Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 156/ШШ2019/00588

 

 

 

 

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 156/ШШ2019/00588

Хэнтий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2019/00517/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар,

 

........... оршин суух, Чононгууд овогт Б.Ц (РД: .........)-гийн хүсэлттэй,

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговрын 80 000 000 төгрөгийг гаргуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд прокурор Д.Э, хүсэлт гаргагч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Мөнхчимэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний нагац аав Б.Д нь 1938 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр улс төрийн хилс хэрэгт баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн .... дугаар хурлын тогтоолоор шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн юм.

Хэргийг хянаад Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн .... дугаар магадлалаар цагаатгагдсан юм.

Миний төрсөн ээж Д.Д нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш нөхөх олговрын нэхэмжлэлийн материалыг 2018 оны 06 дугаар сард бүрдүүлж өгөөд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр нас барсан.

Бид ах, дүү дөрвүүлээ юм. Ах, дүү нар маань надад төлөөлөх эрх олгосон. Иймд надад нөхөх олговрын 80.000.000 төгрөгийг олгож өгнө үү... (хх-ийн 1, 24 тал)

 

Шүүх хуралдаанд төрийг төлөөлж оролцсон прокурор Д.Энхжаргал нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:... Нэхэмжлэгч Б.Ц-гийн өв залгамжлалаар гаргасан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн дагуу 80 000 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын дагуу нэхэмжлэлд бүрдүүлсэн материалтай танилцлаа. Дарам нь 1938 оны 5 дугаар 26-ны өдөр улс төрийн хилс хэрэгт баривчлагдаж буудан алах ялаар шийтгүүлж 1992 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Улсын дээд шүүхийн магадлалаар нотлогдож байна. Б.Ц нь Д.Д-ын төрсөн охин болох нь нотлогдож байгаа. Эдгээр баримтаас гадна өнөөдрийн асуудал Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд орсон нэмэлт өөрчлөлт нь энэ хуулийн 23 дугаар зүйлд зааснаар эрх бүхий байгууллагаас олгосон гэрээгээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгасан тохиолдолд нөхөн олговрыг түүний төрсөн хүүхдэд нь олгох шийдвэр байгаа. Хэлмэгдүүлэлтийн үр дагаврыг арилгах зорилгоор бүх хэлмэгдсэн хүн бүрт олгож байсан 1 000 000 төгрөг авсантай адилтгаж ойлгож нэхэмжлэл гаргасан байна. Орон сууцаа хураалгаж байсан талаар баримт байхгүй. Иймд Б.Цд нөхөн олговрын 80 000 000 төгрөг олгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна... гэв.

 

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-т зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтийг иргэн Б.Ц өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн хүүхэд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй гэснээр Б.Дыг улс төрийн хилс хэрэгт баривчлан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаар хурлын тогтоолоор, Шүүхийн цаазын бичгийн 43, 44, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн хэргийг хянаад Монгол улсын дээд шүүхийн 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 102 дугаар магадлалаар (хх-ийн 6-7 тал) цагаатгагдсан Д.Д нь Б.Дтай төрөл садангийн холбоотой буюу төрсөн охин нь болох нь Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн .... дугаартай шийдвэрээр, (хх-ийн 8-9 тал) ...зэрэг нотлох баримтаар тогтоогдож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т зааснаар хүчин төгөлдөр болсон байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан нь хууль зөрчөөгүй.

Б.Д нь онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаар тогтоолоор улс төрийн хилс хэрэгт шийтгүүлэн Монгол улсын Дээд шүүхийн 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 102 дугаар магадлалаар хэрэгт холбогдолгүй болж цагаатгагдсан, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1. шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр Монгол улсын Эрүүгийн хуулийн дор дурдсан зүйл ангид заасан гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн нь шүүхийн журмаар тогтоогдсон улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2-т ...хэлмэгдэгч нас барсан бол хэлмэгдэгчийн төрсөн хүүхэд... нөхөх олговор авах эрхтэй байна.

Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар хохирлыг нөхөх олговор хэлбэрээр нөхөх төлөхөөр хуульчилжээ.

Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ... дугаартай шийдвэрийн хянавал хэсэгт...Б.Д нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаар тогтоолоор буудан алах ялаар шийтгэгдэж, түүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн... дугаар магадлалаар цагаатгасан болох нь улсын аюулгүй байдлыг хангах газрын архивын лавлагаа, Улсын дээд шүүхийн магадалгаа, цагаатгалын үнэмлэх зэрэг нотлох баримтуудаар, Л.Г, Д.Д нар нь хэлмэгдэгчийн төрсөн хүүхэд болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар батлагдаж байх тул нөхөх олговрыг авах хууль ёсны эрхтэй... гэж дүгнэн, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар Л.Г-д 500.000 төгрөг, Д.Дт 500.000 төгрөг гаргуулан олгож шийдвэрлэжээ... (хх-ийн 8-9 тал)

Хэлмэгдэгчийн охин Д.Д нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр нас барсан тул түүний хүүхэд Б.Ц нь өвлөх эрхийн гэрчилгээ авсан байна. (хх-ийн 10 тал)

 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар хэлмэгдэгчийг амьд байхад төрсөн хүүхэд болох Д.Д нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр нас барсан нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн № / дугаартай лавлагаагаар, (хх-ийн 12 тал) Д.Гнь 2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн № / дугаартай лавлагаагаар тогтоогдож, (хх-ийн 13 тал) мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар нөхөх олговрыг адил хэмжээгээр тэгш хувааж авахаар Д.Дын дөрвөн хүүхэд гэрээ байгуулж нотариатаар батлуулсан байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд олгох нөхөн олговрын журмын дагуу Хэнтий аймгийн Батширээт сумын өндөр настан Д.Д агсанд олгох 80.000.000 төгрөгийг түүний үр хүүхдүүд зөвшилцөн хуваарилалт хийсэн жагсаалтанд: ..Б.Пт 20.000.000 төгрөг (тайлбар: Б.Б-д 4.000.0000, буяны үйлд 1.000.000 төгрөг), Б.Цд 20.000.000 төгрөг (М.П-д 4.000.000 төгрөг, буяны үйлд 1.000.000 төгрөг), П.А-д 20.000.000 төгрөг (П.Э-д 4.000.000 төгрөг, буяны үйлд 1.000.000 төгрөг), П. А-т 20.000.000 төгрөг (Э.Ш-д 4.000.000 төгрөг, буяны үйлд 1.000.000 төгрөг)... гэжээ. (хх-ийн 44 тал)

Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 ...Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр (нөхөр) хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно... гэснээр хэлмэгдэгч, хэлмэгдэгчийн төрсөн хүүхэд орон сууц аваагүй болох нь Хэнтий аймгийн Батширээт сумын Засаг даргын:... тус сумын иргэн Д.Д нь сумаас орон сууцны дэмжлэг аваагүй нь үнэн болохыг тодорхойлов... гэсэн 186 тодорхойлолтоор тогтоогдож байна. (хх-ийн 30 тал)

Зууны мэдээ сонингийн хуулбарт:..Нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын ... дугаарт, ...хэлмэгдэгч Д.А, хүүхэд Д.Дт 80.000.000 төгрөг... (хх-ийн 19 тал)

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Б.Дыг цагаатгасан болох нь Монгол Улсын Дээд шүүхийн 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаартай магадлалд:...хавсралтын ... дугаарт... Б.Д... нар нь Г, Днарын хувьсгалын эсэргүү бүлэгт оролцсон идэвхтэй гишүүн, бусдыг элсүүлж, бослогод бэлдсэн, цуурхсан гэмт хэрэгт холбогдож, шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр ... бусад 33 хүн буудан алах, бүгд хөрөнгө хураах ялаар шийтгүүлж... Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаар хурлын тогтоолоос энэ магадлалд нэрлэсэн 42 хүнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, тэднийг цагаатган, хэргийг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6 дугаар зүйлийн 2-ыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгожээ... (хх-ийн 6-7 тал)

Прокурор нь хэлмэгдэгч Д-ын гэр, байшингаа хураалгасан баримт хэрэгт байхгүй, хүсэлт гаргагч нь орон сууц улсаас авсан нотлох баримтгүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж шүүх хуралдаанд дүгнэлт гаргажээ.

Хэлмэгдэгч Б.Д нь хэлмэгдэхийн өмнө буюу 1938 оны байдлаар... хөрөнгийн хувьд адуу 2, үхэр 19, байшин 1, гэр 1.... хөдөө амьдардаг... байсан болох нь тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаагаар тогтоогдсон байна. (хх-ийн 5 тал) гэж шүүх дүгнэв.

Хүсэлт гаргагч нь улсаас орон сууц аваагүй болох нь Хэнтий аймгийн цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын тодорхойлолт, (хх-ийн 14 тал) .........орлогч Б.А-ийн тодорхойлолт, (хх-ийн 30 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2. энэ хуулийн дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид, мөн зүйлийн 13.2.1-т ...улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр (нөхөр), эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80.000.000 төгрөг... олгоно гэснээр Б.Цд 80 000 000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж олгох нь зүйтэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.3-д зааснаар нөхөх олговрын 80 000 000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, .........регистрийн дугаартай, Б.Цд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Ц нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ