Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/157

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон

         Улсын яллагч Б.Ундармаа

         Хохирогч Д.О

         Шүүгдэгч Х.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Цт холбогдох 2516000000162 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр төрсөн, эмэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, нөхөр * хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн  аймгийн Есөнбулаг сумын ****** тоотод оршин суух хаягтай, ******** регистрийн дугаартай, Ш овгийн Х-ийн Ц.

 Шүүгдэгч Х.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Гэм буруугийн талаар:  

  Шүүгдэгч Х.Ц нь 99735366 дугаарын утсаар хохирогч Д.Отай холбогдож Өмнөговь аймагт манай хамаатны ах эгч хоёр байдаг юм. Тэр хоёр маань эрээн хотоос машины дугуй зарах гэж байгаа юм. Мөнгөний бололцоо муу байгаа учраас 15,000,000 төгрөг 10 хувийн хүүтэй зээлээч гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Д.Оаас 2 удаагийн гүйлгээгээр 8.500.000 төгрөгийг ********* тоот Хаан банкны 3. Ц-гийн эзэмшлийн дансаар дамжуулан өөрийн Хаан банкны ******** тоот харилцах дансаар шилжүүлэн авсан, мөн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ******* дугаараас залгаж ярин 15,000,000 төгрөг болгоод зээлээд өгөөч 1 сарын дараа асуудал үүсгэхгүйгээр 10 хувийн хүүтэй төлнө гэж ярин 6,500,000 төгрөгийг ********* тоот Хаан банкны 3.Ц-ийн эзэмшлийн дансаар дамжуулан өөрийн Хаан банкны ********* тоот харилцах дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна:

  Хохирогч Д.О, гэрч З.Ц нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

Хохирогч Д.Оын тус аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, төрийн банкны ******** тоот харилцах дансны хуулга, ******* дугаарын хэрэглэгчтэй бичсэн гэх зурвасын хуулбар, / хх-ийн 2-5-р хуудас/,

2025 оны 06 дугаар сарын 06-ний өдрийн 25/398 дугаартай Хаан банкны албан бичиг, Хаан банкны ********* тоот данс эзэмшигч З.Ц-ийн харилцах дансны хуулга, 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр мөрдөгч, цагдаагийн ахмад Х.Жүгдэрнамжилын        Хаан банкны *********                     тоот       дансанд         үзлэг   хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 8-11-р хуудас/

2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 25/406 дугаартай Хаан банкны албан бичиг, Хаан банкны ******* тоот данс эзэмшигч Х.Цын харилцах дансны хуулга, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр мөрдөгч, цагдаагийн ахмад Х.Жүгдэрнамжилын        Хаан банкны *********                     тоот       дансанд         үзлэг   хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 12-14, 17-18-р хуудас/,

Төрийн банкны 2025 оны 06 дугаар сарын 18-ны 41/369 дугаартай албан бичиг, төрийн банкны Х.Ц-ын эзэмшлийн 360000280355 тоот харилцах дансны хуулга, /хх-ийн 54-58-р хуудас/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

  Шүүгдэгч Х.Ц нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Д.О-т 15,000,000 төгрөгийн хохирол учирч шүүгдэгч Х.Ц нь хохирогчид 5,500,000 төгрөгийн хохирол төлсөн байх тул шүүгдэгч Х.Цаас 9,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.От олгох нь үндэслэлтэй байх бөгөөд хохирогч Д.О нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

   2. Эрүүгийн хариуцлагын талаар:

 Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Цыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Иймд шүүгдэгч Х.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Ш ургийн овгийн Х-ийн Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Шүүгдэгч Х.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Цт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Цт мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Цаас нийт 9,500,000 /есөн сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.От олгосугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.МӨНХТУЯА