Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2017/ШЦТ/115

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Хохирогч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 07 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 23 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт шалтгаангүйгээр бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин пивоны шилний хагархайг зэвсгийн чанартай хэрэглэж *******ын нуруун тус газар нь хатгаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч *******ын мөрдөн байцаалтан өгсөн: ... миний хойд талд чимээ гарахаар нь эргэж харахад Даваа гэх залуу хагархай пивоны шил барьчихсан над руу тулж ирээд миний нуруу руу хагархай пивоны шилээр нэг удаа цохиход нь чи яаж байгаа юм бэ гээд нэг удаа цохиод барилцаж аваад зогсож байтал Өсөхбаяр хөөе юу болоод байгаа юм гээд зайдуухан байсан машины ойролцооноос орилоход Даваа гэх залуу зугтаагаад явчихаар нь намайг цохичихоод зугтаачихлаа наадахаа бариад аваач гээд би араас нь ганцаараа гүйгээд гүйцээгүй ... Нуруу руу цохичихлоо гээд гараараа нуруун дээрээ дарахад нуруунаас цус гарч, гар цус болсон. Миний хувьд ******* гэдэг залууг огт танихгүй бид хоёрын дунд ямар ч маргаан болоогүй ... ******* гэдэг залуу ямар ч шалтгаангүй миний араас шилээр дүрж биед гэмтэл учруулсан байгаа ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17, 19/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтан өгсөн: ... Тэр караокеноос гарахад ******* бид нар согтсон байдалтай байсан. Би пиво уугаад нилээн согтсон байдалтай байсан болохоор би бөөлжөөд караокены гадаа байж байтал цэргүүд гэнэт миний хажууд ирчихсэн энэ эгчийг алдаж болохгүй, энэ хүнтэй хамт явж байсан хүн зодчихлоо гэж хэлээд нэг залуугийнх нь ар нуруунаас нь цус гарсан байсан. Тэгээд манайд 3 хүн хамт очоод зодуулсан гэх өндөр залуу орон дээр түрүүлгээ хараад хэвтээд байсан. Ингээд манайд хоночихоод маргааш нь эмнэлзгт зодуулсан гэх залууг үзүүлэхээр би хүргэж өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтан өгсөн: ... Өсөхөө ахаа гээд Лувсанхайдав орилохоор нь Лувсанхайдав руу Очиртогтох бид хоёр гүйгээд очтол нуруу уруу нэг юмаар хатгачихлаа гээд Лувсанхайдавын нуруу орчмоос нь цус гарсан байхаар нь Баянбүрд караоке уруу ороод зөөгчөөс нь даавуу гуйгаад зөөгч бид хоёр цус гарч байсан газар болох нурууны хэсгийг нь боож өгөхөд нурууны ар тал зүсэгдчихсэн бололтой нуруунаас цус гарч байсан. Зодолдсон гэх асуудлыг харсан зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 35, 37/,

Гэрч ын мөрдөн байцаалтан өгсөн: ... Өсөхбаяр ахаа гээд Лувсанхайдавын дуу ойролцоо газраас сонсогдохоор нь тэр зүг рүү Өсөхбаяр гүйгээд би араас нь гүйгээд явж байтал машинаас буусан нөгөө бид нартай караокед танилцсан хоёр эмэгтэйн хамт явж байсан шар царайтай залуу гүйгээд явчихсан. Ингээд Лувсанхайдав дээр очиход Лувсанхайдав намайг хүн ардаас нэг юмаар цохиод зугтаачихлаа гээд хэлэхээр нь асуухад нөгөө караокед байсан хайрцагтай юм бариад машинд суусан залуу гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг/хх-ийн 38-40/,

Гэрч гийн мөрдөн байцаалтан өгсөн: ... 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ажил дээрээ очсон чинь Хулан надад бид нартай хамт явсан ******* гэдэг залуу чинь нөгөө цэргийн ангийн нэг залуугийн нуруу руу нь шилээр цохиж гэмтээсэн гэнээ гэж ярьсан ... Караокед бид нарыг байхад ямар ч маргаан зодоон, үл ойлголцох асуудал болоогүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 44/,

Гэрч гийн мөрдөн байцаалтан өгсөн: ... Би шархыг нь харахад иртэй үзүүртэй зүйл хатгагдсан болов уу гэмээр ангайсан түүнээс нь цус шүүрч гойжиж байсан ... ******* Лувсанхайдав гэх залуучуудыг хоорондоо зодолдож байхад нь бид нар караокены газраас гарч ирэн салгасан үйл явдал болоогүй. Караоке дотор микрофони булаацалдаж хэрүүл маргаан болоогүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-50/,

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Лувсанхайдав намайг цохиод авсан тэгэхээр нь би барьж байсан шилээрээ нуруу руу цохисон тэгсэн Лувсанхайдав чи миний нуруу руу шилээрээ шаачихлаа шүү дээ гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-75/,

Баянхонгор  аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 194 тоот ... *******ын биед нуруунд шарх, цээжний зүүн хажуу хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 57-58/,

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 114-115/,

Шүүгдэгч *******гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 80-113/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд дүгнэхэд шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2017 оны 04 сарын 20-ны шөнө 23 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт *******тай маргалдан нуруу, цээжний зүүн хэсэгт пивоны шилний хагархайгаар зүсэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт авагдсан дээрх үйл баримтын тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсаныг тогтоосон Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 сарын 27-ны өдрийн 194 дүгээр шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байх тул шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой 1.500.000 төгрөгийн хохирол учирсан талаар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж, шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд тухайн хэрэгт хохиролтой холбоотой мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн нотлох баримт авагдаагүй, хохирогч хохирлын талаархи баримтыг мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгөөгүй тул түүний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдав.

Шүүгдэгч *******г согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн самсунг эс 3 гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.*******д 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан 300 цагийн цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.******* нь 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч С.*******гийн самсунг эс 3 гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Хохирогч *******аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

7. Хохирогч ******* нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА