Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/686

 

 

 

 

 

 

 

  2025         08          13                                     2025/ШЦТ/686

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал,

улсын яллагч С.Баяр-Эрдэнэ,

шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 11 дүгээр танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “.......” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ........... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ....... овогт Э.Б /РД:*******/.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч Э.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Э.Б нь 2025 оны 05 дугаар сарын 30-ний өдөр шөнийн 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянбүрдийн тойргийн зүүн талд үйл ажиллагаа явуулдаг М-ойл шатахуун түгээх станцын хажууд Э.Б нь Л.А-тэй тухайн үеийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Л.А-ий нүүрийн уруул хэсэгт гараараа 1 удаа цохиж түүний эрүүл мэндэд “баруун дээд 1-р шүдний булгаралт, уруулд няцарсан шарх, цус хуралт, цээжинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хохирогч Л.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ажлаа тараад эхнэр А, найзуудын хамт төрсөн өдөр тэмдэглэхээр Баянбүрдийн тойргийн урд талд “Р” нэртэй караокед 18 цаг өнгөрөөгөөд орцгоосон. Тухайн үед манай найз У-ын төрсөн өдөр болж байсан, нийт 10 гаран хүн байсан. Тэгээд бөөндөө ууж идээд ярьж сууцгаасан, 0,75 гр 2-3 шил архи хувааж уусан. Тэгээд би тухайн төрсөн өдөр дуусах дөхөж байхад тооцон дээрээс болоод найз Удвал, Б нартай муудалцаж маргалдсан, мөнгөн дээрээс болсон, тэгээд би эхнэртэй хамт тухайн төрсөн өдрөөс хоёулаа гараад ирэхэд араас Б (*******) туслах гэх залуутай дагаж гарч ирээд бид нар хамтдаа Р гэх төвийн хажууд байх СиЮу ороод 2,5 л пиво аваад хажууд нь байх байрны саравчинд орж уугаад, би уучлалт гуйгаад болъё гэхэд над руу Б агсраад “эхнэртээ чи гай болоод байна зүгээр зайл гээд” хэлсэн, тэгээд маргалдаад байж байхад миний шанаа руу нэг удаа гараараа цохисон. Тэгээд би эхнэрээ аваад тухайн газраас зугтаагаад М ойл нэртэй ШТС-ийн баруун талд явган хүний зам дээр гүйж байхад Б араас дагаж ирээд намайг дахиж нүүр лүү цохиод шүд маань унасан. Тэгээд Б яваад өгсөн, эхнэр ч намайг хаяад явсан.Тэгээд цагдаад дуудлага өсгөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дахь хуудас/,

- Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн орой ажлынхаа хүмүүсийн хамт Баянбүрдийн тойргийн орчимд караокед суусан юм. Тэгээд сууж байгаад тэндээс гарахад би болон А, түүний эхнэр А, манай ажлын дүү Ж нарын хамтаар үлдсэн юм. Тэгээд гадаа такси барих гээд зогсож байсан чинь такси ирээд зогссон чинь А нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай, согтуу араас татаж чангаагаад 1 пиво хамт ууя гээд явуулахгүй байсан юм. Тухайн үед А-ий эхнэр А нь бөөндөө цуг харьцгаая, нэг таксинд суугаад явъя гэж байсан чинь А нь явахгүй гэсээр байгаад зогссон таксиг явуулаад, С11 дэлгүүрээс 1 ширхэг 2 литрийн пиво аваад гарч ирээд хамт ууя гээд байхаар нь би уухгүй гээд явахгүй гээд байсан чинь түүний эхнэр А, А нар хоорондоо маргалдаад гэртээ харихгүй гээд хэрэлдээд байсан юм. Тэгээд маргалдаад байхаар нь 1 пиво хамт уучхаад яг явна гээд хажууханд нь байсан сааданд суугаад уусан юм. Тэгээд А нь эхнэртэйгээ муудалцаад хэрэлдээд байхаар нь би дундуур орж болио ч ээ гээд салгасан чинь эхнэр нь уурлаад нөхрөө хаяад яваад егсөн юм. Тэгээд эхнэр нь яваад удаагүй А нь гэнэт миний хажууд сууж байснаа миний зүүн талын шанаа, завж хэсэг рүү 1 удаа гараараа цохих үед нь яаж байгаа юм бэ гээд барилцаад авсан чинь эхнэр нь цаанаас гүйж ирээд мөн манай дүү Ж нар нь дундуур орж ирээд салгасан юм. Ж нь дундуур орж салгах үед бас А нь хамар руу нь цохисон чинь хамраас нь цус гарчихсан. Тэгээд би эхнэрт нь хэлээд танай нөхрийг яах юм бэ? бид хоёр явлаа гэсэн чинь эхнэр А нь ядаж таксинд суулгаад өгчхөө ч гээд байхаар нь дагуулаад сааднаас гараад явахгүй болохоор нь би эргэж хараад А-ий нүүрэн тус газарт 1 удаа гараараа цохисон, яаж цохисон эсэхээ сайн мэдэхгүй байна миний баруун гарын чигчий хурууны дээд үен дээр шүдний ором мэт зүйл гарчихсан шалбарсан байсан... Би ганц удаа нүүрэнд нь цохисон өөр байдлаар биед нь халдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дахь хуудас/,

- Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ****** дугаартай шинжээчийн: “1.Л.А-гийн биед баруун дээд 1-р шүдний булгаралт, уруулд няцарсан шарх, цус хуралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. 1 шүдний булгаралт нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна...” гэх дүгнэлт /хх-ийн 17-18 дахь хуудас/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дахь хуудас/,

- Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол /хх-ийн 49-50 дахь хуудас/,

- Яллагдагчид оногдуулах прокурорын санал /хх-ийн 52-53 дахь хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Э.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Л.А нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдаж байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Э.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Э.Б-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Э.Б нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор 500,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

Шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ..... овогт Э.Б /РД:********/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.АЛДАР