Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2018/02064

 

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2018/02064

Улаанбаатар хот

 

 

 

                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, шүүгч Д.Ганболд, Н.Сарангүн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 00дугаар хороо, Хангайн 00дугаар гудамж, 00тоот хаягт оршин суух, Х.С -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороолол-0, Жуковын өргөн чөлөө/-т холбогдох,

Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хохиролд 11.688.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А,

Иргэдийн төлөөлөгч Т.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмарнаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х.С нь хуучин нэрээр  ОНӨААТҮГ-тай 2015.12.01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж Сүхбаатар дүүргийн 00дүгээр хороонд байрлах явган хүний гүүрэн гарцны шатны доод сэндвичэн хийцтэй байрыг цайны газрын үйлчилгээний зориулалттайгаар сарын 500.000 төгрөгийн хөлстэй түрээсэлсэн.

Ингэхдээ уг түрээсийн байрны дотор талыг өөрийн хөрөнгөөр бүрэн тохижуулж 6.768.000 төгрөгийн засварын зардал гаргасан. Мөн түрээсийн гэрээний барьцаанд 2015.11.02-нд 500.000 төгрөг байршуулсан. Ингээд сар бүрийн түрээсийн төлбөрт 500.000 төгрөг төлж ирсэн. Гэтэл уг объект нь төвийн бохир, цэвэр устай холбогдоогүй үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй байсан.

Компанийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.6-д тус тус зааснаар ОНӨААТҮГ нь 2016 онд татан буугдаж, 3 хуваагдаж, түрээсийн байр нь  ОНӨААТҮГ-т шилжсэн.

ОНӨААТҮГ нь биднийг үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж, 2017.02.21-ний өдрийн №297 дугаар албан бичиг явуулсан бөгөөд 2017.03.06-ны өдөр цахилгаан тасалж, үйл ажиллагааг бүрэн зогсоосон.

ОНӨААТҮГ нь эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авахгүйгээр Х.С-тэй түрээсийн гэрээ байгуулсныг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6, 56.1.8, 56.1.9-д тус тус зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байх тул уг хэлцлээс учирсан хохирол шаардаж байна.

Тохижуулсан объектыг  ОНӨААТҮГ бүрэн ашиглах боломжтой юм.

Хариуцагч байгууллагын хууль бус буруутай үйл ажиллагааны улмаас түүнд итгэн гэрээ байгуулж энэ хугацаанд 2015.11.02-нд барьцаа 500,000 төгрөг, түрээс 2015.12.02-нд 500,000 төгрөг, 2016.01.06-нд 500,000 төгрөг, 2016.02.15-нд 500,000 төгрөг, 2016.03.10-нд 500,000 төгрөг, 2016.05.30-нд 120,000 төгрөг, 2016.06.30-нд 500,000 төгрөг, 2016.07.29-нд 500,000 төгрөг, 2016.08.30-нд 500,000 төгрөг, 2016.10.07-нд 500,000 төгрөг, 2016.11.11-нд 300,000 төгрөг нийт 4.920.000 төгрөгийн барьцаа болон түрээсийн төлбөр, 6,768,000 төгрөгийн засвар хийж, нийт 11,688,000 төгрөгөөр хохироод байна.

Бид энэхүү хугацаанд ямар ч ашиггүй ажилласан ба цаг хугацаа хүч хөдөлмөрөөрөө ихээхэн хохирсон. Ингэж хохирох болсон гол үндэслэл нь бол ОНӨААТҮГ-т итгэн түрээсийн гэрээ байгуулж цаашид байнга ажиллах ажлын байртай боллоо гэж итгэн ажилласантай холбоотой.

Гэвч энэхүү гэрээ нь хууль зөрчиж хийгдсэн болох нь Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2017.02.07-ны өдрийн №02-07-107/55 албан шаардлагаар тогтоогдож байгаа юм.

Х.С болон ОНӨААТҮГ нарын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл; 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл; 56.1.9-д хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэдгийг тус тус зөрчсөн тул хүчин төгөлдөр бус гэрээ юм.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-т Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т Иргэний эрхийг дараахь аргаар хамгаална, 9.4.4-т учруулсан хохирлыг арилгуулах гэж заасан.

Иймд 2015.12.01-ний өдрийн №ТГ-15-61 Түрээсийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож, хууль бус буруу шийдвэр гарган Х.С-ийг хохироосон ОНӨААТҮГ-аас 11,688,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

 

Хариуцагч ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2016 оны Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай 14 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны Тогтоол хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/638 дугаар захирамжийн дагуу ОНӨААТҮГазрыг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөр татан буулгаж, ОНӨААТҮГ,  ОНӨААТҮГ, Геодези, Усны барилга байгууламж ОНӨААТҮГ гэсэн гурван байгууллагад хуваан зохион байгуулсан. Ингэснээр гүүрний засвар үйлчилгээ манайд шилжиж ирсэн.

Х.С нь тухайн үеийн ОНӨААТҮГ-тай 2015 онд түрээсийн гэрээ байгуулж Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах явган хүний гүүрэн гарцны шатны доор цайны газрын зориулалтаар үйл ажиллагаагаа явуулахаар тохижуулсан байдаг.

Х.С нь ОНӨААТҮГ татан буугдсаны дараа ОНӨААТҮГ-тай албан ёсоор гэрээ байгуулсан баримт байхгүй тул түүнд учирсан гэх хохирлыг арилгах үүрэг хүлээгээгүй болно.

Х.С-ийн сэндвичэн барилгаа хүлээлгэн өгөх газар нь Нийслэлийн Өмчийн харилцааны газар бөгөөд тэндээс уг объектыг хүлээн авахгүй гэсэн.

Түүний ОНӨААТҮГ-тай байгуулсан гэрээний 4.6-д: Эрх бүхий төр захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр зориулалтын бус үйлдвэрлэл үйлчилгээ явуулсан тохиолдолд уг үйлчилгээг таслан зогсоож, холбогдох арга хэмжээ авна гэсэн.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017.02.07-ны өдрийн албан шаардлага ирсэн, уг шаардлагад дээрх сэндвичэн барилгад үйл ажиллагаа явуулж байгаа нь Барилгын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн болохыг дурдсан байдаг.

Гэрээний 4.8-д зааснаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн албан шаардлагаар зөрчил арилгуулах албан бичгийн дагуу 2017.02.21-ний өдрийн 297 тоот албан бичгээр 2017.03.06-ны өдрийн дотор үйл ажиллагаагаа зогсоох тухай мэдэгдлийг Х.С-д өгсөн. Мөн гэрээний 5.3,5.5, 6.1, 6.3-д зааснаар түүнд учирсан хохирлыг манайх хариуцан арилгах үүрэггүй гэж үзэж байна.

 ОНӨААТҮГ татан буугдахтай холбогдуулан 2016 оны 09 сарын 05-ны өдөр А/638 дугаартай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, татан буугдаж буй байгууллагын үндсэн болон эргэлтийн хөрөнгийг балансаас балансад шилжүүлэхээр болсон.

 ОНӨААТҮГ-ын дүрмийн 1.1-д зааснаар манай үйлдвэрийн газар нь Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт, хамгаалалт, замын тэмдэг, тэмдэглэгээ, асфальтбетон, бетон бүтээц эдлэл, хайрга дайрганы үйлдвэрлэл, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн засвар арчлалт, ашиглалтыг хариуцах чиг үүрэгтэй.

Уг чиг үүргийнхээ хүрээнд  нэгтгэл ОНӨААТҮГ-аас өөрийн чиг үүрэгт холбогдох эрх, үүргийг хүлээн авсан бөгөөд тус байгууллагын балансаас манай байгууллагын балансад шилжин ирсэн эд хөрөнгүүдийн дунд нэхэмжлэгчийн маргаж буй түрээсийн гэрээнд заасан эд хөрөнгө байхгүй.

Өөрөөр хэлбэл ОНӨААТҮГ нь 2015 оны 12 сарын 01-ний өдөр  ОНӨААТҮГ болон Х.С нарын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээнээс үүдэлтэй эрх, үүргийг эрх залгамжлан аваагүй болно.

Нэхэмжлэгч нь хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах болон хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас өөрт учирсан хохирлыг гаргуулах тухай нэхэмжпэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Иргэний хуулийн 57-60 дугаар зүйлүүдэд хүчин төгөлдөр бусад тооцож болох тохиолдлуудыг зохицуулсан буюу Иргэний хуулийн 57-60 дугаар зүйлүүдэд заасан тохиолдолд хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох боломжтой. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хуулийн ямар зүйл, заалтыг үндэслэн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Мөн нэхэмжлэгч нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргасан атлаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг нэхэмжлэлдээ дурдсан нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь зөрүүтэй байна.

2015 оны 12 сарын 01-ний өдөр  ОНӨААТҮГ болон Х.С нарын хооронд Түрээсийн гэрээ байгуулагдаж, 24 м2 хэмжээтэй зөөврийн барилгыг түрээслүүлэхээр тохиролцсон байна. Иргэний хуулийн 318.3-т зааснаар уг гэрээг байгуулахад тавигдах хэлбэрийн шаардлага нь бичгээр байгуулах бөгөөд талууд гэрээг бичгээр байгуулсан тул хэлбэрийн шаардлагыг хангасан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15.2-т: Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэнэ мөн 16.1.2-т: үндсэн хөрөнгийг энэ хуульд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах эрхтэй гэж тус тус зааснаас харахад ОНӨААТҮГ нь Түрээсийн гэрээ байгуулах эрхтэй мөн уг гэрээг байгуулахын тулд аливаа этгээдээс зөвшөөрөл авах шаардлагагүй тул түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8 болон 56.1.9 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нь хууль зөрчсөн болох нь Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2017 оны 02 сарын 07-ны өдрийн 02-07-107/55 албан шаардлагаар тогтоогдсон гэжээ.

Мэргэжлийн хяналтын газраас цайны газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авалгүйгээр түрээсийн гэрээ байгуулсан тул гэрээг Иргэний хуулийн 56.1.1. 56.1.8-д хэсгүүдийг зөрчсөн гэдэг үндэслэлгүй юм.

Гэрээний заалтаас харахад түрээслүүлэгч нь цайны газрын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий обьектыг түрээслэгчид түрээслүүлнэ гэсэн тохиролцоо байхгүй. Харин түрээслэгч буюу Х.С үйл ажиллагаа явуулахад шаардлагатай зөвшөөрлийг холбогдох эрх бүхий байгууллагаас авах үүрэгтэй байсан бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд түрээслүүлэгч гэрээг цуцлах арга хэмжээ авах эрхтэй болох нь Түрээсийн гэрээний 4.6-р заалтад тусгасан байна.

Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бөгөөд Х.С нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас гэрээ хугацаанаасаа өмнө цуцлагдсан байх тул түрээсийн төлбөрт төлсөн гэх 4.920.000 төгрөгийг шаардах эрхгүй.

Түрээсийн гэрээний 5.5-д: Түрээслүүлэгчид урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл авсаны үндсэн дээр түрээсэлсэн эд хөрөнгөд засвар үйлчилгээ, засан сайжруулалтыг өөрийн зардлаар хийж болно мөн 5.7-д: гэрээний хугацаа дуусгавар болж эсхүл гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байрыг чөлөөлөх үед засварын ажилд зарцуулсан хөрөнгийг нэхэмжлэх эрхгүйгээр байрны засал чимэглэл, тохижилт, хамгаалалтад зориулж хийсэн эд хөрөнгийг хэвээр үлдээнэ гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл талууд гэрээгээр өөрөөр тохиролцсон буюу засвар, засан сайжруулалтын зардлыг түрээслэгчид төлөхгүй байхаар талууд харилцан тохиролцсон байх тул засварын зардал болох 6,768,000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй байна.

 ОНӨААТҮГ-аас түрээсийн гэх байр нь балансаас балансад шилжиж ирээгүй, эхлэлтийн баланс шилжиж ирсэн байсан. 2017.12.21-ний өдөр баланс шилжиж ирсэн бөгөөд энэ хүртэлх хугацаанд шилжиж ирэх нь тодорхойгүй байсан учир түрээсийн төлбөрийг манай дансанд шилжүүлсэн байсныг хүлээн авсан.

Иймд нэхэмжлэгч Х.С-ийн 11.668.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь хариуцагч ОНӨААТҮГ-т холбогдуулан хохиролд 10.000.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад

2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №ТГ-15-61 тоот Түрээсийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, хохиролд 11.688.000 төгрөг гаргуулах болгон шаардлагаа өөрчлөн, нэмэгдүүлсэн бөгөөд энэхүү шаардлагаа нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд дэмжсэн болно.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Х.С,  ОНӨААТҮГ-ын хооронд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр түрээслүүлэгч нь Сүхбаатар дүүргийн 0дүгээр хороонд байрлах, явган хүний гүүрэн гарцны шатны доод /замын урд талын/ талд байрлах 24 м.кв талбай бүхий сэндвичэн хийцтэй байрыг хүнс, үйлчилгээний зориулалтаар 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл түрээслүүлэх, түрээслэгч Х.С нь түрээсийн төлбөрт нэг сарын 500.000 төгрөг төлөхөөр тохиролцож №ТГ-15-61 тоот Түрээсийн гэрээ-г бичгээр байгуулсан болох нь зохигчийн тайлбар, түрээсийн гэрээ зэргээр тогтоогдож байна.

/хх-ийн 8-11 дүгээр тал/

 

Х.С нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ОНӨААТҮГ-тай байгуулсан түрээсийн гэрээний агуулгыг хуулийн хүрээнд өөрсдөө тодорхойлж гэрээний чөлөөт байдлын дагуу хүсэл зоригоо илэрхийлж, бичгээр байгуулж, харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба явган хүний гүүрэн гарцны шатны доод талд байрлах 24 м.кв талбай бүхий сэндвичэн хийцтэй байрыг түрээслүүлэхээр түрээсийн гэрээг бичгээр байгуулжээ.

 

Түрээсийн зүйл 24 м.кв талбай бүхий сэндвичэн байр нь гэрээний хугацаанд гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй, түүний талаар гуравдагч этгээд ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй байх шаардлагад нийцсэн бол гэрээний дагуу үүрэг үүснэ.

 

Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т: Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан шаардлагыг хангасан түрээсийн гэрээ байгуулагдсан байна.

 

ОНӨААТҮГ нь нэхэмжлэгч Х.С болон ОНӨААТҮГ-ын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний үүргийг хүлээн аваагүй тул хариуцагч биш, түүнчлэн тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №14 тоот Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай тогтоолоор: Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагааг зогсоож, Хот тохижилтын газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өөрчлөн байгуулсан байна.

/хх-ийн 48-51 дүгээр тал/

 

Дээрх тогтоолын 2 дугаар хавсралтаар ОНӨААТҮГ-ын дүрмийг баталсан байх бөгөөд дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д: Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт, хамгаалалт, замын тэмдэг, тэмдэглэгээ, асфальтбетон, бетон бүтээц эдлэл, хайрга дайрганы үйлдвэрлэл, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн засвар арчлалт, ашиглалтыг хариуцах чиг үүрэг бүхий орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэж тодорхойлжээ.

 

Энэхүү чиг үүргийн хүрээнд түүний үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг тусгасан №000тоот регистрийн дугаар бүхий хуулийн этгээдийн улсын бүртгэлийн №000тоот гэрчилгээ олгожээ.

/хх-ийн 52 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Х.С нь түрээсийн гэрээний дагуу  ОНӨААТГ-т 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр барьцаа 500.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны түрээсийн төлбөрт 3.620.000 төгрөг, цахилгааны төлбөрт 28.130 төгрөг төлж байсан нь ОНӨААТҮГ-ын бэлэн мөнгөний орлогын баримт, Улаанбаатар хотын банкны 2018.03.20-ны өдрийн 4б/1618 тоот тодорхойлолт, түүнд хавсаргасан хавсралтаар,

Хариуцагч ОНӨААТҮГ-т 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 11 сарын цахилгааны төлбөр утгаар 71.240 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 11 сарын түрээс утгаар 300.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр газрын түрээс утгаар 500.000 төгрөгийг төлсөн болох нь Улаанбаатар хотын банкны орлогын мэдүүлэг зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.

/хх-ийн 3, 6, 34-36, 53-54 дүгээр тал/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд , арчлалтын газар ОНӨААТҮГ нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр 100 айлын уулзварын орчимд баригдсан явган хүний гүүрэн гарцны шатны доор явуулж байгаа үйл ажиллагааг зогсоож, уг байрыг чөлөөлж өгөх тухай №297 тоот албан бичгийг Х.С-д хүргүүлснээр, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр түрээсийн байрны үйл ажиллагаагаа зогсоосон үйл баримт болжээ.

 

Дээр дурдсан Х.С-ийн түрээсийн төлбөр, ашиглалтын зардлыг Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ хүлээн авч байсан байдал, түүнд холбогдуулан өглөг, авлагын тооцоо үүсгэсэн, түрээсийн байрны үйл ажиллагааг мэдэгдэл өгч зогсоосон зэргээс үзэхэд түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан болох нь тогтоогдож байх тул дээрх гэрээний үүргийг хүлээн аваагүй, уг үүргийг хариуцахгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй, Улаанбаатар зам засвар,  ОНӨААТҮГ нь дээрх гэрээний үүргийг хариуцахаар байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.9-д тус тус заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2017.02.07-ны өдрийн №02-07-107/55 албан шаардлагаар тогтоогдоно гэж тайлбарлажээ.

 

Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2017.02.07-ны өдрийн №02-07-107/55 тоот албан шаардлагын хувийг Улаанбаатар зам засвар,  ОНӨААТҮГ-т хүргүүлсэн байх бөгөөд уг шаардлагад ...Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 айлын уулзварын явган хүний төмөр гүүрэн гарцны шатны доор цайны газар,...ажиллуулсан... Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.6, 46 дугаар зүйлийн 46.4-д заасан...заалтууд зөрчигдөж байна, ...зориулалтын бусаар ажиллаж байгаа цайны газрууд,...нүүлгэн шилжүүлэх биелэлтийг хангаж хариуг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дотор ирүүлэхийг даалгасан байна.

/хх-ийн 61-63 дугаар тал/

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д: Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заасны дагуу мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.4-д зааснаар дээрх албан шаардлага болон түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6-д: Эрх бүхий төр захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр зориулалтын бус үйлдвэрлэл үйлчилгээ явуулсан тохиолдолд уг үйлчилгээг таслан зогсоож, холбогдох арга хэмжээ авна гэсний дагуу хариуцагч Улаанбаатар зам засвар, ОНӨААТҮГ нь дээрх түрээсийн гэрээ дуусгавар болох 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө буюу 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хугацаанаас өмнө цуцалсан гэж үзэх үндэслэлтэй.

 

2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №ТГ-15-61 тоот түрээсийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-д түрээсийн байрны зориулалтыг хүнс, үйлчилгээний зориулалтаар гэж тусгасан байх ба түрээслэгч Х.С нь түрээсийн байранд зохих байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр цайны газрын үйл ажиллагаа явуулсан, үүний үндсэн дээр түрээсийн төлбөр, ашиглалтын зардал төлж байсныг хариуцагч хүлээн авч байсан зэрэг нь түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.9-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй юм.

 

Түрээсийн байрыг буцааж хүлээлгэж өгсөн талаар талуудын хооронд хийгдсэн баримт байхгүй боловч 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр цахилгаан тасалж, үйл ажиллагааг зогсоосон гэх талуудын тайлбараар хугацааг тогтоох үндэслэлтэй бөгөөд энэ хугацаанд байр түрээслэгч талын эзэмшилд байсан гэж үзнэ.

 

Уг байрыг ашиглах боломжгүй, цэвэр бохир усны шугамд холбогдоогүй байсан гэдгээ нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд уг байранд үйл ажиллагаа огт явуулаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Х.С нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд уг байрыг эзэмшилдээ байлгаж байсан нь тогтоогдож байх ба тэрээр түрээсийн зүйлийг хүлээж аваад тодорхой хугацаанд ашигласны төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд гэрээний дагуу төлсөн түрээсийн төлбөрийг, барьцаа хөрөнгийн хамт буцаан шаардах эрх үүсэхгүй юм.

 

Нэхэмжлэгч нь түрээсийн байрны засвар тохижилтонд 6.768.000 төгрөгийн зардал гаргасан талаарх Х ХХК-ийн №11/09 тоот үнэлгээний тайланг ирүүлсэн, хариуцагч нь уг үнэлгээний тайлангийн талаар маргаагүй.

 

/хх-ийн 13-18 дугаар тал/

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д: Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд буюу 24 сарын хугацаанд түрээсийн байрыг ашиглахын тулд 6.788.000 төгрөгийн засвар тохижуулалт хийсэн гэх үзэх бөгөөд түрээслүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцалж, гэрээг дуусгавар болгосноос тэрээр уг байрыг гэрээнд заасан хугацаагаар ашиглах боломжгүйд хүрсэн нь тогтоогдож байх тул гэрээний үлдэх хугацааны хохирлыг шаардах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.9-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Улаанбаатар зам засвар, ОНӨААТҮГ-аас түрээсийн байранд оруулсан засвар тохижилтын үнэд тооцон 2.538.000 төгрөг /6.788.000 төгрөг/24сар=282.000 төгрөг=9 сарх282.000 төгрөг=2.538.000/ гаргуулан нэхэмжлэгч Х.Сэлэнгэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөр, барьцаанд төлсөн гэх 4.920.000 төгрөг, засвар тохижилтод зарцуулсны зарим хэсэг болох 4.230.000 төгрөг, нийт 9.150.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.9-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч ,ОНӨААТҮГ-аас 2.538.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9.150.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч ,  ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 55.558 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.С-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 201.958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ

 

ШҮҮГЧИД Д.ГАНБОЛД

 

Н.САРАНГҮН