Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2019/01732

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 10 өдөр Дугаар 101/ШШ2019/01732 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ХХХХХХХХХХ тоотод оршин суух, Д.Оийн /РД: ХХХХХ/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: ХХХХХХХХХХХ  холбогдох

Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын даргын ХХХХ тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны ажлын хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Болортуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Билэгсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.О миний бие Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн хэсгийн ахлагч нарыг ажилд томилох тухай ХХХ дугаар тушаалын дагуу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Х дугаар хэсгийн ахлагчаар ажиллах болсон ба дүүргийн засаг даргын тамгын газартай хэсгийн ахлагчтай хамтран ажиллах гэрээг байгуулсан.

Гэтэл Бянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын дарга Б.А нь намайг ажил үүрэгтээ ямар ч алдаа зөрчил гаргалгүй ажиллаж байхад 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр ХХтоот тушаал гарган үндэслэлгүй ажлаас маань чөлөөлсөн байна.

Миний бие энэ хууль зөрчсөн, үндэслэлгүй тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд ямар үндэслэл, шалтгаанаар үүрэгт ажлаас маань чөлөөлж байгаа талаарх мэдэгдлийг тушаал гарахаас өмнө надад мэдэгдээгүй бөгөөд уг тушаалыг надад албан ёсоор гардуулж өгөөгүй бөгөөд одоо хүртэл ажил хүлээлцээгүй байгаа.

Уг тушаалын хуулбарыг би Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газраас нэхэж байж 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр авсан.

Д.О миний бие холбогдох хууль тогтоомжийг зөрчиж намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын даргын 03 тоот тушаалаас болж 2019 оны 1 дүгээр сараас одоог хүртэл хохирч байна.

Миний хувьд 2018 оны 11 дүгээр сараас Баянзүрх дүүргийн ахмадын хороололын сууц өмчлөгчдийн холбоонд байцаагчаар ажиллах болсон ба одоо ч ажлаа хийж байгаа. Хорооны хэсгийн ахлагч хийж байхдаа уг ажлаа ажлын бус цагаар хийж байсан.

Хууль зөрчиж гаргасан Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн ХХтоот тушаалыг хүчингүй болгон Д.О намайг урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалд нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэл гаргасан.

Миний хувьд өмнө нь хорооны хэсгийн ахлагчийн ажилдаа эргэж орох хүсэлтэй байсан ба одоо бол ажилдаа эргэж орох хүсэлт алга. Гэхдээ авна гэвэл ажилдаа орно. Авахгүй гэвэл гэнэт халагдсаны тэтгэмжээ авмаар байна гэв.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Б.А шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Болортуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа Д.Оийн нэхэмжлэлтэй Дүүргийн засаг даргын тамгын газарт холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд ... Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын ХХдугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны ажпын хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн ХХдугаартай Хэсгийн ахлагч нарыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Д.Оийг тус дүүргийн 14 дүгээр хорооны 7 дугаар хэсгийн ахлагчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Д.Оийн дүүргийн засаг даргын тамгын газрын дарга болон 14 дүгээр хорооны засаг даргатай байгуулсан хөлсөөр ажиллуулах гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон.

Иймд дүүргийн Тамгын газрын дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргаж, хөлсөөр ажиллах гэрээг цаашид сунгах хүсэлтээ ирүүлээгүй хэсгийн ахлагч нарын гэрээг сунгаагүй болно.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд хөлсөөр ажиллах гэрээний үндсэн зохицуулалтыг хуульчилсан ба тус хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно", 366 дугаар зүйлийн 366.1 дэх хэсэгт Гэрээний хугацаа дууссаныг ажиллагч нь нөгөө талдаа мэдэгдэн гэрээг үргэлжлүүлэхийг хүссэнийг ажиллуулагч эсэргүүцээгүй тохиолдолд гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцно гэж тус тус заасан байдаг.

Талуудын хооронд байгуулагдсан Хөлсөөр ажиллуулах гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт Гэрээг цуцалсан болон гэрээний хугацаа дууссанаар гэрээ дуусгавар болно гэж тусгасан ба нэхэмжлэгч нь нэг жилийн хугацаатай гэрээ байгуулахыг зөвшөөрсөн, нөгөөтэйгүүр гэрээнд заасны дагуу гэрээний хугацаа дуусгавар болсноор ажлаас чөлөөлөгдөх зохицуулалттайг мэдэж байсан тул нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй юм.

Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, гэрээ байгуулах этгээдийг сонгох, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ба хариуцагчийн зүгээс гэрээний хугацаа нэгэнт дуусгавар болсон тохиолдолд гэрээг заавал сунгах үүргийг нэхэмжлэгчийн өмнө хүлээхгүй болно.

Тус дүүргийн Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 03/19 дугаартай албан бичгээр Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу хугацаа сунгагдахгүй болсон хэсгийн ахлагч нарын ажилгүйдлийн тэтгэмж авах эрхийн тухай нийт хороодын Засаг дарга нарт хүргүүлж мэдэгдсэн.

Ийнхүү нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул Д.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн ХХтоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны ажлын хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.О нь хууль зөрчиж ажлаас чөлөөлсөн гэж, хариуцагч тал хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тул Д.Оийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.

 

Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн ХХХ тоот тушаалаар Д.Оийг мөн өдрөөс нь тус дүүргийн 14 дүгээр хорооны 7 дугаар хэсгийн ахлагчаар томилон ажиллуулахаар шийдвэрлэн, хөлсөөр ажиллуулах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулан гэрээг сунгаж байсан гэжээ.

/ХХ-ийн 3-7 дугаар тал/

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн ХХтоот Хэсгийн ахлагч нарыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5-д заасныг үндэслэн тус дүүргийн хороодын хэсгийн ахлагч нарын 2018 оны хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсон тул нэрсийг хавсралт ёсоор баталж, 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

/ХХ-ийн 8-9 дүгээр тал/

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө, 33.5-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ гэж тус тус заасан байна.

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга нь дээрх заалтыг үндэслэн хорооны хэсгийн ахлагчийг ажлаас нь чөлөөлж байгаагаас үзэхэд тухайн дүүргийн Засаг даргын тамгын газрын орон тоонд хэсгийн ахлагчийн орон тоо багтаж байна гэж үзэхээр ба Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/339 тоот Журам батлах тухай захирамжаар Хорооны хэсгийн ахлагчийн журам, хэсгийн ахлагчтай байгуулах Хамтран ажиллах гэрээ-ний загварыг тус тус баталжээ.

/ХХ-ийн 74-80 дугаар тал/

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын баталсан 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн Хөлсөөр ажиллуулах гэрээ-г нэг талаас Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлөн 14 дүгээр хорооны Засаг дарга Э.Батсайхан, нөгөө талаас мөн хорооны 7 дугаар хэсгийн ахлагч Д.О нар 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан байна.

/ХХ-ийн 5-7 дугаар тал/

 

Дээр дурьдсан баримтуудаас дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсжээ.

 

Талуудын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон байх бөгөөд энэхүү хугацаа дуусахаас өмнө болон дууссанаас хойш нэхэмжлэгч Д.О гэрээний хугацааг сунгах талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй байх тул хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-д Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно гэж заасныг баримтлан 2018 оны хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр Д.Оийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй, хуульд нийцсэн байна.

 

Хариуцагч тал 2018 оны 12 дугаар сарын 3, 11, 28-ны өдрүүдэд хороон дээр хийгдсэн шуурхай зөвлөгөөнөөр гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болж байгаа талаар мэдэгдсэн гэснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй бөгөөд тэрээр гэрээний хугацааг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусахыг мэдэж байсан, алдаа зөрчил гаргаагүй учир гэрээг сунгагдана гэж бодож байсан хэмээн тайлбарлалаа.

 

Дээрхээс үзэхэд зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дуусгавар болж байгаа, цаашид сунгах эсэхээ шийдвэрлэхийг нэхэмжлэгч тал мэдэж байсан ба эрх бүхий албан тушаалтан түүнд сануулж байжээ.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч тал талуудын хооронд байгуулсан хөлсөөр ажиллуулах гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт Гэрээг цуцалсан болон гэрээний хугацаа дууссанаар гэрээ дуусгавар болно гэж заасан гэж тайлбарласан ба уг гэрээний загварыг мөн дүүргийн засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн А/01 тоот тушаалаар хавсралтаар баталжээ.

Харин нэхэмжлэгч Д.Отэй 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр байгуулсан гэрээний 7.2-т Хэсгийн ахлагч ажил гүйцэтгэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, ажил үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн тохиолдолд гэрээг цуцалж, ажлаас чөлөөлнө гэж заасан байна.

/ХХ-ийн 5-7, 47-53, 59-65 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөөгүй ба Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэрэгт дээрхи нэхэмжлэл хамаарахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг түүний 1 сарын ажлын хөлс 360.000 төгрөгөөс тооцон нөхөн гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

/ХХ-ийн 2 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Д.О нь ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдлөө Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5, 6 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдлаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 364 дүгээр зүйлийн 364.1-т зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдох Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын ХХтоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны ажлын хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэн, бичилт хийлгэхийг даалгуулах тухай Д.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Оээс улсын тэмдэгтийн хураамжид 11.450 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН