| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/0190/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/199 |
| Огноо | 2025-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Тунгалагтуяа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч Т.Тунгалагтуяа /томилолтоор/
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 2521001090206 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* *******. /РД: /
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******. /РД: /
Шүүгдэгч *******, ******* нар нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг бойны цэг дээр үл ялих шалтгааны улмаас маргалдан, зодолдож бие биедээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй” гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад ч гэсэн нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэв.
Шүүгдэгч *******, ******* нар нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг бойны цэг дээр үл ялих шалтгааны улмаас маргалдан, зодолдож бие биедээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн “...би 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн орсон адуу үхэр зэргийг ажиллаад байж байхад манай сумын ******* гэх залуу ирээд мах хиллүүлж байхаар нь очоод хиллээд зогсож байхад намайг “чи миний үхэрнээс хавиргыг нь авчаагүй биздээ, яасан муухай ажилладаг юм бэ” гэхээр нь би “юу гэж авдаг юм бэ” гээд хоорондоо маргалдсан. Тэгээд миний уур хүрээд түрүүлээд *******ын хамар хэсэгт 1 удаа цохисон. Тэгэхэд *******ын хамраас цус гараад би больсон. Тэгээд зогсож байхад ******* гэнэт түшиж явсан таягаараа миний толгой руу цохиж хагалсан. Тэнд байсан хүмүүс бид хоёрыг болиулаад хамтдаа сумын эмнэлэг явцгаасан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч *******ын “...2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр би ******* сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг мал мах худалдан авдаг цэг дээр 1 тооны үхрээ махлуулаад махыг нь хиллэж үзэхэд манай үхрийг муухай эвдсэн байсан. Тэгэхээр нь би “энийг хэн эвдсэн бэ” гэхэд манай сумын залуу ******* гэх залуу “би эвдсэн” гэхээр нь би “чи тэгээд яасан муухай эвдсэн юм бэ, энэ хавиргыг тасдаад авчихсан юм шиг” гэхэд өөдөөс уурлаад хоорондоо маргалдсан. Тэгээд маргалдаад байж байхад гэнэт миний хажуу талаас ******* нь нүүрэн тус газарт гараараа 1 удаа л цохисон. Тэгээд миний хамраас цус гараад байж байхад тухайн ******* гэх залуу дахин над руу дайраад байхаар нь тухайн үед миний хөл хугараад таяг түшиж явсан байсан болохоороо би таягаараа толгой руу нь 1 удаа цохисон. Тэгээд тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгаад би тэндээс шууд эмнэлэг рүү явж үзүүлсэн...” гэх мэдүүлэг, хохирогч *******ийн “...******* “яах аргагүй хавирга нь байхгүй байна” гээд надтай муудахаар нь би нүүрэн тус газар руу нь нэг удаа гараараа цохисон. Тэгсэн чинь ******* миний толгой руу гартаа барьж байсан таягаараа нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр зодолдохоо болиод эмнэлэг руу очиж биеэ үзүүлсэн. Миний толгой хагарч 3 сантиметр оёдол тавьсан...” гэх мэдүүлэг, хохирогч *******ын “...маргалдаад байж байх үед гэнэт намайг хажуу талаас миний нүүр рүү цохисон. Тэгээд миний хамрын цус гоожоод байж байх үед над руу ******* над руу дайрахаар нь би түшиж явсан таягаараа толгойн тус газар нь цохисон. ...Би тэгээд хамраа үзүүлэхээр сумын эмнэлэгт ирсэн. Миний хамар хугарсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч “...Би ******* сумын 1 дүгээр багт байдаг бойны газар ахдаа тус болон Мөнххаан сумаас ирэн хааяа ажилладаг. ******* гэх хүн тухайн өдөр 1 үхэр ажиллуулахаар манай бойн дээр ирсэн ба тэр үхрийг ******* гэх хүн ажиллаад дууссан. Үхрийг өлгөөд хиллэх гэтэл ******* “манай үхрийн хавирга дутуу байна, хэн ажилласан юм бэ” гэх зэргээр асуухад ******* “би ажилласан юу гэж үхрийн чинь хавиргыг авч байдаг юм” гээд хоорондоо маргалдах шинжтэй болоод ******* нь *******ын хажууд зогсож байгаад нүүрэн тус газар нь нэг удаа цохихоор нь би голоор нь орж салгасан. Тэгээд *******ийг бариад хориод байж байх үед намайг давуулаад ******* нь түшиж явсан таягаараа *******ийн толгой руу цохихоор нь би *******ийг бүүр цааш нь авч явсан. Удалгүй ******* ******* нар маргалдахаа больж хамтдаа эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүхийн шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ДОР0725/122 тоот “...*******ын биед хамрын хянга ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал болон цус хуралт шинэ гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1 удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тус бүртээ болон бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, Дорнод аймаг дахь Бүсийн шүүхийн шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ДОР0725/123 тоот “...*******ийн биед хуйханд зүүн зулайн няцарсан шарх шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1 удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч Ш.Энхмаагийн мэдүүлэг, эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгч нарын харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч, хохирогч *******, ******* нар нь хоорондоо эвлэрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд *******, ******* нар нь харилцан бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч ******* нь 243,492 төгрөг, шүүгдэгч ******* нь 116,022 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд тус тус төлсөн байна.
Прокуророос шүүгдэгч нарт санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн төмөр таяг 1 ширхгийг шүүгдэгч *******т буцааж олгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******, ******* ******* нарыг тус бүр 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн төмөр таяг 1 ширхгийг шүүгдэгч *******т буцааж олгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА