| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/0140/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/150 |
| Огноо | 2025-07-01 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Ундармаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг, шүүгч Б.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон,
Иргэдийн төлөөлөгч С.Н,
Улсын яллагч Б.Ундармаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,
Шүүгдэгч Б.И- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.И-т холбогдох 2516001090109 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр Говь-Алтай аймгийн ***** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Засал чимэглэлийн мэргэжилтэй, ****** ажилтай, ам бүл 6 ээж, дүү нарын хамт Говь-Алтай аймгийн ****** тоотод оршин суух хаягтай, урд Сум дундын 5 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт 251 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, *********0 регистрийн дугаартай, О овогт Б-ийн И.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.И- нь согтуурсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 15 цаг 30 минутын орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ********тоотод байх гэртээ хамт архи уусан Д.М- “амандаа тарни уншиж намайг хараалаа” гэх зүйлээр шалтаглан газарт унагаан толгой дээр нь дэвсэж зодсоны улмаас түүний биед их тархины дух баруун зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэл бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учирч улмаар эмнэлэгт хүргэгдэн тархиндаа мэс засал хийлгэсэн боловч Д.М нь ухаан орохгүй байсаар 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1 Хэргийн үйл баримтын талаар хийсэн шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.И- нь согтуурсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 15 цаг 30 минутын орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ********тоотод байх гэртээ хамт архи уусан Д.М- “амандаа тарни уншиж намайг хараалаа” гэх зүйлээр шалтаглан газарт унагаан толгой дээр нь дэвсэж зодсоны улмаас түүний биед их тархины дух баруун зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэл бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учирч улмаар эмнэлэгт хүргэгдэн тархиндаа мэс засал хийлгэсэн боловч Д.М нь ухаан орохгүй байсаар 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан үйл баримт тогтоогдлоо. Дээрх үйл баримт нь:
Шүүгдэгч Б.И- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөөхөөс татгалзаж байна гээд улсын яллагчийн асуусан асуултад хариулахдаа: “... Би гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна... Тухайн үед болсон явдлын талаар санахгүй байна. Нэг мэдэхэд цагдаа сэрээгээд чи одоо яв гэсэн... Хохирол төлөөгүй, төлөх боломжгүй байдаггүй. Ажил хийж байгаад төлнө...” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Амь хохирогч Д.М нь манай төрсөн ах Дашдоржийн хүүхэд байгаа юм. Амь хохирогч нь эхээс 3-уулаа бөгөөд айлын том хүүхэд байгаа юм. Доороо 2 эмэгтэй дүүтэй байж байгаад нэг нь бурхан болчихсон юм. Талийгаач нь аавтайгаа амьдарч байсан ба аав Дашдорж нь архины хамааралтай, биеийн байдал нь тааруухан байдаг юм. 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 18 цагийн орчимд манай нөхөр Ууганбаатар нь: Д.М- эмнэлэгт хүргэгдсэн байна. Очоод уулзаадах гэж хэлсэн. Тэгээд эмнэлэгт очиход ухаангүй, аппаратад залгагдсан. эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлсэн байсан. Эмнэлэгт байхад холбогдох эмч нарыг дуудсан. Тэгээд маргааш нь Улаанбаатар хотоос Ховд аймаг руу явж байсан гэмтлийн эмч нар ирээд шууд хагалгаад орсон. Хагалгаа 13 цагт ороод 16 цагийн дараа эмч нар хагалгаанаас гарч ирсэн. Тэгээд эргээд сэхээний тасагт аппараттай орсон. Эмч нар хагалгаанаас гарч ирээд маш хүнд хагалгаа орлоо. Наана нь байгаа цусыг авахад цаанаас чамархайнаас цус гараад байна. Тэгээд цус тогтоох бүх аргыг хэрэглэлээ. Биеийн байдал хүнд байна. Шинэ гэмтэл гэж хэлсэн. Тэгээд ер ухаан орохгүй байж байгаад өнгөрсөн юм. Талийгаач нь даруухан, төлөв, хүнд тусархуу хүүхэд байсан юм. Тэр бүр хүн амьтантай маргалдаад байдаггүй хүүхэд байсан юм…” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,
Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 17 цагаас 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 09 цаг хүртэл Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн 103 буюу дуудлагын эмчээр ажилласан. 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 18 цагийн үед Найрамдал 6-21 тоотод “Толгойноос нь цус гараад байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн гэхээр нь би нэгдсэн эмнэлгийн жолооч Д-ын хамт Найрамдал 6*** тоот хашаанд очиход хашааны хаалга нь нээлттэй, хашаан дотор нэг эрэгтэй хүн доошоо харсан газарт хэвтэж байсан. Би машинаас буугаад хашаа руу ороход гэрээс нэг залуу би дуудлага өгсөн юм гээд гараад ирсэн. Хашаа дотор хэвтэж байсан залуу нь газарт хэвтээд нэлээн удсан бололтой толгой хэсгээс нь гарсан цус газарт тунаад гаднах хэсгээрээ хатаад эхэлсэн, хоёр гарын алга хэсэг, нүүр хэсэг бүхэлдээ цус болж хатсан байсан. Зүүн хөмсөгний баруун дээд талд 1 см орчим ташуудуу язралт, баруун эрүүний доод хэсэгт зулгаралттай байсан. Д.М-йн үс бүхэлдээ цус болоод хатсан байсан ба миний харснаар дагзны дээд хэсгээс эхэлж цус гарсан байсан. Би яаралтай тусламжийн тасгийн эмч Мөнхцэцэгт Д.М- хүлээлгэн өгсөн. Анх дуудлагаар очиход ухаангүй, хэл унжиж амьсгалын замыг бөглөсөн байхаар анхан шатны тусламж үзүүлээд аймгийн эмнэлэг рүү зөөвөрлөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,
Насанд хүрээгүй гэрч Э.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Б С руу явсан. Сургуулийн зааланд очиход Д, М хоёр байсан. Д надаас Б хаана байгаа юм гэхэд би С руу явсан гэж хэлсэн. Д над руу залгаад: Б-мын ээж нь ярилаа цагдаад өгнө гэж байна. Наадахаа олоод сум руу нь явуулаадах гэж хэлсэн. Д-ыг явах гэхээр нь би та хаачих гэж байгаа юм. Намайг С-ынд хүргээд өг гэж хэлсэн. Д бид хоёр буугаад С-н гэр рүү орсон. Гэрт ороход Б, С хоёр орон дээр унтаж байсан ба зүүн талын орон дээр И баруун орны өмнө газарт Мн гэх ах унтаж байсан. Б-ыг босгох гэсэн чинь босохгүй байсан. Арай гэж босгоод явъя гэхэд явахгүй байсан. Тэгээд тэнд унтаад өгсөн. Би 12 цаг хүртэл унтаад сэрсэн чинь баахан ах нар архи уугаад сууж байсан. Тэгэхэд И, хажууд нь М гэх ах архи уугаад байж байсан. Зуухны өмнө Мо, баруун орон дээр С, Б, бид гурав суугаад газарт Д унтаж байсан. Тэгсэн чинь С гаднаас орилоод энд ингээд алцайгаад сууж байдаг байхгүй юу гээд ороод ирсэн. Тэгээд 14 цаг өнгөрч байхад манай ах Баянзул орж ирээд Б бид хоёрыг дагуулаад гарахдаа манай ах Б нь: Та нарыг цагдаад өгнө гэж хэлсэн. Тэгээд тэр хүмүүс гэрт үлдээд бид гурав явсан. Гэртээ ирээд гэрээ онгойлгох гэсэн чинь гэрийн түлхүүр байхгүй байхаар нь бид гурав буцаад очоод Б бид хоёрыг хашаа руу ороход хашааны урдаас ордог хаалганаас 2-3 м орчимд зайд М ах газарт цээжээрээ газарт хэвтчихсэн юм хэлээд байсан. Тэгэхэд тэнд хоёр танихгүй ах яагаад нэгнийгээ зодоод цус нөжтэйгөө хольчихсон юм бэ гэхэд И ах: Наадах чинь худлаа маяглаж байгаа юм гэж гэр дотроос хэлсэн. Тэгээд гэрт ороход И ах ганцаараа цайгаа чанах гээд цай руу цайны идээ хийх гэхэд гар цус болчихсон байсан. Тэгээд Б руу хараад чиний гар арай цэвэр юм байна. Чи идээ хийгээдхээч гэж хэлэхэд Б инээгээд тэгье тэгье. Та энэ ахыг зодчихсон юм уу гэхэд И ах: Тиймээ. Наадах чинь маяглаад байсан юм гэх утгатай үгийг хэлээд гараа угаасан. Бугуйнаас урагшаа цус болчихсон байсан. Тэгээд гаднаас С ороод ирээд түлхүүрээ яасан юм гэж хэлээд түлхүүр хайлцсан. Би тэгээд түлхүүрээ олохгүй Бын хамт буцаад гараад явсан. Би Быг зах дээр очиж, Дэлгэр явах унаанд суулгаж өгөөд гэртээ харьсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,
Гэрч Г.Баянзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би ороод айлын насанд хүрээгүй хүүхдүүдтэй юу хийж байгаа юм бэ? цагдаа дуудна гэж хэлсэн. Тэгэхэд тэр айлд миний зүс таних хүнээс М гэх залуу байсан. Би тэгээд Ч-ыг нэг удаа алгадаад дахиад алгадах гэсэн чинь М намайг таниад Б боль хөгшөөн. Буруу ойлгоод байна. Энэ хүмүүс өглөө ирсэн юм гэж хэлсэн. Би тэгээд гэрээс тэр хоёр эмэгтэй хүүхдүүдийг дагуулаад гарахад гэрийн баруун талд архи ууж байсан хүмүүс гараад явж байсан. Би тэр хоёрыг дагуулаад машиндаа суугаад машин дотор нэлээд суусан. ...Тэгэхэд гэрт гаргүй сахалтай нөхөр баруун талын орон дээр хэвтэж байсан ба С нь хойшоо харсан хаалгатай ОО-д сууж байсан. М хашаан дотор хэвтэж байсан ба толгой нь урагшаа харсан байдалтай байсан. Нүүр нь цус болчихсон харагдаж байсан. Тэгэхэд хашаан дотор нэг хоёр эрэгтэй орж ирээд бацаанууд байна уу, гэрт нь хүн байна уу, машины дугуйны талаар яриад байх шиг байсан. Тэгсэн чинь нэгнийгээ аллаа ш дээ гээд нэг намхан биетэй залуу утсаар түргэн рүү залгаад утас нь болохгүй байна гэхээр нь би урд нь 7048 гэсэн код хийдэг ш дээ гэхэд нөгөө намхан залуу тэр кодыг хийсэн гэж хэлсэн. Тэр хоёр залуугийн өндөр нь та нар нэгнийгээ аллаа ш дээ. Хэн нь зодсон юм бэ? гэхэд гэрт байсан гаргүй эрэгтэй хүн “Би зодсон” юм. Наадах чинь яах ч үгүй ш дээ гэж хэлсэн. Би тэр залууг өмнөхөөсөө архи нь гайгүй болчихсон байна гэж харсан. Би тэгээд тэр хоёр залууг түргэн дуудаж байгаа юм байна гэж ойлгоод нөгөө хоёр хүүхдээ дагуулаад машин руугаа явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/,
Насанд хүрээгүй гэрч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгэхэд Б-ийн ах яагаад энэ хүнийг зодчихсон юм бэ гэхэд И ах наадах чинь өөрөө маяглаад байхаар нь зодчихсон юм гэж өөрөө хэлснийг би сонссон. Би тэгээд гарыг нь харахад гар нь шалбарчихсан цус болчихсон байсан. Бид хоёр гэрийнхээ түлхүүрийг олохгүй болохоор нь буцаад Б-гийн ахын хамт гэрээс гараад буцаад машин дээр нь очсон юм. ...Тэгээд Б-ийн ах ирээд намайг Дэлгэр сум руу явах унаанд суулгаж өгөөд яваад өгсөн. Би тэгээд шууд Дэлгэр сум руу явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,
Гэрч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…М ах, И ах хоёр архи ууж байгаад хоорондоо муудалцаад И нь: Амандаа тарни уншиж намайг хараалаа гээд нүүрэн хэсэг рүү 2-3 удаа гараараа цохиод авсан. И нь тэгээд М-ийг чирээд гар, манайх зайл, энийг зайлуулна гээд чирээд аваад гарсан. Д бид хоёр дэлгүүр явахаар болоод гэрээс гараад ирэхэд хашааны урд талын том хаалганы наад талд газарт сууж байгаа харагдсан. Би Д-ын хамт арын хаалгаар гараад ард байдаг дэлгүүр рүү орсон. Мөн дэлгүүрээс гараад засмалын доод талд байдаг дэлгүүр рүү орсон. Тэр дэлгүүрээс бэлэн гоймон, Тайшир гамбир, хиам аваад буцаад гудам өгсөөд И-ийн гэрийнх нь урд талын хаалгаар орж ирэхэд хашааны үүдэнд саарал өнгийн приус 10 байна уу, 11 байна уу машинтай хүмүүс ирчихсэн байсан, тэр машинаас зүс таних Т гэх залуу бууж ирээд мэнд ус мэдсэн. Тэгэхэд машины жолооч наана чинь юу болоод байгаа юм. Зодоон болчихсон юм биш үү гэж хэлсэн. Тэгэхэд С нь мотоциклтой найзтайгаа хамт ирээд: Ч-г ах нь хайгаад байна. С яриад бөөн юм болоод байна гэж хэлчхээд яваад өгсөн. Тэгээд хашаа руу хамтдаа Д, Т, танихгүй хүнтэй хамт орсон. Тэгэхэд М ах хашаан дотор сууж байсан ба хувцас нь нийлээд тоос шороо болчихсон, М ахын нүүрэн хэсэг рүү цус гоожчихсон байсан. Нүүрийг нь угаагаад цусыг нь нүүрэнд нялаад хаячихсан юм шиг харагдсан. Бид нар гэрт ороход С, И ах хоёр байсан. М ахыг хэн зодчихсон юм бэ гэж асуухад И ах хажуугаар ус аваад гараад явсан. Тэгэхэд С. М ахыг И ах зодчихлоо гэж хэлсэн. Би тэгээд И ахаас: Та яагаад М ахыг зодоод хаячихсан юм бэ гэхэд би зодчихлоо гэж хэлсэн. Тэгэхэд Ч-ын ах нь буцаж орж ирээд намайг дуудаад би араас нь гарсан. Би тэр ахтай хашааны ард уулзаад Ч-, Бүжээ нарын талаар юм асуугаад байсан. Тэгээд юм асууж байгаад Та нар Мг зодчихсон юм уу гэж асуусан. Би тэгэхээр нь шууд өрөөсөн гартай И гэдэг ах зодсон гэж хэлсэн. Тэр хүн шууд машин руугаа алхаад явсан. Тэгээд гэр рүү орох гэж байхад Д-н найз Т ирээд надтай уулзаад бид хоёр гэр рүү хамтдаа орох үед И ах М ахын хажууд очоод зогсчихсон. Ус хутгаад гаргаад ир гэж хэлсэн. Би тэгэхээр нь Төгсөөг Чи ус хутгаад өгчих гэж хэлсэн. Т шанагаар 2 удаа ус хутгаж аваачиж өгсөн. Тэгээд Төгсөө орж ирээд: тэр хүний нүүр ам нь аймаар болчихсон байна. Нүүрэн хэсэгт байх шарх руу нь И ах гараа хийж үзээд байна гэж хэлсэн. Би бодохдоо М ахыг ямар ч контрол байхгүй, ухаан алдсан юм уу, тасарчихсан юм байна гэж бодсон. И ахаас: Наад хүн чинь зүгээр юм уу ахаа гэж асуухад И ах зүгээр зүгээр та хэд яв яв гэж хэлсэн. Тэгээд Д-, С, Төгсөө бид нар явах машинд суухад араас И ах гарч ирээд та нар явах гэж байгаа юм уу, буцаад ирээрэй гэж хэлсэн. Тэгэхэд бол М ах сууж л байсан. Бид нар тэгээд хөдлөөд явсан ба би замдаа гэртээ буугаад үлдсэн. Тухайн үед намайг хажууд байхад Иг нь амандаа маань уншлаа, чи намайг хараалаа гэж хэлээд 2-3 удаа цохьчихоод М ахыг чирээд гараад явсан. М ах хүн амьтантай тэр бүр маргаад муудалцаад байдаггүй, эерэг харилцаатай хүн байгаа юм…” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,
Гэрч А.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Би 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн төвд байх гэртээ байсан юм. Тухайн өдөр 15-16 цагийн орчимд найз Н-ын хамт И-нд Н-ын машинтай хамт очсон юм. Бид хоёр И-ийн хашааны урд талд очсон. Тэгэхэд хашааны урд хаалганы дотор талд хашаанд нэг эрэгтэй хүн сөхрөөд тонгойгоод суучихсан байж байснаа толгойгоо урагшаа хаалга руу харуулчихсан газарт хэвтээд өгсөн. Тухайн хүн нь танигдах аргагүй болчихсон, нүүрэн хэсэг цус болчихсон, хувцас нь шороо болчихсон газарт хэвтэж байсан. ...Н бид хоёр 103 дугаар руу залгаад дуудлага өгөх гэсэн чинь утсаа авахгүй байсан. Ит наад хүнээ оруулаад цусыг угаахгүй юм уу гэж хэлээд бид хоёр явсан…” гэх мэдүүлэг,
Гэрч Э.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Би 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн төвд байх гэртээ байсан юм. Тэгээд найз Ц-ыг хайгаад 14-өөс 15 цагийн орчимд И-ийн хашааны үүдэн дээр машинтай ганцаараа очсон юм. Би машинаас буухад И нь том том орилоод талийгаач М ахын толгой дээрээс нь дэвсээд байж байхаар нь би болиоч гэж хэлээд хашаагаар яваад орсон. Би юунаас болоод зодолдоод байгаа юм бэ гэхэд И нь: Энэ муу намайг хараана гээд байхаар нь бид хоёр зодолдсон юм гэж хэлсэн. Тэгэхэд И, М ах хоёр хоёулаа согтуу байсан. И нь урд талдаа уурхайн хамгаалалтын төмөртэй, богино түрийтэй, хар гутал өмссөн байсан ба гутлын урд хэсэг нь нэлэнхийдээ цус болчихсон байсан. Би М ахыг босгоод тамхи асааж өгөхөд над руу нэг хараад тамхинаас нэг удаа сороод шууд хаясан. Тэгээд тэр газраа суугаад байсан. Би И-ийг боль боль гэж хэлчхээд гэрт нь хүн байхгүй байгаа юм байна гэж бодоод ороход гэрт нь гурван залуу сууж байсан. Тэр залуучууд гурвуулаа эрүүл байсан. Би тэгэхээр нь гадаа чинь зодоон болоод байна ш дээ гэхэд хая хая наад хоёр чинь өөрсдөө учраа олчихно гэж зүс таних М гэх залуу хэлсэн. Би гэрээс нь шууд гараад машинаа унаад Ц-ынх руу явж байхад Ц над руу залгахаар нь: Чи хаана байгаа юм. Би чамайг хайгаад хойно Иийнд ирлээ. Тэнд И, М ах хоёр хоорондоо зодолдоод байж байна. Чи гэрийнхээ хойд талд гараад ирж бай миний утасны цэнэг дууслаа гэж хэлээд утсаа салгасан. Би 7048102 дугаар руу залгасан чинь дуудлага хийж байгаад миний утас унтарсан. Би Ц-ыг гэрээс нь аваад хойно Игийн гэрт очсон. Би ойролцоогоор 10-15 минутын дараа эргэж очсон. Тэгэхэд И нь М ахын хажууд байж байсан. М ах хурхираад байсан би шууд гэр рүү орох гээд явж байхад хашааны урд өөд М нь өмнө очиход гэрт байсан залуугийн хамт бэлэн гоймон аваад ирж байснаа М нь хаанахын гөлөгнүүд цуглаад байна аа гэж хэлсэн. Тэр надад муухай сонсогдсон. Би гэрт түрүүлээд ороход араас И, Ц-, М, өмнө гэрт байсан залуугийн хамт дөрвүүлээ орж ирсэн. Би М-той таарахгүй юм байна гэж бодоод За за Ц- хоёулаа явъя гэж хэлээд гарахад гэрийн гадаа нэг танихгүй ах ирсэн. Тэр ах тэгээд түргэн дуудаач. Хүн зодчихсон юм биш үү гэж хэлэхээр нь би утсаа асаагаад түргэн рүү залгасан боловч утсаа аваагүй. Би Ц-ын хамт явахдаа дуудлага дуудаарай гэж гэрийн үүдэнд байсан хүмүүс рүү хандаж хэлчхээд яваад өгсөн. Тэнд байсан залуучууд яагаад дуудлага дуудаагүй юм бол гэж бодож байсан. М ахын толгойн баруун хэсэг рүү хөлөөрөө дэвсэж байсан. Би тэгээд хашаа руу ороод салгасан юм. Тэгэхэд толгойны аль хэсгээс цус гарч байгаа нь мэдэгдэхгүй нүүр нь битүү цус болчихсон байсан. Эхлээд намайг ганцаараа очиход И, М, М, тэгээд И-ийн дүү гээд нэг эрэгтэй, өөр нэг эрэгтэй тавуулаа байсан юм. Дараа нь Ц-той хамт буцаад очиход Б.И-, мөн хоёр эмэгтэй хүүхэд, нэг ах, И-ийн дүү, дүүгийнх нь найз М, өмнө очиход байсан эрэгтэй байсан. И-ийн дүүгийнх нь найз гээд М, өмнө гэрт байсан залуугийн хамт дэлгүүр яваад орж ирж байгаа бололтой бэлэн гоймон авчихсан хашаагаар орж ирсэн…” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/,
Насанд хүрээгүй гэрч М.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хичээл тараад гэртээ ирчхээд байж байхад миний ******* дугаар руу ****** гэсэн дугаар 13 цаг 49 минутад залгаад: Ч-ыг харсан уу, өчигдөр чамтай хамт явж байсан гэсэн уулзах боломж байна уу, яваад очъё гэж хэлэхээр нь би тэгье тэгье та хүрээд ир гэж хэлээд Сутай дэлгүүрийн хаягийг зааж өгсөн юм. Би Ч-ыг хаана байгаа талаар найзуудаасаа асуухад: С, Б хоёртой явж байсан гэж хэлсэн. Би 5-10 минутын дараа Сутай дэлгүүр дээр ирэхэд бүхээгтэй, саарал өнгийн машин ирчихсэн байсан. Би тэр ахтай хамт И ахын гэр рүү ороход Б Ч- гэрийн зүүн талын орон дээр сууж байсан. Харин гэрийн баруун талд И ах, хар малгайт цамцтай эрэгтэй, Билгүүн, өөр нэг эрэгтэй нар архи ууж байсан. Би тэгэхээр нь энэ хоёр энд л байж байна ш дээ гэж хэлсэн. Гэрийн баруун талд байсан хүмүүс архи уугаад, зүүн талд М, С, Б, Ч- нар хөзөр тоглож байсан. Д- гэх залуу зүүн талын орны өмнүүр газарт унтаж байсан. Ч-ын ах нь. Ч-ыг загнаад Ч-ыг гэрээс дагуулаад гарсан. Би араас нь Бын хамт гэрээс гарсан. Ч-ын ах нь Б, Ч- хоёрыг дагуулаад машинд суулгасан. Би тэндээс шууд гэр рүүгээ явсан юм. Би дахин И ахын гэрт очоогүй. Би буцаад дэлгүүр орох гээд явж байхад И ахын хашааны ард талд Ч-ын ах, М хоёр уулзаад байж байсан. 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр миний өөрийн ******* дугаар руу И ах өөрийнхөө ******* дугаараас залгаад би цагдаа дээр байна. Нэг юм болоод би тасраад уначихсан сэрээд нойл руу явж байхад манай хашаад 1 хүн хэвтэж байхаар нь эмнэлэг дуудаж өглөө. Б, Ч-, М нарын дугаар байна уу? энэ хүмүүсийн дугаарыг олоод өгөөч гэж хэлсэн. Би тэр хүмүүсийн дугаарыг нь мэдэхгүй байсан учраас дугаарыг нь олоод холбогдъё гэж хэлсэн. 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цаг 20 минутад И ах залгаад: Б, Ч- нар руу эвтэйхэн мэдүүлэг өгөөрэй. Нөгөө хүн нь өнгөрчихлөө. Үхсэнийх араас үхэлтэй биш амьдыг хамгаалаарай гэж хэлсэн. Би тэрнээс хойш И ахтай холбогдоогүй. Харин Бтай утсаар холбогдоход би мэдүүлэг өгөхгүй гээд уйлаад байсан. Би 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сын фейсбүүк хаягаар Ч-той холбогдоод эвтэйхэн мэдүүлэг өгөөрэй. Нөгөө хүн нь өнгөрчихлөө. Үхсэнийх араас үхэлтэй биш амьдыг хамгаалж үлдэх хэрэгтэй гээд хэлсэн чинь Ч-ын ээж хажуугаас нь орж ирээд чи юу солиороод байгаа юм бэ, хүүхэд дагуулж золбин тэнэлээ гэхээр би фейсбүүк мессенжерээ салгасан юм. 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цаг 20 минутад И ах залгаад Б, Ч- нар руу эвтэйхэн мэдүүлэг өгөөрэй. Нөгөө хүн нь өнгөрчихлөө. Үхсэнийх нь араас үхэлтэй биш хамгаалаарай гэж хэлсэн. Би тэрнээс хойш И ахтай холбогдоогүй…” гэх мэдүүлэг,
Гэрч Т.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн орой 18 цагаас хойш байхаа цагийг сайн санахгүй байна би ажлаасаа гэртээ ирчхээд байж байхад Ч-ын фейсбүүк мессенжер хүү саравчтай малгайтай, эрэгтэй хүүхдийн зурагтай, С гэх хаягнаас залгасан. Ч- нь дууг нь чанга дээр нь тавихад С нь “үхсэнийх нь араас үхэлтэй нь биш. Амьд байгаагаа авч үлдэх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Би тэгэхээр нь чи юу солиороод байгаа юм. Дахиад хүүхэд рүү залгахгүй шүү гэж хэлэхэд утсаа салгачихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 72/,
2025 оны 04 дүгээр сарын 02-ний өдөр Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад П.Буянтогтохын хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-07 /,
2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад П.Буянтогтохын цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-11/,
2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад П.Буянтогтохын Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-16/,
2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад П.Буянтогтохын Б.И-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-18/,
2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад П.Буянтогтохын М.С-ийн эзэмшлийн А-52 маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-20/,
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 24/,
2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад П.Буянтогтохын дэлгүүрийн камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25/,
2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад П.Буянтогтохын Д.М-гын эзэмшлийн Iphone-15 pro маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 51-52/,
Амь хохирогч Д-ийн М-ийн Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /хх-ийн 88/,
Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн -ахлах шинжээч эмч цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2025 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн ГОА0625/017 дугаартай “…1. Амь хохирогч Д.Мөнх-Эрдэнийн цогцост духанд зулгаралт, хуйхны дотор гадаргууд цус хуралт, их тархины дух баруун зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, зүүн дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Амь хохирогчийн цогцост үүссэн их тархины дух баруун зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэл нь амь насанд аюултай тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам"-ын 4.1.3 болон 4.1.4-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоолоо. Хамар ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоолоо. Бусад зулгаралт, цус хуралт гэмтэл нь “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 4. 5. Амь хохирогч нь их тархины дух баруун зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэл авч тархи дарагдан хавагнаж нас барсан байна. 6. Талийгаач нь элэгний дунд зэргийн өөхлөлт, хатуурал, нойр булчирхайн цочмог үрэвсэл өвчтэй байх ба уг өвчин нь шууд үхэлд нөлөөлөөгүй байна. 7. Амь хохирогч нь тухайн үед цаг алдалгүй эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг авсан байна. 8. Эмнэлгийн тусламж үйлчилгээг стандартын дагуу хийсэн байна…” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 99-105/,
Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “...хууль ёсны төлөөлөгч Ө.А-ийн сэтгэцэд уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна... ” гэх ХОВ/0825/063 дугаартай дүгнэлт /119-121-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Дээрх нотлох баримтуудыг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, оролцогчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүнчлэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдэд ноцтой зөрүү гараагүй, утга агуулгын хувьд бие биеэ нөхсөн, баталсан шинжтэй байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны талаас нь шүүх үнэлж үйл баримтын талаарх шүүхийн дүгнэлтийн үндэслэл болгосон болно.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Б.И- нь Мөнх-Эрдэнийн толгойн хэсэгт хүнд гэмтэл учруулсан байна. Б.И-ийг гэм буруутай гэж үзэж байна гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
1.2 Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Хүн бүр амьд явах эрхтэй бөгөөд энэхүү эрхийг 1948 оны НҮБ-ын “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын гуравдугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, 1966 оны Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт-ын зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр амьд явах салшгүй эрхтэй. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй” гэж тус тус тунхаглаж баталгаажуулсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй ба гэм буруутай этгээдийн үйлдэл нь хохирогч нас барсан үр дагавартай шалтгаант холбоотой байдаг нь “Хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинж болдог.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үздэг ба гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл явцаар, гадны ямар нэг нөлөөгүйгээр тэр хор уршгийг бодитойгоор учруулсан, түүнд шууд хүргэсэн байх учиртай.
Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас, чухамхүү түүнд шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж бөгөөд тухайн хор уршиг нь бусад хүмүүсийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой учирсан бол шалтгаант холбоо үгүйсгэгддэг билээ.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Б.И-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.И- нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгч Б.И-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь “Шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна” гэснийг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болно.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол нэхэмжлээгүй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.И-ийн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол нэхэмжлэхгүй гэсэн ба сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно...” гэсэн заалтыг үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах нь зүйтэй гэжээ.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-т “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж, 508.2-т “Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй” гэж, Мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж тус тус хуульчилсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр амь хохирогчийн авга эгч Ө.А тогтоогдсон бөгөөд амь хохирогчийн гэр бүлийн гишүүн, төрсөн аав, ах дүүс нь байдаг талаар талууд шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан.
Иймд гэмт хэргийн улмаас амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хохирлыг амь хохирогчийн гэр бүлийн гишүүн нэхэмжлэх эрхтэй, тэдний холбогдох мэдээлэл нь хэрэгт авагдаагүй тул уг сэтгэцэд учирсан гэм хорын асуудлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Харин амь хохирогчийн гэр бүлийн гишүүн нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлоо шинжээчийн дүгнэлтээр тогтоолгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.И-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгов.
Шүүгдэгч Б.И-ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.И-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгчийн цагдан хоригдсон 56 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох дүгнэлтийг,
шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Б.И-ийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн хохирогчид өгөх хохирол төлбөргүй зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг хэрэглэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулна гэж заасан байна.
Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.А нь хохирол нэхэмжлээгүй байгааг хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд шүүгдэгч Б.И-ийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, улсын яллагч, өмгөөлөгчийн гаргасан санал, дүгнэлт зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.И-ийн цагдан хоригдсон 56 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.И- нь шүүхийн хэлэлцүүлэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн өмсөж байсан 1 хос гутлаа буцаан авах хүсэлт гаргасан тул шүүх бүрэлдэхүүн уг 1 хос гутлыг шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн 1 хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.И-т нь 56 хоног цагдан хоригдсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Б-ийн И-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-ийг 8/Найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-т оногдуулсан 8/Найм/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-ийн цагдан хоригдсон 56 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.И-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Гэм хорын хохирлыг амь хохирогчийн гэр бүлийн гишүүд нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн 1 хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.И-т буцаан олгосугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.И- нь 56 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.И-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ
ШҮҮГЧ Б.ОДБАЯР