| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2022/02723/И |
| Дугаар | 102/ШШ2022/02891 |
| Огноо | 2022-08-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2022/02891
| 2022 оны 08 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2022/02891 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... дүүргийн ... дүгээр хороо, Толгойт, ... тоот хаягт оршин суух, И овогт Г-ийн А /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, ... тоот хаягт оршин суух, Б овогт Б-ийн Ч /РД: .../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 200,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б,
Хариуцагч Б.Ч,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.А-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Г.А би 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр өөрийн фэйсбүүк хаягнаас приус-30 загварын тээврийн хэрэгслийн тормосны аппаратны хүчлүүр авна гэх зарыг оруулсан. Иргэн Б.Ч хүчлүүр байна гэж хариу ирүүлснээр 2022 оны 05 дугаар сарын 08-ны Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Өргөө кино театрын урд очиж тухайн сэлбэгийг үзэж хараад авахаар болоод Хаан банкин дахь Б.Ч-ын ... тоот данс руу 200,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед энэ сэлбэг машинд маань таарахгүй бол буцааж өгнө гэж харилцан тохиролцсон. 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гэрийнхээ хажуугийн засварын газарт сэлбэгээ солиулахаар өгсөн боловч тэр сэлбэг нь приус-30 загварын тээврийн хэрэгслийнх биш байсан. Ингээд эргээд иргэн Б.Ч руу удаа дараа залгаж, мессеж бичсэн боловч хари өгөөгүй, утасны дугаарыг маань блок хийсэн. 2022 оны 05 дугаар сарын 12-нд гэрийг нь олоод очсон боловч гэртээ байхгүй байна гэж охин нь хэлсэн. 2022 оны 05 дугаар сарын 19-ний орой 19.30 цагийн үед Б.Ч өөрөө залгаж уулзья, мөнгийг чинь өгье гэж дуудсан боловч чамд миний хэдэн байртай байх, хэдэн дугаартай байх хамаагүй, шүүх, цагдаагаараа яваад аваарай гэж хэлсэн. Иймд хариуцагч Б.Чаас 200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Л.Б миний бие нь өөрийн эхнэр Г.А-гийн фэйсбүүк хаягаар приус-30 загварын машин тормосны аппаратны хүчлүүр авна гэх зар тавиулсны дагуу Б.Чтай 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн нутаг Өргөө кино театрын орчим очиж уулзаад хүчлүүрийг 200,000 төгрөгөөр авахаар тохиролцож, мөнгийг төлөөд сэлбэгээ авсан. Тормосны аппаратны хүчлүүр хосоороо байдаг сэлбэг юм билээ. Тэгэхэд надад дан ганц л зүйл өгсөн, таарахгүй бол буцаагаад авчраад өгөөрэй гэсэн. Тэгээд маргааш нь засварын газарт очоод сэлбэгийг өөрийнхөө машинд тавиулах гээд үзүүлсэн чинь наадах чинь өөр тормосны хүчлүүр байна таарахгүй гэж хэлэхээр нь буцаагаад Б.Ч руу залгасан чинь утсаа авахгүй миний дагуу блоклоод, өөр дугаараас залгахаар аваад тасалж хаяад байсан, Ахаа таарахгүй бол буцааж авчраад өгч болох уу гэхэд болно, ах нь утсан дээрээ зургийг авсан байгаа, чи маргааш эргээд яриарай гэсэн. Үүнээс хойш энэ хүнтэй холбогдож чадахгүй шүүхэд хандсан. Би машиныхаа тормосны аппаратны хүчлүүрийг өөр хүнээс аваад сольчихсон, энэ хүнээс сэлбэг авах шаардлагагүй, мөнгөө авна гэв.
2. Хариуцагч Б.Ч-ын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2022 оны 05 дугаар сарын 06-нд фейсбүүк хаяг дээрээ зар тавьсан байсан. Тэр зарын дагуу би мессеж бичсэн, 2022 оны 05 дугаар сарын 08-нд Өргөө кино театр дээр надтай Л.Б уулзаад хүчлүүрийг авахаар ярилцаж тохиролцоод мөнгөө төлөөд аваад явсан. Нэг нь тоормосны аппарат, нэг нь хүчлүүр буюу хоёр ширхэг сэлбэг юм. Хоёулаа хамт байхгүй бол нэг нь угаасаа дангаараа ажиллахгүй. Энэ хүн болохоор тормосны аппаратыг хүчлүүр гэж яриад байгаа юм. Нэг нь баруун талдаа нөгөө нь зүүн талдаа байдаг. Тэр хүчлүүр нь тормосны аппаратаа дэмждэг, надад хоёулаа байсан. Гэхдээ би солиод өгөөд явуулсан байна лээ. Тухайн үед би энэ хүнд наадах чинь надад хоёулаа байгаа шүү. Би өөрөө хараад алийг нь мэдэхгүй, тэрийг угаасаа энгийн засварчин хүртэл ялгадаггүй юм билээ гэж хэлээд явуулсан. Маргааш нь би хөдөө явах ажил гараад 7-8 хоног яваад ирсэн чинь энэ хүн өчнөөн залгаад мессеж бичсэн байсан. Тэгээд би уулзсан газраа хүрээд ир солиог нь гаргаад өгье гэхэд энийгээ ав гээд хэл ам болоод байсан, болохгүй бол хоёулаа цагдаа дээр очъё гэхэд үгүй гээд уурлаж байгаад машинтайгаа алга болсон. Энэ хүн манай гэрт 2, 3 удаа ирж хүүхэд дарамталж, машины цонх хагалчихаад яваад өгсөн байсан. 2022 оны 05 дугаар сарын 19-нд уулзахдаа солиод ав гэж хэлэхийн хувьд хэлсэн. Хувь хүний мэдээллийг хаанаас авсан юм мэдэхгүй миний бүх мэдээллийг авсан байсан. Тэр бүгдийг хуулийн байгууллагын хүмүүс л авдаг биздээ. Одоо бол энэ хүнд мөнгийг нь өгч чадахгүй, харин сэлбэгнийх нь солиог гаргаад өгч болно гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г.А-гийн иргэний үнэмлэхний хуулбар, фото зургуудыг нотлох баримтаар гаргасан.
4. Хариуцагчаас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хариу тайлбараа бичгээр гаргасан.
5. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр фэйсбүүкэнд үзлэг хийж, фото зургийг хавсаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Б.Ч-ад холбогдуулан гэрээний үүрэгт төлсөн 200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Г.А би 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр өөрийн фэйсбүүк хаягнаас приус-30 загварын тээврийн хэрэгслийн тормосны аппаратны хүчлүүр авна гэх зарыг оруулсан. Иргэн Б.Ч хүчлүүр байна гэж хариу ирүүлснээр 2022 оны 05 дугаар сарын 08-ны Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Өргөө кино театрын урд очиж тухайн сэлбэгийг үзэж хараад авахаар болоод Хаан банкин дахь Б.Чын ... тоот данс руу 200,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед энэ сэлбэг машинд маань таарахгүй бол буцааж өгнө гэж харилцан тохиролцсон. 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гэрийнхээ хажуугийн засварын газарт сэлбэгээ солиулахаар өгсөн боловч тэр сэлбэг нь приус-30 загварын тээврийн хэрэгслийнх биш байсан. гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь татгалзсан ба үндэслэлээ 2022 оны 05 дугаар сарын 06-нд фейсбүүк хаяг дээрээ зар тавьсан байсан. Надад хүчлүүрийн аппарат байсан. 2022 оны 05 дугаар сарын 08-нд Өргөө кино театр дээр надтай Л.Б уулзаад хүчлүүрийг авахаар ярилцаж тохиролцоод мөнгөө төлөөд аваад явсан. Нэг нь тормосны аппарат, нөгөө нь хүчлүүр буюу хоёр ширхэг сэлбэг юм. Хоёулаа хамт байхгүй бол нэг нь угаасаа дангаараа ажиллахгүй. Энэ хүн болохоор тормосны аппаратыг хүчлүүр гэж яриад байгаа юм. Нэг нь баруун талдаа нөгөө нь зүүн талдаа байдаг. Тэр хүчлүүр нь тормосны аппаратаа дэмждэг, надад хоёулаа байсан. Гэхдээ би солиод өгөөд явуулсан байна лээ. Тухайн үед би энэ хүнд наадах чинь надад хоёулаа байгаа шүү. Би өөрөө хараад алийг нь мэдэхгүй, тэрийг угаасаа энгийн засварчин хүртэл ялгадаггүй юм билээ гэж хэлээд явуулсан. Маргааш нь би хөдөө явах ажил гараад 7-8 хоног яваад ирсэн чинь энэ хүн өчнөөн залгаад мессеж бичсэн байсан. Тэгээд би уулзсан газраа хүрээд ир солиог нь гаргаад өгье гэхэд энийгээ ав гээд хэл ам болоод байсан, болохгүй бол хоёулаа цагдаа дээр очъё гэхэд үгүй гээд уурлаж байгаад машинтайгаа алга болсон. Энэ хүн манай гэрт 2, 3 удаа ирж хүүхэд дарамталж, машины цонх хагалчихаад яваад өгсөн байсан. 2022 оны 05 дугаар сарын 19-нд уулзахдаа солиод ав гэж хэлэхийн хувьд хэлсэн. Хувь хүний мэдээллийг хаанаас авсан юм мэдэхгүй миний бүх мэдээллийг авсан байсан. Тэр бүгдийг хуулийн байгууллагын хүмүүс л авдаг биздээ. Одоо бол энэ хүнд мөнгийг нь өгч чадахгүй, харин сэлбэгнийх нь солиог гаргаад өгч болно гэж тайлбарлажээ.
4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б-гийн ... эхнэр Г.А-гийн фэйсбүүк хаягаар приус-30 загварын машин тормосны аппаратны хүчлүүр авна гэх зар тавиулсны дагуу Б.Чтай 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн нутаг Өргөө кино театрын орчим очиж уулзаад хүчлүүрийг 200,000 төгрөгөөр авахаар тохиролцож, мөнгийг төлөөд сэлбэгээ авсан гэх, хариуцагч Б.Чын ... 2022 оны 05 дугаар сарын 06-нд фейсбүүк хаяг дээрээ зар тавьсан байсан. Тэр зарын дагуу би мессеж бичсэн, миний мессежний хариунд 2022 оны 05 дугаар сарын 08-нд Өргөө кино театр дээр надтай Л.Б ирж уулзаад хүчлүүрийг авахаар ярилцаж тохиролцоод мөнгөө төлөөд аваад явсан гэх тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд, 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Б.Ч нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Өргөө кино театрын урд Л.Бтай уулзаж приус-30 загварын тээврийн хэрэгслийн тормосны аппаратыг 200,000 төгрөгөөр худалдсан байна. Харин нэхэмжлэгч Г.А, хариуцагч Б.Ч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэх үндэслэл тогтоогдоөгүй байх бөгөөд нэхэмжлэгч Г.А нь дээрх тормосны аппаратны хүчлүүрийн төлбөрт төлсөн 200,000 төгрөгийг шаардах эрхгүй байна.
6. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Г.Агийн хариуцагч Б.Чад холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 200,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
7. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 6,650 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан Г.А-гийн хариуцагч Б.Ч-ад холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 200,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР