Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/311

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Т.Д

Шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.М-д холбогдох эрүүгийн 2525000000299 дугаартай хэргийг тус шүүхэд 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******, 1977 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн,*******,*******,*******,*******,,, А овогт Ц-ийн М /РД:********/

 

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Ц.М нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 05 дугаар сарын 02-ны шөнийн 22 цагийн орчимд **-** ОРХ улсын дугаартай Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ буюу 1.67 хувийн согтолттойгоор Орхон аймгийн Баян-Өндөр сум, **** багийн нутаг дэвсгэрт жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичсэнээр/ холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

      1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

           -шүүгдэгч Ц.М-ын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна,холбогдсон хэргээ ойлгосон гэх мэдүүлэг,

-эрүүгийн 2525000000299 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

-Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн тэмдэглэл 7510 серийн дугаартай, Аlcotest багажаар Ц-ийн М /РД:********/-ны согтуурлын зэргийг хэмжихэд 1.67% согтуурлын зэрэг тогтоогдлоо гэсэн бичиглэл бүхий тэмдэглэл /хх-ийн 7-8-р тал/

-Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, Цагдаагийн ахлагч Б.М-ын энгэрийн камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10-12-р тал/,

-Цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-р тал/

-гэрч Б.М-ын мэдүүлсэн:.. Би 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр томилгоот хуваарийн дагуу замын 24 цагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед 22:00 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум **** багийн нутаг дэвсгэрт машин жалга руу орсон байна гэх дуудлага мэдээллийн дагуу **** багт байх МУИС-н харалдаа ард талынх нь шороон зам дээр очиж шалгахад тоёота приус 30 загварын **-** ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл замаас гарч, замын ховил, жалга руу ороод машин нь гарах боломжгүй байдалтай болчихсон байсан... Тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг шалгахад 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр жолоодох эрхээ хасуулсан Ц овогтой М (РД:********) гэх хүн байх ба ойртоход архи, согтууруулах ундааны зүйл үнэртэж байхаар нь Орхон аймгийн Цагдаагийн газарт авч ирж 91102273 гэх дугаартай драгер багажаар үлээлгэж шалгахад 1.67% бүхэл согтолттой байсан тул хуулийн дагуу арга хэмжээ авхуулахаар тэмдэглэл үйлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/

-гэрч Т.М-ийн мэдүүлсэн:...Би тус өдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ажлаасаа буугаад гэртээ байж байтал манай ажлын газрын хүн болох Ц.М ********дугаараас над руу яриад "**** рүү нэг айлд очих гэсэн чинь жоохон уучихсан байна, чи машин бариад цуг яваад өгөөч" гэхээр нь би Ц.М-ын гэрт явж очоод түүний **-** ОРХ улсын дугаартай приус 30 загварын тээврийн хэрэгслийг нь бариад **** багт байх МУИС-н хойд талд байх айлд очсон. Тухайн айлын гадна очсон чинь манай ажлын газрын харуул Т гээд ах гарч ирээд бид гурав 0.5 литрийн Агар архинаас 2 шилийг хувааж уусан. Ууж дуусахад цаг 21:00 цаг болж байсан байх, тэгээд Т ах гэр лүүгээ орчихсон. Бид хоёр хүн дуудаад хүлээгээд ирэхгүй байсан болохоор нь тэр хүн рүүгээ гэрэл тусгаж өгөх санаатай Ц.М машинаа бариад МУИС-н хойд талд 3-4 гудамж өнгөрөөд хойд зүг рүү уруудаад явж байсан чинь баруун урд талын дугуй хөдлөх боломжгүй болоод зогсчихсон. Тэгээд бид хоёрын ойролцоо машин яваад байхаар нь нөгөө дуудсан хүн маань ирж байгаа байх гэж бодоод гэрлээрээ дохиод байсан чинь цагдаа хүрээд ирсэн... Ц.М бид хоёр Т гэх хүний гэрийн гаднаас хөдлөөд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Т-ийн гэрийн гаднаас хөдлөхдөө хоёр шил архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ц.М өөрийнхөө **-** ОРА улсын дугаартай приус 30 загварын тээврийн хэрэгслээ жолоодоод явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дэх тал/

            -Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа, жолоодох эрх, тээврийн хэрэгслийн лавлагаа, тодорхойлолт /хх-ийн 46-р тал/

            -Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 243 дугаар шийтгэврийн хуулбар /хх-ийн 50-52-р тал/

-шүүгдэгч Ц.М-ын яллагдагчаар мэдүүлсэн:.. Би 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр орой ажил тараад **** багт байдаг манай ажлын газрын харуулын үүрэг гүйцэтгэдэг Т гэх хүнийд бид 3 миний машинд 0.5 литрийн хэмжээтэй 2 шил архи уусан. Ууж дуусаад Т гэр лүүгээ орсон. Т.М бид хоёр машинаа бариулахаар хүн дуудсан, тэр хүн маань төөрөөд олж ирэхгүй удаад байсан болохоор нь би өөрийн эзэмшлийн **-** ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бариад Т.М бид хоёрыг авах гэж ирж байгаа тухайн хүндээ харагдах санаатай зам руу гарах гээд Т-ийн гэрийн гаднаас хөдлөөд 50 метр орчим явсан байх гэж санаад байна, сайжруулсан замын шуудуу руу баруун урд талын дугуйгаараа ороод машин маань тэнхлэгээрээ тээгээд тусламж авахаас нааш хөдлөх боломжгүй болсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/ зэргийг нотлох баримтаар судалсан.

 

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдсон.

Шүүгдэгч Ц.М нь Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01дүгээр сарын 21-ний өдрийн 2024/ЗШ/243 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулж, шийтгэлийн хугацаа дуусаагүй байхад 2025 оны 05 дугаар сарын 02-ны шөнийн 22 цагийн орчимд **-** ОРХ улсын дугаартай Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ /1.67%/ Орхон аймгийн Баян-Өндөр сум **** багийн нутаг дэвсгэрт жолоодон замын хөдөлгөөнд оролцжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, согтуурал шалгасан баримт, бусад бичмэл баримтууд зэрэг хамаарал бүхий нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзсэн.

Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч Ц.М нь нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу эрх хассан хугацааны дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, согтуурал шалгасан багажийн заалт, жолоочийн лавлагаа мэдээлэл, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин долдугаар бүлэгт “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэргийн ердийн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжүүдийг тодорхойлон тогтоосон ба 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,...бол... ял шийтгэнэ” гэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж хуульчлан эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан.

 Энэ гэмт хэрэг нь үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд гэм буруугийн хэлбэр нь, болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай үйлдэл гэж дүгнэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн хэлбэрийн талаар тодорхойлсон ба 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг тодорхойлсон.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгч Ц.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл болохыг нотолж байна.

Шүүгдэгч Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийж тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох эрхгүй, шүүхийн шийдвэрээр эрхээ хасуулсан атлаа, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан мэдэж хайхрамжгүй хандсан болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлогдсон, гэм буруугаа хүлээсэн тул түүнийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Ц.М нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд эрүүл, байна.           

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлогдсон, гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээн авч 2700 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгож, 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял санал болгоход зөвшөөрсөн, төлөх төлбөргүй гэж,

-шүүгдэгч Ц.М: Гэм буруугаа хүлээж сайн дураараа хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж прокурорын санал болгосон ялыг ойлгосон гэж тус тус дүгнэлт санал гаргасан.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:    

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

   5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ,

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 2,700,000 төгрөгөөр торгох ял, 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт Ц-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160,177 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.М-д шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулсан шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.А