Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/158

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон

Улсын яллагч Б.Ундармаа

Хохирогч Э.Б

Хохирогч Э.Бын өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалбаяр

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Бт холбогдох 2416003160127 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны ***дугаар сарын **-ний өдөр Ховд аймгийн Э**** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ****** хамт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 8-р хороо, Сонсголонгийн 19 дүгээр гудамжны 664 тоотод  оршин суух хаягтай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, ********* регистрийн дугаартай, Х овогт Ц-ын Б

          Холбогдсон хэргийн талаар: Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц-ын Б нь Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багийн нутаг дэвсгэр Цагаан хаалга гэх газар 2024 оны 11 дүгээр  сарын 30-ны өдөр **-** УНЕ улсын дугаартай Toyota prius-41 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа **-** ГАА улсын дугаартай Toyota prius-41 загварын тээврийн хэрэгслийг мөргөж замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчсөний улмаас хохирогч Э.Б-ын эрүүл мэндэд цус алдалтын шок, чацархай урагдал, хэвлийн хөндийд шингэн хуралт /1,2 литр/ гэмтэл бүхий хүнд хохирол, хохирогч Т.Т-ийн эрүүл мэндэд дух ясны цөмөрсөн хугарал, дух хэсгийн хатуу хальсны урагдал, дух хэсгийн хатуу хальсан доорх цус хураа, тархины няцрал гэмтэл бүхий хүнд хохирол тус тус  учруулсан  гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Ц.Б нь  Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багийн нутаг дэвсгэр Цагаан хаалга гэх газар 2024 оны 11 дүгээр  сарын 30-ны өдөр  **-** УНЕ улсын дугаартай Toyota prius-41 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа **-** ГАА улсын дугаартай Toyota prius-41 загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж **-** ГАА улсын дугаартай Toyota prius-41 загварын тээврийн хэрэгсэлд унтаж явсан Э.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол, **-** УНЕ улсын дугаартай Toyota prius-41 загварын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Төмөрчөдөрийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үйл баримт тогтоогдлоо.

Дээрх үйл баримтын улмаас Э.Б-ын биед цус алдалтын шок, чацархай урагдал, хэвлийн хөндийд шингэн хуралт /1,2 литр/, зүүн түнхний чөмөгний сэлтэрсэн хугарал,  дунд чөмөгний толгойн мултрал гэмтэл, хохирогч Т.Т-ийн биед дух ясны цөмөрсөн хугарал, дух хэсгийн хатуу хальсны урагдал, тархины няцрал, дух хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, зүүн шанаа ясны сул сэлтэрхийтэй цөмөрсөн хугарал, хамар, дух, зүүн хацарт шарх, 2 нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал  бүхий  хүнд хохирол тус тус учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж,  хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

         Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Б гэм буруутай болох нь:

 Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна гээд асуултад хариулахдаа: Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. **-** УНЕ улсын дугаартай ПРИУС-41 маркийн тээврийн хэрэгсэл нь манай дүүгийн эзэмшлийнх байгаа юм. Шинээр худалдаж аваад 14 хонож байсан. Улсын дугаар олгогдохгүй байсан учраас дүүгийнхээ нэр дээр байсан дугаарыг зүүгээд наашаа гарсан. Эхнэр, 3 хүүхэд явж байсан. Хохирлыг сая эхний байдлаар 10,000,000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Э.Бын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “Би 2024 оны 11 нэгдүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос гарсан. Шөнө тендерийнхээ ажилтай холбоотойгоор оройн 18:00 цагийн автобустай хамт гарсан юм. Замд явахдаа миний хажууд сууж явсан эмэгтэйтэй хэсэг ярилцаж, дараа нь тэр эмэгтэй унтсан. Шөнийн 4-5 цагийн үед нойр хүрээд, түүнээс чи жаахан жолоо бариад өгөөч, чамд нойр хүрч байна уу? гэж асуухад тэрээр миний нойр хүрэхгүй байна гэсэн. Би хэрвээ нойр хүрвэл ахдаа хэлээд жолоогоо өгөөрэй, зүүрмэглэвэл л шууд зогсоно шүү гэж хэлсэн. Тэр үед би Дэлгэр сум орчимд сэрж, ах нь жолоог аваад явах уу? гэхэд миний нойр хүрээгүй байна аа гэж хариулсан. Тэр үед би хамгаалалтын бүсээ зүүгээгүй, тэр эмэгтэй зүүчихсэн байсан. Нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн байсан. 30-ны өглөө гэж бодож байсан ч үнэн хэрэгтээ ослоос хойш 3-4 хоногийн дараа ухаан орсон. Би тухайн үед маш хүнд бэртэл авсан. Хөл, гар, гэдэс гүзээ гээд бүх эрхтнээ зүсүүлчихсэн, шоконд орсон байсан. Өдөр бүр өвдөлттэй, өвчин намдаах эм тариа хэрэглэж байсан. Алтайн эмч нарынхаа буянд би амьд гарсан. Улаанбаатарт очиж хагалгаанд орсон. Одоо дахин түнхний хагалгаа хийлгэх хэрэгтэй болсон. Миний сүүж, аарцаг гээд бүх яс салсан байсан. Эдгээрийг бүрэн эдгээж байж хиймэл түнх тавих боломжтой гэж эмч нар хэлсэн. Тэр нь зургаан сарын дараа ч байж магадгүй, бүр жилийн дараа ч байж магадгүй гэсэн. Гэхдээ өнөөдөр надад эмчилгээ, үзлэгт явах ямар ч санхүүгийн боломж алга. Миний эхнэр, ээж, дүү нар маань намайг босгохын тулд боломжтой бүхнээ зориулж байна. Би өөрөө зургаан хүүхэдтэй, 2019 оноос хойш эхнэр маань ажил хийж чадаагүй, бага хүүхдээ төрүүлээд бие нь муудаад гэртээ байсан. Том хоёр хүүхэд маань л гэрийн ажилд тусалж байсан. Тэгээд яг эхнэр маань ажилд ороод эхлэхтэй зэрэгцэн би энэ осолд орчихсон. Би үнэхээр гомдож байна. Намайг ийм тахир дутуу болгосон энэ залуу өнөөдрийг хүртэл ганц ч удаа над руу ярьж, ах аа, яаж байна гэж асуугаагүй. Хэрэв хүний хувьд, хүн чанартай хандсан бол, нэг утасдаад, яаж байна гэж асуусан бол, би өөрөө ч уучлах сэтгэлтэй л байсан. Гэвч би түүнийг холбоо барих болов уу гэж их хүлээсэн, даанч ерөөсөө тэгээгүй. Одоо би Улаанбаатар хот руу явж, хиймэл түнх хийлгэх шаардлагатай. Хэрвээ хиймэл түнх хийлгэхгүй бол эмч нар хэлж байгаа  'та өөрөө даалт даах чадваргүй, өдөр тутмын хөдөлгөөнийг давахгүй' гэж. Би энэ залууд үнэхээр их гомдож байна. Би өмнө нь өөрийн хөдөлмөрөөр гэр бүлээ тэжээж, дураараа ажил хийж явсан. Харин одоо бол би хэн нэгний гарт орсон, миний аав, ээж, ах дүүс л намайг асарч, халамжилж байна. Эхнэр маань ч бас ажил хийж, гэр бүлээ авч явах гэж зүтгэж байна. Харин надад ослоос хойш найман сар өнгөрөхөд нэг ч удаа залгаагүй, нэг ч удаа асуугаагүй энэ хүнийг би уучилж чадахгүй байна гэв.

/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Т.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд“... Б.Ц гэх хүнийг танихгүй. 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд гарсан юм. 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 23 цагийн үед Говь-Алтай аймгийн төвд ирээд Алтай зочид буудалд ирж амарсан. Алтай зочид буудалд хоноод 11 дүгээр сарын 30-ны өдрийн 08 цаг өнгөрөөгөөд Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот руу гарсан. Тэгээд би машины арын суудал дээр гурван охинтойгоо суугаад манай нөхөр Ц.Б машин жолоодоод урд сандал хүү Хүлэг сууж байсан юм. Говь-Алтай аймгаас гараад 20-иод км явж байхад Цагаан хаалган дээр ирэхэд өмнөөс их хурдтай машин гарч ирсэн. Би тэгээд хүүе гэхийн завдалгүй тухайн машинтай мөргөлдсөн. Тэгээд би юу болсон талаар мэдэхгүй байна. Цаг агаарын нөхцөл байдал хэвийн нартай байсан. Манай нөхөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангиллын үнэмлэхтэй. **-** УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай нөхрийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Гэхдээ эзэмшигч нь манай нөхөр Ц.Бийн төрсөн дүүгийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Манай нөхөр нэг их хурдтай яваагүй. Би км-ийн анзаарч хараагүй. Миний хувьд бол дух яс цөмөрсөн, зүүн нүдний доод талын яс хугарсан, зүүн хацар яс хугарсан, хамрын яс хугарсан, тархины гэмтэлтэй гэсэн оноштой байсан... Би сүүлд нөхрийнхөө гар утаснаас осол болсон үеийн зургийг харсан юм. Тэгэхэд өмнөөс ирж мөргөсөн машин нь хажуугаараа унасан байсан. Тухайн үед өмнөөс ирсэн машин их хурдтай ирж мөргөснөөс болж хажуугаараа унасан гэж бодож байна. Харин манай машин хурд багатай явж байсан учраас унаагүй эргээд зогссон гэж бодож байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 63-64-р тал/

Гэрч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 18 цагийн Улаанбаатараас Говь-Алтайн чиглэлд явах автобусанд билет бичүүлж суух гэхэд миний 4 хайрцагтай зүйлийг багтахгүй гэхээр нь **-** ГАА улсын дугаартай приус 41 маркийн тээврийн хэрэгсэл 100.000 төгрөг өгч ачуул гэсэн юм. Тэгэхээр би ачаагаа ачуулчихад автобусанд суусан юм. Тэгээд шинэ 22 товчооны цаана шатахуун түгээх станц дээр зогсож зорчигч нар бие засаж автобус түлшээ авсан юм. Тэгтэл миний ачаа ачсан приус 41 маркийн тээврийн хэрэгслийн жолооч тэнд ирсэн байхаар нь би ачааны мөнгөө жолооч руу шилжүүлсэн юм. Тэгтэл Б- гэх жолооч нь миний урд суугаад яв нэг хүн суух гэж байгаад ачаа ихтэй суугаагүй, чи суучих гэхээр нь би автобуснаас эд зүйлсээ аваад приус 41 маркийн тээврийн хэрэгслийн урд суудалд хойд талд битүү ачаатай, жолооч бид хоёр Улаанбаатар хотоос 18 цаг 50 минутын орчим гарсан юм. Би унтаад явж байсан. Баянхонгор аймгийн Бууцагаанаас нэлээн наана явж байгаад зогсож ах нь шөнөжин машин барьсан чинь нойр хүрээд байна ахын дүү машин бариад яваадах гэхээр нь би болох юм уу гэж асуухад парода барьдаг юм бол приус барьчихна гэхээр нь би жолоодсон юм. Дэлгэр сумын зогсоол дээр ирж зогсож ахыг сэрээж та жолоодох уу гэхэд ахын дүү бариад явж бай гэсэн. Тэгээд би аймгийн төв рүү жолоодож явж байтал сайн байна уу хаалга руу орох гэтэл урдаас цагаан приус хурдтай гарч ирээд цагаан зураас давж орж ирээд манай машиныг мөргөхөд машин унаж байгаа нь мэдэгдсэн. Миний талаар машин унаж би урд талын цонхоор мөлхөж гарсан. Тэгээд Б- эсрэг талын машины жолооч бид 2 татаж  гарсан. Тэгээд замын машин зогсож 103 руу дуудлага өгөөд эмнэлэг рүү авч ирсэн. Би 60-70 км цагийн хурдтай явж байсан. Би удаан явж байсан ямар торомз гишгэх завдал болоогүй, цагаан зураас давж орж ирээд л мөргөсөн. Б- гэх жолоочийн машин байх. Улаанбаатар хотод Сүлд авто сургуулийг 2010 онд төгссөн.  Эсрэг урсгал сөрж орж ирсэн жолоочийн 100 хувь буруу гэж бодож байна. Би хөлдөө гэмтэл авсан гомдол байна. Би зүүсэн байсан. Б- зүүгээгүй байсан. Эсрэг талын жолооч хүнд хүмүүсээ аваад явж байхдаа миний 100 хувийн буруу би өөрөө бүх хариуцлагаа хүлээнэ гэж байсан...би өөрийн өмгөөлөгчтэй ярилцаад эмийн сангаас авсан эм тарианы төлбөр, тээврийн хэрэгслийн үнэлгээ хийлгэхэд гарсан зардал зэрэг баримтыг шүүхийн шатанд гаргаж өгөхөөр болсон.” гэх мэдүүлэг, / хх-ийн 83-84-р тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.Энхцэцэгийн “....энэ хэрэгт холбогдуулан Э.Б, Т.Т- нарын эрүүл  мэндийн даатгалын сангаас гаргасан тусламж үйлчилгээний мөнгө болох 33.649.720 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг, / хх-ийн 76-р тал/,

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2024 оны 12 сарын 04-ний өдрийн 24 дугаартай “...1. Б.Хүлэгийн биед зүүн шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо... 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 87-88-р тал/,

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2024 оны 12 сарын 04-ны өдрийн 21 дугаартай “...Ц.Бийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 94-р тал/,

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2024 оны 12 сарын 09-ний өдрийн 20 дугаартай “...Б.Цгийн  биед баруун гарын сарвуу, дух, зүүн өвдөг, эрүүнд зулгаралт, баруун шилбэний дотор шагайнд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 100-101-р тал/,

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2024 оны 12 сарын 24-ний өдрийн 24 дугаартай “ 1. 2. Т.Т-ийн биед мэс засал хийлгэсний дараах байдал, дух ясны цөмөрсөн хугарал, дух хэсгийн хатуу хальсны урагдал, тархины няцрал, дух хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн шанаа ясны сул сэлтэрхийтэй цөмөрсөн хугарал, зүүн хацар, зүүн ухархайн хананы цөмөрсөн хугарал, хамар, дух, зүүн хацарт шарх, 2 нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, толгойд мэс засал хийлгэсний дараах шарх гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 4. Дээрх гэмтлүүдээс дух ясны цөмөрсөн хугарал, дух хэсгийн хатуу хальсны урагдал, дух хэсгийн хатуу хальсан доорх цус хураа, тархины няцрал гэмтэл нь амь насанд аюултай тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3, 4.1.4-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Зүүн шанаа ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна..." гэх дүгнэлт, /хх-ийн 107-109-р тал/,

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2024 оны 12 сарын 04-ны өдрийн 23 дугаартай “...Б.С-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 115-р тал/,

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2024 оны 12 сарын 04-ны өдрийн 22 дугаартай “ 1. 2. Б.Ц-ийн биед зүүн шилбэнд цус хуралт  гэмтэл тогтоогдлоо.... 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 121-122-р тал/,

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2024 оны 12 сарын 05-ны өдрийн 18 дугаартай “ 1. 2. Б.У-гийн биед баруун шилбэнд цус хуралт  гэмтэл тогтоогдлоо.... 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 128-129-р тал/,

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2024 оны 12 сарын 24-ний өдрийн 25 дугаартай “1. 2. Э.Бын биед мэс засал хийлгэсний дараах байдал, чацархайн урагдал, хэвлийн хөндийн шингэн хуралдалт /1,2 литр/, гэмтлийн болон цус алдалтын шок, зүүн түнхний чөмгөний сэлтэрсэн хугарал, дунд чөмгөний толгойн мултрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 4. Дээрх гэмтлүүдээс гэмтлийн болон цус алдалтын шок, чацархай урагдал, хэвлийн хөндийд шингэн хуралт /1,2 литр/ гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1,15, 4.3.1-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...." гэх дүгнэлт, /хх-ийн 135-137-р тал/,

 Говь-Алтай аймгийн Авто-тээврийн төвийн 2024 оны12 дугаар сарын 09-ны өдрийн 55, 56 дугаартай албан бичиг, /хх-ийн 143-144-р тал/,

 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Цагаан Шонхорын жигүүр” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, шинжээч Т.Түвшинбаатарын “...Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад Toyota prius маркийн **-** ГАА улсын дугаартай автомашины жолооч Б.Цг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Toyota prius маркийн **-** УНЕ улсын дугаартай автомашины жолооч Ц.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Toyota prius маркийн **-** УНЕ улсын дугаартай автомашины жолооч Ц.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийг осол гарсан байх үндэслэлтэй байна..." гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 148-150-р тал/,

Ашид Билгүүн ХХК-ын мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъяны 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1074 дугаартай хохирлын үнэлгээний тайлан, дүгнэлт, /хх-ийн 160-166-р тал/,

Ашид Билгүүн ХХК-ын мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъяны 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1080 дугаартай хохирлын үнэлгээний тайлан, дүгнэлт, /хх-ийн 172-176-р тал/,

 Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 411 дугаартай С.Дарханбаатар, М.Сүхбат, Г.Мядагмаа нарын “..Осол үйлдсэн тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсэх, хэрэв зөрчсөн бол энэ осолд нөлөөлсөн эсэх? гэх 1-3 асуултад эрх зүйн дээд боловсролгүй, авто инженер мэргэжилтэй шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй тул Шүүх шинжилгээний тухай хуулийн 19.1.7-д "шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт тодорхойгүй, тавьсан асуултад шинжлэх ухааны арга, хэрэгсэл ашиглан хариулах боломжгүй бол"; 19.1.8-д "шинжилгээний цар хүрээ, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, эсхүл тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй бол" гэсэн заалтуудын дагуу хариулах боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн ослын газарт хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, бүдүүвч зураг, гэрэл зураг зэрэг нь шинжилгээд тэнцэнэ..." гэх дүгнэлт, /хх-ийн 183-188-р тал/,

Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Б.Буянаа, Г.Хулан нарын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ХОВ0825/071 дугаартай “...энэ нь сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 192-194-р тал/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Бийг “авто тээврийн хэрэгслийн жолооч  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зүйлчлэгдэх бөгөөд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна гэж дүгнэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм: Гэм буруугийн талаарх прокурорын дүгнэлттэй санал нэг байна. Ерөнхийдөө шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нь ойлгогдож байна. Угтаа бол мөрдөн шалгах ажиллагааг хялбаршуулах үүднээс мөрдөн шалгах шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөх ойлголт хэрэгжих учиртай. Гэвч тухайн шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан нь харагддаггүй, харин өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлж байгааг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Дараагийн асуудал нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд хохирогч Э.Б нь 2024 оны аравдугаар сарын 30-ны өдөр болсон ослын улмаас эрүүл мэндэд нь хүнд зэргийн хохирол учирсан. 11-р сарын 30-наас хойш өнөөдрийг хүртэл олон удаа хагалгаанд орж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, одоог хүртэл таягтай яваа. Энэ хугацаанд шүүгдэгч хохирогчтой холбоо барьж, хохирлын мөнгө төлөх, эмчилгээ сувилгаанд дэмжлэг үзүүлэх талаар санаачилга гаргаж байгаагүй. Бодит хохирол болон хор уршгийн талаар дурдахад эмнэлэгт хэвтсэн үеийн эмчилгээний зардал, эмийн сангаас авсан эм тарианы зардал, шатахуун, бензиний зардал, тэргэнцэр, таяг зэрэг хэрэглэсэн хэрэгслийн зардал, машины үнэлгээний зардал, машиныг журмын хашаанаас гаргасан зардал, эмнэлэгт хэвтсэн, хөдөлмөрийн чадваргүй байсан хугацааны орлого буюу “Э” компаниас авч байсан цалин (сар бүр 2 сая төгрөг орчим), сар бүрийн зээлийн төлбөр, оюутны сургалтын төлбөр, утасны төлбөр (сард 110,000 төгрөгөөр тооцож, 8 сард нийт 880,000 төгрөг), ажилгүй байсан хугацаанд олох ёстой байсан орлогын нөхөн төлбөр зэрэг зардлууд нь баримтаар нотлогдож байгаа бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан нэхэмжилж байна. Мөн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хохирол учирч, хөдөлмөрийн чадвар алдагдсан тул 60%-ийн хөдөлмөрийн чадвар алдалттайгаар группт орсон. Урьд нь том оврын автомашины жолоочоор ажиллаж, аяны замд явж байсан баримтууд хавтаст хэрэгт байна. Нийгмийн даатгал төлөлтийн асуудал нь тухайн ажил олгогчийн үүрэг болохоос биш ажилтны хариуцлага биш гэдгийг онцлон хэлмээр байна. Тиймээс энэ хүнийг орлогогүй мэт тайлбарлах үндэслэл байхгүй юм. Ажилгүй байсан хугацаанд тухайн хүний олж чадах байсан орлогоос группийн тэтгэмж (сарын 679,000₮)-ийг хасаж, зөрүүг тооцсон байгаа. Утас эвдэрсэн гэж нэхэмжилсэн 3.5 сая төгрөг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогдоогүй тул энэ хохирлыг тооцохгүй байх нь зүйтэй. Прокурор дараах хохирлуудыг хасах саналтай байгаагаа илэрхийлж байна. Үүнд: Сар бүрийн зээлийн төлбөр, оюутны сургалтын төлбөр, сар бүрийн утасны төлбөр, утас эвдэрсэн гэх 3,500,000 төгрөг. Ийнхүү дээрх дөрвөн дүнг хассаны дараа нийт 75,951,000 төгрөгийн хохирол үлдэж байна. Үүнээс өмнө бэлнээр төлсөн 10 сая төгрөгийг хасвал, үлдэх хохирлын дүн 65,951,000 төгрөг болж байгаа бөгөөд прокурор энэ дүнг төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэж байна. Өмгөөлөгчийн хувьд энэ дүгнэлтийг дэмжиж байна. Мөн хохирогчид сэтгэцийн хохирол учирсан бөгөөд гуравдугаар зэрэглэлээр тогтоогдсон. Энэ нь цаашид эмчилгээ шаардлагатай, сэтгэл санааны гүн хямралд орсон нөхцөл байдалтай байгаа. Тиймээс сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож, дээд хэмжээгээр тогтоож өгөхийг хүсье. Хохирогч нь зургаан хүний тэжээж явдаг гэр бүлийн өрхийн тэргүүн бөгөөд нэг оюутан, гурван бага насны хүүхэдтэй, эхнэр нь саяхан ажилд орсон, эдийн засгийн хувьд маш хүнд нөхцөлд байгаа. Өнөөдөр тэрээр дахин хагалгаанд орох шаардлагатай, эдгэрээгүй байгаа. Түүнчлэн ар гэрийнхэн нь бүгд сэтгэл санааны дарамтад орсон, эдийн засгийн гачигдалд нэрвэгдсэн байгаа. Эмчилгээний зардлаа өөрөө төлж чадахгүй болсон тул ах дүүгээсээ зээл авч, эцэстээ группийн зээл тавьж амьжиргаагаа залгуулж байна. Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийг дээд хязгаараар тогтоож, цаашдын эмчилгээ, сувилгааны зардлыг нээлттэй үлдээж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Гэм буруугийн хувьд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ талаар маргаангүй байгаа. Хохирлын хувьд ч мөн шүүгдэгч нь учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Цаашид гарах хохирлуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нийцүүлэн, хууль зүйн үндэслэлтэйгээр иргэний журмаар нэхэмжлэх байх. Хэрвээ тэдгээр нь хуулийн шаардлагад нийцэж байвал мэдээж төлөхөөс зайлсхийхгүй, хариуцах нь зүйтэй гэж үзэж байна. Прокурорын хохиролтой холбоотой дүгнэлттэй санал нэг байна. Гэхдээ энэ тал дээр нэг зүйлийг нэмж хэлэх шаардлагатай. Хохирогчийн хэлснээр тэр хоёр газар зэрэг ажиллаж байсан гэж байгаа. Нэг нь “Э” компанид, мөн нөгөө нь аяны замд буюу замд гарсан ажилд орсон гэж ярьж байгаа. Ер нь бүгд ажил, амьдралаа залгуулахаар хөдөлмөрлөж, амьжиргаагаа залгуулж байгаа шүү дээ. Ар гэр нь ч гэсэн орлогоо хүлээгээд үлдэж байгаа. Харин өмгөөлөгчийн тайлбарлаж буй зарим зүйл хууль зүйн үндэслэл муутай байгааг тэмдэглэмээр байна. Жишээлбэл, нийгмийн даатгал төлсөн эсэх асуудлыг компанийн өөрийнх нь хувийн асуудал гэж тайлбарласан. Тэгвэл энэ бол нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд ажил олгогчийн үүрэг болохоос биш, хувь хүний хариуцах асуудал биш. Хэрвээ тухайн хүн хоёр компанид зэрэг ажиллаж байсан бөгөөд нотлох баримтаар энэ нь тогтоогдож байгаа бол, харин нийгмийн даатгал төлөөгүй байвал энэ нь нууцлаг, бүр хуурамч бичиг баримт байх боломжтой. Бидний зүгээс, хэрвээ ийм баримтыг урьдчилан, ядаж долоо хоногийн өмнө ирүүлсэн байсан бол хуулийн хүрээнд өөрсдийн эрх, үүргээ хэрэгжүүлж, тухайн компаниудад энэ хүн ажиллаж байсан эсэх, нийгмийн даатгал төлж байсан эсэхийг шалгуулах хүсэлт гаргах бүрэн боломж байсан. Гэтэл одоо өмгөөлөгч нар нотлох баримтыг тулгаж ирүүлж байна. Ийм арга барилыг зарим тохиолдолд өмгөөллийн тактик гэж үздэг л дээ. Жишээ нь, тухайн баримтад нийт хоёр ажил хийж байсан тухай, 30 сая төгрөгийн орлогын талаар дурдсан байгаа. Гэтэл нийгмийн даатгал огт төлөгдөөгүй байна. Монгол Улсад цалин орлого нь нийгмийн даатгалын шимтгэлээр дамжин баталгааждаг шүү дээ. Энэ нь тухайн орлогын баримтын хууль ёсны байдалд эргэлзээ төрүүлж байна. Гэхдээ бид энэ хохирлыг төлөхөөс зайлсхийе гэж хэлээгүй, харин хууль зүйн үндэслэлтэй байгаасай гэж хүсэж байна. Хэрвээ тухайн баримт өмнө нь ирсэн бол бид хавтаст хэрэгтэй танилцаад, эрх үүргийнхээ хүрээнд шалгуулах боломжтой байлаа. Хоёр ажил хийж байсан нь үнэн бол хамт ажиллаж байсан хүмүүсийг гэрчээр татах ч боломжтой байсан. Жишээлбэл: Э.Б гэж хүн энэ компанид хамт ажиллаж байсан, ийм ажил хийж байсан гэх зэргээр хөндлөнгийн гэрч татах боломжтой байсан. Иймд миний зүгээс хэлэх гэсэн зүйл бол бүх зүйл хууль ёсны, баримтаар нотлогдсон, ил тод байгаасай гэсэн хүсэл. Шүүх эрх мэдлийн байгууллага хуульд заасан үндэслэл, баримтад тулгуурлан хохирлын хэмжээг тогтоох байх. Бид гарсан хохирлыг төлнө, цаашид иргэний журмаар нэхэмжлэгдсэн хохирлыг ч мөн хуулийн дагуу төлөхөөс зайлсхийхгүй. Гэм буруугийн хувьд бол шүүгдэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн, энэ талаар шүүх бүрэлдэхүүн ч анхаарч үзэх байх. Цаашид шүүгдэгч өөрөө мөн хэлэх үг, тайлбар байгаа байх гэв./шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б, Т.Т- нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч Т.Т- нь шүүгдэгч Ц.Бийн гэр бүлийн гишүүн түүний эхнэр бөгөөд гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэл тогтоолгоогүй бөгөөд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна. Харин Ховд аймаг дахь Бүсийн Шүүх Шинжилгээний төвийн 2025 оны 5 сарын 22-ны өдрийн ХОВ0825/071 дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох Шинжээчийн дүгнэлтээр  хохирогч Э.Бын сэтгэцэд  гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд буюу сэтгэцийн хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна гэсэн дүгнэлт гарчээ.

Хохирогч Э.Б нь 43 настай, жолооч мэргэжилтэй бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодож гэр бүлээ тэжээн тэтгэдэг ид хөдөлмөрийн насных бөгөөд  шүүх гэмт хэргийн улмаас хохирогч Э.Бын биед учирсан гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөл, зовуурь, шаналал,  эмчилгээ сувилгаа хийсэн байдал, одоо эдгэрсэн байдал цаашид дахин мэс засал орох шаардлагатай байдал, нийгмийн байр сууриа алдсан байдал,  амьдралын чанар муудсан зэргийг харгалзан үзээд хохирогч Э.Бт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 17,424,000 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлбөр авсан баримтаар хохирогч Э.Бт 16,261,439 төгрөгийн эмчилгээ, хохирогч Т.Т-т 17,418,281 төгрөгийн эмчилгээг хийжээ.  Уг төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

Хохирогч Э.Б болон хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс учирсан хохирол эмчилгээ сувилгаатай холбоотой гарсан зардалд нийт 82,401,951 төгрөг нэхэмжилсэн баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж нэхэмжилжээ.

Шүүх үүнээс эмнэлэгт хэвтсэн үед гарсан зардал 4689820 төгрөг, эмийн сангаас авсан эм тарианы зардал 2,978,131 төгрөг, шатахуун бензинд гарсан зардал 1009000 төгрөг, тэргэнцэр таяг хэрэгсэл авсан зардал 572,000 төгрөг, унаж явсан автомашиныг журмын хашаанаас авсан зардал 500,000 төгрөг, **-** ГАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 21,590,000 төгрөг, хохирогч Э.Бын ажиллаж байсан “Эм Ай Ай Эс” компанид ажиллаж байсан цалин сарын 2,000,000 төгрөгийг 8 сараар тооцож 16,000,000 төгрөг нийт 48,922,951 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 Хохирогч Э.Б нь Говь-Алтай аймгийн “Аяны зам”-д ажиллаж байсан цалин сарын 3,600,000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн 25,600,000 төгрөг, гэмт хэрэг гарах үед хохирогчид байсан гар утас эвдэрсэн үнэ 3,500,000 төгрөг нийт 29,100,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв. Учир нь “ Аяны зам”- д жилийн хэдэн сард нь ажиллаж хэдэн төгрөгийн цалин авч байсан нь тодорхойгүй бөгөөд “Эм Ай Ай Эс” компанид ажиллаж байх хугацаанд давхар ажиллах боломжгүй юм. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь гар утсанд эвдэрсэн хохиролд үнэлгээ тогтоогоогүй энэ талаар ямар ч баримт болон мэдүүлэг байхгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.

Харин оюутны сургалтын төлбөр хүнээс зээл авсан гэх 2,851,000 төгрөг, сар бүрийн гар утасны төлбөр 110,000 төгрөгөөр 8 сараар тооцож 880,000 төгрөг, сар бүрийн зээлийн төлбөр 770,000 төгрөгийг 8 сараар тооцож 6,160,000 төгрөг нийт 9891000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь дээрх 3 төрлийн нэхэмжлэл нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол биш бөгөөд олох байсан орлогоос төлөх төлбөрүүд байна. 

Хохирогч Э.Б нь хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж сар бүр 689000 төгрөг авдаг гэж шүүхэд мэдүүлсэн бөгөөд улмаар дээрх нэхэмжилсэн нэхэмжлэлээс хасаж тооцох үндэслэлтэй байх тул уг мөнгийг 8 сараар тооцож нийт 5,512,000 төгрөгийг, мөн шүүх хуралдааны өмнө шүүгдэгч Ц.Б нь хохирогч Э.Бт 10,000,000 төгрөг өгсөн гэж талууд мэдүүлж байх тул хангаж шийдвэрлэсэн 48,922,951 төгрөгөөс нийт 15,512,000 төгрөгийг хасаад 33,410,951 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Э.Бт олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.Боос эмчилгээний зардал, машинд учирсан хохирол нийт 33,410,951 төгрөг, гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт 17,424,000 төгрөг нийт 50,834,951 төгрөг гаргуулж хохирогч Э.Бт, 33,679,720 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож, хохирогч Э.Бын нэхэмжилсэн нэхэмжлэлээс 9,891,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 29,100,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад нотлох баримтуудаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэж журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм: Прокурорын зүгээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх санал гаргаж байна. Манай үйлчлүүлэгч болон хохирогчийн зүгээс ч ял шийтгэл оногдуулах гэхээсээ илүүтэйгээр тухайн хүнийг эрүүлжүүлэх, эмчилгээг нь үргэлжлүүлэн авах, мөн учирсан хохирлоо нөхөн төлүүлэхэд анхаарах нь чухал гэсэн байр суурьтай байна. Иймд шүүхээс тогтоосон хохирлыг гаргуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авч өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Прокурор энэ талаар нарийвчилсан санал хэлээгүй боловч хор уршгийг арилгах арга хэмжээ авах тухай дурдсан боловч тэнссэн хугацаанд тухайн хохирлыг нөхөн төлж барагдуулах арга хэмжээг авч өгөөч. гэдэг саналыг оруулж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалбаяр дүгнэлтдээ: Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан нэг жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэн харгалзах ял оногдуулж байна. Мөн хохирлын хэмжээ харьцангуй өндөр тул уг хохирлыг 2 жил буюу 24 сарын хугацаанд хувь тэнцүүлэн төлөх нөхцөлийг шүүхийн шийдвэрт тусгаж өгөхийг хүсэж байна гэж үзэж байна гэв.

Улсын яллагч шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Эхний дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасны дагуу гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн. Яагаад ингэж үзсэн бэ гэвэл, хохирлын хэмжээг эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөртэй харьцуулан, нийт хэмжээгээр нь тооцож үзэхэд 83 сая төгрөгийн хохирол тогтоогдож байгаа юм. Шүүгдэгчийн хувьд, мөн түүний гэр бүлийн хүн нь эрүүл мэндийн шалтгаанаар ажил хийх боломжгүй байгаа зэрэг нөхцөл байдалтай байна. Иймээс яг тэдэн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх ёстой гэсэн тодорхой хугацаа заасан дүгнэлт гаргаагүй болно. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирлыг 2 жилийн хугацаанд төлүүлэх шийдвэр гаргаж өгөхийг хүссэн бол, харин хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс тэнсэн хугацаанд багтаан төлүүлэх ёстой гэсэн дүгнэлт гаргасан. Эдгээр асуудлыг шүүх бүрэлдэхүүн өөрийн дотоод итгэл үнэмшлээр шийдвэрлэнэ гэж үзэж байна гэв.

Шүүх улсын яллагч болон өмгөөлөгч нарын дүгнэлтийг харгалзан үзээд шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Э. Б-т шүүх хуралдааны өмнө 10,000,000 төгрөг төлсөн бөгөөд хохирол төлөхөө илэрхийлсэн,  гэр бүлийн гишүүн нь мөн хүнд гэмтэл авсан зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь хохирогч Э.Бт 10000000 төгрөг төлсөн зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х ургийн овогт Ц-ын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Ц.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгч Ц.Бт  мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 505 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Боос хохирогч Э.Бын эмчилгээ болон эд хөрөнгөд учирсан хохиролд 33,410,951 төгрөг, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохиролд 17,424,000 төгрөг нийт 50,834,951 төгрөг гаргуулж хохирогч Э.Бт олгож, 33,679,720 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож, хохирогч Э.Бын нэхэмжилсэн нэхэмжлэлээс 29,100,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, 9,891,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогч Э.Бт 10,000,000 төгрөгийн хохирол төлсөн, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Э.Б нь  цаашид гарах эмчилгээний зардал болон бусад нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй  зэргийг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Э.Б болон өмгөөлөгч Ж.Дорждэрэм нараас шүүх хуралдаанд гаргаж өгсөн 49(дөчин ес) хуудас баримт, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалбаярын шүүх хуралдаанд гаргаж өгсөн 9 (Ес) хуудас баримтыг хэрэгт хавсаргасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

         11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.МӨНХТУЯ