Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
Хэргийн индекс | 101/2019/01913/И |
Дугаар | 101/ШШ2019/01984 |
Огноо | 2019-07-08 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2019/01984
2019 оны 07 сарын 08 өдөр Дугаар 101/ШШ2019/01984 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ХХХХХХ, СББ трейд ХХК-ийн /РД: ХХХХХ/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ХХХХХХХХ тоот, М трейд ХХК-д /РД: ХХХХХ/ холбогдох
89.049.219 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болор-Эрдэнэ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Алтанчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч СББ трейд ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болор-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани нь Сүхбаатар дүүрэгт байрладаг Т.Е.N лоунж нэртэй рестораныг түрээслэн ажиллуулдаг М трейд ХХК-ийн захирал Б.Цогтбаярын зээлээр бүтээгдэхүүн худалдан авах хүсэлтийг хүлээн авч тус компанитай 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр oп18/154 тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулан бүтээгдэхүүнээ нийлүүлсэн.
Уг гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүнийн тооцоог тус М трейд ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр нийлэхэд тус компани нь мөн өдрийн байдлаар 59.366.146 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь санхүүгийн баримтаар тогтоогдсон.
Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу бүтээгдэхүүний төлбөрийг сар бүрийн 25-ны дотор төлөх ёстой боловч худалдан авагч М трейд ХХК нь энэ үүргээ биелүүлэхгүй өдий хүрлээ.
Зээлээр худалдан авсан бүтээгдэхүүнийхээ төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд худалдан авагч нь мөн дээрхи гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх үүрэгтэй.
Тооцоо нийлсэн өдрөөс хойш буюу 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс хойш 1 хоногийн алданги 296.830 төгрөгийн, нийт 241 хоногийн алданги 71.536.030 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 234.4-т заасны дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцон үндсэн төлбөрийн хамт хариуцагч М трейд ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
М трейд ХХК-тай өмнө нь хамтын ажиллагаатай байсан тул итгэлцлэлийн үндсэн дээр гэрээ байгуулсан. Алданги 29.683.073 төгрөг нэхэмжилсэн ба алдангийг 10.000.000 төгрөг болгон бууруулж байна. Үүнээс доош бууруулах бломж байхгүй.
Иймд хариуцагч М трейд ХХК-иас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 59.366.146 төгрөг, алданги 10.000.000 төгрөг, нийт 69.366.146 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч М трейд ХХК-ийн захирал Б.Цогтбаяр шүүхэд гаргасан тайлбартаа:
Тус шүүхэд СББ трейд ХХК нь М трейд ХХК-д холбогдуулан зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний төлбөр 89.049.219 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
Манай компанийн хувьд тодорхой хэмжээний бүтээгдэхүүн зээлээр СББ трейд ХХК-иас авч байсан бөгөөд эргэн төлөлтийн хувьд тус компанийн санхүүгийн ажилтантай харилцан тохиролцож алданги тооцохгүйгээр тодорхой хэмжээгээр төлөхөөр болсон.
Гэтэл энэхүү харилцан тохиролцсоноо зөрчиж шүүхэд хандаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч СББ трейд ХХК нь хариуцагч М трейд ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 89.049.219 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
/2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 59.366.146 төгрөг, алданги 29.683.073 төгрөг/
Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрхи гэрээний үндсэн төлбөрт 59.366.146 төгрөг, алданги 10.000.000 төгрөг, нийт 69.366.146 төгрөгийг нэхэмжлэн нэхэмжлэлийн шаардлагаа 19.683.072 төгрөгөөр багасгасан болохыг дурьдлаа.
Хариуцагч М трейд ХХК-ийн захирал Б.Цогтбаяр нь нэхэмжлэгч СББ трейд ХХК-ийн борлуулалтын албанд Тус компани нь 2015 оноос хойш рестораны зориулалтаар үйл ажиллагаа явуулж байна. Танай компаниас зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу зээлээр бараа бүтээгдэхүүн авах хүсэлтэй тул шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг гаргажээ.
/ХХ-ийн 12 дугаар тал/
Нэхэмжлэгч СББ трейд ХХК нь хариуцагч М трейд ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан гэрээний хавсралтад нэр төрөл болон үнийг нь тодорхойлсон 58 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдахаар, захиалгын дагуу худалдагч тал бүтээгдэхүүнийг худалдан авагч талд хүлээлгэн өгснөөр бүтээгдэхүүнийг нийлүүлсэнд тооцохоор, худалдан авагч тухайн сард татан авсан барааны төлбөрийг гэрээний 6.2-т заасны дагуу сарын 9, 25-ны өдрүүдэд бэлнээр болон гэрээнд тусгасан дансаар төлөхөөр тус тус харилцан тохирчээ.
/ХХ-ийн 8-15, 43 дугаар тал/
Дээрх 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн болно.
/ХХ-ийн 8-10 дугаар тал/
Талууд 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр худалдан авагч буюу хариуцагч М трейд ХХК-ийн зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний тооцоог нийлэхэд худалдан авагч нь 59.966.146 төгрөгийг төлөхөөр байна хэмээн тооцоо нийлсэн ба уг баримтад нийлүүлэгч СББ трейд ХХК-ийн худалдааны төлөөлөгч н.Бууралбат, М трейд ХХК-ийн захирал Б.Цогтбаяр нар гарын үсгээ зуран баталгаажуулж компанийн санхүүгийн тэмдгийг дарсан байна.
/ХХ-ийн 6, 42 дугаар тал/
Талуудын хооронд байгуулсан 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т Худалдан авагч нь тухайн сард татан авсан барааны төлбөрийг сарын 9, 25-ны өдрүүдэд худалдагч талын Худалдаа хөгжлийн банкны ХХХХ тоот дансанд, Голомт банкны ХХХХХ тоот дансанд, Хаан банкны ХХХХХХ тоот дансанд болон бэлнээр төлнө,
7 дугаар зүйлийн 7.1-т Худалдан авагч тал бүтээгдэхүүний үнийг гэрээний хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж тус тус заасан бөгөөд худалдан авагч М трейд ХХК гэрээнд заасны дагуу төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн,232.4-т ... алданги ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасны дагуу хариуцагч буюу худалдан авагч М трейд ХХК алданги төлөх үүрэгтэй.
Талууд 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр тооцоо нийлэхэд хариуцагч М трейд ХХК-ийн зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрт 59.966.146 төгрөг төлөхөөр тооцоо нийлсэн байх боловч худалдагч буюу нэхэмжлэгч СББ трейд ХХК нь 59.366.146 төгрөгийг нэхэмжилсэн болохыг дурьдлаа.
Хариуцагч буюу худалдан авагч М трейд ХХК-ийн захирал Б.Цогтбаяр нь СББ трейд ХХК-иас бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авч байсан талаараа маргаагүй бөгөөд гагцхүү алдангийг төлөхгүйгээр эвлэрэх саналтай хэмээн тайлбар гаргаж байсан болно.
/ХХ-ийн 25-26, 37-39 дүгээр тал/
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан хариуцагч М трейд ХХК-иас зээлээр худалдан авсан барааны үлдэгдэл төлбөр 59.366.146 төгрөг, алданги 10.000.000 төгрөг, нийт 69.366.146 төгрөг гаргуулан нэхэмжлэгч СББ трейд ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч М трейд ХХК-ийн захирал болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т заасны дагуу шүүх хуралдааны товыг лавлах үүргээ биелүүлээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдлаа.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан хариуцагч М трейд ХХК-иас 69.366.146 төгрөг гаргуулан нэхэмжлэгч СББ трейд ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч СББ трейд ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 603.196 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М трейд ХХК-иас 504.780 төгрөг гаргуулан нэхэмжлэгч СББ трейд ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН