| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2017/00095/Э |
| Дугаар | 93 |
| Огноо | 2017-07-18 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 93
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг, Улсын яллагч Д.Ганцэцэг, Шүүгдэгч Г.Цэрэнбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигон овогт Ганхуягийн Цэрэнбаатарт холбогдох эрүүгийн 201715000144 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1994 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 23 настай, регистрийн дугаар ЙИ94040519, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, танкийн механик жолооч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 0256 дугаар ангид танкийн засварчин, нярав ажилтай, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг, 3 дугаар гудамжны 17 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Ганхуягийн Цэрэнбаатар
Шүүгдэгч Г.Цэрэнбаатар нь 2017 оны 05 дугаар сарын 31-ний орой Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг “Альфа” баарны гадаа Д.Шийлэгбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:
Шүүгдэгч Г.Цэрэнбаатар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Д.Шийлэгбатын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Мөнхтогтох гээд найзтайгаа төвд таараад юм ярьж байгаад Мөнхтогтох “найз нь орой Альфа баар орно, чи хүрээд ирэхгүй юу” гэхээр нь би орой 23 цагийн орчимд найз охин Самдантай хамт Альфа баар руу явсан. Бид хоёр Альфа баарны гадаа иртэл манай найз Мөнхтогтох баарны гадаа тамхи татаад зогсож байсан. Бид хоёр очоод уулзаад зогсож байтал Мөнхтогтох нэг залууг цэргийн ангид ажилладаг, чи таних уу гэхээр нь би очоод “чи цэргийн ангид ажилладаг юм уу” гэсэн чинь “миний цэргийн ангид ажилладаг нь чамд ямар хамаатай юм бэ” гэхээр нь би чи ямар том юм бэ гэсэн. Тэгээд тэрнээсээ болоод маргалдаад Цэрэнбаатар намайг мөргөөд өшиглөөд авсан. Тэгтэл Мөнхтогтох дундуур орж ирээд салгасан. Намайг жаахан холдоод зогстол араас ирээд дахиад өшиглөөд авсан. Мөнхтогтох дахиад дундуур орж
ирээд салгасан чинь яваад өгсөн. Тэгээд хэд хоногийн дараанаас миний хөл шилбээрээ хөхрөөд эхэлсэн. Тэгээд эмнэлэгт үзүүлсэн чинь судас нь хагарчихсан, бөөгнөрсөн байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаад өргөдөл гаргасан юм. Хохиролд Г.Цэрэнбаатараас 150000 төгрөг авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/,
Шүүгдэгч Г.Цэрэнбаатарын хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 31-ний орой Альфа бааранд байж байгаад 23 цагийн үед тамхи татах гээд гадаа нь гарсан. Намайг тамхи татаад нэг хүнтэй юм яриад зогсож байсан чинь нэг залуу ирээд чи армид ажилладаг юм уу гэхээр нь чамд ямар хамаатай юм бэ гэсэн. Тэгтэл чи ямар том юм бэ гээд хэрэлдээд эхэлсэн. Тэгээд тэрнээсээ болоод маргалдаад зууралцаад авсан. Тэгэхээр нь би нэг цохиод автал намайг шилэн хүзүүнээс барих гэж тэгсэн юм уу мэдэхгүй араас алгадаад авсан. Барьж авах гэж тэгсэн байх гэж бодсон. Тэгтэл намайг давхар хамаад унагаачихсан. Тэгэнгүүт нь би босч ирээд хөл рүү нь 2 удаа өшиглөөд авсан. Тэгтэл нэг хүн ирээд боль гээд салгасан. Би баар руу орж тооцоогоо хийчихээд гэр рүүгээ явсан. Би Д.Шийлэгбатад хохиролд 150000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20, 23 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 192 дугаартай шинжээчийн: “…Д.Шийлэгбатын биед баруун шилбэний эдийн цус хуралт, баруун шилбэний мэс заслын шарх, баруун шилбэ, шагайн үе, өлмий хэсгийн өнгөц цус хуралт, баруун шилбэ, шагайн үений зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 14 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/,
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 43-44/,
Шүүгдэгч Г.Цэрэнбаатарын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 24/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Дэлгэрэхийн 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх 25/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 26/,
Хохирогч Д.Шийлэгбатын шүүхэд ирүүлсэн: “...Миний бие Г.Цэрэнбаатараас хохиролд 150000 төгрөг авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Г.Цэрэнбаатар бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн.” гэсэн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Цэрэнбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 05 дугаар сарын 31-ний орой Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг Альфа баарны гадаа Д.Шийлэгбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, хохирогч Д.Шийлэгбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Шийлэгбатын шүүгдэгч Г.Цэрэнбаатарт зодуулсны улмаас биедээ гэмтэл авсан талаар мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Шийлэгбатын бие махбодид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 192 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Г.Цэрэнбаатарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Цэрэнбаатарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдож, хэрэг бүртгэлтийн шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Боржигон овогт Ганхуягийн Цэрэнбаатарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон нийцүүлэн өөрчлөх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Боржигон овогт Ганхуягийн Цэрэнбаатарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Г.Цэрэнбаатар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Г.Цэрэнбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 150000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж,
Хэрэгт шүүгдэгч Г.Цэрэнбаатарын эзэмшлийн AF4201558 серийн дугаартай 10000 төгрөгийг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч Г.Цэрэнбаатарт буцаан олгож,
Шүүгдэгч Г.Цэрэнбаатарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Боржигон овгийн Ганхуягийн Цэрэнбаатарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон нийцүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Боржигон овгийн Ганхуягийн Цэрэнбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Ганхуягийн Цэрэнбаатарыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цэрэнбаатарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд тус бүр 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч
Г.Цэрэнбаатар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Г.Цэрэнбаатарын эзэмшлийн AF4201558 серийн дугаартай 10000 төгрөгийг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч Г.Цэрэнбаатарт буцаан олгосугай. 7. Шүүгдэгч Г.Цэрэнбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 150000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Цэрэнбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Цэрэнбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ