| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/0162/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/179 |
| Огноо | 2025-06-13 |
| Зүйл хэсэг | 11.7.2.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521000420151 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, эмээ нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******. /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 16-ны шөнө 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг ******* тоот гэртээ,
2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг ******* тоот гэртээ,
2025 оны 01 дүгээр сарын 01-ний орой орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг ******* тоот гэртээ,
2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 12 цагийн орчимд орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг ******* тоот гэртээ,
2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг ******* тоот гэртээ,
2025 оны 03 дугаар сарын 01-ний шөнө 22 цагийн орчимд орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг ******* тоот гэртээ,
2025 оны 03 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 04 цагийн орчимд орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг ******* тоот гэртээ тус тус гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эх толгойн тус газар нь цохиж, лалар банди минь зайлаарай, байшинтай чинь хамт шатаана шүү, энэ миний байшин шүү зайлаарай, цагдаагаа дууд гэх зэргээр үг хэлээр байнга гутаан доромжилж агсан согтуу тавьж, зайл гэж гэрээсээ хөөсөн зэргээр харгис хэрцгий харьцаж догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би хотод ажиллаж амьдардаг байгаад намайг өсгөсөн эмээгийн бие муудсан учраас аймагт ирээд ээж, эмээ нарын хамт амьдрах болсон. Би хувиараа хөдөлмөр эрхэлж гагнуур хийдэг. Хүмүүс надаар гагнуурын ажил хийлгээд хөлсөнд нь архиар дайлдаг. Надад өөрийгөө хамгаалах зүйл байхгүй. Хашаа, байшингийн асуудлаар согтуудаа юм яриад байдаг юм шиг байна. Тухайн газар нь эмээгийн нэр дээр байдаг байсан. Одоо манай нагац эгчийн нэр дээр байдаг. Ээж өмнө нь орон сууцанд байртай байгаад барьцаанд тавиад алдчихсан. Тэгээд эмээгийн хашааг нагац эгчийн нэр дээрээ авснаас болж ээж уурласан болохоор тэрэнд нь жаахан юм бодоод согтуудаа олон юм яриад байдаг болсон байна. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 01-ний орой 18 цагийн орчимд би гэртээ байж байхад миний хүү ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Тэгээд ******* ширээн дээр хэсэг сууж байснаа шалтгаангүй уурлаж намайг лалар минь гээд цамцнаас заамдаж байгаад тавиад гал тогооны өрөө рүү орж хөргөгч онгойлгоод хөлдөөгчинд байсан махыг хаалгаар гадагш гаргаж чулуудахаар нь би махаа авахаар гэрээсээ гараад гэр рүү орох гэхэд хүү ******* намайг чи муу пизда минь, оруулахгүй гээд гэрийн хаалга хаачхаад дотроос нь түгжчихсэн. ...2024 оны 08 дугаар сарын 06-ны орой 22 цагийн орчимд би гэртээ байж байхад над руу агсан тавьж үг хэлээр доромжилж, толгойн тус газарт цохиж, зодож мөн гэрээс хөөсөн. ...2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 16 цагийн орчимд би том хүү хамт гэртээ байж байхад архи уучихсан гаднаас орж ирээд ...намайг үг хэлээр доромжилж гэрээс хөөгөөд байхаар нь би цагдаа дуудаж өгөөд явуулсан. ...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 1*******/
“...Миний амьдарч байгаа хашааны газар нь миний төрсөн эгч нэр дээр байдаг боловч тухайн газрыг ээж болон надад өгсөн. Би гэрчилгээгээ авчихсан нэр дээрээ шилжүүлээгүй байгаа. Тухайн газар дээр барьсан байшин миний өөрийн эзэмшлийнх. ...Гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд хор уршиг учраагүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25, 27-28/
“...2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр манай хүү ******* нь гэртээ байж байгаад 13 цагийн орчим усанд орчхоод ирье гэж хэлээд гараад явсан. Тэгээд өнөөдөр 4 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд намайг “тэнэг нинжа минь, банди минь, цагдаагаа дуудаад өгөөч нинжа минь” гэх зэргээр хэл амаар доромжлоод гэр орны эд хогшил авч шидлээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87/
“...2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 23 цагийн орчимд согтуу ирээд агсан согтуу тавьж эхэлсэн ба над руу “зайл, нинжа минь, банди минь” гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан. ...2025 оны 02 дугаар сарын 24-ний өглөө сэрээд 05 цагийн орчимд гадагшаа гараад буцаж орж ирэхдээ дахин согтуу ирээд надад хандаж “чи өчигдөр орой цагдаа яагаад дуудаагүй юм, цагдаагаа дуудаж өгөөч нинжа минь” гэх зэргээр хэл амаар доромжлоод над руу дайраад буланд шахаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 103-104/
“...2025 оны 02 дугаар сарын 27-ны орой ...******* “хөөе лалараа чи цагдаагаа дууд, цагдаагаас чинь би айхгүй шүү” гэж бахирсан. Тэгэхээр нь би гал тогооны өрөөнд орж ирэхэд ******* “пизда минь чамайг ална шүү, гэртэй чинь шатаана шүү, танай муу бас ална, чи манайхаас зайл, 34-рүүгээ зайлаач” гэх зэргээр хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 146-147/
“...******* архины хамааралтай байдаг, олон удаа дуудлага өгч баривчлуулж байсан юм. ...Тэгээд унтах гэж хэвтэж байгаад босч ирээд намайг “янхан, гичий, банди, гуйлгачин нинжа” гэх зэргээр хэлж унтаж амраахгүй байсан. ...******* нь өдөр бүр согтуу ирж байгаа бөгөөд байнга агсан тавьж амгалан тайван байдал алдагдуулж намайг амраадаггүй. Үүнээс болоод одоо би зүрхний өвчтэй мөн сэтгэцийн өвчтэй болж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 169-170/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 24-ний өглөө ...эгчийндээ ирээд байхад манай эгчийн хүү ******* согтуу орж ирээд ээжийгээ загнаад яв, зайл гээд гэрээсээ хөөж байгаад гараад явсан. Тэгээд өдөр 12 цагийн орчим нэмж архи уусан байдалтай орж ирээд дахин ээж хэрүүл хийж “лалар минь, нинжа минь, банди минь, зайлаарай энэ миний байшин шүү зайлаарай” гэх зэргээр эхнэртэйгээ хэрүүл хийж байгаа юм шиг л аашлаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 105-106/
“...2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ...тухайн үед ******* ээжийгээ “хөөе лалараа цагдаагаа дууд, би цагдаагаас чинь айхгүй, пизда минь би чамайг ална шүү, гэртэй чинь шатаана” гэх зэргээр хэлж хэл амаар доромжлоод байсан. ...******* ээжийгээ манайхаас зайлаарай, 34-рүүгээ зайл гээд хөөгөөд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 148-149/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ...манай эгчийн хүү ******* согтуу орж ирээд эгч загнаад яв зайл гээд гэрээс нь хөөж байгаад гараад явсан. Өдөр 12 цагийн орчим дахин согтуу орж ирээд эгчтэй хэрүүл маргаан хийж “лалар минь, банди минь, зайлаарай, байшинтай чинь шатаана шүү энэ миний байшин шүү зайлаарай” гэх зэргээр хэлж хэрүүл хийгээд байхаар нь эгч хүү *******ыг цаашаа өрөөндөө орж унтаж амар гэсэн чинь ******* үгэнд нь орохгүй “чи муу цагдаа дууддаг биздээ, цагдаагаа дууд л даа цагдаагаа дуудаач дээ” гээд тайван байлгахгүй байхаар нь эгч аргагүй эрхэнд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 107-108/
“...2025 оны 02 дугаар сарын 27-ны орой 18 цагийн орчим ...******* ээж руу хандаж “хөөе лалараа цагдаагаа дууд, би цагдаагаас чинь айхгүй, пизда минь би чамайг ална шүү, гэртэй чинь хамт шатаана, манайхаас зайлаарай, 34-рүүгээ зайл” гэх зэргээр хэлж орилж хашхираад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 150-151/
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ...ээж намайг байнга архи уулаа гэх зэргээр загнаж уурлахаар нь би өөдөөс нь уурлаж зайл пизда минь гэх зэргээр хэлж хөргөгчинд байсан махыг аваад гэрээс гаргаад хаяхад ээж махаа авахаар гэрээс гарахаар нь хаалгаа дотроос нь түгжсэн. Тэгэхэд ээж хаалгаа гээд байхаар нь би хаалга тавиагүй. ...ээж намайг ууж идлээ гэх зэргээр уурлаж цагдаа дуудаж өгнө гэхээр нь би уурандаа ээжийг хөөж гаргаад гэрт оруулаагүй. ...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ л ээж болон ах нарыг гэрээсээ өөрийн мэдэлгүй хөөж туугаад байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/
“...ээж нь надаас мөнгө төгрөг нэхэмжлээгүй. Нэхэмжилсэн тохиолдолд би төлж барагдуулна. ...Би өөрийн хашаандаа хашаа болон дайман төмөр гагнаж ажил хийдэг. Гагнуурын хор тайлах шалтгаанаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж ирсэн үедээ ээж элдэв бусаар хэлж хөөж туудаг. ...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 183-184/
- Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 08-09/
- Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 14/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/
- Шийтгэврийн хуулгууд /хх-ийн 47-53, 57-59, 127-131, 132-133, 135-141/
- Шүүгдэгч *******ын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 67-68/
- Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 70-71/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны шөнө, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний орой, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр, 2025 оны 03 дугаар сарын 01-ний шөнө тус тус Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг ******* ******* тоот гэртээ бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эх “лалар минь банди минь зайлаарай, байшинтай чинь хамт шатаана шүү, энэ миний байшин шүү зайлаарай, цагдаагаа дууд” гэх зэргээр хэрүүл маргаан үүсгэн гэрээсээ хөөсөн, мөн 2025 оны 03 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 04 цагийн орчимд орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг ******* тоот гэртээ төрсөн эх толгойн тус газар нь цохиж үг хэлээр гутаан доромжилж агсан согтуу тавьж, зайл гэж гэрээсээ хөөх зэргээр байнга догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ё., гэрч , нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийтгэврийн хуулгууд болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг ахмад настай хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд, мөн хуулийн үйлчлэлд гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд” нь хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд нь тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгохоор хуульчилжээ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн шинж болох “байнга” гэх шинжийг 3 ба түүнээс дээш удаагийн давтамжтай гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь хоорондоо 6 сараас хэтрээгүй байх агуулгаар ойлгоно. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийлэл гэсэн 4 хэлбэртэй бөгөөд эдгээрийн аль нэг хэлбэр эсхүл хэд хэдэн хэлбэрт байнгын шинжтэйгээр халдсан бол гэмт хэргийн шинжийг агуулна.
Хохирогч Ё. нь шүүгдэгч *******ын төрсөн эх бөгөөд нэг гэрт хамт амьдардаг болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар тэднийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзнэ.
Шүүгдэгч ******* нь согтуугаар төрсөн эх үг хэлээр гутаан доромжилж, хэрүүл маргаан үүсгэн, агсан согтуу тавьж байнга “лалар минь, банди минь зайлаарай, энэ миний байшин шүү, байшинтай чинь хамт шатаана” гэж айлган сүрдүүлж, бүдүүлэг зохисгүй доромж үг хэллэг хэрэглэн доромжилдог, гэрээсээ хөөдөг зэрэг үйлдлээрээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай ахмад настай хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх шинжийг хангаж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч Ё.ад шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй шүүгдэгчид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, хорих ял оногдуулахгүй байж өгнө үү” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл, хохирогчийн хүсэлт зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгчийг 8 сарын хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, түүнд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ахмад настай хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 8 сарын хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА