Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2017/ШЦТ/122

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Хохирогч П.Батчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Төмөрбаатарт холбогдох 201705000146 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 07 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ВГ83122114 тоот регистрийн дугаартай, Өөлд овогт Сүмбээгийн Төмөрбаатар,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч С.Төмөрбаатар нь хохирогч П.Батчимэгийг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багт байрлах өөрийн гэртээ 2014 оны 11 сарын сүүлээр бусадтай хардаж баруун хөл дээр нь гуталтай хөлөөрөө дэвсэж баруун 2 дугаар хурууг нь хугалж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 2 дугаар гудамжны 44 тоот хашаанд бусадтай хардаж зодсон,

2016 оны 05 дугаар сарын 20-дын үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багт байрлах Нэгдсэн амбулаторын гаднаас өөрийн эзэмшлийн 25-60 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хүч хэрэглэн хүчээр суулган авч явж Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт машин дотроо зодсон,

2016 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багт байрлах Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн гадаа бусадтай хардаж, ална гэж дарамталсан,

2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багт байрлах Нэгдсэн эмнэлгийн амбулаторын гадаа хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар цүнхийг нь булаан хүчээр өөрийн эзэмшлийн 25-60 УНТ улсын дугаартай тоёота спирентер маркийн тээврийн хэрэгсэлд хүч хэрэглэн машиндаа суулган дарамталсан,

2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багт байрлах 4 дүгээр цэцэрлэгийн гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар чирж. хөл гар луу цохиж дарамталж, зодсон,

2017 оны 04 дүгээр сарын 8-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багт байрлах Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулатор дээр хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зүүн бугалган тус газар нь цохиж гэмтэл учруулах зэргээр байнга зодох буюу тарчлаах шинжтэй үйлдэл хийсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

Хохирогч П.Батчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Миний бие 2011 оны зун С.Төмөрбаатартай танилцаж үерхэх болсон. 2012 оны 9 дүгээр сараас эхэлж хамтран амьдрах болсон. Би өөрийнхөө цалингийн зээлийг авч гэр худалдаж авснаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд жирэмсэн болж 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүү Тэмүүжинг төрүүлсэн. Ингээд бид 2 албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байж байгаад 2016 оны 3 дугаар сард салж тусдаа амьдрах болсон. Би хүүгийнхээ хамтаар аав ээжийнхээ гэрт амьдарч С.Төмөрбаатар нь аав ээжтэйгээ хамт амьдарч байгаад сүүлдээ өөрөө нэг өрөө байр авч ганцаараа амьдарч байгаа гэсэн. Бид 2 салдаг шалгаан нь С.Төмөрбаатар намайг ямар ч шалгаангүйгээр хардаж үүнээсээ болж намайг зоддог байсан. Энэ нь дандаа эрүүл архи дарс уугаагүй байхдаа зоддог байсан. Хардахдаа утсаар ярьсан хүнтэй бас хамт ажилдаг эрэгтэй хүмүүстэй харддаг байсан. Мөн намайг гэрээс гаргахгүй ажпаас зохион байгуулж байгаа олон нийтийн арга хэмжээнд оруулдаггүй байсан зэргээс болж би энэ хүнээс салахаар шийдэж салсан юм. С.Төмөрбаатар нь надтай хамтран амьдарч байх хугацаандаа байнга зоддог дарамталдаг, шалтгаангүйгээр харддаг байсан бөгөөд би тэр болгоныг нь тэвчээд өнгөрдөг байсан. Би ингэж зодсон үйлдлүүдээс нь тоймтой хэдийг нь хэлье гэж бодож байна. Үүнд: 1-рт 2014 оны 11 дүгээр сарын сүүлээр намайг гэртээ хүүхдийнхээ хамтаар байхад эрүүл орж ирээд намайг хардаж баруун хөл дээр гуталтай хөлөөрөө дэвсэж миний баруун хөлний 1 хурууг хугалж биед хөнгөн гэмтэл учруулсан байсныг сүүлд нь цагдаагийн байгуулагад өгсөн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болсон гэж байсан. 2-рт 2016 оны 4 дүгээр сарын эхээр өдрийг нь санахгүй байна намайг хардаж дарамталж зодох гээд цагдаад дуудлага өгч С.Төмөрбаатар нь торгуулийн арга хэмжээ авагдаж байсан. 3-рт 2016 оны 5 дугаар сарын 20-ны үед байх арай 6 сар болоогүй байхад ундны цагаар гарах гээд ажлынхаа хашаан дотор явж байхад С.Төмөрбаатар нь машинтай хүрч ирээд машиндаа намайг чирж оруулж суулгаад чамайг ална гээд аймгийн хойшоо байдаг оршуулгын газарт ирээд миний хоолойг боож чамайг нэг мөсөн ална гээд нүүр толгой гар хөлрүү цохиж би уйлсан чинь больж, би гуйж байгаад аймагт орж ирсэн. Энэ асуудлаас болж би хөлийн хурууг хугалсан асуудлыг цагдаад мэдэгдсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж байсан. 4-рт 2016 оны 7 дугаар сард бас ажил дээр ирээд намайг хардаж ална гээд дарамталж цагдаад өгч бас торгуулийн арга хэмжээ авагдсан. 5-рт 2016 оны 9 дүгээр сард бас ажлын гадаа ирээд цүнх булааж авч яваад би цагдаад өгч бас торгуулийн арга хэмжээ авагдаж байсан. Энэ мэтчилэнгээр байнга утсаар дарамталж байдаг байсан бөгөөд хамгийн сүүлд 2017 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 11 цагийн үед ажлын байран дээр орж ирээд чи нэг залуутай явж байсан, би тэр залууг чинь олж авслана гээд байсан. Би хүмүүс байсан учир чи гарч бай гараад хүлээж бай эсвэл гэрт очиод уулз гэхэд гарахгүй байсан. Тэгтэл хамт ажилдаг Өлзийдүүрэн гэж бага эмч орж ирээд ажил дээр юу болоод байгаа юм гарч уулз гэхэд С.Төмөрбаатар нь чамд миний амьдрал хамаагүй гээд Өлзийдүүрэн бага эмчийг заамдаж аваад гарчихъя гээд чамайг ална гээд чирээд байхаар нь би цагдаа дуудсан юм. Ингэж манай ажил дээр орж ирэхээс 2 хоногийн өмнө буюу 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр намайг хүүхдээ цэцэрлэгээс аваад явж байхад хүүхдийнхээ хажууд намайг чирээд явахгүй гэхэд хөл гарлуу цохиж зодож байсан. Тэгэхэд өөрийнх нь төрсөн эгч С.Байгаль нь хүүхдээ авах гэж явж байгаад тааралдаж наад хүүхэнтэйгээ яах гэж зууралдаад байгаа юм гээд намайг бас хэл амаар доромжилж байгаад явсан. Миний хувьд энэ хүнээс маш их айж байна. Энэ хүнд гомдолтой байна. Надад энэ хүнээс хэргийн хувьд ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй харин хүүхдийнхээ мөнгийг шүүхээр нэхэмжилж байгаа. Нэмж хэлэхэд С.Төмөрбаатар нь ажил дээр хүрч ирээд байнга дарамталдаг бөгөөд гадаа хүүхэдтэйгээ явж байхад бас ажил дээр байхад хүрч ирээд гэрлүүгээ дагуулж явах гээд хааяа бүүр гэртээ дагуулж хүчээр оруулчихаад гаргахгүй гарах гэхлээр зоддог, мөн ажил дээр ирээд гар утас булааж авч явчихаад гэрт ирээд ав гээд байдаг. Ингэж намайг гэртээ хүчээр оруулчихаад ах дүү нартай намайг ирж хэрүүл хийдэг гэж ярьдаг юм шиг байгаа юм. Би энэ болгонд нь цагдаад хэлдэггүй болохоор намайг дахин дахин ингэж дарамталж байгаа учир би маш их гомдолтой байна … гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/,

Гэрч Ч.Амгалангийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... манай охин П.Батчимэгтэй С.Төмөрбаатар гэгч нь 2010 оны үед танилцаж хамтран амьдарч байгаад 2016 онд салж, охин П.Батчимэг нь хүүгийн хамтаар нөхөр бид хоёртой амьдарч байгаа юм. С.Төмөрбаатар нь манай охинтой хамтран амьдарч байх хугацаандаа байнга хардаж бас зодож хэл амаар доромжилж байснаас болоод охин минь аргагүй эрхэнд салж аав ээж дээрээ ирсэн. Миний мэдэж байгаагаар хөл дээр нь гишгэж хөлийнх нь хурууг хугалж, зодож нүүр амыг нь хөхрүүлдэг байсан. Хамгийн сүүлд 2017 оны 03 сарын 16-17-ны үед зодоод нүдийг нь хөхрүүлсэн байсан. Үүний дараа хүүхдээ цэцэрлэгээс нь авах гээд явж байхад нь тааралдаж гар хөлнөөс нь базаж хөхрүүлж, хүчээр авч явсан талаар хэлж байсан. С.Төмөрбаатарыг хардаж зодож байсан талаар нь цагдаад хэлж шалгагдаж 2 удаа торгуулийн арга хэмжээ авагдаж 1 удаа баривчлагдаж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/,

Гэрч М.Өлзийдүүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... П.Батчимэгийн хамтран амьдардаг гэх С.Төмөрбаатар гэж залуу байнга ажил дээр нь ирсэн байдаг байсан. Би эхлээд хамт явах гэж байгаа юм байх гэр бүлийн 2 хүн юм байна гэж боддог байсан. Тэгтэл Батчимэг нь ажил дээрээ ирэхдээ нүд ам нь хөхөрсөн ирдэг болсон. Сүүлд нь сонсож байхад нөхөр С.Төмөрбаатар нь байнга зоддог гэж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25/,

Шүүгдэгч С.Төмөрбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: Миний хувьд П.Батчимэгтэй 2009 онд танилцаж 2012 онд нэг гэрт орж хамтран амьдарч байсан. Гэрлэлтээ албан ёсоор батлуулж байгаагүй. Энэ хугацаанд бид 2-ын дундаас 2013 оны 10 дугаар 01-ний өдөр хүү Тэмүүжин төрсөн. Ингэж хамтран амьдрах хугацаанд манай хадам ээж Амгалангаас болж бид 2 маргалдаж хэрүүл маргаан хийдэг байсан. Учир нь манай хадам ээж намайг өмнө нь гэр бүл зохиож байсан гээд дургүй байдаг. Би өмнө нь эхнэртэй байж байгаад салсан. Эхнэрээсээ салах болсон шалтгаан нь П.Батчимэгтэй явж байгаад салсан юм. Миний хувьд П.Батчимэгийн хөл дээр нь дэвсэж хөлийн хурууг нь хугалж байсан нь үнэн. Бас хэрэлдэж маргалдаж цагдаагийн байгууллагаар 3 удаа захиргаан арга хэмжээ авагдсан. Ингэхдээ шүүхээр 1 удаа баривчлагдаж 2 удаа торгуулийн арга хэмжээ авагдаж байсан. Зөрчил гаргах болгондоо тайлбар өгч байсан. Тэнд болсон явдалыг тодорхой ярьсан байгаа ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 сарын 18-ны өдрийн 183 дугаартай шинжээчийн ... П.Батчимэгийн биед зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй ... гэсэн дүгнэлт /хх-ийн 34-35/,

Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт /хх-ийн 49-58/,

Шүүгдэгч С.Төмөрбаатарыг албадан саатуулсан хүний бүртгэл тэмдэглэл /хх-ийн 62-63/,

Шүүгдэгч С.Төмөрбаатарт 2016 оны 04 сарын 18-ны өдөр Захиргааны хариуцлагийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 15.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн тухай захиргааны арга хэмжээ авсан материалын хуулбар /хх-ийн 64-79/,

Шүүгдэгч С.Төмөрбаатарт 2016 оны 07 сарын 09-ний өдөр Захиргааны хариуцлагийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 10.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн тухай захиргааны арга хэмжээ авсан материалын хуулбар /хх-ийн 80-90/,

Шүүгдэгч С.Төмөрбаатарт 2016 оны 09 сарын 12-ны өдөр Захиргааны хариуцлагийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэвэр ногдуулсан тус шүүхийн 2017 оны 09 сарын 12-ны өдрийн 119 дугаар шийтгэвэрийн хуулбар /хх-ийн 91-92/,

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 04-ний өдрийн 350 дугаартай шийдвэр /хх-93-97/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 сарын 09-ны өдрийн 300 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбар /хх-ийн 100/,

Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2016 оны 06 сарын 23-ны өдрийн 347 дугаартай прокурорын тогтоолын хуулбар /хх-ийн 101/,

Шүүгдэгч С.Төмөрбаатарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 98, 103-111/ зэрэг болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд дүгнэхэд шүүгдэгч С.Төмөрбаатар нь С.Батчимэгийг 2014 оны 11 сард бусадтай хардаж баруун хөл дээр нь гуталтай хөлөөрөө дэвсэж баруун 2 дугаар хурууг нь хугалж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 2 дугаар гудамжны 44 тоот хашаанд бусадтай хардаж зодсон, 2016 оны 05 сард Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багт байрлах Нэгдсэн амбулаторын гаднаас өөрийн эзэмшлийн 25-60 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хүч хэрэглэн хүчээр суулган авч явж Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт харгис хэрцгий харьцан, догшин авирлан зодсон, 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багт байрлах Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн гадаа бусадтай хардаж, харгис хэрцгий харьцан, догшин авирласан, 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багт байрлах Нэгдсэн эмнэлгийн амбулаторын гадаа хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар цүнхийг нь булаан хүчээр өөрийн эзэмшлийн 25-60 УНТ улсын дугаартай тоёота спирентер маркийн тээврийн хэрэгсэлд хүч хэрэглэн машиндаа суулган догшин аваирласан, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багт байрлах 4 дүгээр цэцэрлэгийн гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар чирж. хөл гар луу цохиж зодсон, 2017 оны 04 дүгээр сарын 8-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багт байрлах Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулатор дээр хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зүүн бугалган тус газар нь цохиж зодсон болох нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч П.Батчимэг/ хх-ийн 18-19/, гэрч Ч.Амгалан /хх-ийн 21-22/, М.Өлзийдүүрэн /хх-ийн 23-25/, шүүгдэгч С.Төмөрбаатар /хх-ийн /хх-ийн 43-44/ нарын мэдүүлэг болон Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 сарын 18-ны өдрийн 183 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35/, гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт /хх-ийн 49-58/, шүүгдэгч С.Төмөрбаатарыг албадан саатуулсан хүний бүртгэл тэмдэглэл /хх-ийн 62-63/, шүүгдэгч С.Төмөрбаатарт 2016 оны 04 сарын 18-ны өдөр Захиргааны хариуцлагийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 15.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн тухай захиргааны арга хэмжээ авсан материалын хуулбар /хх-ийн 64-79/, шүүгдэгч С.Төмөрбаатарт 2016 оны 07 сарын 09-ний өдөр Захиргааны хариуцлагийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 10.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн тухай захиргааны арга хэмжээ авсан материалын хуулбар /хх-ийн 80-90/, шүүгдэгч С.Төмөрбаатарт 2016 оны 09 сарын 12-ны өдөр Захиргааны хариуцлагийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэвэр ногдуулсан тус шүүхийн 2017 оны 09 сарын 12-ны өдрийн 119 дугаар шийтгэвэрийн хуулбар /хх-ийн 91-92/, Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 04-ний өдрийн 350 дугаартай шийдвэр /хх-93-97/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 сарын 09-ны өдрийн 300 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбар /хх-ийн 100/, Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2016 оны 06 сарын 23-ны өдрийн 347 дугаартай прокурорын тогтоолын хуулбар /хх-ийн 101/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Харин прокуророос С.Төмөрбаатарын дээрх үйлдэл холбогдолийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан ба мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д зааснаар “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч С.Төмөрбаатар хохирогч П.Батчимэг нар нь 2012 оноос гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байжээ.

Шүүгдэгч С.Төмөрбаатар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч П.Батчимэгийг байнга зодон харгис хэрцгий харьцаж, догшин авирлан тарчлааж байсан түүний дээрхи үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 1201 дүгээр зүйл, 2015 оны Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлүүдэд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт хамаарагдаж байх тул шүүглэгч С.Төмөрбаатарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

2002 оны Эрүүгийн хуулийн 1201 дүгээр зүйлд заасан ялын төрөл нь шүүгдэгч С.Төмөрбаатарын эрх зүйн байдлыг дордуулж байх тул түүний үйлдэлийг шинэ Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд зааснаар өөрчлөн зүйлчилж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулав.

Хохирогч П.Батчимэг нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул шүүгдэгч С.Төмөрбаатарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч С.Төмөрбаатарын үйлдсэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэрэгт ангилагдаж байгаа бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч С.Төмөрбаатарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Өөлд овогт Сүмбээгийн Төмөрбаатарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Төмөрбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч С.Төмөрбаатарт зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар шүүгдэгч С.Төмөрбаатарын засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Төмөрбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА