвдөөд хэвтэхэд би  очиж мөнгө төгрөг гаргаж наана цаана нь явдаг. Б. нь эхнэр хүүхэдтэй байж байгаад эхнэрээ зодоод салсан. Эхнэрээ аймаар зоддог архи уудаг байсан. Мал маллахад тусалсан гэж байна. Б. нь дандаа сургуульд сурч байсан. Зундаа  ирж хэдэн сар тусалдаг байсан байх. Түүнээс ярьж байгаа шиг нь ганцаараа хадлан бэлдээд, мал маллаад байсан зүйл байхгүй. И.тэй барьцаад байх юм. Манайх Б.ийг хурим хийгээд хүн шиг амьдраад явсан бол адилхан мал өгөх байсан. Тэгэхэд эхнэр, хүүхдээ зодоод архи уугаад өөрт байгаа бүх зүйлээ үрэн таран хийж байгаа хүнд яаж мал өгөх юм бэ? Өөрийнхөө малыг, байраа ямар ч зорилгогүй үрж тараасан. Чингисийн монгол ирж монгол улсыг тараана мөнгө хэрэгтэй гээд явж байсан. Улс төрийн эргэлт хийнэ гээд өч төчнөөн мөнгө авч үрж байсан. Тэгээд над руу мөнгө хэрэгтэй байна.

Чухал, том ажил хөөцөлдөж байна. Яаралтай 2 сая төгрөг явуул, 3 сая төгрөг явуул гэдэг. Би тэрийг нь мал махлаад, тэтгэврийн зээл аваад л явуулж байсан. Тэгээд дахиад мөнгө нэхнэ.

Сая 2016 онд гэхэд гудамжинд орох оронгүй байхад нь 2015 оны 12 сараас 2016 оны 07 сар хүртэл Улаанбаатар хотод сарын 130 000 төгрөгөөр байр хөлсөлж өгсөн. Дараа нь ажилд орох гээд байна яаралтай 500 000 төгрөг явуул гэсэн. Тэгээд 2016 оныхоо 5 сард бие нь муудаад шар хадны эмнэлэгт хэвтээд 7 сард эмнэлэгээс гараад гэртээ ирсэн. Дараа нь Биндэрт очиж амьдарна гээд Б.д очсон. Тэнд нэг сар гаруй болоод танай ах дүү нар хүн чанаргүй гээд харааж тэнд байхаа больсон, унаа олдохгүй байна гээд Улаанбаатар хот ороод Улаанбаатараасаа Дадал суманд ирсэн. Энэ бүгдэд нь би зардлын мөнгө төгрөг өгч байсан. Дараа нь хот явна группэд орно гээд надаас 1 сая төгрөг аваад Улаанбаатар явсан. 2017 оны 03 сард ирээд дахиад надаас 1 сая төгрөг нэхээд ирсэн. Ажил төрөл маань бүтэхгүй байна. Өөрийнх нь нэр дээр 3-4 тооны үхэр байгаа юм. Тэрийгээ ажлаад мөнгө болгоно гээд наймаачид дагуулаад очсон. Тэгэхээр нь би өгөөгүй юм. Тэгсэн надад өгсөнгүй та нарыг шүүхээр дарамтлуулаад авна гээд элдвээр хэлж загнаад явсан. Дараа нь намайг шүүхэд дуудсан. Б.т би дахин мөнгө өгч чадахгүй. Ямар ч хэрэгцээгүй зүйлд зарцуулдаг. Одоо авбал дахиад нэхээд эргээд ирнэ. Ядаж өөртөө хувцас, эд зүйл авдаг бол өөр хэрэг. Хувцас ч авдагүй. Нөхөр С. цус харвасан бие нь муу байна. Мөн би хоёр өвдөгтөө үе суулгуулсан. Үлдсэн жаахан амьдралаа эрүүл, эсэн мэнд байхын тулд малаа хэрэглэж амьдарна. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.И. нь 2000 онд Герман яваад 2008 онд ирсэн. Ирээд хоёр жил яг мал дээрээ байсан гэв. (хх-ийн 78-79 тал)

        Хариуцагч Ц.С.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.г нь гэртээ ажил хийж байсан талаар би мэдэхгүй юм. Намайг байхад хэвтэж байдаг байсан. Туслах малчнаар хоол зөөлгөөд хувцас хунараа угаалгадаг байсан. Өнөөдөр энэ хоёр настныг ингэж зовоож байгаад харамсаж байдаг. Энэ хүн маань өвчтэй мөнгө авлаа гээд ашиглаж чадахгүй дэмий үрээд дуусгана. Дуусгаад дахиад л мөнгө авна гэнэ. Энэ хүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна, үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

          Хариуцагч Ц.Б. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:....Б.н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжилж байгаа зүйлд нь ямар ч үндэслэл байхгүй байна. Б.н нэхэмжилж байгаа малыг С. ах надад өөрөө өгсөн. Уг мал Б.н мал биш С. ахын мал юм. Б. нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. С.р ах манайд хоёр жил тусалж байсан, бидний амьдралд тус нэмэр болго гээд 2 тугалтай үхэр, 3 бяруу, 19 хонь ямаа өгсөн. Түүнээс Б.н ярьж байгаа шиг тийм их мал өгөөгүй. Б.т нэхэмжлэх эрх байхгүй. И.т өгсөн мал гэж яриад байна. И. нь уг малыг аваагүй, үрж зараагүй. Зүсэлж өгсөн боловч С. ахын малд байдаг. Б. нь 2 өрөө байртай байсан. Уг байрыг зарахад нь би байсан. 37 сая төгрөгөөр зараад ирж байсан. Тэр мөнгөө 1 жилийн дотор үрж дуусгасан гэв.(хх-ийн 77 тал)

        Хариуцагч Ч.С. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Надад нэмж хэлээд байх зүйл байхгүй дээ.

Б. нь манай нөхөр учраас болсон зүйлийн талаар үнэн ярьж байна. Бид хоёр С. ахынд мал маллаж байгаад 2 жилийн дараа хүүхдүүд маань сургуульд орох болоод бид Биндэр сум руу явсан. Би Б.г хадлан бэлтгэж мал маллаж байсныг хараагүй. Эцэг С., эх Д. нар нь  өсгөж, сургуульд сургаж, өвдөж зовоход ч гэсэн очиж туслаж байдаг. Манайд өнгөрсөн зун амьдарч байсан. Ааш зангийн хувьд гайгүй. Өвчин нь хөдлөхөөрөө бие нь мууддаг. Б.н шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байна. Бидэнд Б.н ярьж байгаа шиг их мал өгөөгүй. Тэгээд ч тэр малын өмчлөгч нь С. ах байхад Б. нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                        

ҮНДЭСЛЭХ НЬ: 

Нэхэмжлэгч С.Б. нь хариуцагч Ц.С., Ц.Д., нараас “өөрт ногдох эд хөрөнгө болох мал буюу 31 800 000 төгрөгийг гаргуулж, уучлалт хүсүүлэх, хариуцагч Ц.Б.а, Ч.С. нараас мал буюу 5 200 000 төгрөгийг гаргуулж эцэг Ц.С., эх Ц.Д.м нарын өмчлөлд шилжүүлэх, Ц.Н.ас мал буюу 2 300 000 төгрөгийг гаргуулж эцэг Ц.Сү., эх Ц.Да. нарын өмчлөлд шилжүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

1.Нэхэмжлэгч С.Б. нь....би айлын том хүү юм. 2000 оноос 2008 он хүртэл эцэг Ц.С., эх Ц.Д. нарын мал ахуйд нь дэм болж хадлан өвс тэжээл авалцаж, эхийнхээ дүү Ц.Б. гэр бүлийн хамт Биндэр сумаас,  Ц.Н.г хүүхдүүдийн хамт аваачиж туслалцуулж өөрийн биеэр ажилласан юм. Эцэг эхийн мал өссөөр дахиж хуваарилагдахаар хувь оногдуулахаар болсон.

2013 оны байдлаар эцэг Ц.С., эх Ц.Д. нарын өмчид 90 гаруй үхэр, 90 гаруй адуу, 130 орчим хонь ямаатай болсон. Дүү С.И.р болон Ц.Б.а, Ч.С.г, Ц.На.нар тус тусын хувийг эцэг эхээс авцгаасан. Иймд надад ногдох хөрөнгө болох мал буюу 31 800 000 төгрөгийг эцэг Ц.С., эх Ц.Д. нараас гаргуулж, уучлал хүсүүлэхээр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ц.Д., хариуцагч Ц.С.н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б. нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хүү Б. нь байнга бидний хамт байдаггүй, хааяа ирж хадлан авдаг байсан: Ц.Д. би өвдсөн үед нь болон бусад үед байнга тусалж байсан....гэж маргажээ.

Нэхэмжлэгч С.Б. нь Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар хариуцагч Ц.С., Ц.Д. нараас өөрт ногдох эд хөрөнгө болох мал буюу 31 800 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Гэвч нэхэмжлэгч тал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд 25.2.2-д заасан “зохигч...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага...түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлагын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан байна. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан шаардлагаа нотолж чадаагүй гэж шүүх дүгнэв.

2. Нэхэмжлэгч С.Б.нь хариуцагч Ц.Б. Ч.С.г нараас мал буюу 5 200 000 төгрөгийг гаргуулж эцэг Ц.С., эх Ц.Д. нарын өмчлөлд шилжүүлэхээр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ц.Б., Ч.С. нар нь нэхэмжлэгч С.Б.биднээс мал буюу 5 200 000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй гэж маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т:... төлөөлөл нь хуульд зааснаар, эсхүл сайн дураар буюу гэрээгээр төлөөлөх хэлбэртэй байна” гэж заажээ.

Нэхэмжлэгч С.Б. нь иргэн Ц.С., эх Ц.Д. нарыг төлөөлж хариуцагч Ц.Б.а, Ч.С.г нараас мал буюу 5 200 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч сайн дурын төлөөллийг илэрхийлэх баримт болох Иргэний хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан итгэмжлэлийг шүүхэд ирүүлээгүй байна.

 Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан болох нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

3. Нэхэмжлэгч С.Б. нь хариуцагч Ц.На.ас мал буюу 2 300 000 төгрөгийг гаргуулж эцэг Ц.С., эх Ц.Дарийм нарын өмчлөлд шилжүүлэхээр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж гарын үсэг зурж баталгаажуулсан байна. (хх-ийн 66 тал)

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдэв.

 

Нэхэмжлэгч нь эцэг Ц.С., эх Ц.Д.м нарт холбогдох өөрт ногдох эд хөрөнгө болох мал буюу 31 800 000 төгрөгийг гаргуулж, уучлал хүсүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа 2 удаа татгалзаж хамгийн сүүлд сэргээсэн байна. (хх-ийн 60-61, 65 тал)

 

4. Хариуцагч Ц.Н. нь нэхэмжлэгч С.Б.йг сэтгэцийн өвчтэй тул шинжээч томилж, дүгнэлт гаргуулж өгнө үү гэж шүүхэд хүсэлт гаргажээ. (хх-ийн 27 тал)

Шүүх хүсэлтийг хүлээн авч шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. (хх-ийн 33-34, 47-48 тал)

 

Улаанбаатар хотын сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх эмгэг сэтгэц судлалын 133 дугаартай дүгнэлтэд:

 

1. С.Б.г нь “Шизоаффектив эмгэг, холимог хэлбэр, засрал сайжралын байдал.

2. С.Б. нь “Шизоаффектив эмгэг, холимог хэлбэр” нь одоо засрал сайжралын байдалтай байгаа тул иргэний эрх зүйн чадамжтай байна.

  Комиссын дарга: Д.Д., гишүүн Л.Б., илтгэгч Я.Г.ү гэжээ (хх-ийн 55-59 тал)

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 129 дугаар зүйлийн 129.1, 129.1.1, 129 дугаар зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар С.Б.н нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.С., Ц.Д. нарт холбогдох “өөрт ногдох эд хөрөнгө болох мал буюу 31 800 000 төгрөгийг гаргуулж, уучлалт хүсүүлэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар С.Б.н нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Б., Ц.С. нарт холбогдох мал буюу 5 200 000 төгрөгийг гаргуулж Ц.С., Ц.Д. нарт шилжүүлэх тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75-д зааснаар С.Б.н нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Н.д холбогдох мал буюу 2 300 000 төгрөгийг гаргуулж Ц.С., Ц.Д. нарт шилжүүлэх тухай хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзанг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй” болохыг дурдсугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч С.Б. нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

  

ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ