Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2021/ДШМ/503

 

 

    

 

      2021             5             20                                         2021/ДШМ/503

 

Б.Вд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор А.Ганзориг,

шүүгдэгч Б.Вйн өмгөөлөгч Ц.Амар,  

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/311 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.В, түүний өмгөөлөгч Ц.Амар нарын тус тус гаргасан давж заалдах гомдлоор Б.Вд холбогдох 2108000000231 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.В, 1985 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 269 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1062 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 6 сарын хорих ял оногдуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 268 дугаар захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан түүний эдлээгүй үлдсэн 6 жил 11 сар 1 хоногийн хорих ялаас чөлөөлж шийдвэрлэсэн;

Шүүгдэгч Б.В нь 2021 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 97-36 УБУ улсын дугаартай тоёота приус-20 маркийн автомашинаар такси үйлчилгээнд явж байхдаа хохирогч М.Нийг Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Залуус хороололд хүргэж өгөхдөө хохирогчийн эзэмшлийн Самсунг А-10 эс маркийн гар утас, 10 метрийн урттай даавуу зэрэг эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, бусдад нийт 390.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Вйн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Сартуул овгийн Бямбаагийн Б.Вйг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Вд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Вд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч          Б.В нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн бичиг баримт, эд зүйл хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч М.Нт эд зүйлийг тоо ёсоор бүрэн хүлээлгэн өгсөн, хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Вд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 2002 оны Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.5 дахь хэсэг, 78 дугаар зүйлийн 78.2.5 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэж түүнийг ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь:

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж, 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж тус тус заасан.

2015 оны Эрүүгийн хуулиар ялтай байдал, ялгүйд тооцох хугацаа гэх эрх зүйн зохицуулалтыг хуульчлаагүй.

Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс нэг жилийн хорих ялын санал гаргасан ба Б.В нь 2021 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн байхад шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулиар ялтай байдлыг тооцож, ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж хүндрүүлж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж түүний ялыг хүндрүүлсэн байна.

Миний үйлчлүүлэгч Б.В нь ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлж ам бүлээ тэжээдэг, 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс хойш ямар нэг гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгч Б.Вд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.В давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие үйлдсэн хэрэгтээ гэмшиж мөрдөн байцаалтын шатанд саад учруулаагүй, үйлдсэн хэргээ үнэн зөв хүлээж хохирлоо бүрэн барагдуулсан. Ар гэрт маань эхнэр, охин 2 маань харж хандах хүнгүй, эрхэлсэн ажилгүй хоцорсон. Үйлдсэн хэрэгтээ үнэн сэтгэлээсээ гэмшин ухамсарлаж байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг минь багасгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс өмгөөлөгчийн хэлсэн шиг ялтай байдал гэж хүндрүүлээгүй. Шүүгчийн зүгээс өмнө нь 2 удаагийн ял эдэлчихээд 2017 онд хуулийн тэгшитгэлээр суллачихсан байхад дахин гэмт хэрэг үйлдэж орж ирсэн байна. Дахин гэмт хэрэг үйлдэж орж ирж байгаад нь холбогдуулан 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулсан. Тухайн зүйл нь 6 сараас 5 жил хүртэлх хугацааны хорих ялтай. Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд 2 жилийн хорих ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.В нь 2021 оны 1 дүгээр сарынн 16-ны өдөр 97-36 УБУ улсын дугаартай тоёота приус-20 маркийн автомашинаар такси үйлчилгээнд явж байхдаа, хохирогч М.Нийг Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Залуус хороололд хүргэж өгөхдөө хохирогчийн эзэмшлийн Самсунг А-10 эс маркийн гар утас, 10 метрийн урттай даавуу зэрэг эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, бусдад нийт 390.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.Нийн “...таксины жолооч залуу би өөрөө дансны дугаараа хийчихье гэхээр нь би зөвшөөрөөд гар утсаа өгсөн. Тэгээд миний дотор муухай оргиод машинаас буусан чинь миний утсыг өгөхгүй, шууд машинтай хөдлөөд зугтаагаад явсан. ...” /хх 6/,

гэрч Ц.Аы “...2021 оны 1 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө үүрэг гүйцэтгэж байхад 40-45 орчим насны үл таних эмэгтэй надад туслаач, миний утсыг таксины жолооч аваад зугтаасан, та миний утас руу залгаад өгөөч гэхээр нь өөрийн 80049430  дугаарын утаснаас тухайн эмэгтэйгийн хэлсэн дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан. ...” /хх 19/,

шүүгдэгч Б.Вйн “...Тэр эмэгтэй машины хойд талд сууж байгаад дотор муухай оргиод байна гээд машинаас гарч хойшоо явж бөөлжөөд байсан. Тэр үед нь би тэр эмэгтэйг гар утсаа аваад буугаад явчихлаа, авч явж байсан тортой юмаа үлдээчихлээ гэж бодоод тэндээс машинаа унаад хөдлөөд явчихсан. Тэгээд намайг гэр рүү явж байтал миний ард гар утас дуугараад би гайхаад гар утсыг авч үзээд, унтраагаад гэртээ харьсан юм. ...” /хх 50/ гэсэн мэдүүлгүүд,    

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 22-23/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 37/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 39-41/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан  журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Вйг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Вйн хохирогч М.Нт такси үйлчилгээ үзүүлэх явцдаа буюу түүнийг машинаас Самсунг А-10 эс маркийн гар утас, 10 метрийн урттай даавуу зэрэг эд зүйлээ түр орхиж буусныг мэдсээр байж орхин явж, уг эд зүйлүүдийг өөрийн эзэмшилд авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах гэмт хэрэг нь хохирогчийн мэдэлд байгаа эд зүйлс, өмч хөрөнгийг ил аргаар хүмүүсийг болон хохирогчийг харсаар байтал хүч хэрэглэхгүйгээр булаан авснаар төгсдөг бөгөөд зарим тохиолдолд өмчлөгчийн эзгүйд буюу байхгүйд бусдын нүдэн дээр эд зүйлсийг авах хэлбэрээр илэрч болдог.

Шүүгдэгч Б.В “...Анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг минь багасгаж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар “...шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулиар ялтай байдлыг тооцож, ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж хүндрүүлж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгч Б.Вд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

             Анхан шатны шүүхээс Б.Вд ял шийтгэл оногдуулахдаа 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдлыг тайлбарлаж, “Б.Вйг хуульд заасан ялтай байдлын хугацаа дуусаагүй байхад гэмт хэрэг шинээр үйлдсэн тул ялтайд тооцох үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт хийсэн нь хуульд нийцээгүй байна.

2002 оны Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацаанд гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн хүнийг үйлдсэн гэмт хэргийнх нь ангиллаас хамаарч хуульд заасан тодорхой хугацаанд ялтайд тооцдог байсан бөгөөд энэхүү эрх зүйн зохицуулалт нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл болдог байсан.

Харин шинэ Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлснээр “ялтай байдал” гэх хууль зүйн ойлголт байхгүй болж, шүүхээр ял шийтгүүлсэн шүүгдэгч нарын хувьд ялтай байдал гэх хуулиар тогтоосон хязгаарлалт арилсан.

Шүүгдэгч Б.Вйг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн үндэслэлтэй байх боловч эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хоёр өөр Эрүүгийн хууль хэрэглэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг дүгнэх явцдаа “өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлээд ялтай байхдаа дахин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг шинээр үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.” /хх 165/ гэж 2002 оны Эрүүгийн хууль хэрэглэсэн нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл, Б.Вйн үйлдсэн гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ анхан шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж буй Эрүүгийн хуулийг буюу хэрэглэх ёсгүй хуулийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагдаагүй гэж үзнэ.

Гэмт хэрэг үйлдсэн хүн бүрт тэнсэх арга хэмжээ хэрэглэхгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээг хэрэглэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан байх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзах зэрэг шалгуур, нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой.

Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Вйн хувийн байдлыг тогтоосон баримтууд, дээрх гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал зэргээс үзэхэд Б.Вандагсангийг нийгэм, олон нийтээс тусгаарлах шаардлагагүйгээр тухайн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын төрөл, хэмжээг хэрэглэхгүйгээр тодорхой хугацаанд үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах замаар албадлагын арга хэмжээ авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн болно.

Харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирол болох гар утас, даавуу зэргийг биет байдлаар буцаан өгч, хохирлыг төлсөн, хохирогч М.Н гомдол саналгүй болсон, анхан шатны шүүхээс түүнийг ялтайд тооцсон үндэслэлийг үгүйсгэсэн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг багасгаж 1 жил болгон өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.  

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Вйн давж заалдах гомдлын “...анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү”  гэснийг, түүний өмгөөлөгч Ц.Амарын гаргасан давж заалдах гомдлын “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн...” гэснийг тус тус хүлээн авч, харин “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Вд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү. ...гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/311 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Вд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Вйг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Вд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Вд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Вйн “...Анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг минь багасгаж өгнө үү. ...” гэснийг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амарын “...хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн...” гэсэн хэсгийг тус тус хүлээн авч, “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Вд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү. ... гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

 

                        ШҮҮГЧ                                                                        Т.ӨСӨХБАЯР