Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/23

 

 Р.Баярбаясгаланд холбогдох  

                                        эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                           Г.Давааренчин

                                  Шүүгчид                                       Ц.Амаржаргал                                  

                                                                                       Д.Буянжаргал

                               

                                  Оролцогчид

                                    Прокурор                                     Г.Энхмаа

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч              М.Гансүх

                                         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/19 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч  бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гурван яргайт овогт Рагчаагийн Баярбаясгаланд холбогдох эрүүгийн 1931004240033 дугаартай, 175/2020/0065/Э индекстэй 2 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 40 настай, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сум, Охиндий 2 дугаар баг “Нарсан сүүл” гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа, шагналгүй, ял шийтгэлгүй, Гурван яргайт овогт Рагчаагийн Баярбаясгалан РД:/МО80120917/,

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Р Баярбаясгалан нь Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Аргуут” гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 55 ширхэг, 3.96 метр куб хуурай нарс модыг бэлтгэж, 25-10 СЭА улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж байгаль экологид 2.566.080 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Р.Баярбаясгаланд холбогдох хэргийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 19 дугаартай цагаатгах тогтоолоор:  

1.Шүүгдэгч Гурван яргайт овогт Рагчаагийн Баярбаясгаланд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Р.Баярбаясгаланг цагаатгасугай.

2.Р.Баярбаясгаланд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

3.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

4.Цагаатгах   тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас битүүмжилсэн 25-10 СЭА улсын дугаартай, “Портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч Рагчаагийн Баярбаясгаланд буцаан олгосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хөрөө, хэрэгт битүүмжилсэн 55 ширхэг “Нарс” модыг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, Р.Баярбаясгаланд буцаан олгосугай...” гэж, дээрхи шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ: ...Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд 19 дугаартай цагаатгах тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Р.Баярбаясгаланг цагаатгаж шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар үнэлэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг дараах байдлаар няцааж байна. Үүнд:

Хүдэр сумын Ойн ангийн инженер болон байгаль хамгаалагч нар нь түлээний мод бэлтгүүлэхээр талбай тусгаарлалт хийсэн Хүдэр сумын “Шанд” гэх газар дагуулан очиж мод бэлтгэх газрыг зааж өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Яллагдагч Р.Баярбаясгалангийн ...мэдүүлэг /хх-н 88 дугаар хуудас/,

Гэрч Б.Батсүх, Т.Мөнхтуул, Ж.Алтангэрэл нарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Р.Баярбаясгалан нь мэдсээр байж санаатайгаар өөр газраас буюу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Аргуут” гэх газраас мод бэлтгэсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтуудыг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд үнэлэлгүй зөвхөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг үндэслэж “байгаль орчны алба хаагчид болон холбогдох албан хаагчид ажил үүрэгтээ хайнга, хайхрамжгүй, хариуцлагагүй хандсаны улмаас хуулиар тогтоосон зөвшөөрлийн тогтолцоог үгүйсгэж зөрчсөн нь тогтоогдсон гэж дүгнэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн зүгээс талбай тусгаарлалт хийж зааж өгсөн газраас биш өөр газраас мод бэлтгээд байхад цагаатгах тогтоолд байгаль хамгаалагч төгсгөлийн карт үйлдэж хүлээж авах үүргээ биелүүлээгүй гэж дүгнэж байгаа нь туйлын ойлгомжгүй юм.

Харин шүүгдэгч нь талбай тусгаарлалт хийж зааж өгсөн газраас /тусгаарлалтын хилийг давуулж, нэг чигт/ үргэлжлүүлж мод бэлтгэсэн бол байгаль орчны алба хаагчид болон холбогдох албан хаагчид үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэл болно. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тухайн мод бэлтгэсэн “Аргуут" гэх газар нь газар нутгийн байршлын хувьд эрх авсан Хүдэр сумын Шанд гэх газраас эсрэг талд байсан болох нь хангалттай нотлогдон тогтоогддог үүнийг шүүгдэгч ч хүлээн зөвшөөрч санаатайгаар өөр газраас мод бэлтгэсэн гэдгээ мэдүүлдэг.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгч Р.Баярбаясгалангийн бэлтгэж, тээвэрлэсэн модны товарлаг байдал чанарлаг шинжид анхаарал хандуулах нь чухал юм гэжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ойн ангийн шинжээч нарын 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 11 дугаартай дүгнэлтээр Р.Баярбаясгалангийн бэлтгэсэн гэх 55 ширхэг модонд “Монгол улсын стандарт 5413:2011” дагуу үзлэг хийхэд 10-14 см-н голчтой 8 ширхэг мод нь түлшний модны стандартад нийцсэн, бусад 16-36 см голчтой 47 ширхэг мод нь хэрэглээний бөөрөнхий мод гуалингийн ангилалд багтаж байгаа нь тодорхой байна.

2019 онд мөрдөгдөж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394 дүгээр тушаалаар батлагдсан ойн нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээ 1 шоо метр нарс модны үнэлгээ 120.000 төгрөг болон түлээний хуурай модны итгэлцүүр 1.0, хэрэглээний бөөрөнхий мод гуалингийн итгэлцүүр 1.8-аар үржүүлэхэд Түлээ: 0.1322 м3 х 120.000 х 1.0 =15.864 төгрөг, Хэрэглээ: 4.207 м3 х 120.000 х 1.8 = 908.712 төгрөг болж байх ба нийт 55 ширхэг 4.3392 м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 924.576 төгрөг болж байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 223-225 дугаар хуудас/ авагдсан байна. Дээрх дүгнэлт нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, модонд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар Р.Баярбаясгаланг хожуул, унанги үзүүр. мөчир. гишүүг цэвэрлэх байдлаар мод бэлтгэж тээвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Р.Баярбаясгалан нь Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийн 35.4.1-д заасан "гэрээ зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл зориулалт. бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн ба Монгол улсын Үндсэн хууль болон Ойн тухай хууль, ойгоос мод бэлтгэх журамд заасан иргэний үүргээ биелүүлээгүй, мэдсээр байж санаатайгаар зөрчсөн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Гэтэл анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Р.Баярбаясгалангийн гэм бурууг нотолсон улсын яллагчийн зүгээс шинжлэн судлуулсан яллах талын нотлох баримтуудыг ямар нотлох баримтаар няцааж үгүйсгэж байгаа нь тодорхой бус энэ талаар дүгнэлтийг хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/19 дугаартай “Цагаатгах тогтоол”-ыг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор эсэргүүцлийг дэмжиж оролцов.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Шинжээчийн дүгнэлт хууль зөрчиж гарсан. Хууль зөрчсөн бол шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэдгийг хуульд зааж өгсөн. Прокурор шинжээчээс өөрөөр тайлбарлаад байгааг би ойлгохгүй байна. Шинжээч “...бэлтгэл төрлийн хуурай түлээний мод байна” гэж хариулсан байгаа. Яагаад гэдэг асуудлыг тайлбарлах гэж оролдсон. Нэг зүйлийг зөвшөөрөхгүй нь тусгай мэдлэгтэй байх ёстой гэж хуульд зааж өгсөн байхад малын эмчээр хувь заяагаа шийдвэрлүүлэхгүй. 6 сарын өмнө ажилд орсон тээврийн хэрэгслийн жолоочоор экологийн үнэлгээ тогтоолгохыг зөвшөөрөхгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Р.Баярбаясгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж  шийдвэрлэсэн байна.

 

Дээд шатны прокурорын эсэргүүцлийн дагуу Р.Баярбаясгаланд холбогдох эрүүгийн 1931004240033  дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Р.Баярбаясгалан  нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Аргуут” гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр, ойгоос 55 ширхэг, /8 ширхэг түлшний, 47 ширхэг хэрэглээний/ нийт 4.3392 метр куб хуурай нарс, гуалин мод бэлтгэж, 25-10 СЭА улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж, байгаль-экологид 924.576 төгрөгийн /есөн зуун хорин дөрвөн мянга таван зуун далан зургаа/ төгрөгний бодит хохирол, 2.773.728 төгрөгний хор уршиг учруулсан   гэх гэмт хэрэгт холбогджээ  

Р.Баярбаясгалан нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Шанд гэх газраас 8 м/куб түлээний модыг ойн цэвэрлэгээний ажлын журмаар бэлтгэх зөвшөөрлийг 2019 оны 10 дугаар сарын 31 ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 02 хоногийн хугацаагаар авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан /1-р хх-ийн 153-р ху/ нотлох баримтаар тогтоогдсон, энэ талаар ямар нэгэн маргаангүй байна.

Түүнчлэн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Шанд нэртэй газарт Шаамар сумын иргэдийн аж ахуйн хэрэгцээний түлээний модыг бэлтгүүлэхээр талбайн тусгаарлалтын ажлыг хийж тухайн өдрөө Шаамар сумын иргэн Г.Буяндэлгэр, Б.Давааням, Р.Баярбаясгалан, Ганзориг, Шаамар сумын байгаль хамгаалагч Ж.Алтангэрэл нарыг дагуулан  мод бэлтгэх газрыг зааж өгч, мод бэлтгэх эрхийн бичиг олгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Г.Энхтүвшин /1-р хх-ийн 37-39-р ху/, Б.Батсүх /1-р хх-ийн 40-41-р ху/, Т.Мөнхтуул /1-р хх-ийн 42-43-р ху/, Ж.Алтангэрэл /1-р хх-ийн 44-45-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Гэтэл Р.Баярбаясгалан нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тухайн түлшний мод бэлтгэхээр талбайн тусгаарлалт хийгдсэн Хүдэр сумын Шанд гэх газраас ойролцоогоор 17 км хол зайд орших Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг Аргуут гэх газраас мод бэлтгэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч П.Батсайхан /1-р хх-ийн 30-р ху/, гэрч Г.Март /1-р хх-ийн 35-36-р ху/ нарын мэдүүлэг, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1-р хх-ийн 05-09-р ху/  болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ

Хүдэр сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, Хүдэр сумын Ойн ангийн инженер нар нь 2019 оны 10 дугаар сарын 31 ний өдөр Шаамар сумын Байгаль хамгаалагч болон түлээний мод бэлтгэх нэр бүхий иргэдийг Шанд хэмээх газарт дагуулан очиж талбайн тусгаарлалт хийн, мод бэлтгэх газрыг зааж өгсөн боловч Р.Баярбаясгалан нь тухайн талбайгаас өөр газар буюу Алтанбулаг сумын нутаг Аргуу гэх газар мод бэлтгэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэднийг Ойн тухайн хуулийн 18.3 дугаар зүйлийн 3.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2, 28 дугаар зүйлийн 2, 3 болон Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын 2016 оны 12 дугаар сарын 13 ны өдрийн №А/133 дугаартай тушаалаар батлагдсан Ойгоос мод бэлтгэх журмын 3.6-д заасан ...ахуйн хэрэглээний /арилжааны бус зорилгоор өөрийн гэр бүлийн хэрэгцээнд түлээ байшин, малын хашаа саравч барих/ зорилгоор ойгоос бэлтгэх модыг Ойн анги, эсвэл байгаль хамгаалагч тэмдэглэн өгч, хяналт тавина... гэсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэл байхгүй байна.

Р.Баярбаясгаланд 2019 оны 10 дугаар сарын 31 ний өдөр олгосон Мод бэлтгэх эрхийн бичигт хэсэглэл ялгарлын дугаар 63, Газрын нэр Шанд, модны төрөл нарс, огтлолтын төрөл ойн цэвэрлэгээний ажил гэж тодорхой заасан, тухайн өдөр  Хүдэр сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, Ойн ангийн инженер нар нь Шаамар сумын байгаль хамгаалагч болон түлээний мод бэлтгэх нэр бүхий иргэдийг Шанд гэх газарт дагуулан очиж талбайн тусгаарлалт хийн, мод бэлтгэх газрыг зааж өгсөн талаархи баримтууд хавтаст хэрэгт авагдсан, түүнийг төөрч газрын баримжаа алдсны улмаас өөр сумын нутагт түлшний мод бэлтгэсэн гэж үзэх  баримт тогтоогдохгүй  байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Мөн анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад шүүгдэгч Р.Баярбаясгалангийн мэдүүлгийг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлийг тодорхой заагаагүй, шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 04 ний өдрийн №11 дугаартай ...Хариулт4. Р.Баярбаясгалангийн бэлтгэсэн гэх 55 ширхэг модонд “Монгол улсын стандарт  5413:2011” дагуу үзлэг хийхэд 10-14 см-ийн голчтой 8 ширхэг / 0.1322 м/куб мод нь түлшний модны стандартад нийцсэн байх бөгөөд бусад 16-36 см голчтой 47 ширхэг /4.207 м/куб/ мод нь хэрэглээний бөөрөнхий мод гуалингийн ангилалд багтаж байна... гэсэн дүгнэлтэнд эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн    1.2. “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол;”, мөн зүйлийн 1.3. “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэсэн үндэслэлүүдээр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/19 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/19 дугаартай цагаатгах тогтоолыг  хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол Р.Баярбаясгаланд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

      

                               ДАРГАЛАГЧ                            Г.ДАВААРЕНЧИН

                                   ШҮҮГЧИД                             Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                     Д.БУЯНЖАРГАЛ