Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 000

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Д.Эрдэнэсоёл,

Хохирогч *******,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Өлзий-Очирт холбогдох 201705000158 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 07 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, 2000 оны 03 сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эх ах дүү нарын хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-29-4 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ВЮ00232216 тоот регистрийн дугаартай, Боржигон овогт Отгонбаярын Өлзий-Очир,

Холбогдсон хэргийн талаар :

Өсвөр насны шүүгдэгч О.Өлзий-Очир нь 2017 оны 05 сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших 19 дүгээр байрны гадаа *******тай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн харилцан маргалдаж улмаар түүнийг зодож бие махбодид нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтан өгсөн: ... “Би 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор сумын 1 дүгээр багт 47 дугаар байранд Данзангийн найз охин Буянхишигийн гэрт Данзан, Дөлгөөн, Буянхишиг бид хэд байж байгаад орой 20-21 цагийн орчим гэрээдээ явах гээд ганцаараа гарсан чинь гадаа нэг охин таараад өөрийг чинь тэнд дуудаж байна гээд 48 айлын байрны тэрээд заахаар нь яваад очсон чинь 8-9 банди нар байсан. Тэгтэл тэр дундаас Өлзий-Очир гэх банди нь "чи намайг дээрэлхдэг, чи намайг зоддог гэж хүүхдүүдэд ярьдаг гэсэн гээд байхаар нь би тийм зүйл мэдэхгүй, тийм зүйл надад байхгүй гээд маргаад байж байсан чинь миний араас Данзан, Дөлгөөн хоёр гарч ирээд Данзан нь намайг салгаад холдуулах гээд бид хоёрын дундуур орсон чинь Өлзий-Очир намайг миний баруун талын нүдрүү цохиод дух хамар зүүн чихрүү хэд хэдэн удаа өшиглөөд авсан. Энэ үеэр Данзан боль гээд намайг салгаж аваад миний нүд хамарнаас цус гараад байсан учир эргээд Буянхишигийн гэрт орж цусаа угааж цэвэрлээд эргээд гараад ирсэн чинь гадаа байсан банди нар бүгд явсан байсан. Би тэр бандийг сайн танихгүй, зүс таних төдий л банди байсан. Сүүлд нэрийг нь мэдсэн. Номундалай сургуульд сурдаг Өлзий-Очир гэдэг банди байсан. Ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. Энэ залуу эрүүл байсан. Намайг зодуулсан талаар манай найз Данзан, Дөлгөөн бас Өлзий-Очиртой хамт байсан хүүхдүүд харсан. Өлзий-Очиртой хамт явсан хүүхдүүдийг танихгүй. Би Улаанбаатар хот явж "ТЭУ" хувийн эмнэлэгт нүдний нулимсны суваг залгах мэс ажилгаанд орж нулимсны суваг залгуулан гуурс тавиулсан. Одоо нүдний хараанд өөрчлөлт орсон. Дахиад 6 сарын дараа ахин хагалгаанд орж гуурсаа авахуулна гэсэн. Одоо бол биеийн байдал гайгүй. Зодуулсан даруйд баруун нүдний зовхи сэтэрсэн, хамар далийсан, зүүн чих хавдсан байсан. Одоо цаашид байнгын эмчилгээ хийлгэж байгаад 6 сарын дараа дахин хотод очиж гуурсаа авахуулна гэсэн. Тэгэхээр энэ хугацааны эм тарианы мөнгийг нэхэмжилнэ. Нийт дүнгээрээ нэг сая төгрөгний эмчилгээ болдог гэж "ТЭУ" эмнэлэгийн эмч хэлж байсан. Өлзий-Очирын ээж нь гэх хүн ирж хохирол 500,000 /таван зуун мянган/ төгрөг барагдуулсан. Одоо нэмээд үлдэгдэл мөнгийг нэхэмжилнэ … гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/,

Насанд хүрээгүй гэрч Б.Лодойсамбуугийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2017 оны 05 дугаар сарын 05-ны орой 21 цагийн орчим манай ангийн Билгүүнээ бид хоёр манай гэрлүү явж байсан чинь манай ангийн Өлзий-Очир утсаар яриад намайг энэ бор 48 айлын байрны хажууд нөгөө Жамбалбавуу чинь зодох гээд байна, гялс хүрээд ир гэхээр нь бид хоёр яваад очсон чинь тэр Жамбалбавуу гэх банди нь Өлзий-Очирын хоёр гарыг дараад барьчихсан мөргөх гээд дайраад байж байсан. Биднийг очиход Жамбалбавуу нь Өлзий-Очирыг "чи муу чацга, юу гээд байгаа юм, миний өмнөөс ингэж дуугарах болоогүй шүү" гээд дайрч томроод байсан. Тэр үед Өлзий-Очир хараад зогсож байгаад тэгвэл ийшээ гараад эр хүн шиг зодолдоё гэсэн чинь тэгье, чам шиг чацга хэзээ ийм болчихсон юм гэж хэлээд хоорондоо заамдалцаад авсан. Тэгээд нэлээд хугацаанд заамдалцаад зогсоод байхаар нь Мөнхсайхан очоод салгаад хоёр тийш нь болгож байсан чинь Жамбалбавуу нь цохих гэж хий далайгаад Өлзий-Очир түүнээс нь цочиж дальдирч зөрүүлж цохиод авсан чинь тэр Жамбалбавуу тонгойсон. Энэ үед Өлзий-Очир ахиад өшиглөчихсөн чинь нүүрнээс нь цус гараад байх шиг байсан чинь Өлзий-Очир намайг чи нүүрийг нь утасны гэрэл тусгаад хараадах даа гэхээр нь харсан чинь нүдний доод хэсгээс цус гарч байсан. Тэгтэл Өлзий-Очир намайг чи наадахыгаа дуудаад нааш нь аваад ир таксины мөнгийг нь төлөөд эмнэлэгт очиж үзүүлье гэсэн чинь "би ийм жижигхэн юмнаас эмнэлэгт очдоггүй" гээд байхаар нь би очоод чи сохорчихвол яах гээд байгаа юм гээд гараас нь бариад авсан чинь сохирчихоогүй бол болоо юм бишүү, та нар зайл даа, юун сүртэй юм гээд биднийг хөөгөөд байснаа тэнд ирсэн байсан найз нь бололтой хоёр хүүхэдтэй яваад өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/,

Насанд хүрээгүй гэрч Н.Мөнхсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би 2017 оны 05 дугаарсар 05-ны орой 21 цагийн орчим ангийнхаа Ганлхамын гэрт байсан чинь манай ангийн Өлзий-Очир надруу утсаар залгаад намайг 48 айлын байрны хажууд намайг нэг ах дээрэлхээд байна. Хүрээд ир гэхээр нь би ганцаараа алхаад очсон чинь манай ангийн Өлзий-Очир 48 айлын байрны урд нь нэг залуу хоёр охинтой зогсож байсан. Намайг очсоны дараа бас манай ангийн Лодойсамбуу, Билгүүнээ хоёр ирсэн. Тэр үед Өлзий-Очир хамт байсан Жамбалбавуу гэх залуутайгаа зодолдох гээд заамдалцаад нэлээд удаад байхаар нь би очоод салгаад дундуур нь ороод хоёр тийш нь болгож байсан чинь энэ Жамбалбавуу гэх залуу нь гараа далайсан чинь Өлзйи-Очир нүүр орчим нь цохиод авсан. Энэ үед тэр залуу тонгойсон чинь Өлзий-Очир ахиад нүүрлүү нь өшиглөсөн. Тэгтэл тэр Жамбалбавуу гэх залуугийн нүүр орчиноос нь цус гараад байсан чинь Өлзий-Очир очоод би таксины мөнгийг нь өгнө, хоёулаа яваад 103-т үзүүлье гэсэн чинь тэр залуу нь би ийм юмнаас болж эмнэлэг явдаг гэж юу байдаг юм гээд тэнд ирсэн байсан найз нь бололтой 2 хүнтэй хамт яваад өгсөн. Өлзий-Очир ярихдаа бол энэ Жамбалбавууг намайг дээрэлхээд байдаг байсан гэж ярьж байсан. Яг хаана юунаас болж маргалдаж байсан талаар нь бол мэдэхгүй. Тэр үед харанхуй болж байсан. Тэр үед Лодойсамбуу утасныхаа гэрлийг тусгаад харахаар нь би харсан чинь баруун талын нүдний доороос нь цус гарчихсан байсан. Тэр үед өөр ямар нэгэн хүн зодоон хийгээгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/,

Гэрч Г.Данзангийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... орж ирээд Жамбалбавуу ах гадаа хүнтэй зодоо хийх гээд гэхээр нь гарсан чинь Жамбалбавуу нэг хүүхэдтэй заамдалцаад барилцаад авсан байхаар нь очоод хоёуланг нь салгаад барилцсан гарыг нь тавиулж байсан чинь тэр барилцаж авсан байсан залуу нь Жамбалбавуугийн нүд орчимд нь цохиод авсан чинь Жамбалбавуу тонгойход ахиад нүүр орчимд нь өшиглөөд авсан. Би цааш авч яваад өөрийн найз Буянхишигийн гэрт оруулаад нүүр гарыг нь цэвэрлэж өгөөд цагдаад мэдэгдсэн. Жамбалбавуу зодуулаад баруун талын нүдний хажуугаар сэтэрсэн шарх үүссэн, дух нь хавдсан байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/,

Насанд хүрээгүй гэрч Р.Билгүүний мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2017 оны 05 дугаар сарын 05-ны орой 21 цагийн орчим ангийнхаа Лодойсамбуугийн хамт гэрлүү нь явж байсан чинь Өлзий-Очир надруу утсаар яриад "намайг 48 айлын орон сууцны хажууд дээрэлхээд байна" гэж ярихаар нь Лодойсамбуугийн хамт яваад очсон чинь тэнд Өлзий-Очир, Мөнхсайхан, Жамбалбавуу, наана нь танихгүй хоёр охин, нэг залуу байсан. Биднийг очиход Өлзий-Очир, Жамбалбавуу гээд байгаа залуу хоёр маргалдаад бие биенийгээ заамдаад бариад авчихсан зогсож байсан. Тэгээд тэр хоёр зодоо хийсэн зүйлгүй нэлээд хугацаанд заамдалцаад зогсоод байсан чинь манай ангийн Мөнхсайхан очоод дундуур нь ороод салгах гэсэн чинь Жамбалбавуу гэх залуу нь Өлзий-Очирыг цохих гээд хий далайсан чинь Өлзий-Очир өрсөөд нүүр орчим нь цохиод салаад холдонгуутаа нүүр лүү нь өшиглөчих шиг болсон чинь Жамбалбавуугийн нүүрнээс цус гараад байсан. Тэр үед харанхуй болж байсан болохоор яг хаанаас нь гарч байгаа нь харагдаагүй. Тэгтэл Өлзий-Очир тэр цохисон залуугаа гараас нь барьж аваад таксины мөнгийг нь би төлье, эмнэлэг яваад үзүүлээдэх гэсэн чинь, би ийм жоохон юманд эмнэлэг явдаг хүн биш, нүд сохорчихсон биш гээд гараа угз татаад тэнд байсан нэг хүнтэй яваад өгсөн. Тэр үед Лодойсамбуу утасныхаа гэрлийг тусгаад харахаар нь би харсан чинь баруун талын нүдний доороос нь цус гарчихсан хажууд байсан нэг хүн нь салфетик гаргаад өгч байсан. Тэр үед өөр ямар нэгэн хүн зодоон хийгээгүй. Тэгээд тэндээсээ тэр шөнөө бид гэр гэртээ харисан чинь энэ Жамбалбавуу нь биднийг олж ална гэж 2-3 машинтай хүмүүстэй яваад байна гэнэ гэж манай ангийн Лодойсамбуу хэлсэн. Лодойсамбууд хэн хэлсэнийг мэдэхгүй … гэсэн мэдүүлэг /хх- ийн 38/,

Өсвөр насны шүүгдэгч О.Өлзий-Очирын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 21 цагийн орчимд Дөвөнтийн 48 айлын орон сууцны орчимд Ариунзаяа гэдэг охинтой байж байгаад намайг Жамбалбавуу дээрэлхээд байгаа, тэгж байгаад нэг уулзанаа гээд ярьсан чинь тэр охин Жамбалбавууг найзаараа дуудуулчихсан юм шиг байгаа юм. Тэгээд байж байтал Жамбалбавуу хүрч ирээд "чи яасан гээд байгаа юм " гэхээр нь чи намайг дээрээс хойш дээрэлхээд байгаа шүү гээд хэлсэн чинь би яасан юм гээд маргалдсан. Тэр Жамбалбавуугийн араас Дөлгөөнөө гэх хүүхэд бас хүүхэдтэй ирсэн. Бас наана нь манай ангийн Мөнхсайхан, Лодойсамбуу, Билгүүн нар ирсэн. Тэгээд би Жамбалбавуутай маргалдаж байгаад хоёулаа зодолдох уу гэсэн чинь тэгье гэхээр нь хоорондоо барилцаж аваад байж байсан чинь Жамбалбавуу намайг цохих гээд хий дальдираахаар нь би өмнөөс зөрүүлээд баруун талын нүд орчим нь хальт цохисон. Энэ үед бараг харанхуй болж байсан болохоор би яг хаана нь цохисноо хараагүй. Жамбалбавуу надад цохиулаад доошоо тонгойхоор нь духны орчим нь өшиглөөд нэг удаа бөгс рүү нь өшиглөсөн. Тэгээд бид хоёр салаад гэр гэрээдээ явсан. Намайг явах гэж байхад Жамбалбавуугийн нүүрнээс харанхуйд цус гараад байсан чинь манай ангийн Лодойсамбуу 103 руу явж үзүүлье гэсэн чинь Жамбалбавуу явахгүй, би ийм жоохон юманд явдаггүй, яасан сүртэй юм та нар гээд цаашаа яваад байсан. Жамбалбавууг зүс танина. Урд нь намайг ангийнхаа хүүхдийн "ПС" тоглоомын газарт зогсож байсан чинь холдооч гээд намайг түлхэж аваад дээрэлхээд байдаг байсан. Өс хонзонгийн асуудал байхгүй. Манай ангийн Лодойсамбуу, Билгүүн, Мөнхсайхан нар байсан. Жамбалбавуугийн араас ирсэн Дөлгөөн, Данзан нар байсан. Бусдыг зодож гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-65, 70-71/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 161 дугаартай шинжээчийн ... “*******гийн биед баруун нүдний нулимсны сувгийн тасрал, баруун нүдний алим, зүүн чихний дэлбэнд цус хуралт, духанд зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 45-46/,

Хохирогч ******* нь нулимсны суваг залгах мэс ажилбар хийлгэсэн талаарх эмчийн тэмдэглэл /хх-ийн 79-80/,

Хохирлын баримт /хх-ийн 81-82/,

Өсвөр насны шүүгдэгч О.Өлзий-Очирын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 72-78, 84-92, 99-120/,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн хохирол төлсөн баримт, Баянхонгор аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүсэлт, Шинжлэх ухаан, технологийн их сургуульд суралцах эрхийн бичиг зэрэг болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд дүгнэхэд өсвөр насны шүүгдэгч О.Өлзий-Очир нь 2017 оны 05 сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших 19 дүгээр байрны гадаа *******тай маргалдаж баруун нүдрүү нь гараараа цохиж бие махбодид нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь хэрэгт авагдсан дээрх үйл баримтын тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч *******, насанд хүрээгүй гэрч Б.Лодйсамбуу, Н.Мөнхсайхан, Г.Данзан, Р.Билгүүн, өсвөр насны шүүгдэгч О.Өлзий-Очир нарын мэдүүлэг, *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсаныг тогтоосон Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 сарын 10-ны өдрийн 161 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул өсвөр насны шүүгдэгч О.Өлзий-Очирыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хавтаст хэргийн 81-82 дугаар хуудсанд авагдсан хохирлын баримтуудыг шалгахад тухайн баримтууд нь хуульд нийцсэн ба хохирлын нийт дүн нь 534.400 төгрөг болж байх бөгөөд өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярмаа нь дээрхи хохирлыг хохирогч талд бүрэн барагдуулсан байх боловч хохирогч ******* нь шүүгдэгчид гомдолтой, бие бүрэн эдгэрээгүй, цаашид эмчилгээ хийлгэж байгаад хотод очиж гуурсаа авахуулах учир эм тарианы мөнгийг нэхэмжилнэ хэмээн мэдүүлсэн тул цаашид гарах эмчилгээний болон бусад зардалын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Өсвөр насны шүүгдэгч О.Өлзий-Очир нь 2017 оны 08 сарын 01-ний өдрийн байдлаар 17 нас 4 сар 10 хоногтой болох нь хэргийн 75 дугаар хуудсанд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаагаар тогтоогдсон, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн өсвөр насны шүүүгдэгч О.Өлзий-Очирын хамтран өмчлөлийн SHARP маркийн телевизорыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Отгонбаярын Өлзий-Очирыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүүгдэгч О.Өлзий-Очирт 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өсвөр насны шүүүгдэгч О.Өлзий-Очирт оногдуулсан 120 цагийн цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар өсвөр насны шүүүгдэгч О.Өлзий-Очир нь 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн өсвөр насны шүүүгдэгч О.Өлзий-Очирын SHARP маркийн телевизорыг түүнд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардалын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч О.Өлзий-Очирт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА