| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдрэгзэнгийн Алдар |
| Хэргийн индекс | 197/2025/0152/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/692 |
| Огноо | 2025-08-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/692
2025 08 14 2025/ШЦТ/692
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал,
улсын яллагч Б.Тогтох,
шүүгдэгч Ж.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******** дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, хувиараа, ам бүл 2, хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн ............. тоотод оршин суух, хэрэг урьд 7 удаагийн ял шийтгэлтэй,
- Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 12.000 төгрөгийн эд хөрөнгө хураах ял, 3 жилийн хорих ялаар,
- Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн *** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,
- Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар,
- Хан-Уул дүүргийн шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар,
- Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдсэн,
..... овогт Ж.Л /РД:*******/.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:
Шүүгдэгч Ж.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Л нь 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн .............. хэсэгт “тамхи өгсөнгүй” гэх шалтгаанаар маргаан үүсгэж улмаар хохирогч Б.О-ын биед хутгаар зүүн хавирга хэсэг рүү хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дэх хуудас/,
- 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-7 дахь хуудас/,
- Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мөн тухайн үед харанхуй байсан болохоор Ж.Л-ын гарыг анзаарч хараагүй юм. Харин хэсэг хугацааны дараа буюу 4-5 минутын дараа буцаж ирээд шууд миний зүүн хавирга хэсэгт 1 удаа хүчтэй цохисон үргэлжлүүлэн найз Б--ыг цохиж байх шиг харагдсан. Миний хувьд Ж.Л-ыг гартаа хутгатай байсныг хараагүй, мөн өөрийгөө хутгалуулсныг мэдээгүй бөгөөд дахин Ж.Лд цохиулахгүйн тулд шууд түүний хувцаснаас нь зуураад газар унагааж дээрээс нь дарах үед миний хэвлий хэсгээс халуу дүүгээд, шингэн зүйл гарч байгаа мэдрэмж надад төрснөөр би өөрийгөө Ж.Л-д хутгалуулсан гэдгээ мэдээд үргэлжлүүлэн Ж.Л-ыг дарсан чигээрээ цагдаа дууд гэж хэлээд цагдааг иртэл Ж.Л-ын дээрээс дарсан чигээрээ байсан. Өөр ямар нэгэн зодоон цохион болоогүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 20-21 дэх хуудас/,
- Хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...мөрдөгчийн тогтоолын дагуу би шүүх эмнэлэгт үзүүлээгүй учир миний биед гэмтэл учраагүй бөгөөд би ямар нэгэн эмнэлгийн байгууллагад эмчлүүлээгүй. Тухайн үед зүүн талын дух хэсэгт учирсан жижиг зүсэгдсэн гэмтэл 1-2 хоногийн дараа эдгэрсэн бөгөөд одоогийн байдлаар ямар ч сорвигүй эдгэрсэн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 150 дахь хуудас/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ***** дугаартай шинжээчийн: “1.Б.О-ын биед цээж, баруун шуу, зүүн бугалгын зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2.4Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 67-68 дахь хуудас/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85 дахь хуудас/,
- Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол /хх-ийн 180 дахь хуудас/,
- Яллагдагчид оногдуулах прокурорын санал /хх-ийн 52-53 дахь хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ж.Л нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ж.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Ж.Л-д оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Ж.Л нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын дотор 1,350,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Л нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүгдэгч Ж.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ...... овогт Ж.Л /РД:*******/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Л-ыг 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.Л-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн модон иштэй хутганы нийт урт нь 24см урт, ажлыг хэсэг нь 13.5см, хүрэн өнгийн модон бариул нь 10.5см, хутганы ажлын хэсгийн өргөн нь 2.4 см, 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Л нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛДАР