| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/0175/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/197 |
| Огноо | 2025-06-30 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч С.Ариунаа /томилолтоор/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Өлзийбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421006000152 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 06 дугаар сарын 29-ний өдөр ******* аймгийн Хэрлэн суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний эрүүл ахуйч мэргэжилтэй, ******* ******* ХХК-д технологич ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь ******* аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг ДБЭХС ТӨХК-ийн урд талын авто зам дээр 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа иргэн дайрч амь насыг нь хохироож, зам тээврийн осол гаргасан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр сарын сүүлийн өдөр байсан тул ус, тогны заалт авахаар 19 цагийн орчимд охины хамт ажил руугаа явсан. Намайг ажил руу явах үед станцын урд талын замд ямар нэгэн саад байгаагүй. Би ажил руугаа очих үед харуул байхгүй байсан тул гар утас руу нь залгаад харанхуй байсан учраас ажлын үүдэнд очиж ус тогныхоо заалтын зургийг дараад харуулд болсон гэж хэлээд баруун зүг рүү машинаа жолоодож явсан. Би оройн цагаар тээврийн хэрэгсэл жолооддоггүй. Тухайн үед охинтойгоо юм ярилцаад 30-40 км цагийн хурдтай явж байсан. Урд талаас машин ирж байсан ба нэг юм дугарч, охиноосоо юу байсан талаар асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Иймээс би машинаасаа бууж урд болон хойд хэсгийг харахад ямар нэгэн зүйл харагдаагүй. Тэгээд машиндаа суух гэхэд дугуйны хажуу хэсэгт хүний толгой харагдсан. Тухайн үед миний ард машинтай эрэгтэй хүн зогсож машинаасаа бууж ирээд “та тайван байгаарай, наад хүн чинь нас барсан байна. Та цагдаа болон эмнэлгийн байгууллага дууд” гэж хэлсэн. Тухайн хүнийг замын цагдаагаар ажилладаг гэдгийг мэдэх учраас надад туслаач гэж хэлэхэд цагдаа болон эмнэлгийн байгууллага дуудсан. Би тухайн үйл явдлаас хойш юу болсон талаар санахгүй байна. Би өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас ийм асуудал гаргасандаа уучлалт гуйж, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Оршуулгын зардлыг бүрэн төлж барагдуулсан. Намайг уучлаарай. ...Би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 21,400,000 төгрөг төлсөн. Хохирогч тал мөрдөн шалгах ажиллагааны шатанд 25,000,000 төгрөгийг өгчих гомдол санал байхгүй, сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй гэж хэлсэн. Шууд 25,000,000 төгрөгийг өгөх боломжгүй байсан тул бага багаар 21,400,000 төгрөгийг өгсөн. Хавтаст хэрэгтэй танилцах үедээ 17,000,000 төгрөгийг оршуулгын зардал гарсныг мэдсэн. Би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 25,000,000 төгрөгийг өгөхөд болно гэж ойлгосон. ...Мөн би оршуулгын зардлаас гадна өөрийн сэтгэлээр буяны ажлын үеэр 2,000,000 төгрөг, дараа нь хоол хүнс, нүүрс өгсөн. ...сэтгэл санааны хохирлын тухайд шүүхээс гарсан шийдвэрийн дагуу төлж барагдуулна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр өглөө ажилдаа явсан ба нөхрийг маань гэх хүн дуудаж, гэрээсээ гарсан байсан. Би орой ажлаа тараад хүүдээ ирж авах талаар хэлэхэд “аав ирж ав” гэсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүдээ эхлээд намайг ирээд авчих дараа нь аав руу чинь хамт явъя гэсэн. Би хүүхдүүдийн хамт нөхрөө хайсан. Нөхөр маань байнга хүүтэйгээ холбогдож хаана, ямар газар байгаа талаараа хэлсэн. Бид өөр газраар хайж явсан байсан. Биднийг тухайн газарт очих үед зам тээврийн осол гарсан байсан учраас машинаа үлдээгээд алхаж явахад цагдаагийн албан хаагч ирээд осол гарсан талаар хэлж та хаашаа явж байна вэ гэж асуусан. Би нөхрөө хайж явж байгаа талаараа хэлэхэд нөхрийн чинь зураг байна уу гэж асууж, зургийг харуулсан. Тэгээд цагдаагийн албан хаагч манай том хүүг дагуулж явсан. Тухайн газар том хүү маань очоод ааваа гэж орилсон ба намайг очиж харахад нөхөр маань тус машины арын дугуйн доор байсан. Түүнээс хойш би ямар асуудал болж байгаа талаар ойлгохгүй болсон. Нөхөр маань архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг ч гэр бүлийнхээ асуудлыг шийдвэрлэж тэжээдэг, “Жараахай булаг” ХХК-д ажилладаг байсан. Нөхөртэйгөө танилцаад 30 жилийн хугацаа өнгөрч 2 хүүхдийн эцэг эх болсон. Нөхөр маань бүх асуудлыг зохицуулдаг байсан тул би гэрт ямар зүйл байдаг талаар ч мэддэггүй байсан. ...Шүүгдэгч талтай ярьсан 25 сая төгрөгийн тухайд би сэтгэцэд учирсан хохирол гэж хэлээгүй. Би оршуулгын зардлын мөнгийг нэхэмжилсэн. Би нөхрийгөө бодож гомдолтой гэж хэлнэ. Гэхдээ бид хоёр хоёулаа эмэгтэй, хүүхэдтэй хүмүүс. Иймээс нь ажлаа хийж миний хохирол төлбөрийг төлж барагдуулах нь зүйтэй гэж үзэж байна. ...Миний хувьд одоо сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг хуульд заасан хэмжээгээр нэхэмжилж байна, өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Баримтаар нэхэмжилсэн оршуулгын зардал бүрэн төлөгдсөн...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр нь 2024 оны 10 сарын 28-ны өдрөөс эхлэн 3 хоног архи уусан. Манай нөхөр хаяа архи уудаг, нэг уухаараа 2-3 хоног архи уугаад явчихдаг. Гэхдээ архи ууж согтсон ч гэсэн гэртээ ирж хоночихдог хүн байгаа юм. Өнөөдөр 15 цагийн орчимд гэрээсээ архи уусан байдалтай халамцуу гараад явсан. Дашбалбар сумаас найз нь болох гэдэг хүн ирсэн бөгөөд тай уулзана гээд гараад явсан. ... нь орой 19 цаг өнгөрч байхад манай хүү руу залгаж "аав чинь очсон уу, түрүүн гараад явсан" гэж хэлсэн байсан. Ингээд ярьж дуусаагүй байхад нь "өө заза эргээд ороод ирлээ" гээд утсаа тасалсан байсан. Тэгээд хэсэг байж байгаад манай нөхөр хүү руу залгаж "аавыгаа ирээд ав, аавынх нь гутал байхгүй болчхож, станцын урд талд байна, даараад байна" гэж ярьсан байсан. Тэгээд манай хүү аавыгаа станцын ойр орчим хайгаад явсан. Тэгсэн станцын урд зам дээр автомашинд дайруулсан байдалтай, цагдаа нар үзлэг шалгалт хийж байхад нь очсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/
“...Талийгаач ын оршуулгын зардалд нийтдээ 25,000,000 төгрөг зарцуулсан. Бидэнд учирсан бодит хохирлоос гэм буруутай этгээд болох гэх эмэгтэй нийт 5,000,000 төгрөг төлөөд байгаа. Мөн ын хувьд цаашид шаардлагатай зардлыг төлөх болно гэж хэлсэн байгаа. ...Би энэ хэрэгт нийт 17,395,689 төгрөгийн баримт гаргаж өгч байна. Гэхдээ оршуулгын зардалд нийтдээ 25,000,000 төгрөг зарцуулсан. Биднээс оршуулгын зардалд зарцуулсан баримт гэж байхгүй хэдий ч дансны хуулгаар харагдах болно... гэх мэдүүлэг /хх-ийн 32/
“... нь манай нөхрийн оршуулгын зардалд зориулж нийт 14,000,000 төгрөг болон приус-20 маркийн тээврийн хэрэгслээ өгсөн. Нийтдээ хохирлын мөнгө 20,000,000 төгрөг төлсөн байгаа. Одоо бол энэ хэрэгт сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрөө нэхэмжлэх болно: Өөр нэхэмжлэх зүйл байхгүй. нь өмнө мэдүүлэг өгснөөс оршуулгын зардлын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Өөр хохирол төлбөр төлөөгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 151/
Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд бид хоёрыг станцын заалны урд талын замаар явж байхад өөдөөс нэг машин явж байгаа харагдсан. Энэ үед нэг чимээ гарсан. Тэгсэн ээж машинаа зогсоогоод "сая юу болчхов оо, миний охин" гэж надаас асуухад нь "мэдэхгүй" гэж хариулахад ээж машинаас буугаад урд талаар тойрч харсан. Энэ үед бидний ард нэг машин зогсохоор нь би машинаас буухад ард зогссон машинтай хүн бууж ирээд ээжид хандаж "та тайван байж бай, энэ хүн үхчихсэн байна" гэсэн. Тухайн үед арын дугуйны урд нэг хүн байхыг би хальт харсан. Тэгээд би шууд аав руугаа залгаж "ааваа та хурдан хүрээд ир" гэж хэлсэн. Тэр үед ээж сандраад уйлаад байхаар нь би ээжийгээ тэврээд зогсож байхад эмнэлгийн машин ирсэн, түүний дараа манай аав ирсэн. Ийм л асуудал болсон. ...Ээж маань жолоо бариад би жолоочийн хажуу талын суудал буюу урд талын суудал дээр сууж явсан. Тухайн үед зам дээр хүн харагдаагүй, юу ч харагдаагүй. Тухайн үед замын гэрэлтүүлэг байсан, гэхдээ их муу тусч байсан. Ээж бид хоёр хурдтай явж байгаагүй, ойролцоогоор 30 км цагийн хурдтай явж байсан. ...ямар ч байсан нэг чимээ гарсан, юуны чимээ гэдгийг хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-48/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай эхнэр ДБЭХС ТӨХК-нд ажилладаг юм. 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 20 цагийн орчимд эхнэр над руу залгаад "би станцын спорт заалнаас гарч байна, намайг ирээд авчих уу" гэхээр нь эхнэрээ авахаар ДБЭХС ТӨХК-ны урд талын замаар зүүн спорт заал руу чиглэлтэй явсан. Тэгээд спорт заалны харалдаа ирэхэд эхнэр над руу залгаад "заалнаас гараад баруун тийш станц чиглэлтэй алхаж байна" гэхээр нь би спорт заалны урд талын автобусны буудлын орчим явж байсан болохоор буцаж эргээд рүллээ чиглүүлээд чигээрээ явах гэтэл яг урд талд цагаан өнгийн приус-20 маркийн машин зогсож байхаар нь би гэрлээрээ дохисон. Тэгсэн нэг эмэгтэй хүн машины жолооч талаас буугаад машинаа тойрч харсан. Энэ үед машины жолооч талын арын дугуйн доороос харанхуйд хар юм харагдахаар нь би буугаад очиход тэр эмэгтэй жолооч сандарсан байдалтай "би хүн дайрчихлаа яах вэ" гэж хэлсэн. Гэтэл тус автомашины жолооч талын арын дугуйн доор нь хүний толгой цухуйж байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэй жолоочид хандан "наад хүн чинь нас барсан юм шиг байна. Та цагдаа дууд, эмнэлэг дууд" гэж хэлсэн чинь тэр жолооч намайг цагдаа гэдгийг мэдэж байсан бололтой "та замын цагдаа биз дээ, туслаач” гэхээр нь би "би ажлын бус цагаар явж байна, энгийн хувцастай байна, та 7058102 дугаарын утас руу залгаад дуудлага өг" гэж хэлээд эргээд машиндаа суусан. Тэгээд би машиндаа суугаад өөрөө 7058102 дугаарын утас руу залгаж "Станцын урд талын замд приус-20 маркийн автомашин хүн мөргөсөн байна" гэж дуудлага өгөөд, цагдаа нар иртэл тэнд хүлээж байгаад явсан. Тухайн үед гадаа харанхуй болсон байсан. Тус чиглэлийн замын гэрэлтүүлэг асаалттай, гэрэлтүүлэгтэй байсан. Тухайн машин нь миний урд талд, би араас нь явж байсан болохоор хүн мөргөж байгааг бол хараагүй, мөн зам дээр хүн байгаа эсэхийг хараагүй. Учир нь миний машины урд хүн мөргөсөн машин явж байсан учир би тус машины урд хүн байгаа эсэхийг мэдэх боломжгүй байсан. ...Намайг яг буцаж эргэх үйлдэл хийгээд рүллээ тэгшилтэл тус машин зогсож таарсан. ...хэдэн км цагийн хурдтай явж байсан эсэхийг би мэдэхгүй. Би буцаж эргэхдээ тус машиныг надтай зөрсөн, эсвэл тэнд зогсож байсан эсэхийг анзаараагүй болохоор одоо санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/
Гэрч О.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10 цагийн орчимд аавын танил гэдэг хүн аав руу залгаад "уулзъя, ирээд авчих" гэж ярьсан байсан. Тэгээд аав " ах чинь яриад байна, аав нь очиж уулзаад ирье” гээд ганцаараа явах гээд байхаар нь би “та ганцаараа явж яах юм бэ, би хамт явъя, таныг хүргээд өгье” гээд машинтайгаа аавыг суулгаад ахтай ярьж байгаад түүний байгаа газар болох хуучин Хан-Уул сургуулийн хойд талд гэр хорооллын гудамд очиж ахыг авч аавтай уулзуулсан. Тэр хоёр юм яриад манайх руу явахаар болсон. Ингээд замаараа дэлгүүр орж 500 граммын шилтэй Хараа нэртэй архи авч манайд очиж тэр хоёр хувааж уусан. Манай аав төдийлөн архи уугаад байдаггүй, уухаараа амархан согтчихдог хүн байгаа юм. Тухайн үед архинаас 3 хундага уугаад л тасраад унтсан. ах тухайн архинаас ууж байгаад үлдсэн архийг аваад "ах нь зах орлоо" гээд манайхаас явсан. Ингээд аав орой 16 цагийн орчимд сэрээд ах руу залгаж "хаана байна" гэхэд нь "Билэгт төвийн энд байна" гэж яриад тэр хоёр уулзахаар тохиролцож байсан. Тэгээд аав ганцаараа гарах гээд байхаар нь би түүнийг ах руу машинтайгаа хүргэж өгсөн. Тэрээр Хэрлэн сумын 6-р баг Билэгт төвийн орчим байна гэхээр нь Билэгт төвийн баруун талд зогсож аавыг зүүн тийш зам хөндлөн гаргаж өгөөд Билэгт төвийн үүдэнд ахтай уулзуулаад би тэндээс явсан. Явахын өмнө аавд "орой харихдаа над руу яриарай, болохгүй бол би ирж авъя" гэж хэлээд явсан. Ингээд орой 18 цаг 30 минутын орчимд аав өөрийнхөө утсаар над руу залгаж “аав нь станцын хойно байна, ирээд авчих" гэж ярьсан. Ингэж ярихдаа архи уусан байдалтай ярьж байсан бөгөөд хаана байгаа газраа тодорхой хэлж чадахгүй, зүг чигээ буруу заагаад байсан. Би утсаар “аав та байгаа газраа зөв заалдаа" гэхэд "аав нь станцын урд байгаа юм байна, буруу заачхаж” гэхээр нь би дүүгийнхээ хамт машинтай станцын цэнхрийн тийш явсан. Тэгээд станцын цэнхрийн тийш очоод аав руу залгаж яриад "хаана нь байгаа юм бэ" гэж асуухад согтуу бололтой байгаа газраа тодорхой зааж чадахгүй байсан. Энэ үед ээж над руу залгаад “ажил тарчихлаа ирээд авчих" гэхээр нь би "аав ирээд авчих гэсэн юм, хаана байгаагаа тодорхой хэлэхгүй байна, аавыг хайж байна" гэхэд "ирээд авчихаа, хамт хайя” гэсэн. Тэгээд би ээжийн ажил болох Ольхон худалдааны төв дээр очиж ээжийг аваад эргээд цэнхэрийн хороолол руу явсан. Тэгээд ойр орчмоор хайгаад, хойд талын далангийн орчмоор хайгаад явж байгаад цагдаа нартай таараад "аавыгаа хайгаад явж байна” гэхэд “энд зам тээврийн осол болсон байна, осолд орсон хүн нь хэн болох нь мэдэгдэхгүй байна, та аавыгаа мөн байна уу, үгүй юу гэдгийг хараад өгчих" гээд намайг зам руу дагуулаад явсан. Тэнд цагаан өнгийн приус-20 маркийн машин зогсож байсан бөгөөд арын дугуйны доор хүн дайрагдсан байдалтай байхаар нь тухайн хүнийг очиж харахад манай аав мөн байсан. Ингээд би шоконд орж юу болсон талаар санахгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Бунхны замаар баруун тийш ДБЭХС ТӨХК-ны зүг рүү явж байхад буюу ДБЭХС ТӨХК-ны спорт заалны урд талын автобусны буудал дөнгөж өнгөрөөд явж байхад нэг хүн замын зорчих хэсэг хоёр өвдгөөрөө өвдөглөөд хойш хараад сууж байсан. Тухайн үед миний урд машин байхгүй, харин эсрэг урсгалаас нэг машины гэрэл гараад ирж байсан. Тухайн хүн нь яг миний явж байсан эгнээнд буюу хойд талын эгнээнд сууж байсан. Эхлээд зам дээр хар бараан өнгийн зүйл харагдаж байсан. Би эхэндээ нохой ч юм уу гэж хараад хурдаа хассан. Тэгээд аажуухан яваад нэлээн дөхөөд бараг 30 орчим метр ойртоход хүн байна гэж мэдэгдсэн. Тухайн хүн согтуу бололтой над руу хараад гараараа даллаад дохиод байсан. Тэгэхээр нь би эсрэг урсгал руу орж тойроод гарсан. Түүнийг тойрч гараад хол явалгүй ДБЭХС ТӨХК руу эргэж, нөхрийн ажлын гадаа ирсэн. Тэгээд нөхрөө аваад эргэж хөдлөөд нөхөртөө "сая энд замын голд нэг согтуу хүн сууж байсан, над руу даллаад байхаар нь би тойроод явсан, тэр хүнийг машин мөргөчих вий дээ" гэж яриад нөгөө замаараа эргээд явахад яг нөгөө хүн сууж байсан газрын орчимд цагаан өнгийн приус-20 маркийн автомашин зогсож байсан. Машинаас 2 эмэгтэй хүн буугаад зогсож байсан. Тэгээд би сандраад нөгөө сууж байсан хүн дайруулсан байна гэж бодоод өнгөрөөд явсан. Тэгээд би буцаж очоод тухайн мөргөсөн машины жолоочид "энд сууж байсан хүн шүү" гэдгийг хэлмээр санагдаад эргээд очиход мөргөсөн машины жолооч нь ээж, охин хоёр байх шиг байсан. Намайг очиход охин нь "зам дээр юу ч харагдахгүй байсан эгчээ, гэтэл ээж мөргөчихлөө" гээд айсан байдалтай над руу гүйгээд ирсэн. Харин ээж нь шокт орсон байдалтай, уйлж, орилоод "одоо би яах вэ" гээд байж байсан. Ингээд тэнд дуудлагаар ирсэн цагдаад би утасныхаа дугаарыг үлдээгээд явсан. Тухайн үед гадаа харанхуй болсон байсан. Гэвч тус чиглэлийн замын гэрэлтүүлэг асаалттай, гэрэлтүүлэгтэй байсан. Гэхдээ зам дээрх үзэгдэх орчин их муу байсан. ...Тухайн хүн зам дээр өвдөглөөд хойш чиглэлтэй хараад сууж байсан. Тэрээр над руу "нааш ир" гэж байгаа мэт даллаад байсан. Тэгэхээр нь би айгаад тухайн хүнийг тойрч гарсан. Би тухайн үед зам дээр сууж байсан хүнийг согтуу хүн байна л гэж бодсон. Ямар ч эрүүл хүн зам дээр тэгээд сууж байхгүй шүү дээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-59/
Шинжээч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Архи согтууруулах ундаа хэрэглэснээс 6-8 цагийн дараа цуснаас бүрэн ялгарч дуусдаг. Тэгэхээр уусны дараа 6-8 цагийн хугацаанд хадгалагдана. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бол цогцосноос авсан цусны дээжид илрэх ёстой. Нас барснаас хойш цусанд дахь спиртийн агууламж ялгарахаа больдог. Амь хохирогч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол 6-8 цаг өнгөрсний дараа цусанд спиртийн агууламж илрэхгүй байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93/
Шинжээч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н. эмчийн дүгнэлтэд тусгагдсан уг дүгнэлт нь надтай хамааралтай. Учир нь шинжээч эмч нь бүртгэлийн ажилтан хүлээлгэн өгсөн "50эр, " хэмээн хаягласан хуруу шилтэй цусыг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр надад илгээх бичгээр ирүүлсэн. Уг цусанд нь би шинжилгээ хийхэд спиртийн агууламж илрээгүй учир үүнийг хариулт болгон буцаан илгээх бичгээр бүртгэлийн ажилтан 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээлгэн өгсөн. Хуруу шилэн дээр "50эр, " гэж хаягласан цусанд шинжилгээ хийсэн бөгөөд өөр хүний цустай солигдох боломжгүй. Амь хохирогч нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний орой 20 цагийн орчимд нас барсан гэж байна, харин шинжилгээнд орж цус авсан нь мөн оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цаг 30 минут гэж байна. Энэ нь 10 гаруй цаг өнгөрсөн харагдаж байна. Хүний биеийн онцлог, бодисын солилцооноос хамааран спиртийн агууламж илрэхгүй байх боломжтой байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95/
Шинжээч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тус хэрэгт авагдсан нотлох баримтуудад тухайн явган зорчигчийг явганаар зам хөндлөн гарахыг завдаж байсан, гарсан, гүйсэн гэсэн зүйл байхгүй. Мөн зам дээр хэвтэж байсан гэж үзэх юм бол саад гэж үзнэ. Иймээс хэрэгт ямар нэгэн нотлох баримт байхгүй учир явган зорчигч гэж үзэх үндэслэлгүй байсан. Харин осол болох үед гэгч нь тухайн тээврийн хэрэгслийн доор орж нас барсан байгаа харагдаж байна. Иймээс замын голд байгаа нь замын саад гэж үзэх учир жолооч саадыг тойрон гарах үйлдэл хийж тойрон гарах ёстой. гэгч нь биеийн байдлаас болоод юм уу ямар нэгэн шалтгааны улмаас унасан байж болох тул саад гэж үзэх үндэслэлтэй. Бүх зүйл Замын хөдөлгөөний дүрмээр зохицуулагдах ёстой. Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж зам дээр байгаа аливаа эд юмсыг харж мэдэрсэн байвал зохино. Иймд явган зорчигч зам дээр хэвтэж байсан учир явган зорчигч гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд би замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй гэж дүгнэсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 154-155/
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би энэ хэрэгт өмнө мэдүүлэг өгөхдөө тодорхой өгсөн учир надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 114/
******* аймаг дахь Бүсийн шүүхийн шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 132 тоот “...Амь хохирогч Ц.ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын орой болон суурь ясны олон тооны сэлтэрхий үүсгэсэн хугарал, их тархины баруун тал бөмбөлөг, суурь хэсгийн тархины эдийн няцрал, аалзан хальсны доорх цус харвалт, зулай, баруун чамархай, дагзны хуйх, баруун чамархайн булчингийн цус хуралт, элэгний олон тооны язарсан шарх, хэвлийн хөндийн цусан хураа, баруун уушгины гялтан хальсны урагдал, баруун зүүн талын олон хавирганы хугарал, зүүн чамархай, хацар, эрүүний цус хуралт, баруун чамархай, хацар, шанаа, зулай, зүүн далны зулгаралт, нурууны өнгөц түлэгдсэн шарх, баруун гуя, шилбэ, шилбэ, зүүн бугалгын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тогтоогдсон гэмтлүүд нь өндөр хэмийн хэсгийн үйлчлэл болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гавлын орой болон суурь ясны олон тооны сэлтэрхий үүсгэсэн хугарал, их тархины баруун тал бөмбөлөг, суурь хэсгийн тархины эдийн няцрал, аалзан хальсны доорх цус харвалт гэмтлүүд нь 4.1.2, 4.1.3, 4.1.4-т зааснаар, элэгний олон тооны язарсан шарх, хэвлийн хөндийн цусан хураа гэмтлүүд нь 4.1.15-д зааснаар, Баруун зүүн талын олон хавирганы 2,3,4 шугамын хугарал гэмтэл нь 4.1.12-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Зулай, баруун чамархай, дагзны хуйх, баруун чамархайн булчингийн цус хуралт, баруун уушгины гялтан хальсны урагдал, зүүн чамархай, хацар, эрүүний цус хуралт, баруун чамархай, хацар, шанаа, зулай, зүүн далны зулгаралт, нурууны өнгөц түлэгдсэн шарх, баруун гуя, шилбэ, шилбэ, зүүн бугалгын цус хуралт гэмтлүүд нь 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Амь хохирогч нь гавлын орой болон суурь ясны олон тооны сэлтэрхий үүсгэсэн хугарал, их тархины баруун тал бөмбөлөг, суурь хэсгийн тархины эдийн няцрал, аалзан хальсны доорх цус харвалт, зулай, баруун чамархай, дагзны хуйх, баруун чамархайн булчингийн цус хуралт, элэгний олон тооны язарсан шарх, хэвлийн хөндийн цусан хураа, баруун уушгины гялтан хальсны урагдтал, баруун зүүн талын олон хавирганы хугарал гэмтлүүдийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /хх-ийн 63-66/
******* аймаг дахь Бүсийн шүүхийн шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 362 тоот дүгнэлтэд “..******* / 2024.10.31 23:42/ гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 75-76/
Хөдөлгөөний соёл ТББ-ийн Зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн 35 тоот дүгнэлтэд: “...Приус 20 маркийн улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан овогтой /РД / нь харанхуй үед гэрэлтүүлэггүй болон гэрэлтүүлэгтэй замаар зорчихдоо үзэгдэлтийг харгалзан анхаарал болгоомжтой хурдаа тохируулан зорчих шаардлагатай ба МУ-ын ЗХД-ийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг сахин биелүүлдэг байвал зохино, 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарсныг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалт зөрчсөн байна. Анхаарал болгоомжгүй байдлаас болж зорчих хэсэг дээр юу байгааг харж мэдээгүйгээс болж тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авч чадаагүй байна... Явган зорчигч овогтой /РД:/ нь тухайн үед чухам ямар байдалтай байсныг харсан хүн, гэрч байхгүй байна. Зорчих хэсгээр зам хөндлөн гарч байсан бол явган зорчигч, зорчих хэсэг дээр унасан хэвтэж байсан бол замын саад болно. Иймд явган зорчигчийг ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж тодорхойлох боломжгүй байна... Приус 20 маркийн улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан овогтой /РД: / нь МУ-ын ЗХД-ийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарсныг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалт зөрчсөн байна. Замын хөдөлгөөнд оролцогч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох ба харанхуй үед гэрэлтүүлэггүй болон гэрэлтүүлэгтэй замаар зорчихдоо үзэгдэлтийг харгалзан анхаарал болгоомжтой осолтой байдал бий болгохгүйгээр зорчих үүрэгтэй байтал /зорчих хэсгээр зам хөндлөн гарч байсан бол явган зорчигч, зорчих хэсэг дээр унасан хэвтэж байсан бол замын саад болох боловч жолооч аль нь ч байсан аюулгүй байдлыг хангаж осол, зөрчил гаргахгүйгээр зорчих/ жолооч анхаарал, болгоомжгүй байдлаас зорчих хэсэг дээр юу байгааг анзаарч хараагүйгээс болж уг осол гарах нөхцөл болсон байна... Асуултад тусгагдаагүй шинээр нөхцөл байдал илрээгүй болно...” гэх дүгнэлт /хх-ийн 82-83/
Нийслэлийн шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 280 тоот “... /РД:/-ийн сэтгэцэд 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас уй гашуу, гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 87-89/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-15/
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-20/
- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 21/
- Зам тээврийн осол хэрэгт холбогдсон Toyota prius-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-23/
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 35-40/
- Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 119-123/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 127/
- Шүүгдэгч *******ын хохирол төлбөр төлсөн баримт /хх-ин 152/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн шүүгдэгч *******ын дансны хуулга, хохирол төлбөр төлсөн баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ******* аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг ДБЭХС ТӨХК-ийн урд талын авто зам дээр улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа хохирогч дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч , гэрч , О., нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, ******* аймаг дахь Бүсийн шүүхийн шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 132 тоот “...Амь хохирогч нь гавлын орой болон суурь ясны олон тооны сэлтэрхий үүсгэсэн хугарал, их тархины баруун тал бөмбөлөг, суурь хэсгийн тархины эдийн няцрал, аалзан хальсны доорх цус харвалт, зулай, баруун чамархай, дагзны хуйх, баруун чамархайн булчингийн цус хуралт, элэгний олон тооны язарсан шарх, хэвлийн хөндийн цусан хураа, баруун уушгины гялтан хальсны урагдтал, баруун зүүн талын олон хавирганы хугарал гэмтлүүдийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт, ******* аймаг дахь Бүсийн шүүхийн шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 362 тоот “...******* / 2024.10.31 23:42/ гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт, Хөдөлгөөний соёл ТББ-ийн Зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн 35 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол хэрэгт холбогдсон Toyota prius-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байхаас гадна шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч ******* нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, оршуулгын зардлыг төлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай болон болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байх тул шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болно.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.ын амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “...оршуулгын зардал бүрэн төлөгдсөн. Одоо сэтгэл санааны хохирлоо хуульд заасны дагуу нэхэмжилж байна...” гэж мэдүүлсэн.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлд хамаарч байгаа болохыг Нийслэлийн шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 280 тоот дүгнэлтээр тогтоосон байна.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.3-т “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.2-т “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана.” гэж тус тус заажээ.
Хохирогч нь Ц. нь амь хохирох үедээ 50 настай байсан бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэхэд хохирогчид ашигтай байх тул дээрх аргачлалын дагуу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас /660,000х150=99,000,000/ 99,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, оршуулгын зардалд 21,565,489 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хүлээлгэсэн үеэс тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 99,000,000 /ерэн есөн сая/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, оршуулгын зардалд 21,565,489 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА