Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/510

 

 

 

 

 

   2021            05            25                                         2021/ДШМ/510    

 

Б.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Аянагүл,

цагаатгагдсан этгээд Б.Х-ы өмгөөлөгч Г.Наранбаатар,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 53 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Аянагүлийн бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 6 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Б.Х-д холбогдох эрүүгийн 2107000000002 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х-,

Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн;

 

Шүүгдэгч Б.Х- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.Ү-ийг

2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ***гэртээ хэрүүл маргаан үүсгэн улмаар баруун талын хөл рүү нь өшиглөсөн,

2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүүхдээ тэвэрч байхад нь хэрүүл маргаан хийж улмаар түүний зүүн талын хацар луу алгадаж “чамайг алчихна шүү дөрвөн хүүхдээ харуулах хүн байгаа” хэмээн хэрүүл маргаан хийсэн,

2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр тээврийн хэрэгсэл дотор хардалтын улмаас хохирогч Т.Ү-ийн толгой руу нь цохиж, өмсөж явсан өмдний уяаг нь авч хоолойг нь боох, гарыг нь уяж улмаар хоолойг нь машины суудлын бүрээсээр дахин боож биед нь эрүүний доод хэсэгт цус хуралт бүхий гэмтэл учруулсан,

2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “чи намайг 7 хоног баривчилгаанд явуулаагүй байсан бол би энэ хэргээс мултарчих байсан юм” хэмээн толгой болон хүзүүний ар хэсэг рүү гараараа тус бүр нэг удаа цохисон,

2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр урьд үүссэн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдах явцдаа хохирогч Т.Ү-ийн толгой руу нэг удаа гараараа цохисон,

2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мөн адил маргалдаж хохирогч Т.Ү- “чи намайг эд хөрөнгөөр дутаагаагүй хайраар дутаасан” гэж хэлсэн үгэнд нь дургүйлхэн түүний зүүн талын мөр орчимд гараараа нэг удаа цохисон,

2020 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө мөн гэртээ урьд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас дахин хэрүүл маргаан хийж улмаар хохирогч Т.Ү-ийг ор луу түлхэж унагаан үснээс нь зулгаах зэргээр зодож улмаар “ингээд тэр эд мөрийн баримт гээд байгаа юмаа сонсгоорой” хэмээн түүний утсыг авч шидэн хуваарьт эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхэд нь халдаж байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Налайх дүүргийн прокурорын газраас: Б.Х-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2107000000002 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Х-ыг цагаатгаж, шүүгдэгч Б.Х- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Аянагүл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, үйл баримтад хийсэн эрх зүйн дүгнэлт нь үндэслэлгүй гэж дүгнэхээр байна.

Тухайлбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” бол ...шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцэхгүй гэж хуульчилсан байдаг. Уг хэргийн хохирогч Т.Ү- нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад хоёр удаа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө шүүгдэгч Б.Х- өөрийг нь удаа дараа зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан, мөн яагаад зодох болсон шалтгааны талаар дэлгэрэнгүй мэдүүлдэг. Энэ нь хэрэгт авагдсан гэрч О.О-, Ц.М- нарын мэдүүлэг, хохирогчийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдсон бол хохирогч Т.Ү- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны үед “манай нөхөр бид хоёрын хооронд хэрүүл маргаан болсон нь үнэн. Намайг зодож цохисон асуудал байхгүй...” гэж мэдүүлэн өмнөх мэдүүлгээсээ буцсан. Гэтэл шүүх цагаатгах тогтоолдоо хохирогч Т.Ү-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг гол нотлох баримтаа болгосон боловч түүний зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлгүүдийг яагаад үгүйсгэсэн талаараа үндэслэл бүхий дүгнэлтийг огт хийгээгүй. Мөн цагаатгах тогтоолд үндэслэлээ болгосон насанд хүрээгүй гэрч Х.А-ийн мэдүүлгийн хувьд түүний эх буюу хохирогч Т.Ү- нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад “...хүү Х.А- нь аавыгаа өмөөрөөд аав зоддоггүй гэж хэлдэг. Яагаад гэвэл хүүхдэд маань үг зааж өгдөг” гэж мэдүүлсэн. Харин гэрч Р.Б-ын хувьд шүүгдэгч Б.Х-ы хүргэн бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүгдэгч Б.Х-ы хашаан дотор байсан, тухайн өдөр шүүгдэгч Б.Х- нь хохирогч Т.Ү-ийг зодсон гэх асуудал нь гэр дотор болсон. Гэрч Д.М-ийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүгдэгч Б.Х- нь хохирогч Т.Ү-ийг зодож, утсыг нь устгаж гэмтээсэн гэх үйл явдал болсны дараа тухайн айлд ирсэн байдаг.

Шинжээчийн дүгнэлтүүдийн хувьд 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 08/шэ/888 дугаар дүгнэлтэд Т.Ү-ийн биед гэмтэл учраагүй талаар, 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 08/шэ/44 дугаар “Т.Ү-ийн биед гэрэл зурагт авагдсанаар эрүүний доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өөртөө учруулах болон бусдын хүчээр үүсэх эсэхийг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлттэй холбогдуулан шүүх хуралдааны явцад түүнээс мэдүүлэг авахад “...хүн боомилсон, өөрөө дүүжилсэн эсэхийг ялгах боломжгүй. ...мөн нэг удаа цохиход гэмтэл учрахгүй байж болно. Зөвхөн зовиур илрээд өнгөрч болно. ...” гэж мэдүүлдэг. /шүүх хуралдааны тэмдэглэлийн 19 дэх тал/

Шинжээчийн дээрх дүгнэлтүүд болон түүний шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлгүүдээс харахад шүүгдэгч Б.Х- нь хохирогч Т.Ү-ийг 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр толгой руу нь нэг удаа , 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мөр лүү нь нэг удаа тус тус цохисон... үйлдлээс болж хохирогч Т.Ү-эд ил харагдах гэмтэл учрахгүй байх боломжтой талаар хэлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэргийн шинжид хохирогчид заавал гэмтэл учирсан байхыг шаарддаггүй. Түүнчлэн хохирогч Т.Ү-ийн хоолойд учирсан гэмтлийн талаар “...арагшаа чиглэлтэй уян материалаар боомилсон бөгөөд уян материалд машины суудлын бүрээс орох ба боомилсон тохиолдолд ихэнхдээ хүзүүний голоор ором нь хөндлөн үүсдэг, дүүжилж байгаа тохиолдолд арагш дээш үүснэ гэсэн ойлголт байхгүй” гэсэн нь хохирогч өөрийгөө боомилсон гэж мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг нь үгүйсгэгдсэн гэж үзэж байна.

Харин шүүгдэгч Б.Х- нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Т.Ү-ийн хуваарьт эд хөрөнгө болох түүний хэрэглэж байсан гар утсыг “ингээд тэр эд мөрийн баримт гээд байгаа юмаа сонсгоорой” хэмээн шидэж гэмтээсэн гэх шалтгаан нь хохирогч Т.Ү- өөрийг нь Б.Х- 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хоолойг нь боосонтой холбоотойгоор өөрт учирсан гэмтлийг гэрэл зургаар баримтжуулж утсандаа хадгалсан байсныг тухайн үед зөрчлийн хэрэг бүртгэлд явуулж байсан эрх бүхий албан тушаалтан болох цагдаагийн ахмад О.О-т гаргаж өгсөнтэй холбоотой. Хэдийгээр шүүгдэгч Б.Х- нь тухайн утсыг хохирогч Т.Ү-эд авч өгч байсан гэх боловч уг утсыг хохирогч өөрийн хувийн хэрэгцээндээ зориулан ашиглаж байсан зэргээс харахад хохирогчийн хуваарьт эд хөрөнгө гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчид эрүүл мэндэд нь гэмтэл учирсан байхыг шаарддаггүй бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг нь гэр бүлийн хүрээнд буюу хаалттай хаалганы цаана үйлдэгддэг, хэргийн хохирогч, гэрч нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байдгаас үүдэн гэрч нар нөлөөнд автах, хохирогчийг санхүүгийн дарамтад оруулснаар хохирогчид мэдүүлгээсээ буцах зэрэг нөхцөл байдал үүсдэг бөгөөд хохирогч Т.Ү-ийн хувьд ч ийм нөхцөл байдал үүссэний улмаас мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээсээ буцсан гэж дүгнэж байна. Учир нь, хохирогч Т.Ү-ийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр цагдаагийн байгууллагад өгсөн дуудлага, мэдээллийн дагуу анх хэрэг болсон гэх газарт очсон цагдаагийн албан хаагч О.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо Өлгийн 9-10 тоотод нөхөр нь эхнэрээ зодоод байна гэсэн дуудлагын дагуу тухайн хаяганд биечлэн очиход ...хоорондоо маргалдаад бие биенийгээ доромжилсон үг хэллэгээр хэлсэн тул хоёуланг нь цагдаагийн хэлтэс дээр авчирч мэдүүлэг авсан. Нөхөр нь өөр хүнтэй явж байгаад баригдсан, үүнээс болж хэрүүл гарсан ингээд баривчилгаанд яваад гарч ирснээс хойш намайг шоронд явуулна гэж дарамтлаад байна. 2-3 удаа цохиж, зодсон гэж ярьж байсан юм. Тухайн үед Т.Ү- өмнөх зодуулсан талаар баримт байна уу гэхэд өөрийн утсан дээрх 3 гэрэл зургийг үзүүлж байсан. Зурган дээр Т.Ү-ийн хүзүү, хоолой улайсан харагдаж байсан тул энэ талаар асуухад 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нөхөр Б.Х-тай автомашин дотор маргалдаж байх явцад суудлын бүрээсээр Б.Х- түүнийг боочихсон гэж байсан. Б.Х-ы том хүүхдээс мэдүүлэг авах гэхээр хүүхдээрээ барьцаалж байгаа байдал ажиглагдаж байсан. Эхнэрийгээ буруутгасан байдалтай, чи сэтгэцийн өвчтэй би л та нарыг тэжээдэг би дахиад шоронд явъя надгүйгээр яаж амьдрахыг чинь харна гэх байдалтай санхүүгийн дарамт шахалт үзүүлж байгаа өнгө аястай хоорондоо маргалдаж байсан” гэсэн мэдүүлэг, түүний шүүх хуралдааны явцад өгсөн “...дуудлагын дагуу очиход ...гэр нь эмх цэгцгүй, хохирогч Т.Ү- нь уйлсан байдалтай, үс нь сэгсийсэн байсан бөгөөд түүнийг хэсэг дээр авчирч мэдүүлэг авахад нөхөр Б.Х- өмнө зоддог байсан талаар мэдүүлж байсан. Мөн цагдаагийн байгууллагын гадна шүүгдэгч Б.Х-ы ар гэрээс хохирогч Т.Ү-ийг гомдлоо буцааж авах талаар шахалт, дарамт үзүүлж, хэрүүл маргаан үүсгэж байсан...” гэсэн мэдүүлэг, хохирогч Т.Ү-ийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Ц.М-гийн “2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Т.Ү-ээс “...манай нөхөр намайг зодох гээд байна ” гэсэн дуудлага ирж байсан. Үүний дараа 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дахин “манай нөхөр намайг зодоод байна” гэсэн дуудлага ирсэн байсан. Миний хувьд Т.Ү-ээс 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлэг авахад биед нь илтэд цохиулж зодуулсан зүйл байгаагүй харин өөрөө надад ярихдаа Б.Х-ыг удаа дараа өөрийг нь цохиж зоддог, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, байнга дарамталдаг талаар мэдүүлж байсан юм. ...өөрөө энэ мэдүүлгээ үнэн зөв болохыг нь баталж хэлж байсан” гэсэн мэдүүлэг, хохирогч Т.Ү-ийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад өгсөн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “...нөхөр Б.Х-тай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргаан үүсгэж улмаар зодуулж 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шүүхээр 7 хоног баривчлагдсан. 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр баривчилгаанаас гарч ирээд “чи намайг 7 хоногийн баривчилгаанд явуулаагүй бол би энэ хэргээс мултарчих байсан юм” гэж хэлээд толгой руу баруун гараараа нэг удаа цохиж мөн хүзүүний ар хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд гэрээс гараад машинаасаа шүүхийн шийдвэр авчираад хүүгээрээ дээр нь бичсэн зүйлийг уншуулсан. 2020 оны 11 дүгээр сарын 19-ний орой бас л бид хоёр маргалдаж муудалцсан тэгээд би тэр хүүхнийг нь элдвээр хэлэхэд тэр хүүхнээ өмөөрөөд толгой руу нэг удаа гараараа цохисон, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр  би “эд хөрөнгөөр дутаагүй хайраар дутаж байна” гэж хэлтэл уурлаад зүүн талын мөр орчимд гараараа нэг удаа цохиод авсан. Том хүү Х.А- аавыгаа өмөөрөөд аав зоддоггүй гэж хэлдэг яагаад гэвэл хүүхдэд маань үг зааж өгдөг. 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гэнэт миний толгой руу гараараа зогсоо зайгүй цохиод байсан. Тэр өдөр намайг хүнтэй хардаад л зодсон юм. Тухайн үед миний эрүү болон нүүрний хэсэгт хөхөрсөн, зулгарсан шархнууд үүссэн байсан. Зураг нь байгаа. 2020 оны 12 дугаар сарын 14-ний орой хэрүүл хийгээд миний гар утсыг барьж байгаад пийшин рүү аваад шидээд гар утас хагараад эвдэрсэн чинь “ингээд тэр эд мөрийн баримт гээд байгаа юмаа сонсгоорой” гэж хэлснээ намайг ор луу аймаар хүчтэй түлхэж унагаасан чинь том хүү “аав болиоч” гээд би босоод охиноо авах гэсэн чинь үснээс зулгааж татахаар нь би “чи тэгээд гүйцээгээд зодооч” гэхэд “би чамд хүрэхгүй” гээд том машинаа асаагаад гараад явсан. Би өмнө 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр, 8 дугаар сарын 16- ны өдөр зодуулсан үүн дээр 7 хоногийн хугацаагаар баривчилгаа авсан” гэсэн мэдүүлэг,

зөрчлийн 2007000525 дугаартай хэрэгт Т.Ү-ийн хохирогчоор өгсөн “2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 01 цагийн үед манай нөхөр Б.Х- согтуу хэрүүл маргаан үүсгээд миний баруун хөл рүү нэг удаа өшиглөхөөр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгтөл мэдээд зугтаад явсан. Тэрнээс хойш 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэртээ эрүүл ирээд хэрүүл хийгээд өдөөд намайг хүүхдээ тэвэрч байхад баруун гараараа миний зүүн хацар луу нэг удаа алгадсан. ...” гэсэн мэдүүлэг, мөн тухайн зөрчлийн хэрэгт өөрийн гараар бичиж өгсөн “Т.Ү- миний бие нөхөр Б.Х-тай маргалдаж 2020 оны 8 дугаар сарын 14 болон 16-ны өдрүүдэд зодуулсан ба цагдаад өгсөн. ...” гэсэн утга бүхий хүсэлт, аюулын зэргийн “7 оноо буюу дунд” гэсэн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Х- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.Ү-ийг байнга зоддог болох нь тогтоогдсон. Мөн хохирогч Т.Ү- нь өмнө буюу зөрчлийн 2007000525 дугаартай хэрэгт хохирогчоор өгсөн мэдүүлгүүд нь бусад бичгийн нотлох баримтуудтай тохирч байх тул түүнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад худал мэдүүлэг өгч мэдүүлгээсээ буцсан гэж дүгнэж байна.

Иймээс шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт улсын яллагчийн дүгнэлтийг няцааж үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, мөн шүүх хохирогч Т.Ү-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгийг үнэлсэн атлаа түүний зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад өгсөн мэдүүлгийг үгүйсгэсэн талаарх дүгнэлтийг хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.3-т заасантай нийцээгүй, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т заасны дагуу илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т гэр “бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санааны дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” хуульчилсан байдаг. Б.Х- дээрх хэлбэрийг бүгдийг нь агуулсан үйлдэл гаргасан. Прокуророос Б.Х-ыг 7 удаагийн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Уг 7 үйлдлээс хоёр үйлдэлд Б.Х-д Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар баривчлах шийтгэл оногдуулсан. Дээрх үйлдлүүд нь хоорондоо тасраагүй, хөөн хэлэлцэх хугацаа тоологдож байгаа. Энэ төрлийн гэмт хэрэг нь гэр бүлийн хүрээнд хаалттай хаалганы цаана үйлдэгддэг. Хэргийн хохирогч, гэрч нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байдгаас үүдэн гэрч нар нөлөөнд автах, хохирогч мэдүүлгээсэээ буцах зэрэг нөхцөл байдал үүсдэг. ...Шүүх хуралдааны танхимд хохирогч, шүүгдэгч нар нь өөд өөдөөсөө харж суусан байдлаар мэдүүлэгч өгч шүүх хуралдаанд оролцсон. Шүүх хуралдааны явцад хохирогч сэтгэл санаа нь тогтворгүй сандарсан, өөрийгөө бүрэн илэрхийлэх чадваргүй байсан бөгөөд үүнээс үүдэн шүүх хуралдааныг 30 минут завсарлуулсан. Дээрх нөхцөл байдлаас харахад хохирогч нь сэтгэл санааны дарамтад орсон гэдэг нь харагддаг. ...Энэ хэрэгт Б.Х-ы төрсөн дүүгийнх нь нөхөр болох Б-, төрсөн ахынх нь эхнэр Эрдэнэцэцэг, мөн Жанаргүл, хүү Алыбек, гэр бүлээс гадуур харилцаатай байсан гэх М- нар мэдүүлэг өгсөн. Гэтэл анхан шатны шүүх тогтоолын үндэслэх хэсэгт Б.Х-ы гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан хүмүүсийн мэдүүлгийг нотлох баримтын үндэслэл болгосон. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Т.Ү- тус шүүхэд гаргасан тайлбартаа: “...2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хэрүүл маргаан болсон нь үнэн. Харин надад гар хүрээгүй. 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хэрүүл маргаан болсон. Гэхдээ надад гар хүрээгүй. Ер нь бол М- гэгч хүүхнээс болж маргалддаг.  2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр бид хоёр маргалдсан нь үнэн. Би нөхрийгөө М- гэгч хүүхэнтэй улаан цагаан явалдаад байгааг нь мэдчихээд болихгүй болохоор нь цагдаад дуудлага өгч хашраая гэж бодсон. Манай найзууд дунд нөхрийгөө цагдаад өгөөд баривчилгаанд явуулсан. Тэгээд засраад гайгүй болсон хүмүүс байдаг болохоор би хашраах санаатай дуудлага өгч байсан. “Эмэгтэй хүний үг хаана ч хууль, би юу ч гэж хэлсэн хуулийнхан надад итгэнэ” гэж хэлсэн. Энэ муухай гүтгэлгүүдийг би нөхрийнхөө мууг үзэх гэж бус тэр хүүхнээс салчих байх гэж хийсэн юм. Төрөөд удаагүй нялх биетэй байсан учир би яахаа мэдэхгүй байсан. 4 хүүхдийг минь яах гээд байгаа юм бол гэж би маш их хямарсан байсан. Хоёр ч удаа амиа хорлох гэж боож байсан. Сэтгэлээ барьж дийлээгүй юу ч хийчихмээр санагддаг байсан. 4 хүүхдийн ээж худал ярьж нөхрийгөө ганц алдаанаас нь болж гүтгэж, худал мэдүүлэг өгсөндөө харамсаж байгаа. 4 хүүхдийн минь эцэг гүтгүүлсэндээ гомдолтой байгаа байх. Миний бодлоор энэ үйл явдлыг прокурор Д.Аянагүл арай дэндүү гүтгэж байгаа мэт харагдаж байна. Шүүх хурал болж байхад “та хоёр энхийн цагаан тагтаа байгаагүй” гэж хэлж байсан. Бид хоёрын амьдралыг мэддэг юм шиг ярьсан. Би прокуророос нөхрийнхөө талаар асуух гэж очсон. Би прокурор гэж ямар хүн байдгийг мэдэхгүй асуух гэж очсоныг л “чи ирж гуйгаа биз дээ” гэж хэлж байсан. Тэрнээс биш би “нөхрийг минь яллаад өгөөч, алдааг нь дөрөөлөөд өгөөч” гэж хэлээгүй. Мөрдөгчид байцаалт өгсний дараа прокурор Д.Аянагүл намайг дуудаж нэг өрөөнд оруулж уулзсан. “Чи яагаад мэдүүлгээ өөрчилсөн юм бэ” гэж хэлсэн. Би “мөрдөгч байцаалт авахын өмнө худал мэдүүлэг өгвөл ямар арга хэмжээ авдаг тухай танилцуулж байгаад байцаалтаа авсан” гэж хэлсэн. Би хүүхэнтэй явалдаад байхаар нь уур хүрч бачимдаад худал мэдүүлэг өгч байсан. Гэтэл прокурор Д.Аянагүл уурлаж “би чиний тоглоом юм уу, би өдөржин, шөнөжин сууж энэ хэрэгтэй танилцаж байна” гэсэн. Би “уучлаарай, миний буруу” гэж хэлсэн. “Энэ өрөөнд хяналтын камер байгаа чи бид хоёрын ярьж байгааг бичиж авч байгаа гэсэн. Чи хүнээс зөвлөгөө авсан байж болно. Харин чамайг нөхөртэй чинь хамт явуулна мэдэв үү” гэсэн. Би хууль зүйн зөвлөгөө аваагүй. Би “зарим нэг мэдүүлэг нь худал байна лээ. М- эгчийн авсан мэдүүлгүүд миний яриагүй үг байна гэхэд гараад хүлээж бай, М-г дуудна. Би шүүх хуралтай явлаа, намайг иртэл явахгүй хүлээж бай гээд ажлаасаа гараад явсан. Гадаа хүйтэн байсан. Хоёр цаг хүлээгээд ирээгүй, би хөхүүл хүүхэдтэй, дүү хүүхэд чинь уйлаад байна” гэхээр нь явсан. Дахин намайг дуудаж уулзаагүй.

2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бид хоёр муудалцсан зүйл байхгүй, би ийм мэдүүлэг өгөөгүй. Ийм зүйл байгааг би гайхаж байна. М-гийн мэдүүлгийг шүүх хуралд сууж байхад хэлсэн. Прокурор над руу “М- залгаж байгаагүй, гэрт ирж байгаагүй, залгахаар гэртээ алга, гадуур явна гэж хэлсэн” гэж хэлсэн байсан.

2020 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө бид хоёр маргалдаж муудалцаагүй. Манай нөхөр хөдөө явна гээд явсан. Удалгүй над руу залгаж чи гэртээ байна уу гэсэн. Би хадам ахынд юм хүргэхээр яваад дөнгөж л гэртээ орж ирсэн байсан. “Яав” гэтэл “би буцаж байна. Яагаад гэвэл М- Налайхад ирсэн байна гээд залгаад байна. Та нарыг үр удмаар чинь устгана гээд байна, чи гараад хардаа, би цагдаа дуудсан” гэсэн. Тэгээд гараад хартал байгаагүй. Би хүүхдээ хөхүүлж байхад удалгүй арын хаалга цохисон. Хадам ахын эхнэр нь ирсэн байсан. Бага хүү гараад айсан байдалтай орж ирсэн. “Яасан” гэхэд “М- ирсэн байна, таныг гараад ир гэж байна” гээд гарсан чинь согтуу зогсож байсан. “Яасан” гэхэд гараад ир, их юм яриад байгаа чамайг алахаар ирлээ” гэсэн. “Би чамд алуулчихаад зогсож байх уу, хүлээж бай, би хүүхдээ хөхүүлж байна” гээд гэртээ ороод хүүхдүүддээ “битгий ай” гээд хадам ахын эхнэрийг “байж бай, согтуу байна, уулзаад ирье” гээд гартал байгаагүй. Арын засмал замаар нөхөр, хадам ах хоёр ирсэн. Тэр хооронд би М- эгчийн утас руу залгаж “М- ирсэн, согтуу ална гээд байна” гэж дуудахад удахгүй очлоо гэсэн. Ингэж байтал нөхөр, хадам ах хоёр засмалын ар талаас М-ийг том машиндаа суулгаад хашаандаа оруулж ирсэн. Тэгэхэд нилээн согтуу байсан. Би “чи одоо зүгээр үү, айлын нөхөртэй явалдаж амьдрал сүйрүүлнэ. Дээр нь согтуу ирж ална гэж удаа дараа намайг айлгаж, заналхийлж байна. Надад чамд алуулах шалтгаан байхгүй” гэж хэлсэн. Удалгүй М- эгч цагдаагийн машинтай ирсэн. “Би өөрөө учраа олно” гэж М- хэлсэн. М- болно гэсэн. М- муухай чарлаж “энэ хоёр хүнийг явуул гэхэд М- эгч энэ хоёр хүн гэрч гэж хэлсэн. Ингээд дийлдэхгүй болохоор нь эрүүлжүүлэхэд хонуулъя гээд аваад явсан. О- ахмад 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дуудлагаар ирсэн нь үнэн. Би нөхөртэйгөө муудалцаад бачимдаад худал дуудлага өгсөн. Яагаад тэгснээ мэдэхгүй байн. Би гэртээ угаалга хийж байсан. Ус асгараад гэр замбараагүй байсан. Тэрнээс биш бид зодолдоогүй, надад гар хүрдэггүй. Тэгээд ч бид хүүхдүүдийнхээ дэргэд зодолдож үзээгүй. Муудалцах зүйл байсан. Би хүүхэнтэй явалдаж, намайг гомдоосон гэж цагдаа дууддаг байсан. Шүүх хуралд О- ахмад арай нэмж хэлсэн. Миний бие өвдөөд байсан учир шүүх хуралд хариулж чадаагүй. Би прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь О- ахмадын шүүх хуралдаан дээр огт ярьж байгаагүй зүйлийг бичсэн байсан. О- ахмад дуудлагаар ирэхэд бид маргалдсан байсан. Би сэгсийчихсэн байгаагүй. Нөхөр намайг сэтгэцийн өвчтэй гэж хэзээ ч хэлж байгаагүй. Шүүх хуралд О- ахмад ийм мэдүүлэг огт өгөөгүй байхад прокурор эсэргүүцэлдээ ийм зүйл бичиж байгааг ойлгохгүй байна. Би нөхрөө зоддог гэж хэлээгүй. Надад гар хүрдэггүй. М- гэгч хүүхнээс болж л үүссэн маргаан. Гэрч М- ч гэсэн худал мэдүүлэг өгсөн байсан. Би 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нөхөр зодоод байна гэж дуудлага өгөөгүй. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр манай нөхөр зодоод байна гэсэн дуудлага өгөөгүй. Цагдаад дуудлага өгөхөд О- ахмад ирж байсан.

2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр М- эгч надаас мэдүүлэг авсан нь үнэн. Харин би нөхөр намайг зоддог, хүчирхийлдэг гэж яриагүй. Хүүхэнтэй явалдсанаас үүдэлтэй гэсэн. Шүүх хуралд огт яригдаагүй мэдүүлгүүдийг М- эгч гаргаж ирсэн. Прокурор яагаад худал мэдүүлгүүд гаргаж байгааг шалгуулмаар байна. Гар утасны хувьд дэлгэц нь хагарсан Х-ы утас байсан. О- ахмад ч гэсэн зураг авсан хагархай утас байсан гэж шүүх хуралд хэлсэн. Миний өөрийн утас эвдэрсэн, бүх зүйл хаалттай карантинтай байсан учир Х-ы Жи мобайлын дугаараа хийдэг байсан утсыг түр барьж байсан. 2020 оны 12 дугаар сарын 14-ний орой миний уур хүрээд би өөрөө пийшин рүү шидчихсэн. Тэгээд чи хагалсан, миний үгэнд цагдаа итгэнэ гэж хэлсэн. Би худал мэдүүлэг өгч та бүхний ажлыг алдагдуулсандаа хариуцлага хүлээхэд бэлэн. ...” гэжээ.

 

Цагаатгагдсан этгээд Б.Х-ы өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж, Б.Х-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шүүх хангалттай үнэлсэн. Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан үйлдлийн талаар шүүхийн шийдвэрт нэг бүрчлэн дурдаж няцаалт хийсэн. Зөвхөн хохирогчийн мэдүүлгээр Б.Х-ыг ялласан. Хэргийн үйл баримтыг нотолж байгаа гэрчүүд нь зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан мөрдөгч нар байдаг. Эдгээрийн мэдүүлгийг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн. Тухайн гэрчүүд нь хэргийн үйл баримтын талаар шууд нотлох гэрч биш юм. Хэрэгт авагдсан баримтаар Б.Х-ы гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хангалттай нотлогдоогүй тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн  нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

 

Прокуророос Б.Х-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.Ү-ийг зодож, улмаар түүний гар утсыг авч шидэн хуваарьт эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхэд нь халдаж байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Б.Х-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчмын дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж нь шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Б.Х-ыг 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 7 удаагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.Ү-ийг зодож улмаар түүний гар утсыг авч шидэн хуваарьт эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхэд нь халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж яллах гол үндэслэл болсон хохирогч Т.Ү-ийг зодож, цохисон, биед /гэрэл зурагт авагдсанаар/ нь учирсан эрүүний доод хэсэгт цус хуралт гэмтэл нь өөртөө учруулах болон бусдын хүчээр үүссэн эсэх нь хөдөлбөргүй тогтоогдоогүй бөгөөд энэ талаархи хохирогчийн мэдүүлгүүд зөрүүтэй, тогтворгүй, тодруулбал, хохирогч Т.Ү- нь тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, нөхцөл байдлын талаар нийт 4 удаа мэдүүлэг өгсөн байх бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 20, 12 дугаар сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...нөхөр Б.Х-тай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргаан үүсгэж улмаар зодуулсан. ...”, 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “...үнэндээ бол Х- надад ерөөсөө гар хүрдэггүй. ...Бид хоёрын хооронд маргаан болсон нь үнэн. Нөхөр маань өөр эмэгтэй хүнтэй уулздаг байсан. Тэр хүнтэйгээ уулзахаа болино гэчихээд болиогүй. Манай найзууд надад “чи нөхрийгөө гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд намайг зодож алах гээд байна гэж цагдаад дуудлага өгчих, тэгээд цагдаа нар нөхрийг чинь ирээд аваад явна. Нэг сарын баривчилгаанд явуулчих, тэгээд нөхөр чинь хашраад тэр эмэгтэйгээсээ болино” гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд худал мэдүүлэг өгсөн. ...” /хх 172/ гэж тус тус мэдүүлсэн нөхцөл байдлаас үзэхэд хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч гэм буруутай эсэхэд эргэлзээ төрүүлж буй тул шүүгдэгчид ашигтайгаар буюу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэм буруугүйн зарчимд нийцэж байна.

 

Шүүх хуралдаанаар судалж, хянан хэлэлцээд ямар нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг гагцхүү шүүх шийдвэрлэх бөгөөд шүүгдэгчийн гэм бурууг тогтоож нотлох хэмжээний хангалттай баримт цугларсан тохиолдолд түүнд үндэслэн гэм бурууг тогтоодог. Гэтэл хэрэгт авагдсан эдгээр баримтууд нь шүүхээр хэлэлцэж гэм буруутайд тооцож шийдвэрлэхэд хангалтгүй, ач холбогдол хамаарлын хувьд эргэлзээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

 

Нотлох баримтын цогц байдал нь бүрэн дүүрэн шинжтэй, өөрөөр хэлбэл, тогтоох гэж буй үйл явдал, нөхцөл байдлыг шаардлагатай бүх ажиллагаа явуулан шийдвэр гаргахад хүрэлцэхүйц нотлох баримт цугларсны үр дүнд түүнд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт өгснөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны зарчим хэрэгжих учиртай.

 

Гэтэл прокурорын яллах дүгнэлтэд дурдсан, цагаатгагдсан этгээд Б.Х-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хуваарьт эд хөрөнгөө эзэмших, ашиглах эрхэд халдсан гэмт хэрэгт буруутган яллах үндэслэл болгосон нотлох баримтууд нь түүнийг ямар нэгэн гэмт хэрэг үйлдсэн гэх байдлыг нотолж чадаагүй байх бөгөөд Б.Х-ы үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжгүй байна.

 

Шүүхийн шийдвэр таамаглалд үндэслэхгүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж, яллах, цагаатгах шинж байдлаар нь харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр Б.Х-, Т.Ү- нарын хооронд үүссэн маргаан нь эхнэр, нөхрийн хоорондын таарамжгүй харилцаанаас улбаатай ахуйн хүрээний буюу гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэн гарсан байх тул шүүгдэгч Б.Х-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Түүнчлэн Б.Х-ыг ялласан 2020 оны 8 дугаар сарын 14, 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хоёр үйлдэлд нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж, түүнд 7 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэг болон Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шинжүүдийн давхардаж буй хэсгүүд нь гэмт хэргийн шинжийг тодорхойлох үндэслэл болох бөгөөд аль нэг үйлдлийг гурав ба түүнээс дээш удаа, эсхүл нийтдээ гурав ба түүнээс дээш удаа байх тохиолдолд гэмт хэргийн шинжийг хангана.

 

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Д.Аянагүлийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 53 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Д.Аянагүлийн бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 6 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                        ШҮҮГЧ                                                                    Б.АРИУНХИШИГ

 

            ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН