Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/595

 

 

 

 

 

 

 

 

 2025          07           07                                    2025/ШЦТ/595

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхтүвшин даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота,

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч Ц.Н  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны ”9-р” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн У  овгийн Ц ын Н д холбогдох эрүүгийн 2405 05169 0923 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

...........................................................................................................................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Н  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй мэдсээр байж  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Арван найман насанд хүрсэн хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн гэмт хэргийг багш, сурган хүмүүжүүлэгч үйлдсэн” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Н  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Н  нь Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн ............  цэцэрлэгийн Б бүлэгт туслах багшаар ажиллаж байхдаа 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тус цэцэрлэгт хүмүүжиж байсан бага насны хүүхэд болох 04 нас 10 сартай Ц.А ийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж сандал дээр сууж байхад нь "үгэнд орохгүй, өөдөөс хэлээ гаргалаа" гэх шалтгаанаар баруун талын чих рүү нь гараараа цохих, гараас нь чирч яван унагааж нуруу хэсэгт нь хөлөөрөө өшиглөх буюу сандал руу түлхэж суулгаж нүүр лүү нь алгадах зэргээр зодож эрүүл мэндэд нь хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, хүүхдийн аливаа үйлдэл, эс үйлдэхгүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хавтаст хэргийн 13 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Ц.А ийн өгсөн: “...намайг цэцэрлэгт ангидаа байж байхад өдөр Н  багш намайг гараараа миний хамар руу, нүүр руу цохисон бас гараас татаж чирэхэд би маш их уйлсан бас миний хамран цус гарсан. Тэгээд багш миний гараас татаад ариун цэврийн өрөө рүү орж миний хамраас гарсан цусыг угааж өгсөн. Тэгээд орой цэцэрлэг тараад эмээдээ багш зодсон талаар хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э н өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эмээ нь цэцэрлэгээс нь очиж авахад нь манай хүү эмээдээ миний хамраас их цус гарсан гэж хэлсэн би ахыг нь сургуулиас нь аваад бага хүү А  дээр гэртээ очоод харахад хамар нь хавдаад 2 нүд рүүгээ хавдаад нүдний эргэн тойронд нь цус хурсан цэгэн улаан тууралтуудтай болсон байсан болохоор нь миний хүү яасан юу болсон гэж асуухад манай хүү надад Н  багш намайг гараараа миний хамар руу, нүүр рүү цохиод байсан" гэж хэлсэн. Тэгэхээр нь би ахлах багш руу нь залгаад "манай хүүг танай туслах багш зодсон юм шиг байна хамар нь хавдсан байна" гэж хэлсэн чинь "өдөр Билгүүнтөгс, Н  гэх хоёр хүүхэдтэй тоглож байгаад мөргөлдөөд газар унасан, хивсээр нүүрээ нидрээд газар унасан" гэж тайлбарласан. Би багшаа унасан байсан ч унаагүй байсан ч би нэг дэх өдөр ирж камер шүүж үзнэ гэж хэлсэн чинь туслах багш нь Н  нь над руу юу ч болоогүй мэт яриад өдөр унасан юмаа Билгүүнтөгс, Н , А  гурав тоглож байгаад мөргөлдөөд унасан тэгээд хамраас нь цус гараад би цамцыг нь угааж өгсөн гэж хэлсэн. Би ямар ч байсан камер шүүе хамар нь аймар болсон байна гэж хэлсэн. Чинь туслах багш нь эгч нь нэг дэх өдөр ажилдаа очихгүй байхаа ажлаасаа гарах гэж байгаа А  багш бичлэг үзүүлсэн гэж над руу бичсэн. Миний А  багш руу явуулсан бичлэгийг үзсэн байсан. Би хариу бичээгүй нэг дэх өдөр болохыг хүлээгээд байж байхад 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр над руу орой 18 цагт мессеж бичээд "өдрийн мэнд эгч нь чамаас нэг юм гуйх гэсэн юм, 7 хоног ажиллаад ажлаасаа чөлөөлөгдье гэж байна хоёр дахь өдөр багш нь нээлттэй хичээлтэй тэрийг өнгөрөөгөөд цалин мөнгө бодогдоод орохоор хөдөө явах гээд аавыгаа алдаад удаагүй байгаа ээж минь харвалт өгөөд удаагүй сэтгэл санаагаар унаад байх газраа олж ядаж байна" гэснээ өөрөө бас "хүнд хагалгаанд орсон 6 сард савны хавдар гээд миний дүү эгчдээ нэг удаа л тусал тэгэх үү, ажлын тушаал энэ тэр хэцүү мөнгөний хэрэглээ их байна эгч нь өөрөө өргөдлөө өгөх гэж байгаа, эмэгтэй хүн ээж хүний хувьд багшийгаа ойлгож туслаач ээ камер шүүнэ би өрөөнд дуудагдана хэдий ямар нэгэн хийсэн муу зуршилгүй ч гэсэн дуртай олон жил хийсэн ажил минь болохоор тийм байна" гэж мессеж бичсэн байхаар нь "буруугүй бол айх юмгүй шүү дээ, ингэж хэлээд байгаа болохоор чинь камер шүүж үзмээр байна" гэж хэлээд 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 09 цаг 30 минутад 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цаг 35 минутаас хойших камерыг шүүхэд манай хүүхдийг санал дээр сууж байхад нь Н  туслах багш ирээд баруун талын чих рүү нь алгадаад уйлаад байхаар нь гараас нь чирч татаад цаашаа яваад гал тогооны тавилгын урд талд унагаад нуруу руу нь өшиглөөд босоод ирэхээр нь нүүр рүү нь алгадаад сандал руу нь шидэж суулгаад нүүр нь олон удаа алгадаад байсан. Тэгээд ариун цэврийн өрөө рүү чирээд аваад орсон бичлэг байсан. Ариун цэврийн өрөөнд байж байгаад 5 минутын дараа гарч ирсэн. 10 цаг 47 минутад ороод 10 цаг 52 минутад 00-ын өрөөнөөс гарч ирсэн. Тэрнээс өмнө бүх хүүхдийн чих рүү алгадаад манай хүүхэд уйлсан чинь чирч аваачаад зодсон байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.А гийн өгсөн: “...Н  нь миний удирддаг ахлах Б бүлэгт миний туслахаар ажилладаг бөгөөд манай ангид дан 4 настай хүүхдүүд явдаг юм. Тэгтэл 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө би ажил дээрээ 06 цагт ажил дээрээ ирээд, ангийн маань хүүхдүүд 09 цаг гэхэд бүгд ирсэн байсан учир би хуваарийн дагуу ангийнхаа хүүхдүүдэд нээлттэй хичээл зааж дуусаад 10 цаг өнгөрч байх үед би салбар цэцэрлэг рүүгээ очиж бусад багш нарын хамтаар сургалтад суугаад, 11 цаг 20 минутын орчимд эргэж, цэцэрлэг дээрээ ирээд анги руугаа ороход туслах Багш Н  надад хандаж А , Нандин-Эрдэнэ, Билгүүнтөгс гурав хоорондоо хөөцөлдөж тоглож байгаад мөргөлдөөд А ийн хамраас нь цус гарахаар нь би хувцсыг нь угаасан гэж хэлж байсан бөгөөд тухайн үед А ийн хамар хэсэг нь улайсан байдалтай байсан. 18-ны өглөө 09 цагийн үед А ийн ээж Э нь цэцэрлэг дээр ирж хяналтын камерыг шүүж үзсэн бөгөөд миний бие цугтаа тус бичлэгийг үзэхэд А  дээр ирээд чих хавьцаа газар луу нь гараараа нэг удаа алгадаж, сандал дээр сууж байхад нь гараас нь чирч унагаагаад, чирч яваад гал тогооны хэсэг рүү аваачаад нүүр лүү дахин нэг удаа цохих шиг болсноо нойлын өрөө рүү дагуулж ороод 5 орчим минут болоод А ийг арын өрөө рүү дагуулж ороод, унтлагын хувцастай авч гарч ирж байгаа бичлэг бичигдсэн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

 

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 15315 дугаартай: “...Ц.А ийн биед хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 47 дахь тал/,

           

            Насанд хүрээгүй хохирогч Ц.А ийн насыг тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 62 дахь тал/,

 

            Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 67-70 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ц.Н ийн яллагдагчаар өгсөн: “..."...би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 120 дахь тал/,

 

Насанд хүрээгүй хохирогч Ц.А , түүний хууль ёсны төлөөлөгч Э.Э  Н с прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 136 дахь тал/,

Яллагдагч Ц.Н ийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 137 дахь тал/,

2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 177 дугаартай “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол /хавтаст хэргийн 139-140 дэх тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ц.Н  нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ц.А ийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол учирсан боловч насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч Н с мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол, төлбөр баримтаар нэхэмжлээгүй /хавтаст хэргийн 136 дахь тал/ байх тул шүүгдэгч Ц.Н ийг бусдад төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгосон, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг, 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг тус тус нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийтэд тустай ажил хийлгэх нийт эдлэх ялыг 480 цагаар тогтоож ял эдлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн байх бөгөөд шүүгдэгч тухайн хэргийн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дахь хэсгийн 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У  овгийн Ц ын Н ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй мэдсээр байж  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг,

мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Арван найман насанд хүрсэн хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн гэмт хэргийг багш, сурган хүмүүжүүлэгч үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

мөн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н д оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н  нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Н  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.

            7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ЭНХТҮВШИН