| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 313/2025/0127/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/143 |
| Огноо | 2025-08-08 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/143
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч А.Амгалан,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Т,
Өмгөөлөгч Н.Гарьдхүү,
Шүүгдэгч Ц.Б,
Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ц-ын Б-т холбогдох 2428001990272 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 06 дугаар сарын 27-ны шөнө 23 цагийн үед “Тоёота хайс” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох явцад Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Гурвантэс явах хатуу хучилттай засмал замын 183 дахь километрт зам тээврийн осол гаргаж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж зорчиж явсан иргэн Д.Б-ы багана нурууны хугарал, харалдаа нугас, мэдрэл тасарсан амь насанд аюултай хүнд гэмтлийн улмаас амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.Б-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Талийгаачийн ар гэрийнхнээс уучлалт гуйж байна. Талийгаачийн ар гэрт бүх хохирол төлбөрийг төлж барагдуулна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйл байхгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие Э-ын Т ...талийгаач ахтайгаа 2021 оноос хойш хамт амьдарч байсан. Манай эгч болох Н хорих ялаар шийтгүүлсэн. Энэ хугацаанд манай эгчийн 2 хүүхэд болох Га болон Г бид гурвыг манай талийгаач ах асран хамгаалж байсан. Манай эгч хорих ялаар шийтгүүлж байхад миний сэтгэл санааны байдал нэлээн тогтворгүй байх үед энэ хэрэг гарсан учраас надад маш хүнд туссан. Шүүх шинжилгээгээр Сэтгэл санааны хохирлын зэрэглэл 2 дугаар зэрэглэл тогтоогдсон. Үүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 99,000,000 төгрөг болон оршуулгын зардал болох 11,000,000 төгрөг, нийт 110,000,000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Талийгаачтай би багаасаа хамт амьдарсан. Талийгаач нь 2 хүүхэдтэй хүн. Хүүхдүүд нь ээж дээрээ байдаг байсан... Талийгаач надаа хүүхэд шигээ л ханддаг байсан. 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймаг руу явсан. Тухайн үед ямар ажлаар явсан талаар нь сайн мэдээгүй, явчихаад ирнэ л гэж хэлсэн. Тэгээд маргааш орой нь буюу 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр үдээс хойш нэг утсаар ярьсан. Тухайн үед архи уусан согтуу байсан. Тэр үед Б гэх хүнтэй явж байна ойрхон явчихаад ирнэ гэж байсан. 2024 оны 06 дугаар сарын 28-ны орой хэдэн цаг болж байсныг нь санахгүй байна, утсаар Өмнөговь аймгийн цагдаагийн газраас гэж залгасан. Тухайн үед ахыг осолд ороод нас барсан талаар мэдээлэл авсан... Сэтгэл санааны хохирол болон оршуулгын зардалтай холбоотой хохирлыг нэхэмжилнэ.” (1 дүгээр хавтаст хэргийн 183-184, 188-189 дэх тал)
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Талийгаачтай сүүлд 2024 оны 06 дугаар сарын дундуур хэдэнд гэдгийг санахгүй байна. Талийгаач биеийн байдал нь уушги өвдөөд гээд ханиадтай байсан. Тэгээд нэлээд турсан байсан бөгөөд тухайн үед эм тариа авч өгөөд гайгүй болсон байсан. Тухайн үед яагаад тусламж тэгж удаан дуудсан болон осол болсны дараа хэр хугацаанд ухаантай байсан, тухайн Б-т захиж хэлсэн болон хэцүү байгаа талаараа хэлсэн үү гэдэгт бага зэрэг гомдолтой байна... Хүн чанаргүй байгаа тал дээр маш их гомдолтой байна... Талийгаач Д.Б нь миний төрсөн дүү бөгөөд хамгийн сүүлд буюу нас барихаасаа өмнө 2-3 жилийн хугацаанд Э.Т-гийн гэрт хүүхдүүдийг харж асраад хамт амьдарч байсан болохоор талийгаачийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг Э.Т-д шилжүүлж байгаа юм. Э.Т нь намайг тусдаа гарсны дараа буюу би хашаа байшингаас нүүгээд орон сууцанд суурьшин амьдрах болсон цаг хугацаанаас хойш 3 жилийн хугацаанд буюу 2021 оноос хойш Э.Т талийгаачтай хамт амьдрах болсон. Т өөрөө хөл муутай олон жил хөлний өвчнөөр эмчлэгдэж байсан бөгөөд талийгаач Т болон бага насны дүү нарыг нь харж асрахаар болж хамт амьдарч байсан. Т-гийн ээж нь Солонгос улсад ажилладаг болохоор тэд нарыг харж асарч байсан.” (1 дүгээр хавтаст хэргийн 43-44, 46-47, 191 дэх тал)
Гэрч Т.Ц шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: “2024 оны 06 дугаар сарын 28-ны өглөө малдаа гарсан. Тухайн үед засмалын урд нэг машин өглөөнөөс хойш байгаад байсан. Тэгээд малаа харангаа тухайн машин дээр очиход хүнгүй юм шиг байсан. Тэгээд явах гэсэн дотроос хүн дуудаад уулзтал сонгууль өгөх гэж явж байгаад зам дээр машинаа ийм болгочихлоо хэл дуулгах гэсэн утас байдаггүй хамт явж байсан хүн маань өнгөрчих шиг боллоо, та нэг хэл дуулгаач гэхээр нь би гэртээ хариад утсаар Сэврэйн цагдаа, эмнэлэгт хэл өгсөн.” (1 дүгээр хавтаст хэргийн 56-57 дахь тал)
Гэрч Б.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: “Би Д.Б-ы төрсөн дүү болох Батмөнхийн төрсөн охин. Д.Б нь миний авга ах байсан юм. Талийгаач Д.Б нь Э.Т-тэй багаас нь хамт амьдардаг байсан. Э.Т-г өсгөж том болгосон хүн нь талийгаач Д.Б. Э.Т нь талийгаач Б-ы нагац дүү. Д.Б нь нас барах хүртлээ Э.Ттэй хамт Улаанбаатар хотод амьдардаг байсан.” (1 дүгээр хавтаст хэргийн 194-195 дахь тал)
Шүүгдэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би Ноён суманд харьяалалтай байдаг. 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр сонгууль өгөх гээд Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас талийгаач Д.Б-ы хамт Ноён сум руу 18 цагийн үед гарсан. Тэгээд зам явж байхад Тэнгэр нэлээд муухайраад шороо шуурч байсан. Баяндалай сум өнгөрөөд шороо намжтал 1 цаг гаран хугацаанд зогссон. Тухайн зогсох хугацаанд бид хоёр нэлээд удаан хугацаанд уулзаагүй байсан болохоор юм яриад суусан. Тухайн үед талийгаач бие нь өвдөөд байгаа талаар хэлж байсан. Тэгээд цаашаа явж байгаад засмал замаас Ноён сум руу салдгаар буусан. Шороогоор явж байтал хажуу талаас гэнэт нэг тэмээ гараад ирсэн. Тэгэхээр нь би машинаа хажуу тийш дарсан. Тухайн үед тэмээ мөргөөгүй ямартай ч хажуу тийш дарахад машин огт жолоодлогогүй болсон. Тэгээд хэсэг хугацаанд юу болсон бүү мэд би машины гадаа хэвтэж байсан. Тэгээд сэрээд босох гэтэл миний бөгсөн бие ямар ч мэдээ байхгүй байсан. Би машин руугаа мөлхөөд ирсэн. Машин ямартай ч унаагүй байж байсан. Машин руугаа орох гэтэл босож чадахгүй байсан. Машины руль хэсгээс өмдний тэлээгээр оосорлож байгаад машинд орсон. Тухайн үед машины руль салон хэсэг хугарч доош унасан байсан. Машин дотор орж ирэхэд талийгаач жолоочийн эсрэг талын суудал дээр сууж байсан. Талийгаач сая юу болсон бэ гээд байж байсан. Тэгээд би хойшоо мөлхөөд заал руу орсон. Хойш орсон дараа талийгаач тамхи байна уу, ус уумаар байна, агаар оруулах боломж байна уу гэж байсан. Тухайн үед би хойшоо ороод хөдөлж болохгүй бөгсөн бие мэдээгүй болчихсон байсан. Тэгээд тэр хавиар гар хүрэх газраар ус ундаа байна уу, гар утас байвал хэл хүргэчихгээд байсан боловч хөдөлж болохгүй байсан. Талийгаач юм ярьж байснаа чимээгүй болсон. Тэр үед би нэлээд олон ер нь байнга дуудсан боловч дуугарахгүй байсан. Араас хартал хөдлөхгүй болсон байсан. Тэгээд л би нэг л биш болчихлоо доо гэж бодсон. Би огт хөдөлж болохгүй хэвтэж байхад нэг мотоцикл дуугарсан. Тэгсэн нэг хүн гадуур алхаад байх шиг байсан. Тухайн үед машины нэг цонх бага зэрэг онгорхой байхаар нь тухайн хүнийг дуудаад осол болсон талаар хэлээд эмнэлэг, цагдаад мэдэгдээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд нээх удалгүй эмнэлэг, цагдаагийн байгууллагын хүмүүс ирсэн. Эмнэлгийн хүмүүс ирээд хамт явсан хүн чинь нас барсан байна гэж хэлсэн.” (1 дүгээр хавтаст хэргийн 102-104 дэх тал)
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Р.Нандинцэцэгийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 4133 дугаартай дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Нэр хаяггүй” хуруу шилтэй цуснаас спиртийн агууламж илрээгүй.” (1 дүгээр хавтаст хэргийн 61-62 дахь тал)
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Т.Түмэнжаргалын 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 08 дугаартай дүгнэлтэд: “Тоёота хайс загварын ... улсын дугаартай автомашины жолооч Ц.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн. Мөн дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж автозамын зорчих хэсэгт тэмээ гарч ирэхэд тээврийн хэрэгслээ зогсоож чадаагүй замын зорчих хэсгээс буусан гэж үзэж байна. Автозамын зорчих хэсэгт тэмээ гарч ирсэн нь зам тээврийн осол болох шалтгаан болсон.” (1 дүгээр хавтаст хэргийн 68 дахь тал)
Өмнөговь аймгийн авто тээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч Л.Бат-Оргилын 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дугаартай дүгнэлтэд: “... улсын дугаартай Hiace загварын тээврийн хэрэгсэлд нүдээр үзлэг хийхэд, урд салхины шил хагарч цуурсан, урд нүүр байхгүй, их гэрэлнүүдийн сэнж хугарсан, урд впур доод хэсгээрээ хагарсан сэнжнүүд тасарсан, урд хаалганууд гажиж гацсан, урд салон хагарсан, жолооны хүрд унжсан их хэмжээний эвдрэл гэмтэлтэй бүрэн бус тээврийн хэрэгсэл байна. Тухайн тээврийн хэрэгслийн жолоодлогын болон тоормосны систем, явах эд анги, зэргүүдийг бүрэн ажиллагаатай эсэхийг, асуулт а/-д дурдагдсан эвдрэлийн улмаас шалгах ямар нэгэн туршилт хийх ямар ч боломжгүй байна. Тухайн тээврийн хэрэгсэлд асуулт а/-д дурдагдсан их хэмжээний эвдрэл байна. Энэ нь хүчтэй харайлгаснаас үүсгэгдсэн байж болох эвдрэл гэмтлүүд байна. Тухайн тээврийн хэрэгслийн нэг их гэрэл салж унасан нэмэлт оврын гэрэл жолооч талынх салж унасан бүрэн бус тээврийн хэрэгсэл байна. Энэ нь ослоос үүдэлтэй эвдрэл гэж үзэж байна.” (1 дүгээр хавтаст хэргийн 73-75 дахь тал)
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Баярхүүгийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 114 дугаартай дүгнэлтэд: “Талийгаач Д.Б-ы цогцост багана нурууны 2-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, нугасны тасрал, хэвлийн хөндийн шингэн хуралдалт /100мл/, зүүн атгаал ясанд хугарал, дух, баруун шуу, баруун өвдөг, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь багана нурууны хугарал, харалдаа нугас, мэдрэл тасарсан амь насанд аюултай хүнд гэмтлийн улмаас нас баржээ.” (1 дүгээр хавтаст хэргийн 83-88 дахь тал)
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1105 дугаартай дүгнэлтэд: “Хууль ёсны төлөөлөгч Э-ын Т-ийн сэтгэцэд 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна.” (1 дүгээр хавтаст хэргийн 200-202 дахь тал)
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Баярхүүгийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ӨМГО725/129 дугаартай дүгнэлтэд: “Ц.Б-ийн биед тархи доргилт, бүсэлхий нурууны 2-р нугалам бяцарсан хугарал, баруун шилбэ ясанд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлийн аль алинд хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Уг гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Ц.Б-ийн биед учирсан гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна.” (1 дүгээр хавтаст хэргийн 207-208 дахь тал)
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 15-29 дэх тал)
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 30-40 дэх тал)
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 89-94 дэх тал)
Иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 106 дахь тал)
Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 107 дахь тал)
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 108 дахь тал)
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 109-110 дахь тал)
Жолоочийн лавлагаа, мэдээлэл (1 дүгээр хавтаст хэргийн 111 дэх тал)
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 112 дахь тал)
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 113 дахь тал)
Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр (1 дүгээр хавтаст хэргийн 127 дахь тал)
Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 128 дахь тал)
Иргэний нэхэмжлэл (1 дүгээр хавтаст хэргийн 157 дахь тал)
Төрөл садангийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 30 дахь тал)
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 91 дугаартай тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 31 дэх тал)
Улсын хилээр нэвтэрсэн иргэний лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 32 дахь тал).
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.Б-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс ...шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох бүрэн боломжтой байна, хохирол хор уршгийн хувьд шүүгдэгч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4Б, 12.2-т заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Д.Б-ы амь нас хохирсон хохирол учирсан байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Тий зүгээс ах Д.Б-ы амь хохирсны улмаас сэтгэцэд учирсан хохиролд 99,000,000 төгрөг, мөн гэмт хэргийн улмаас хохирогч нас барснаар оршуулгын зан үйлтэй холбогдуулаад баримттай буюу баримтгүйгээр нийт 11,505,837 төгрөг буюу нийт 110,505,837 төгрөгөөр тооцож нэхэмжилж байсан боловч өнөөдрийн шүүх хуралдаанд түр завсарлага аваад 69,641,000 төгрөг дээр шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар өгч авалцсанаар энэ хохирол бүрэн нөхөн төлөгдсөнөөр тооцох боломжтой гэдгийг хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байгаа учраас энэ хэмжээгээр нь шүүгдэгчээс мөнгөн төлбөрийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т-д олгуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналтай байна гэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү нь шүүгдэгчийн хувьд хэргийн зүйлчлэл гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа... Хэдийгээр талууд харилцан тохиролцоод 69,641,000 төгрөг дээр эвлэрэн хэлэлцсэн байгаа боловч хууль зүйн үндэслэлийг тайлбарлах нь зүйтэй байх гэж бодож байна. Монгол Улсын Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн эсвэл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээдэд өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр эсвэл нас барсан хүний нас хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлж хохирогчид аль ашигтайгаар тооцно гэсний дагуу анх Тий хувьд иргэний нэхэмжлэл гаргахдаа 99,000,000 төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр иргэний нэхэмжлэлээ гаргасан. Өнөөдөр шүүх хуралдааны явцад завсарлага аваад шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг эвлэрүүлж эвлэрлийн гэрээ байгуулсан. Үүгээрээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу иргэний нэхэмжлэгчийн зүгээс сэтгэцэд учирсан гэм хорын хохирол хөтөлбөрт 99,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 40,359,000 төгрөгөөр багасгаж 58,641,000 төгрөгийг сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд тооцож байгаа. Яагаад вэ гэхээр Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн тооцох аргачлалаар бодоход нийтдээ 58,641,000 төгрөгийг сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд нь тооцъё гэсэн нэхэмжлэлийн байр суурийг илэрхийлсэн. Үүнийг нь шүүгдэгчийн зүгээс хүлээн зөвшөөрч нөхөн төлөхөө илэрхийлсэн. Дараагийн шаардлага буюу орчуулгын зан үйл хийсэнтэй холбоотой хохирлыг нийтдээ 17,000,000 төгрөгөөр тооцсон. 17,000,000 төгрөгийн хохирлоосоо 08 дугаар сарын 04-ний өдөр шүүгдэгчийн зүгээс 6,000,000 төгрөгийг хохирогч талд нөхөн төлсөн учраас үлдэгдэл 11,000,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд уг мөнгийг шүүгдэгч төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Нийтдээ 69,641,000 төгрөгийг хохирогч Бы амь хохирсны хохирлын хор уршиг буюу хохиролд тооцох боломжтой юм байна гэдэг дээр санал нэгдсэн байгаа. Ийм учраас 69,641,000 төгрөгийг Б нь өөрөө нөхөн төлөхөө илэрхийлж талууд эвлэрэн хэлэлцсэн учраас хохирол тооцох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Хавтаст хэргийн материалыг шинжлэн судалсан. Үүн дээр миний үйлчлүүлэгч Тий хувьд талийгаач Б нь гэр бүлийн гишүүн нь байсан. Талийгаач Б нь нас барах хүртлээ буюу 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 2021 оноос хойш Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Олимп хотхонд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох Т, түүний төрсөн эгч Н-ийн хүү болох Га болон Г нарыг асран хамгаалж амьдарч байсан нь тогтоогдсон. ...хамт амьдарч байсан юм байна, садны хүн гэдэг утгаараа Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэр бүлийн гишүүн нь юм байна. Ингээд 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1105 дугаартай сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын хор уршгийн зэрэглэлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр миний үйлчлүүлэгчийн сэтгэл санаанд хоёрдугаар зэрэглэлийн хор уршиг учирсан байна гэж тогтоосон. Нэгэнт Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн хохирогч нас барсан тохиолдол байгаа учраас Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-ыг бид нар хэрэглэх ёстой гэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хэлэх зүйл байхгүй гэх,
Шүүгдэгч нь хохирогч талын гаргасан хохирлын хэмжээ дээр маргах зүйл байхгүй. Эвлэрлийг баталж өгнө үү. Хохирол төлбөрийг 2025 онд багтаан төлж барагдуулна. Хохирол төлбөрийг төлөх хугацаа болон мөнгөн дүн дээр маргах зүйл байхгүй. Миний буруугаас болж гэнэтийн зам тээврийн осол гаргаж эрдэнэт хүний амь насыг хохироосондоо харамсаж байна. Талийгаачийн ар гэрийнхэнд хохирол төлбөрийг нэн даруй төлж барагдуулна гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 06 дугаар сарын 27-ны шөнө 23 цагийн үед “Тоёота хайс” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох явцад Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Гурвантэс явах хатуу хучилттай засмал замын 183 дахь километрт зам тээврийн осол гаргаж Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б/ “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж зорчиж явсан иргэн Д.Бы багана нурууны хугарал, харалдаа нугас, мэдрэл тасарсан амь насанд аюултай хүнд гэмтлийн улмаас амь насыг нь хохирсон нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Т-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 183-184, 188-189 дэх тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.О-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44, 191 дэх тал), гэрч Т.Ц-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 дахь тал), гэрч Б.П-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 194-195 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Р.Нандинцэцэгийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 4133 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 61-62 дахь тал), Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Т.Түмэнжаргалын 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 68 дахь тал), Өмнөговь аймгийн авто тээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч Л.Бат-Оргилын 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 73-75 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Баярхүүгийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 114 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 83-88 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1105 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 200-202 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Баярхүүгийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ӨМГО725/129 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 207-208 дахь тал), зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15-29 дэх тал), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 30-40 дэх тал), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 89-94 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн үхлийн шалтгааныг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Т.Түмэнжаргалын 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 08 дугаартай дүгнэлтээр “Тоёота хайс загварын ... улсын дугаартай автомашины жолооч Ц.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн. Мөн дүрмийн 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтыг зөрчиж автозамын зорчих хэсэгт тэмээ гарч ирэхэд тээврийн хэрэгслээ зогсоож чадаагүй замын зорчих хэсгээс буусан гэж үзэж байна. Автозамын зорчих хэсэгт тэмээ гарч ирсэн нь зам тээврийн осол болох шалтгаан болсон.” (хавтаст хэргийн 68 дахь тал) гэх заалтыг зөрчсөн болохыг тогтоосон тул шүүгдэгч Ц.Б-ийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэлээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Ц.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөн үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн хэдий ч өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Б нь зам тээврийн ослыг санаатайгаар үйлдэж хүний амь нас хохироох санаа зорилгогүйгээр үйлдсэн гэж үзэхээр байна.
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн үйлдэл, холбогдол нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Б-ийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ц.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас Д.Б нь багана нурууны хугарал, харалдаа нугас, мэдрэл тасарсан амь насанд аюултай хүнд гэмтлийн улмаас нас барсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Баярхүүгийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 114 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 83-88 дахь тал)-ээр тогтоогдож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Т, түүний өмгөөлөгч Н.Гарьдхүү нарын зүгээс амь хохирогч Д.Б-ыг оршуулахтай холбоотой гарсан зардалд 11,000,000 төгрөг, хохирогч нас барснаас гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хохирол 99,000,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн болно.
Шүүгдэгч Ц.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 6,000,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Т-д төлсөн болох нь талуудын гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 6,000,000 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн талууд хоорондоо 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Эвлэрлийн гэрээ” (2 дугаар хавтаст хэргийн 36 дахь тал) байгуулж, уг эвлэрлийн гэрээгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр болох 99,000,000 төгрөг нэхэмжилснээс 40,359,000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж, үлдэх 58,641,000 төгрөг, амь хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан зардалд 11,000,000 төгрөг, нийт 69,641,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, 2025 онд багтаан төлөхөөр харилцан тохиролцсон байх тул шүүгдэгч Ц.Б-ээс гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт нийт 69,641,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Тд олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.Б-ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийн хязгаарлалтын бүсийг хувийн байдлаас шалтгаалан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс гарч явахгүй байх хязгаарлалт тогтоолгох саналыг гаргаж байна гэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Гарьдхүүгийн хувьд шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 69,641,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн хувьд хэргийн зүйлчлэл болон хохирол төлбөрийн талаар маргаагүй, эвлэрэн хэлэлцсэн учраас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байх гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс гаргасан ялын санал дээр тусгайлан гаргах санал байхгүй гэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Т нь хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг,
Шүүгдэгч Ц.Б нь зорчих эрх хязгаарлах ялыг хамгийн бага хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Ц.Б-ийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хор уршгийн төлбөрт 6,000,000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, энэхүү гэмт хэргийн улмаас бүсэлхий нурууны 2-р нугалам бяцарсан хугарал, баруун шилбэ ясанд хугарал гэмтэл авч 50 хувийн хөдөлмөрийн чадвар алдсан хувийн байдал зэргийг харгалзан хоёр төрлийн ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 7 (долоо) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Мөн шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой гарсан төлбөрийг нөхөн төлүүлэх хуулиар олгосон эрхийг нь эдлүүлэх боломжоор хангахад чухал ач холбогдолтой гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Б-т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсантай холбогдуулан түүнд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, Э.Т-д 6,000,000 (зургаан сая) төгрөгийн төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ц-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 7 (долоо) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3. Шүүгдэгч Ц.Б-т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсантай холбогдуулан түүнд Өмнөговь аймаг Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Б-ээс гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн нөхөн төлбөрт нийт 69,641,000 (жаран есөн сая зургаан зуун дөчин нэгэн мянга) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Т-д олгосугай.
7. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, Э.Т-д 6,000,000 (зургаан сая) төгрөгийн төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ