| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Туяа |
| Хэргийн индекс | 182/2019/00140/и |
| Дугаар | 849 |
| Огноо | 2019-05-13 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 849
Ш.Б-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/00520 дугаар шийдвэртэй, Ш.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ЗГБНҮГ-т /ТӨААТҮГ-/ холбогдох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Чулуун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч байгууллагад 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс туршилтаар 4 хоног ажиллаж, мөн оны 9 дүгээр сарын 07-ны өдөр эмч, бариа заслын эмчээр томилогдсон. Ажиллах хугацаандаа дарга нарын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд ажилласан. Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 357 дугаартай тушаалаар намайг ажлаас халсан, уг үйлдлийг би хууль бус гэж үзэж байна. Учир нь анх ажилд ороход надад ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээг танилцуулж гардуулаагүй. Хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурж нэг хувийг авах гэхэд “эргээд өгнө ажил ихтэй байна, хувилаад өгнө” гэсэн боловч өгөөгүй. Гэрээг уншиж амжаагүй байхад “гарын үсэг зур” гэхээр нь зурсан. Ажлын байрны тодорхойлолт гардуулж, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам гэж огт танилцуулаагүй.
Намайг ажиллаж байх хугацаанд хүмүүс сэтгэгдэл өндөр, эмчилгээ үйлчилгээнд сэтгэл ханамжтай байсан нь санал хүсэлтийн дэвтэрт бий. Хүний нөөцийн ажилтан н.Оюунцэцэг үйлчилгээ авахдаа журмаас гадуур эмчилгээ хийлгэх хүсэлт гаргасан учир түүнийг “эмнэлэгт хэвтэж эмчлүүл” гэтэл “би эмчлүүлэх эрхтэй, намайг хөнгөлөлттэй үнээр эмчил” гэж дарамталсан. Ажлын бус цагаар гадуур эмчилгээ үйлчилгээ хийдэг байсан нь миний нэмэлт орлого болдог.
Хүний нөөцийн ажилтанд “ажлын хүрээнд бол болохгүй, журамд тусгагдаагүй” гэхэд “хөнгөлөлттэй үнээр эмчилгээ авна, мэдэж байна” гэсэн тул албан тушаалыг нь бодоод аргагүйн эрхэнд гэрээр эмчилгээ хийж биеийн байдал нь сайжирсан. Энэ нь ажлын байранд, ажлын цагаар журмаас гадуур эмчилгээ үйлчилгээ хийсэн биш бөгөөд миний ажил үүрэгт огт хамааралгүй. Харин ч би гадуур хийдэг эмчилгээний үнээс 50 хувиас бага үнээр эмчилгээг нь хийж өгсөн. Үүнээс гадна, ажлын цагаар өөртөө хоол авч ир гэж дарамталдаг байсан атлаа дараа нь эмчилгээ хийсэн нь хууль бус гэж гомдол гаргасныг ойлгохгүй байна.
Санхүүгийн албаны дарга мөн оны 10 дугаар сарын 12-ны өдөр надад үзүүлээд эмчилгээ хийлгэнэ гэхээр нь журамд заасан эмчилгээ байхгүй эмнэлгээр эмчлүүлэх хэрэгтэй гэж зөвлөсөн боловч заавал таниар эмчилгээ хийлгэнэ гээд байхаар нь ажлын байранд хийх боломжгүй гэсэн. Гэтэл өөрөө ажлын бус цагаар надад зав байхгүй өглөө эрт хийлгэмээр байна гэсээр өглөө эмчилгээг хийлгэсэн. Мөн л байгууллагын санхүүгийн албаны дарга учир “үгүй” гэж хэлж чадаагүй хүссэн эмчилгээг нь хийсэн.
Дээрх үйлдлүүдээс болж ажлын байранд болон бусад хүмүүст ямар нэг хохирол учраагүй. Харин ч эрх бүхий албан тушаалтнууд намайг дарамталж миний үнэтэй хөдөлмөрийг үнэгүй шахам хийлгэсэн атлаа ажил хөдөлмөртөө тэнцэхгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй.
Мөн ЗГ байр хооронд үйлчилгээ хийлгэдэг учир энд тэндээс дуудаад ажлын ачаалал хэт их байсан бөгөөд зарим тохиолдолд амжихгүй байхад ирж үйлчилсэнгүй гэж загнах, нөгөө талаас ажлын байранд байсангүй гэдэг тул дэд захирал н.Лувсанрэгзэн рүү орж “би яг хаана ямар ажил үүрэг гүйцэтгэх ёстой вэ, надад ажлын байрны тодорхойлолт өгнө үү” гэж хүсэлт гаргасан. Гэтэл “даргатай ярьж байгаад хариу хэлнэ” гэснээс хойш хариу хэлээгүй.
Иймд эмч-бариа заслын эмчийн ажлын байранд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Тус газарт нэхэмжлэгч Ш.Б-г 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөөтэй байгаа эмч Л.Пүрэвсүрэнгийн орон тоонд туршилтын гурван сарын хугацаатай ажиллуулахаар дотоод журам, цаг ашиглалтын журам, хөдөлмөрийн гэрээ зэргийг тодорхой танилцуулан гарын үсэг зуруулж хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Анх ажилд ороход нь анкет болон материалтай нь танилцахад эмчлэх эрхийн лиценз байгаагүй, шаардахад хугацаа нь дууссан, сунгуулаад өгнө гэж байсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар шинээр ажилд орж байгаа ажилтан болон дагалдан сурагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон туршилтын болон сургалтын хугацаагаар ажиллуулна гэсний дагуу туршилтын гурван сарын хугацаатай ажилд авсан. Дотоод журмаар шинээр ажилд орсон ажилчдыг захирлын зөвлөлийн хурлаар оруулж хариуцсан дарга нарын санал ажлын үр дүн цаг ашиглалт, ажлын байрны шаардлагад тэнцэх эсэхийг хэлэлцэн, үндсэн ажилтнаар авах шийдвэр гаргадаг.
Ш.Б- туршилтаар ажиллах хугацаандаа эмчлэх эрхийн лицензгүй, байгууллагын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тарифаас гадуур эмчилгээ хийж, цаг ашиглалт хангалтгүй, хувь хүний ёс зүйгүй байсан нь үндсэн ажилтнаар ажиллуулах боломжгүй гэх захирлын зөвлөлийн хурлын шийдвэр гарсан тул 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 357 тушаалаар хөдөлмөрийн гэрээг нь цуцалж, ажлаас чөлөөлсөн. Дээрх үндэслэлүүдийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Б-г Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газрын эмч-бариа заслын эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 843 754 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Ш.Б-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт зааснаар эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийхийг хариуцагчид даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 44 450 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Ш.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж эмч, бариа заслын эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй хугацааны цалин хөлс 1 813 754 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, Ш.Б- нь тус газарт эмч, бариа заслын эмчээр 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс хүүхэд асрах чөлөөтэй байгаа эмч, бариа заслын эмч Л.Пүрэвсүрэнгийн оронд гурван сарын туршилтын хугацаагаар ажилд орсон. Байгууллагын дотоод журмын дагуу шинээр ажилд орсон ажилчдыг захирлын зөвлөлийн хурлаар оруулж хариуцсан дарга нарын санал, ажпын үр дүн, цаг ашиглалт, хувь хүний ёс зүй, ажлын байрны шаардлагад тэнцэх асуудлыг хэлэлцэн үндсэн ажилтнаар ажиллуулж хөдөлмөрийн гэрээг сунгадаг.
Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газрын эмч, бариа заслын эмчийн “Ажлын байрны тодорхойлолт”-д Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалаврын зэрэгтэй төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг чанд сахих гэсэн шалгуур үзүүлэлтүүд байдаг ба Ш.Б- нь туршилтын хугацаанд ажиллаж байхдаа мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байсан тул уг албан тушаалд ажиллуулах боломжгүй гэж захирлын зөвлөлийн шийдвэр гарч туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээг цуцалсан.
Шүүхийн шийдвэрт хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийн талаар заасан ч Ш.Б-гийн гаргасан гэх зөрчил нь уг гэрээнд нэрлэн заагдаагүй ба түүнийг ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Туршилтын гурван сарын хугацаатай, хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.4.6.е-д ЗГБНҮГ-т мөрдөх дүрэм, байгууллагын дотоод журмыг удаа дараа, эсвэл ноцтойгоор зөрчсөн, 10.4.6.f-д ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргээ биелүүлээгүй нь ноцтой үр дагавартай бол гэж зохицуулсан тул ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн.
Иймд туршилтын хугацаанд байгууллагын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тарифаас гадуур эмчилгээ хийсэн, цаг ашиглалт хангалтгүй, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээгүй байсан зэрэг нь ноцтой зөрчил учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэсний дагуу туршилтын хугацааг дуусгавар болгосон. Дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ш.Б- нь хариуцагч ЗГБНҮГ- /ТӨААТҮГ-/-т холбогдуулан эмч, бариа заслын эмчийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Талууд, нэхэмжлэгч Ш.Б-г ажлаас чөлөөлсөн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 357 дугаар тушаалын үндэслэлд заасан үйл баримтын талаар маргаж, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.2.6, Хөдөлмөрийн гэрээний 9.3.в, Захирлын зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрийг тус тус үндэслэн, Ш.Б-г туршилтын хугацаанд ажиллахдаа байгууллагын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тарифаас гадуур эмчилгээ хийсэн, ажлын гүйцэтгэл, цаг ашиглалт хангалтгүй, ажлын байрны шаардлагад тэнцэхгүй, эмчлэх эрхгүй байсан гээд хөдөлмөрийн гэрээг нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс цуцалж эмч, бариа засалч эмчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. /хх3/
Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч Ш.Б- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт зөв болжээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй үндэслэлээ, Ш.Б- нь туршилтын хугацаанд ажлын гүйцэтгэл, цаг ашиглалт, хувь хүний ёс зүйн хувьд ажлын байрны шаардлагад тэнцээгүй, Хөдөлмөрийн гэрээний 10.4.6.е.-д зааснаар дотоод журмыг удаа дараа, эсвэл ноцтойгоор зөрчсөн, 10.4.6.f. ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргээ биелүүлээгүй нь ноцтой үр дагавар гаргасан гэх заалтуудыг иш татан тайлбарлаж, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн захирлын зөвлөлийн 28 дугаартай хурлын тэмдэглэл, Ажлын байрны тодорхойлолтыг нотлох баримтаар ирүүлсэн байна. /хх15-21,23-50/
Нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалын үндэслэл болох хариуцагч байгууллагын Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс үзвэл, ажилтан Ш.Б- нь хэзээ, ямар ноцтой зөрчил гаргасан нь тодорхойгүй, гаргасан гэх зөрчлүүд нь Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарахгүй байгааг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Ш.Б- нь эмч, бариа заслын эмчийн “Ажлын байрны тодорхойлолт”-д заасан эмчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй байсан гэх хариуцагчийн тайлбар нь тухайн ажлын байранд ажилтныг ажилд авах үед тавигдах шаардлага бөгөөд хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, ажлын байрны тодорхойлолтод заасан ажилд авах, улмаар хөдөлмөрийн гэрээ байгуулахад баримтлах шалгуур болохоос, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл биш юм. Ажил олгогч нь анх ажилд авах үедээ ийнхүү эмчлэх эрхтэй эсэхийг шалгаж, шаардалгүй хөдөлмөрийн харилцаа үүсгэсэнд тухайн ажилтныг буруутгах боломжгүй.
Мөн хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан гэж байгаа буюу илүү үнэ тарифаар эмчилгээ хийсэн, ажлын цаг ашиглалт муу байсан, хувийн ёс зүйгүй байдал гаргаж, ажлын байрны шаардлагад тэнцэхгүй гэх үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байна.
Иймд ажил олгогчийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 357 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас халах тухай” тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 болон хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтад нийцэхгүй байх тул туршилтын хугацаандаа “ноцтой зөрчил” гаргасан гэх хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болж, туршилтын хугацааг дуусгавар болгосон гэх хариуцагч талын давж заалдах гомдол хангагдах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/00520 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ЗГБНҮГ- /ТӨААТҮГ-/ нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Т.ТУЯА