| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00214/И |
| Дугаар | 156/ШШ2017/00356 |
| Огноо | 2017-06-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 156/ШШ2017/00356
| 2017 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 156/ШШ2017/00356 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00214/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, шүүгч Ж.Болдбаатар, Л.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын....................байрлах “.................” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хэнтий аймгийн ...................... оршин суух, Х. овогт Д.С. /РД:СТ90092901/-т холбогдох
“гэм хорын хохиролд 62 776 576 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М., С.Г., хариуцагч Д.С., хариуцагчийн өмгөөлөгч Х.Би., иргэдийн төлөөлөгч Б.Ма., гэрч Э.Мө., М.Га., Д.Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Д. ХХК-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн Д.С. нь 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн ................ талаас 4 замын уулзварт Тоёото Эстима маркийн ... УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.9-т гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас манай компанид даатгалтай К.К. И. ББСБ-ийн эзэмшлийн Тоёото Ланд круйзер 200 маркийн ..... УНЛ маркийн тээврийн хэрэгслийг мөргөж 62 776 576 төгрөгийн хохирол учруулсан. Манай компанид .... УНЛ улсын дугаартай Тоёото Ланд крузер 200 машин нь даатгалтай учир даатгалын гэрээний дагуу 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн -3011603263 тоот П. Д. ХХК-ийн нөхөн төлбөр олгох тушаалаар нийт 62 776 576 төгрөгийн хохирлын нөхөн төлбөрийг гэрээний дагуу 100 хувь төлсөн. Иймд даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлд Д.лын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж заасны дагуу нэхэмжлэх эрх нь манай байгууллагад шилжиж байгаа юм. Иймд иргэн Д.С.аас 62 776 576 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1-2х/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Нэгдсэн эмнэлгийн баруун талын дөрвөн замын уулзварт иргэн С. нь “Тоёота Эстима” маркийн тээврийн хэрэгсэл болоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дэх заалтыг зөрчсөний улмаас тус компанид даатгалтай байсан ....... УНЛ улсын дугаартай “Тоёото Ланд круйзер-200” маркийн машиныг мөргөсөн нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр манай компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар 62 776 576 төгрөг гаргуулахаар цохсон байдаг. Тухайн “Тоёото Ланд круйзер-200” маркийн авто машин нь 2016 онд Монгол улсад орж ирсэн, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр улсын дугаар авч, Авто тээврийн газар бүртгүүлж, тодорхой хэмжээний даатгалын шимтгэл төлж, 148 000 000 төгрөгийн даатгалын хамгаалалтыг тус даатгалын компаниас авсан. Даатгалын гэрээний дагуу учирсан хохиролд 47 938 139 төгрөгийн сэлбэг хэрэгслийг М. ХХК-иас захиалан авч, төлбөрийг 9 сард М. ХХК-д шилжүүлсэн. Дараа нь засвар үйлчилгээг “Х. с” ХХК-иар хийлгэсэн бөгөөд 14 667 137 төгрөгийг шилжүүлсэн. Иймд дээрх хохирлыг нэхэмжлэх явцад С. нь “М. даатгал” ХХК-аас жолоочийн хариуцлагын даатгалын 5 сая төгрөгийг авч, уг мөнгийг манай компани руу шилжүүлснээр нэхэмжлэлийн шаардлагаа 57 605 276 төгрөг болгож бууруулж байгаа. Д.ын гэрээний 9.1-д буруутай талаас төлбөр нэхэмжлэх заалт бий. Мөн Даатгалын тухай хуулийн 8.7-д зааснаар дээрх хохирлыг Д.С.аас нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Д.С. нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Тоётото стима маркын ..... УБЭ улсын дугаартай авто машин жолоодоу Хэрлэн сумын 4 дүгээр баг, Нэгдсэн эмнэлгийн баруун талын уулзвараар урдаасаа хойш чиглэлтэй уулзвараас гарч явтал миний жолоодож явсан машины баруун гар талын гол хэсгээс уг уулзварт баруун гар талаас огтолсон замаар Ланд-200 маркийн хар өнгийн авто машин жолоодож явсан Г.Н. гэгч мөргөж, миний машиныг 10 метр орчим газар хөндлөн түрж замаас гартал мөргөж улмаар уг авто машин замын ертөнцийн зүгээр баруун талын замын хашлага мөргөж, онхолдож уг осол гарсан. Замын уулзвар нь урьд хойд талаасаа зам тавьж өгнө гэсэн тэмдэгтэй баруун зүүн талд баруун гар талаас туслах зам нийлнэ гэсэн тэмдэгт байсан. Би уг уулзварын өмнө 2-3 метр зайтай очиж, баруун гар талаас машин ирж яваа эсэхийг харахад зүүн гар талд ирж явсан машин байгаагүй, баруун гар талаас уг уулзвараас 300 метр зайд хар өнгийн жип машин ирж харагдсан. Уг машин ирж байхыг машинд сууж явсан ээж Э., М. болон Г. нар харсан. Уг машин маш хурдтай ирж уулзвар гарч байгаа машиныг харсаар байж зогсоох арга хэмжээ авалгүй миний машиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан. Иймд зам тээврийн ослын дүгнэлт гаргасан шинжээч нарын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ланд круйзер авто машинд үнэлгээ хийсэн Б. с. ХХК-ийн үнэлгээгээр 41 522 000 төгрөг гарсан боловч, дахин үнэлгээ гаргасан В. ХХК 62 776 576 төгрөгийн хохирлын үнэлгээ гаргаж, эвдрээгүй эд ангиудыг эвдэрсэн мэтээр үнэлгээ хийсэн гэж үзэж байна. Иймд П. д. ХХК-ийн нэхэмжлэлйн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. /хх-ийн 39-41х/
Хариуцагчийн өмгөөлөгч Х. Б.: Нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзэж байна. Осол гарсан гол шалтгаан нь С.ын 100 хувь буруутай ажиллагаа биш байна. Хэрвээ гэрлэн дохиогоор зохицуулсан уулзвар байхад улаан гэрлээр гарсан бол өөр хэрэг. Гэтэл уулзвар дээр гэрлэн дохио байхгүй, буруун зүүн талаас туслах зам нийлнэ гэсэн тэмдэг байхаас энэ нь гол зам гэсэн тэмдэг тэнд байхгүй. Гэхдээ тухайн уулзвар дээр очсон тээврийн хэрэгсэл хурдаа хасаад хэн давуу эрхээр нэвтрэх вэ гэдгийг харах хэрэгтэй. Нэгэнт тээврийн хэрэгсэл хөдөлгөөнөө эхэлсэн бол тэр машин хөдөлгөөнөө үргэлжлүүлж дууссаны дараа нөгөө машин өнгөрөх ёстой. Гэтэл С.ын машин уулзвараар их бие нь өнгөрч байхад Ланд-200 маркийн машин өнгөрч явсан машины арын хэсэгт очиж мөргөсөн... Хохирлын үнэлгээ нь хэт өндөр байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын өгч буй тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “П. д.” ХХК нь хариуцагч Д.С.т холбогдуулан “гэм хорын хохиролд 62 776 576 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэл гаргасан байна.
П. д. ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Д. С. нь 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Нэгдсэн эмнэлгийн баруун талаас 4 замын уулзварт Тоёото Эстима маркийн ........ УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.9 дэхь заалтыг зөрчиж, К. К. И. ББСБ-ийн эзэмшлийн Тоёото Ланд круйзер 200 маркийн ..... УНЛ маркийн тээврийн хэрэгслийг мөргөж 62 776 576 төгрөгийн хохирол учруулсан тул Д.С.аас уг хохирлыг нэхэмжилж байна гэжээ.
Хэргийн үйл баримтаас үзэхэд хариуцагч Д. С.ыг Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас бусдын эд хөрөнгөд онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2017.01.18-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тодорхой ял шийтгэж түүнийг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Д. С. нь тухайн үед өөрийн эзэмшлийн Тоёото Эстима маркийн ..... УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д заасан: гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас П. д. ХХК-д даатгалтай К. К. И.т ББСБ-ийн эзэмшлийн иргэн Г. Н.ийн жолоодож явсан Тоёото Ланд круйзер 200 маркийн ...... УНЛ маркийн тээврийн хэрэгслийг мөргөж хохирол учруулсан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдож тогтоогдсон байна.
Хэдийгээр шүүх хуралдаанд Э.М., М.Г., Д.Э. нарын гэрчүүд оролцож зам тээврийн ослын талаар мэдүүлгүүдийг өгсөн боловч энэ нь иргэний хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т: шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон нотлох баримтыг дахин нотлохгүй гэж заажээ.
Хариуцагч Д.С. нь 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.9 дэхь заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-ийн 1-2х/, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 8-11х/, Хэнтий аймгийн Цагдаагийн газрын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийн хуулбар /хх-ийн 16х/, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №9780 дугаартай “В.” ХХК хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээний тайлангийн хуулбар /хх-ийн 81-84х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т: бусдын эрх,..эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т: зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын..эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс эвдэж, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т: бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заажээ.
“В.” хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээний тайланд зам тээврийн осолд орсон Тоёото Ланд круйзер 200 маркийн .... УНЛ маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг 60 251 000 /жаран сая хоёр зуун тавин нэгэн мянга/ төгрөгөөр тогтоосон байна.
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж заажээ.
Нэхэмжлэгч П. даатгал ХХК нь өөрийн компанид даатгалтай осолд орсон дээрх тээврийн хэрэгслийг М. ХХК-иас 47 938 139 /дөчин долоон сая есөн зуун гучин найман мянга нэг зуун гучин ес/ төгрөгийн сэлбэг хэрэгслийг захиалан авч, засвар үйлчилгээг “Х.м.” ХХК-иар 14 667 137 /арван дөрвөн сая зургаан зуун жаран долоон мянга нэг зуун гучин долоо/ төгрөгийг зарцуулж хийлгэсэн тул 62 605 276 /жаран хоёр сая зургаан зуун таван мянга хоёр зуун далан зургаа/ төгрөгийг нэхэмжилнэ гэж байгаа боловч шүүх “В.” хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээгээр 60 251 000 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч тал хариуцагч Д. С. нь Тоёото Эстима маркийн ... УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг М. д. ХХК-д жолоочийн хариуцлагын даатгалын гэрээ байгуулсан байсан. Тиймээс М.. даатгал ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт Д. С. нь 5 сая төгрөг авч, тэрийгээ бидэнд төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас 5 сая төгрөгийг хасч тооцож байгаа гэв.
Иймд хариуцагч Д.С.аас гэм хорын хохиролд 55 251 000 /тавин таван сая хоёр зуун тавин нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П. д ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2 354 276 /хоёр сая гурван зуун тавин дөрвөн мянга хоёр зуун далан зургаа/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Д.С.аас гэм хорын хохиролд 55 251 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П. д. ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2 354 276 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч П. д. ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 471 833 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.С.аас 434 205 /дөрвөн зуун гучин дөрвөн мянга хоёр зуун тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П. д. ХХК-д олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА
ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ