| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2022/02896/И |
| Дугаар | 102/ШШ2022/02918 |
| Огноо | 2022-08-24 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2022/02918
| 2022 оны 08 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2022/02918 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... дугаар баг, ... апартмент, ... тоот хаягт оршин суух, С овогт У-ын О /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, Энэбишийн гудамж, ... тоот хаягт оршин суух, Х овогт Ц-гийн Н /РД: .../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 22,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч У.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч У.О-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч У.О миний бие нь хариуцагч Ц.Нтай 2021 оны 10 дугаар сард Бүгд Найрамдах Хятад Ард улсын Эрээн хотоос Улаанбаатар хот хүртэл нарийн ногоо буюу огурцы, помидор, салатны навч тээвэрлүүлэхээр тохиролцсон. Ц.Н нь манай машины очер өнөө маргаашгүй болчихсон байгаа тул урьдчилгаа мөнгөө хийгээрэй гэхээр нь итгээд 22,000,000 дансаар шилжүүлэн өгсөн. Түүнээс хойш 7 хоногийн хугацаа өнгөрсөн боловч машин нь хилээр ороогүй, тэгж байтал 20 хоногийн дараа хил хаагдсаны улмаас тээвэр хийгдэх боломжгүй болсон. Миний бие нь удаа дараа хариуцагчаас мөнгөө нэхсэн боловч төлнө гэж явсаар байгаад өдий хүрсэн, сүүлдээ утсаа авахгүй алга болсон. Тиймээс цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар тэрээр 22,000,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөө илэрхийлж тооцоо нийлж, барагдуулах гэрээ байгуулсан. Гэтэл Ц.Н нь нэг ч төгрөг төлөөгүй болно. Иймд хариуцагч Ц.Н-гаас гэрээний үүрэгт 22,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны алдангид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож 550,000 төгрөг, нийт 22,550,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Ц.Н-гийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Миний бие нь 2021 оны 10 дугаар сард иргэн У.Огээс 12,000,000 төгрөгийг ачаа тээвэрлэн барагдуулах аман тохиролцоогоор авсан ба 10,000,000 төгрөгийг У.М нь мөн ачаа тээвэрлэхээр авсан нь үнэн. Тийм учир 10,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, харин хил гааль нээгдэхээр 12,000,000 төгрөгийг нь тээвэр хийж төлнө гэжээ.
3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгчээ.
4. Хариуцагч нь шүүхэд хариу тайлбараа бичгээр гаргаж өгсөн.
5. Шүүх хуралдааны товыг хариуцагчид шүүхээс хуульд заасан арга, хэлбэрээр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн болно.
Шүүх зохигчдын тайлбар, нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч У.О нь хариуцагч Ц.Н-д холбогдуулан гэрээний үүрэгт төлсөн 22,000,000 төгрөг, алданг 550,000 төгрөг, нийт 22,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч У.О миний бие нь хариуцагч Ц.Нтай 2021 оны 10 дугаар сард Бүгд Найрамдах Хятад Ард улсын Эрээн хотоос Улаанбаатар хот хүртэл нарийн ногоо буюу огурцы, помидор, салатны навч тээвэрлүүлэхээр тохиролцсон. Ц.Н нь манай машины очер өнөө маргаашгүй болчихсон байгаа тул урьдчилгаа мөнгөө хийгээрэй гэхээр нь итгээд 22,000,000 дансаар шилжүүлэн өгсөн. Түүнээс хойш 7 хоногийн хугацаа өнгөрсөн боловч машин нь хилээр ороогүй, тэгж байтал 20 хоногийн дараа хил хаагдсаны улмаас тээвэр хийгдэх боломжгүй болсон. Миний бие нь удаа дараа хариуцагчаас мөнгөө нэхсэн боловч төлнө гэж явсаар байгаад өдий хүрсэн, сүүлдээ утсаа авахгүй алга болсон. Тиймээс цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар тэрээр 22,000,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөө илэрхийлж тооцоо нийлж, барагдуулах гэрээ байгуулсан. Гэтэл Ц.Н нь нэг ч төгрөг төлөөгүй болно. гэжээ.
3. Хариуцагч Ц.Н нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг дараахь үндэслэлээр татгалзсан. Үүнд: Миний бие нь 2021 оны 10 дугаар сард иргэн У.Огээс 12,000,000 төгрөгийг ачаа тээвэрлэн барагдуулах аман тохиролцоогоор авсан ба 10,000,000 төгрөгийг У.М нь мөн ачаа тээвэрлэхээр авсан нь үнэн. Тийм учир 10,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, харин хил гааль нээгдэхээр 12,000,000 төгрөгийг нь тээвэр хийж төлнө гэжээ.
4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.
5. Нэхэмжлэгч У.О нь хариуцагч Ц.Н нартай 2021 оны 10 дугаар сард Бүгд Найрамдах Хятад Ардын улсын Эрээн хотоос Улаанбаатар хот руу ачаа бараа буюу хүнсний нарийн ногоо тээвэрлүүлэх, хөлсөнд 22,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсоноос үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна, нэхэмжлэгч шаардах эрхтэй.
6. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд, нэхэмжлэгч У.О нь Бүгд Найрамдах Хятад Ардын улсын Эрээн хотоос Улаанбаатар хот руу ачаа бараа буюу хүнсний нарийн ногоо тээвэрлүүлэх, тээврийн хөлсөнд 22,000,000 төгрөг төлөхөөр 2021 оны 10 дугаар сард хариуцагч Ц.Нтай тохиролцсон ба төлбөрийг 10,000,000 төгрөг, 12,000,000 төгрөгөөр 2 хувааж төлсөн, хариуцагч Ц.Н нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу тээврийг хийж гүйцэтгээгүй болох нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээний 2.1-д талууд 2021 оны 10 дугаар сард Эрээн хотоос Улаанбаатар хүртэл ачаа тээвэр хийхээр тохиролцож өгсөн 10 сая, 12 саяар хувааж төлбөр авагчаас төлбөр төлөгчид өгсөн. Төлбөр төлөгч нь тээвэр хийгээгүй учир дахин тооцоо нийлж 22 сая төгрөгийг төлөх гэж зааснаар тогтоогдож байна. Зохигчид 2021 оны 10 дугаар сард амаар байгуулсан тээвэрлэлтийн гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бичгээр нөхөж байгуулсан байх бөгөөд гэрээний 5.2-т талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор талууд харилцан тохиролцов гэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж зааснаар нэхэмжлэгч алданги нэхэмжлэх эрхтэй, хариуцагч алданги төлөх үүрэгтэй байна.
7. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Ц.Нгаас үндсэн төлбөрт 22,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс мөн сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны алдангид 550,000 төгрөг, нийт 22,550,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.Од олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 270,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 380 дугаар зүйлийн 380.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Н-гаас 22,550,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.Од олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 270,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР