Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/22

 

Б.Даваанямд холбогдох 

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                           Г.Давааренчин

                                  Шүүгчид                                       Ц.Амаржаргал

                                                                                       Д.Буянжаргал

                               

                                  Оролцогчид

                                    Прокурор                                     Г.Энхмаа

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч              М.Гансүх

                                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/09 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баярмагнайн Даваанямд холбогдох эрүүгийн 1931004250035 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1977 оны 09 сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн 42 настай Баяд эрэгтэй бүрэн дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сум, Дэлгэрхаан 1 дүгээр баг Царамын 2-11 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа, шагналгүй урьд 21 удаагийн ял шийтгэлтэй, Боржигон овогт Баярмагнайн Давааням /РД:МО77090516/.

 

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Б.Давааням нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Аргуут” гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр, ойгоос 83 ширхэг, /28 ширхэг түлшний, 55 ширхэг хэрэглээний/ нийт 4.0838 метр куб хуурай нарс, гуалин мод бэлтгэж, 11-91 СББ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж, байгаль-экологид 823,464 /найман зуун хорин гурван мянга дөрвөн зуун жаран дөрвөн мянга/-н төгрөгний бодит хохирол, 2,470,392 төгрөгний хор уршиг учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Б.Даваанямд холбогдох хэргийг 2021 оны 01 дүгээр сарын

 

29-ны өдрийн 2021/ШЦТ/09 дугаартай цагаатгах тогтоолоор:  

1.Шүүгдэгч Боржигон овогт Баярмагнайн Даваанямд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Даваанямыг цагаатгасугай.

2.Б.Даваанямд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

3.Энэхүү хэрэгт битүүмжилсэн 11-91 СББ улсын дугаартай, “Портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжпэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч Цэндсүрэн овогтой Гиймаад /М078070403/ буцаан олгосугай.

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн их биетэй, 1 ширхэг цахилгаан хөрөө, хэрэгт битүүмжилсэн 83 ширхэг “Нарс” модыг тус тус битүүмжпэлээс чөлөөлж, Б.Даваанямд буцаан олгосугай...” гэж, дээрхи шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 04 дугаартай эсэргүүцэлдээ: ... Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд 09 дугаартай цагаатгах тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Даваанямыг цагаатгаж шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар үнэлэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг дараах байдлаар няцааж байна. Үүнд:

Хүдэр сумын Ойн ангийн инженер болон байгаль хамгаалагч нар нь түлээний мод бэлтгүүлэхээр талбай тусгаарлалт хийсэн Хүдэр сумын “Шанд” гэх газар дагуулан очиж мод бэлтгэх газрыг зааж өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан яллагдагч Б.Даваанямын ...мэдүүлэг /хх-ийн 91-92 дугаар хуудас/, гэрч Б.Батсүх, Т.Мөнхтуул, Ж.Алтангэрэл нарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Давааням нь мэдсээр байж санаатайгаар өөр газраас буюу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Аргуут” гэх газраас мод бэлтгэсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтуудыг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд үнэлэлгүй зөвхөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг үндэслэж “байгаль орчны алба хаагчид болон холбогдох албан хаагчид ажил үүрэгтээ хайнга, хайхрамжгүй, хариуцлагагүй хандсаны улмаас хуулиар тогтоосон зөвшөөрлийн тогтолцоог үгүйсгэж зөрчсөн нь тогтоогдсон гэж дүгнэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн зүгээс талбай тусгаарлалт хийж зааж өгсөн газраас биш өөр газраас мод бэлтгээд байхад цагаатгах тогтоолд байгаль хамгаалагч төгсгөлийн карт үйлдэж хүлээж авах үүргээ биелүүлээгүй гэж дүгнэж байгаа нь туйлын ойлгомжгүй юм. Харин шүүгдэгч нь талбай тусгаарлалт хийж зааж өгсөн газраас /тусгаарлалтын хилийг давуулж, нэг чигт/ үргэлжлүүлж мод бэлтгэсэн бол байгаль орчны алба хаагчид болон холбогдох албан хаагчид үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэл болно. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тухайн мод бэлтгэсэн “Аргуут” гэх газар нь газар нутгийн байршлын хувьд эрх авсан Хүдэр сумын Шанд гэх газраас эсрэг талд байсан болох нь хангалттай нотлогдон тогтоогддог үүнийг шүүгдэгч ч хүлээн зөвшөөрч санаатайгаар өөр газраас мод бэлтгэсэн гэдгээ мэдүүлдэг. Түүнчлэн шүүгдэгч Б.Даваанямын бэлтгэж тээвэрлэсэн модны товарлаг байдал чанарлаг шинжид анхаарал хандуулах нь чухал юм” гэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ойн ангийн шинжээч нарын 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаартай: “Б.Даваанямын бэлтгэсэн гэх 83 ширхэг модонд “Монгол улсын стандарт 5413:2011” дагуу үзлэг хийхэд 10-14 см-н голчтой 28 ширхэг /0.6108 м3/ мод нь түлшний модны стандартад нийцсэн байх бөгөөд бусад 16-44 см голчтой 55 ширхэг /3.473 м3/ мод нь хэрэглээний бөөрөнхий мод гуалингийн ангилалд багтаж байна. 2019 онд мөрдөгдөж байсан БОАЖСайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394 дүгээр тушаалаар батлагдсан ойн нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээ 1 шоометр нарс модны үнэлгээ 120.000 төгрөг болон түлээний хуурай модны итгэлцүүр 1.0, хэрэглээний бөөрөнхий мод гуалингийн итгэлцүүр 1.8-аар үржүүлэхэд Түлээ: 0.6108 м3 х 120.000 х 1.0 =73.296 төгрөг, Хэрэглээ: 3.473 м3х 120.000 х 1.8 = 750.168 төгрөг болж байх ба нийт 83 ширхэг 4.0838 м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 823.464 төгрөг болж байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 215-217 дугаар хуудас/ авагдсан байна. Дээрх дүгнэлт нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, модонд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар Б.Даваанямыг хожуул, унанги үзүүр, мөчир, гишүүг цэвэрлэх байдлаар мод бэлтгэж тээвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Шүүгдэгч Б.Давааням нь Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийн 35.4.1-д заасан “гэрээ зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн ба Монгол улсын Үндсэн хууль болон Ойн тухай хууль, ойгоос мод бэлтгэх журамд заасан иргэний үүргээ биелүүлээгүй, мэдсээр байж санаатайгаар зөрчсөн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Гэтэл анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Даваанямын гэм бурууг нотолсон улсын яллагчийн зүгээс шинжлэн судлуулсан яллах талын нотлох баримтуудыг ямар нотлох баримтаар няцааж үгүйсгэж байгаа нь тодорхой бус энэ талаар дүгнэлтийг хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх асуудлыг хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүх уг хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10:00 цагт гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд улсын яллагч, өмгөөлөгчийн дүгнэлт танилцуулах ажиллагааг сонссоны дараа зөвлөлдөх тасалгаанд зөвлөлдсөн атлаа ямар нэгэн шийдвэр гаргалгүйгээр нэр бүхий гэрч нар, шинжилгээ хийхэд ахалж оролцсон шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна гэж уншиж сонсгож шүүх хуралдааныг хойшлуулсан. Улсын яллагчаас 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 14 цаг 35 минутад Б.Даваанямд холбогдох хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахаар анхан шатны шүүхэд хүрэлцэн очиж хэргийн материалыг шүүгчийн туслахаас шаардахад шүүх хуралдааны тэмдэглэлийг гараагүй байсан атлаа 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/09 дугаартай цагаатгах тогтоолд шүүх хуралдааны тэмдэглэлээс иш татав гэж бичсэн нь Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7, 11.8 дугаар зүйлийг зөрчсөн, өөрөөр хэлбэл прокурорын шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж завсар оруулах эрхийг ноцтой зөрчсөн болохыг анхаарах нь зүйтэй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/09 дугаартай “Цагаатгах тогтоол”-ыг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...Прокурорын эсэргүүцэлд “...Хүдэр сумын ойн ангийн инженер болон байгаль хамгаалагч нар түлээний мод бэлтгүүлэхээр талбай тусгаарлалт хийсэн Хүдэр сумын Шанд гэх газар дагуулан очиж мод бэлтгэх газрыг зааж өгсөн болох нь ...хангалттай нотлогдон тогтоогдож байна гэжээ. Хэргийн бодит нөхцөл байдал: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэн Б.Давааням нь хоёр сумын буюу Шаамар, Хүдэр сумын Засаг даргын хамтран ажиллах гэрээний үндсэн дээр 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдөр буюу 2 өдрийн хугацаанд 2 машин түлээний мод бэлтгэх эрхийн бичгийн авсан байдаг. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Шаамар сумын түлээний мод бэлтгэх зөвшөөрөл авсан нэр бүхий иргэдийг тухайн сумын байгаль орчны улсын байцаагч Ж.Алтангэрэл дагуулж Хүдэр сум руу явж, улмаар засмал зам дээр Хүдэр сумын Ойн ангийн ажилтан Ж.Мөнхтуул, байгаль орчны байцаагч Б.Батсүх нартай уулзаж гарал үүслийн гэрчилгээг бичүүлж аваад улмаар Ойн ангийн албаны машин болох саарал өнгийн Ланд-80 маркийн автомашиныг дагаж мод бэлтгэх газар руу явсан. Гэтэл явах замд нь иргэн Буяндэлгэрийн автомашин эвдэрч замдаа үлдсэн, Б.Давааням болон бусад хамт явсан сумын иргэд цааш явж шороон замаар орж модны захад ирэхэд ланд-80 маркийн ойн ангийн машинаас нэг нь хүрч очоод энэ газраас цаашаа модоо бэлдээрэй гэж хэлээд буцацгаасан байдаг. Тухайн үед сумын иргэдэд ямар нэгэн байдлаар талбай тусгаарлаж өгөөгүйн зэрэгцээ сумын зам маршрутыг нарийн заагаагүй, тэмдэг.тэмдэглэгээ хийгээгүй ба тухайн газар түлээний хуурай унанги мод байгаагүй, арай гэж хэдэн нойтон үзүүр олж аваад буцсан, хоёр дахь өдөр нь буюу 20*9 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зөвшөөрлийн дагуу модоо бэлтгэхээр Б.Давааням нь сумын иргэдтэй дахин мод бэлтгэхээр явж, тухайн газраа очоод цааш хуурай унанги мод хайж явтал хуурай мод ачсан тээврийн хэрэгслүүд гарч ирсэн, тэгээд тэр замаар нь яваад хуурай унанги мод олж машиндаа ачаад хөдлөхөд нь Алтанбулаг сумын байгаль орчны байцаагч нартай таарч Алтанбулаг сумын нутаг руу орсноо мэдсэн байдаг. Уг өдөр Б.Давааням болон бусад иргэдийг байгаль орчны байцаагч дагуулан авч яваагүй, Хүдэр сумын ой ангийнхан ч мөн очоогүй нөхцөл байдлаас шалтгаалан Б.Давааням болон сумын иргэд зөвшөөрөлгүй газар буюу Алтанбулаг сумын нутаг дэвсгэр рүү орсон болох нь дараахи нотлох баримтаар нотлогдож байна. ( дээрх бичсэн үйл баримт нь хэргийн жинхэнэ болсон үйл баримт болно) Үүнд:

-2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд Б.Даваанямын яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон Даваанямын хавтаст хэрэгт гэрчээр хоёр удаа өгсөн мэдүүлгүүд,

-Хавтаст хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Батсүх, Т.Мөнхтуул, Ж.Алтангэрэл нар нь 2021.01.21 -ний өдрийн шүүх хуралдаанд мэдүүлгүүд:

Гэрч Ж.Алтангэрэл... Хүдэр сумын ой ангиас талбай тусгаарлалтыг хийх ёстой гэхдээ тухайн өдөр талбай тусгаарлалт хийгээгүй, тухайн зааж өгсөн газарт түлээний мод байгаагүй, нойтон мод байсан, нойтон мод авах юм бол асуудалтай замын шалгалт явуулахгүй, тухайн сумын газрыг сумын иргэд гэхээс очиж үзээгүй хүмүүс мэдэхгүй сумын хилийн заагийг ялгах боломжгүй гэсэн агуулга бүхий мэдүүлэг,

Гэрч Б.Батсүх... Талбай тусгаарлалтыг хийсэн 48 га газрын 4 талд нь будаг түрхсэн, би тухайн хэсгийг хариуцдаггүй, хариуцдаг байцаагч нь хяналт тавьсан байх, тэгээд бид нар буцсан, энэ талбай тусгаарлалтай холбоотой бичиг баримт нь ойн ангийн мэргэжилтэнд байх ёстой, тухайн замаар цаашаа явах юм бол 17 орчим км яваад Алтанбулаг сумын Хазай гэх газар очдог гэх агуулга бүхий мэдүүлэг,

Гэрч Т.Мөнхтуул... Бид нар гарал үүслийн гэрчилгээ бичиж өгсөн, мод бэлтгэх газрыг зааж өгсөн мод бэлтгэлтэй холбоотой бичиг баримт нь надад байгаа гэж хавтастай зүйл барьсан атлаа түүнийгээ огт үзүүлээгүй, мөн талбай тусгаарлаад тухайн тусгаарласан талбайгаа Шаамар сумын байгаль орчны байцаагчид хүлээлгэж өгч гарын үсэг зуруулсан, яаж мод бэлтгэх талаар нэг бүрчлэн зааж өгсөн биз дээ гэж шүүгдэгч Б.Давааням руу ундуйцаж байсан мэдүүлэг,

Шүүгдэгч Давааням нь та нар эндээс хийгээрэй гэж хэлээд ямар ч зааварчилгаа өгөлгүй яваад өгсөн биз дээ гэж харилцан асуулт тавьж хариулт авсан нөхцөл байдал шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдана. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс тухайн төрийн алба хаагчдаас тухайн мод бэлтгэлийг хэрхэн явуулах, хяналт тавих, бичгийн ямар нотлох баримт байгаа эсэх, эдлэх эрх, хүлээх үүрэг, хуулийн ямар зохицуулалтаар ажиллах, ямар дүрэм журмыг баримтлах, хэрэгжүүлэх талаар тодруулахад огт мэдэхгүй байсныг дурьдах нь зүйтэй байна. Жич: Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 5, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын баталсан “ Ойгоос мод бэлтгэх журам’’-ын нэг ч заалтыг тухайн төрийн алба хаагч нар хэрэгжүүлж ажиллаагүй болохыг анхан шатны шүүх хуралдаанаар нотолсон болно. Прокурорын эсэргүүцэлд “...талбай тусгаарлалт хийж зааж өгсөн газраас биш өөр газраас мод бэлтгээд байхад цагаатгах тогтоолд байгаль хамгаалагч төгсгөлийн карт үйлдэж хүлээж авах үүргээ биелүүлээгүй гэж дүгнэж байгаа нь туйлын ойлгомжгүй. Шүүгдэгч нь талбай тусгаарлалт хийж зааж өгсөн газраас үргэлжлүүлэн мод бэлтгэсэн бол байгаль орчны алба хаагчид болон холбогдох албан хаагчид үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэл болно” гэжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Даваанямыг эрхийн бичигт заасан газраас өөр газарт мод бэлтгэсэн гэдгийг л нотолсноос ямар шалтгаан нөхцөл нөлөөлсөн болох, эрх бүхий албан тушаалтнууд нь хариуцсан ажлаа зохих ёсоор хийж гүйцэтгэсэн эсэхийг огт шалгалгүй, үүнийг шүүх хуралдааны шатанд нотлох ажиллагаа явагдсан ба яллагдагчийн хувьд санаатайгаар өөр газраас мод бэлтгэсэн үйлдлийг зөвшөөрсөн мэдүүлэг өгөөгүй болох нь хэргийг бүхэлд нь хянан үзэхэд тодорхой харагдах юм. Прокурорын эсэргүүцэлд “...Ойн ангийн шинжээч нарын дүгнэлтээс үзэхэд ...Б.Даваанямыг хожуул, унанги үзүүр, мөчир, гишүүг цэвэрлэх байдлаар мод бэлтгэж тээвэрлэсэн гэж үндэслэлгүй юм” гэжээ. Ойн санд 823.464 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн уг шинжээчийн дүгнэлтийг Б.Давааням болон өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрдөггүй. Улсын яллагчийн дүгнэлт гэж үзэж буй баримт бичиг нь хууль заасан үндэслэл журмын дагуу шинжээчийн дүгнэлтэд тавигдах шаардлагыг огт хангаагүй, Шүүхийн шинжилгээний тухай хууль тогтоомжийн дагуу гараагүй буюу тусгай мэдлэг бүхий шинжээч уг дүгнэлтийг гаргаагүй болох нь мөн л шүүх хуралдааны шатанд тогтоогдсон. Тодруулбал Ойн экологи, эдийн засгийн үнэлгээний дүгнэлт гаргасан гэх 3 шинжээчийн нэг нь малын эмч мэргэжилтэй, урьд нь энэ чиглэлээр дүгнэлт гаргаж байсан эсэх нь тодорхойгүй, мөн нэг нь механик инженерийн мэргэжилтэй бөгөөд ойн ангид 1 жил ажиллаж байгаа боловч энэ чиглэлээр дүгнэлт гаргаж байсан эсэх нь тодорхойгүй, гуравдах этгээд нь экологийн инженер мэргэжилтэй гэх боловч хэдэн жил энэ ажилд томилогдон ажилласан болон, тухайн чиглэлээр урьд өмнө дүгнэлт гаргаж байсан эсэх нь тодорхойгүй байсан. Шүүх хуралдаанд оролцсон шинжээч гэх Н.Амаржаргал нь мэдүүлэхдээ ...түлээний модны диаметр нь 6 см-ээс дээш 16 см байдаг бөгөөд хамгийн нарийн үзүүрээр хэмждэг. Б.Даваанямын бэлтгэсэн мод нь ашиглалтын хуурай, унанги түлээний мод байсан, тийм учраас бид түлээний гэх ангилалд хамааруулж экологийн дүгнэлтийг гаргасан. Нарийн үзүүрээс бүдүүн хэсгийг хоёр өөрөөр үнэлсэн гэж мэдүүлсэн байдаг. Прокурорын  эсэргүүцэлд “...Б.Давааням нь Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийн 35.4.1-д заасан “гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээг хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн тул гэмт хэргийн шинжийг хангаж байна” гэжээ. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Давааням нь мод бэлтгэх эрхийн бичигт заасан 8м3 мод бэлтгэх эрх олгогдсон ба хэргийн газрын үзлэгийн болон модонд хийсэн дүгнэлтээр нийт 4.0838 м3 мод бэлтгэсэн, уг мод нь түлээний модны төрөлд хамаарч байсныг тогтоосон тул эрхийн бичигт заасан хэмжээг хэтрүүлсэн, төрөл, зориулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны А/133 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ойгоос мод бэлтгэх журам”-д модыг огтлох, цагаалах аргаар бэлтгэх тухай заасан ба түүвэрлэн огтлолтын үед унагах модонд урьдчилан тэмдэг тавьсан байх, мод унагах чиглэл нь цагаалах замын чиглэлтэй 30-40 хэмийн өнцөг үүсгэж байх, хэт огцом налуу газарт модыг газрын уруу унагахгүй байх, мод цагаалах ажилбарт мод, сортиментийг огтолсон талбайгаас дээд агуулах эсвэл замын хажууд зөөж тээвэрлэх, гараар, трактороор. ган татлагат төхөөрөмжөөр, ердийн хөсгөөр, усаар, агаараар гэх мэт технологийн ямар горим зөрчсөн болохыг шалгаж тогтоогоогүй атлаа Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.1-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Прокурорын эсэргүүцэлд “...шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлээгүй асуудал буюу нэр бүхий гэрч, шинжээч нарыг оролцуулах эсэхийг хэлэлцээгүй атлаа гэм буруугийн шүүх хуралдааны явцад хурлыг завсарлуулан, ямар нэг шийдвэр гаргалгүйгээр тэднийг оролцуулсан ба шүүх хуралдааны тэмдэглэл байхад цагаатгах тогтоолд уг тэмдэглэлээс иш татсан байна. Улмаар шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж засвар оруулах эрхийг ноцтой зөрчсөн” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлд Энэ хуульд заасан шүүх хуралдааны явцыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтөлж, дууны эсхүл дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулдаг. Прокурорын эсэргүүцлээс үзэхэд шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч, нарийн бичгийн дарга гарын үсэг зураагүй, ямар шалтгааны улмаас танилцаж чадаагүй болохоо дурьдаагүй ойлгомжгүй байна. Харин мөн хуулийн 11.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн зүгээс хэрэв шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах боломжоор хангагдаж чадаагүй гэж үзсэн бол хүсэлт гарган шүүх хуралдааны явцыг баталгаажуулсан дууны, дуу-дүрсний бичлэгийг танилцах эрхтэй байсныг дурьдах нь зүйтэй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 21-ний өдрийн ^09 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Б.Даваанямд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд  түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн байна.

 

Прокурорын эсэргүүцлийн дагуу Б.Даваанямд холбогдох эрүүгийн 1931004250035 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Б.Давааням нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Аргуут” гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр, ойгоос 83 ширхэг, /28 ширхэг түлшний, 55 ширхэг хэрэглээний/ нийт 4.0838 метр куб хуурай нарс, гуалин мод бэлтгэж, 11-91 СББ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж, байгаль-экологид 823,464 /найман зуун хорин гурван мянга дөрвөн зуун жаран дөрвөн мянга/-н төгрөгний бодит хохирол, 2,470,392 төгрөгний хор уршиг учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Б.Давааням нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Шанд гэх газраас 8 м/куб түлээний модыг ойн цэвэрлэгээний ажлын журмаар бэлтгэх зөвшөөрлийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 02 хоногийн хугацаагаар авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан /1-р хх-ийн 154-р ху/ нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ талаар ямар нэгэн маргаангүй байна.

Түүнчлэн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Шанд нэртэй газарт Шаамар сумын иргэдийн аж ахуйн хэрэгцээний түлээний модыг бэлтгүүлэхээр талбайн тусгаарлалтын ажлыг хийж тухайн өдрөө Шаамар сумын иргэн Г.Буяндэлгэр, Б.Давааням, Р.Баярбаясгалан, н.Ганзориг, Шаамар сумын байгаль хамгаалагч Ж.Алтангэрэл нарыг дагуулан  мод бэлтгэх газрыг зааж өгч, мод бэлтгэх эрхийн бичиг олгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Г.Энхтүвшин /1-р хх-ийн 39-41-р ху/, Б.Батсүх /1-р хх-ийн 42-43-р ху/, Т.Мөнхтуул /1-р хх-ийн 44-45-р ху/, Ж.Алтангэрэл /1-р хх-ийн 46-47-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Гэтэл Б.Давааням нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тухайн түлшний мод бэлтгэхээр талбайн тусгаарлалт хийгдсэн Хүдэр сумын Шанд гэх газраас ойролцоогоор 17 км хол зайд орших Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг “Аргуут” гэх газраас мод бэлтгэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч П.Батсайхан /1-р хх-ийн 29-р ху/, гэрч Г.Март /1-р хх-ийн 37-38-р ху/ нарын мэдүүлэг, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1-р хх-ийн05-07-р ху/  болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ

Хүдэр сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, Хүдэр сумын Ойн ангийн инженер нар нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Шаамар сумын Байгаль хамгаалагч болон түлээний мод бэлтгэх нэр бүхий иргэдийг Шанд хэмээх газарт дагуулан очиж талбайн тусгаарлалт хийн, мод бэлтгэх газрыг зааж өгсөн боловч Б.Давааням нь тухайн талбайгаас өөр газар буюу Алтанбулаг сумын нутаг Аргуу гэх газар мод бэлтгэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэднийг Ойн тухайн хуулийн 18.3 дугаар зүйлийн 3.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2, 28 дугаар зүйлийн 2, 3 болон Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын 2016 оны 12 дугаар сарын 13 ны өдрийн №А/133 дугаартай тушаалаар батлагдсан Ойгоос мод бэлтгэх журмын 3.6-д заасан ...ахуйн хэрэглээний /арилжааны бус зорилгоор өөрийн гэр бүлийн хэрэгцээнд түлээ байшин, малын хашаа саравч барих/ зорилгоор ойгоос бэлтгэх модыг Ойн анги, эсвэл байгаль хамгаалагч тэмдэглэн өгч, хяналт тавина... гэсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэл байхгүй байна.

Б.Даваанямд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр олгосон Мод бэлтгэх эрхийн бичигт хэсэглэл ялгарлын дугаар 63, Газрын нэр Шанд, модны төрөл нарс, огтлолтын төрөл ойн цэвэрлэгээний ажил гэж тодорхой заасан, тухайн өдөр  Хүдэр сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, Ойн ангийн инженер нар нь Шаамар сумын байгаль хамгаалагч болон түлээний мод бэлтгэх нэр бүхий иргэдийг Шанд гэх газарт дагуулан очиж талбайн тусгаарлалт хийн, мод бэлтгэх газрыг зааж өгсөн талаархи баримтууд хавтаст хэрэгт авагдсан, түүнийг төөрч газрын баримжаа алдсны улмаас өөр сумын нутагт түлшний мод бэлтгэсэн гэж үзэх  баримт тогтоогдохгүй  байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Мөн анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад шүүгдэгч Б.Даваанямын мэдүүлгийг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлийг тодорхой заагаагүй, шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №13 дугаартай ...Хариулт4. Б.Даваанямын бэлтгэсэн гэх 83 ширхэг модонд “Монгол улсын стандарт  5413:2011” дагуу үзлэг хийхэд 10-14 см-ийн голчтой 28 ширхэг /0.6108м/куб мод нь түлшний модны стандартад нийцсэн байх бөгөөд бусад 16-44 см голчтой 55 ширхэг /3.473 м/куб / мод нь хэрэглээний бөөрөнхий мод гуалингийн ангилалд багтаж байна... гэсэн дүгнэлтэнд эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн    1.2. “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол;”, мөн зүйлийн 1.3. “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэсэн үндэслэлүүдээр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/09 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/09 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол Б.Даваанямд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

              

 

      

                           ДАРГАЛАГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                            ШҮҮГЧИД                                     Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                      Д.БУЯНЖАРГАЛ