Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар  2021/ДШМ/504

 

 

 

 

      2021           5               20                                        2021/ДШМ/504

 

Н.Б, З.Ц нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Галав,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ,

цагаатгагдсан этгээд З.Цийн өмгөөлөгч С.Батдэлгэр,  

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Х.Ням-Эрдэнийн бичсэн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 18 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Н.Б, цагаатгагдсан этгээд З.Ц нарт холбогдох 2006017911145 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Н.Б, 1992 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ялаар,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дугаар зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэж, нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сар хорих ялаар,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 1 сар хорих ялаар  шийтгүүлж, 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан;

2. З.Ц, 1997 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Гурван булаг суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ростов” ХХК-д ажилладаг,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 430 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн;

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 40-1496 тоотод байрлах иргэн Т.А хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтэрч, Самсунг маркийн 46 инчийн хар өнгийн LCD зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 2-206 тоотод байрлах Т.Аы хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 40 инчийн Sharp /шарп/ брендийн зурагт, монетон хүзүүний гинжин зүүлт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 716.940 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Усны 3-8 тоотод байрлах Р.Эы хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч, “Скайворд” маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 300.720 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 3 дугаар сарын 17-ноос 3 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Хан-уул дүүргийн 9 дүгээр хороо, Центрийн 13 тоотод байрлах Ц.М монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, савхин куртик 2 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 151.980 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 4 дүгээр сарын 20-ноос 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 8 дугаар гудамжны 318 тоотод байрлах Г.Нгийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч, “Ти Си Эл” маркийн 49 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 252.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

З.Ц нь 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 2-206 тоотод байрлах Т.Аы байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, улмаар 40 инчийн зурагтыг Н.Б хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсныг лавтай сайн мэдсээр байж өөрийн нэрээр 190.000 төгрөгийн барьцаанд тавьж, мөнгийг нь ашиглаж мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, З.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан прокуророос шүүгдэгч Тарна овгийн Загдын З.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Халх овгийн Наранцацралын Н.Быг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Бын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баас 1.001.700 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Ад 297.000 төгрөг, Р.Эд 300.720 төгрөг, Ц.Мд 151.980 төгрөг, Г.Нд 252.000 төгрөг тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Бын цагдан хоригдсон 268 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, З.Ц 2 хоног цагдан хоригдсон болохыг, бусдад төлөх төлбөргүйг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Н.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, З.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор Х.Ням-Эрдэнэ бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн шийтгэх тогтоолд дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд: шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж, мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан шаардлагуудыг хангаагүй гэж үзэж байна.

Шүүх З.Цт холбогдох “2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 2-20б тоотод байрлах Т.Аы байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, улмаар 40 инчийн “Shаrp” брендийн зурагтыг Н.Б хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авсныг лавтай сайн мэдсээр байж өөрийн нэрээр барьцаанд 190.000 төгрөгөөр тавьж, мөнгийг нь ашиглаж мөнгө угаасан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан зарчмыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрээс үзэхэд шүүх З.Цт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байтлаа шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн болох нь ойлгомжгүй, тодорхой бус байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичлээ. ...” гэжээ.

Прокурор Л.Галав тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс тусгайлан гаргах тайлбаргүй байна. 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 18 дугаартай эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. ...” гэв.

Шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Н.Бын хувьд гомдол гаргаагүй. Гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн тал дээр маргадаггүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцогдсон. Санкцийн хувьд 2-8 жилийн хорих ял шийтгэлтэй зүйл байгаа. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Бүрэнбаатарт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд З.Цын өмгөөлөгч С.Батдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан учраас хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгө хулгайлсны улмаас бусдад нийт 1.771.640 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Т.А /1хх 27-28/, Т.А /1хх 187/, Р.Э /2хх 30-31/, Ц.М /2хх 104-105/, Г.Н /3хх 25/, иргэний нэхэмжлэгч О.Э /1хх 191/, гэрч Ц.Э /1хх 193, 2хх 37/, Г.Ж /2хх 39-40/, М.Б /2хх 106-107/ нарын болон шүүгдэгч Н.Бын сэжигтэн, яллагдагчаар өгсөн /1хх 95-96, 229, 250-251, 2хх 131, 142-143/ мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 8, 167, 2хх 19, 91-95, 3хх 6/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зэрэг /1хх 9-13, 169-175, 2хх 22-28, 3хх 14/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 23-24/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 30, 181, 182, 2хх 209/, эд зүйлийн үнэлгээ /1хх 82, 211-212, 2хх 51-52, 2хх 126-127, 3хх 30-31/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан  журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Н.Быг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Н.Бын 2020 оны 3-4 дүгээр сарын хооронд 5 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч, эд хөрөнгө хулгайлсны улмаас бусдад 1.771.640 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Прокурор Х.Ням-Эрдэнэ “...З.Цт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байтлаа шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн болох нь ойлгомжгүй, тодорхой бус байна. ...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар ...улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Анхан шатны шүүхээс З.Цын сэжигтнээр өгсөн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй гээд түүнд холбогдох хэргийг мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ашигтайгаар шийдвэрлэхдээ мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгожээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хэргийн холбогдогчийг цагаатгах нь агуулгын хувьд хуульд нийцнэ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, прокурор Х.Ням-Эрдэнийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийн үндэслэлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-г журамлан прокуророос шүүгдэгч Тарна овогт Загдын З.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Тарна овгийн Загдын З.Цт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.” гэж өөрчилсүгэй.

  

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор Х.Ням-Эрдэнийн бичсэн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 18 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсныг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

 

                        ШҮҮГЧ                                                                        Т.ӨСӨХБАЯР