| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2019/01912/И |
| Дугаар | 101/ШШ2019/02560 |
| Огноо | 2019-09-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2019/02560
2019 оны 09 сарын 25 өдөр Дугаар 101/ШШ2019/02560 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ХХХХХХХ тоотод оршин суух, Г.М /РД: ХХХХХХХ/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: ХХХХХХХХ тоотод оршин суух, Э.П ХХК-д /РД: ХХХХХХХ/ холбогдох
41.674.212 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.М,
Хариуцагч Э.П ХХК-ийн захирал Д.Төмөрбат,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхтөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.М миний бие ХХХХ тоотын өмчлөгч бөгөөд байраа бусдад түрээслүүлж амьжиргаандаа нэмэр болгодог байсан.
2014 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Э.П ХХК надтай гэрээ байгуулаагүй байхдаа манай байрыг нураасан байсан бөгөөд нураасныхаа дараа надтай нөхөн гэрээ байгуулж би байрныхаа оронд үйлчилгээний 33 м.кв талбай авахаар тус компанитай харилцан тохирсон.
Уг гэрээгээр 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр гэхэд байр ашиглалтанд ороогүй бол барилга ашиглалтанд орох хүртэл түрээсийн төлбөрийг тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцон олгохоор тохирсон.
Тус компани өнөөг хүртэл барилгаа бариагүй, гэрээгээр тохирсон ч 2015 оны 5 дугаар сараас хойш түрээсийн төлбөрт нэг ч төгрөг өгөөгүй байна. Барилгын суурь гэж 5-6 метрийн гүнтэй ухсан нүх л байна.
Би тус компанитай гэрээ байгуулсан иргэдийн хуралд болон эдний офисст очиж байсан. Э.П ХХК гэрээ байгуулсан зарим иргэдэд барилгыг нурааснаас хойш түрээсийн төлбөр өгч байгаа мөртлөө надад өгөхгүй байгаа.
2014 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байр нураахдаа тавилгыг маань гэмтээсэн тул Э.П ХХК нь надад 900.000 төгрөг төлж байсан.
Би байраа бусдад сард 500.000 төгрөгөөр түрээслүүлж байсан ба 2014 оны 7 дугаар сараас 2019 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд түрээслэсэн бол түрээсийн төлбөрт 30.000.000 төгрөгийн орлого олох боломжтой байсан. Үүнийг нэхэмжилнэ.
Түрээсийн төлбөрийг банкинд хадгалуулсан бол 11.674.212 төгрөгийн хүүгийн ашиг олох байсан бөгөөд энэ мөнгийг нэхэмжлэхээс татгалзаж байна. Иймд хариуцагч Э.П ХХК-иас 30.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.П ХХК-ийн захирал Д.Төмөрбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Э.П ХХК-ийн захирал Б.Энхбаяртай хэлцэл байгуулан 976.000.000 төгрөгөөр тус компанийг барилга барих газрын хамт худалдан авсан.
Б.Энхбаяр надад манай компанид барилга барих газар байгаа гээд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших УС 15, 16 дугаар дан байрны 22 айлтай байгуулсан гэрээг үзүүлсэн. Уг гэрээгээр газрыг чөлөөлөн барилга барих, өмчилж байгаа талбайд нь дүйцүүлэн байр болон үйлчилгээний талбай олгохтой холбоотой асуудлыг зохицуулсан байсан.
Компанийг худалдан авсны дараа маргаан гарч эхэлсэн ба барилгын ажлын зураг болон бусад зүйлс хийгдээгүй байсан, манай барилга барих газарт н.Моёор гэх хүнд засаг даргын захирамжаар газар олголт давхар хийгдсэн байсан бөгөөд газрын маргаан үүссэн. Газрын маргааны шийдвэрлэлтийн явц удаан байсан учир би н.Моёор гуайтай тохиролцоонд хүрч 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр түүнд 2 өрөө байр өгч газрын эзэмших эрхийг Э.П ХХК-ийнхаа нэр дээр шилжүүлж авсан.
Ингээд манай компани уг газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг шилжүүлсэн авсан ба газрын гэрчилгээ гарсны дараагаар энэ газарт компани УС 15, 16 дугаар байрны 15 айлын шахалтаар 2 корпус, 16 давхар бүхий 135 айлын орон сууцны суурын цутгалтыг зөвшөөрөлгүй цутгасан.
Зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн гээд манай компанийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 20.000.000 төгрөгөөр торгосон.
Би манай компанитай гэрээ байгуулсан иргэдийн зөвлөлийг байгуулсан бөгөөд үүнд манай компанитай гэрээ байгуулаад орон сууцаа шилжүүлсэн ямар ч иргэн нэгдэх эрхтэй бөгөөд энэ зөвлөлд Г.Мгийн эгч Г.Элбэгзаяа, н.Одончулуун, Одгэрэл нарын 4 хүн байдаг. Компанийг худалдаж авснаасаа хойш миний хийсэн ажлыг Г.М мэдэж л байх ёстой.
Барилгын ажил явуулахад 70 гаран хүний гарын үсэг шаардлагатай байдаг ба одоогийн байдлаар барилга архитектурын даалгавар, ерөнхий төлөвлөлт, барилгын зураг батлагдан гарсан.
Барилга барихтай холбоотой бүхий л үйл ажиллагаанд гэрээ байгуулсан иргэдийн төлөөлөл надтай хамт явдаг бөгөөд газар эзэмших эрхээ яаж хөөцөлдөж байж компанийнхаа нэр дээр шилжүүлж авсныг Г.Мгийн эгч Г.Элбэгзаяа сайн мэдэж байгаа.
Нийслэлийн прокурорын газраас Э.П ХХК-ийн үйл ажиллагааг шалган үүнтэй холбогдуулаад барилга барих 6 сарын хугацаагаа алдсан.
Г.Мгийн нураасан гээд байгаа барилга бол мэргэжлийн хяналтын газраас хүн амьдарч болохгүй гээд актлагдсан нийтийн байр бөгөөд би нэг байрыг нь нураагаагүй байгаа. Г.Мгийн ярьж байгаатай санал нэг байна, байр муу ч гэсэн тухайн байранд хүн амьдарч болох байсан байх.
Б.Энхбаяр уг компанийн захирлаар ажиллаж байхдаа Г.Мгийн тухайн байрыг нураасан бөгөөд би компанийг худалдан авснаасаа хойш хэвийн үйл ажиллагаанд оруулахаар ажиллаж байгаа.
Энд зөвхөн гэрээ байгуулсан 22 хүний асуудал биш ар гэр гээд 100 гаруй хүний асуудал яригдах бөгөөд би энэ жил барилгын ажлаа эхлүүлэх гэсэн боловч төсөл сая 2019 оны 8 дугаар сард ирсэн тул барилгын ажлаа эхлэж амжсангүй.
2 корпус бүхий 16 давхар бүхий 135 айлын орон сууцны барилгыг би 2021 оны 1 дүгээр улиралд барьж ашиглалтанд оруулах боломжтой. Тэр болтол хугацаагаар Г.М харзнаж гэрээгээр тохирсон орон сууцаа авах боломжтой.
Барилга барих газар 4 айлын газартай дүйцэхүйц газар байтал 24 айлд газар өгөх тохиролцоотой ашиггүй гэрээ байсан бөгөөд би аргагүй байдлын улмаас энэ ажлыг биелүүлэхээр зүтгэж байгаа. Гэрээ байгуулсан 23 иргэн байгаа бөгөөд иргэн н.Моёортой гэрээ байгуулан газрыг нь шилжүүлэн авсан тул нийт 24 иргэн болж байгаа.
Миний ажлыг мэдэж байгаа хуралд ирдэг гэрээ байгуулсан иргэд надад наад ажлаа хий, бид итгэж байна, хүлээж байя гэдэг бөгөөд манай компани Г.Мд мөнгө өгөх боломжгүй. Э.П ХХК-ийн зүгээс иргэдэд түрээсийн төлбөр төлсөн зүйл байхгүй. Эхний блок барилгыг гэрээ байгуулсан иргэдэд хүлээлгэн өгөөд дараагийн блок барилгаас ашиг гарна гэж тооцож байгаа гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Э.П ХХК-д холбогдуулан 41.674.212 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч Г.М нь орон сууцаа сард 500.000 төгрөгөөр бусдад түрээслүүлж байсан ба 2014 оны 7 дугаар сараас 2019 оны 7 дугаар сар хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 30.000.000 төгрөгийг нэхэмжилнэ гэж тайлбарласан бөгөөд түрээсийн төлбөрийг банкинд хадгалуулсан бол 11.674.212 төгрөгийн хүүгийн ашиг олох байсан хэмээн нэхэмжилсэн шаардлагаасаа тэрээр татгалзсан болно.
Г.М нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.П ХХК-ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гарган мөн шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1730 дугаар шийдвэрээр тус компанийг эрэн сурвалжилж оршин байгаа газрыг нь олж тогтоохыг цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэжээ.
Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 3035/1538 тоот албан бичигт ... Э.П ХХК-ийн захирал Догсомын Төмөрбат нь /ЧМ68102315/ нь Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Гэгээ хотхон, 39-32 тоотод оршин сууж, 99091590 дугаарын утастай байгаа болохыг олж тогтоосныг үүгээр мэдэгдье гэсэн байна.
/ХХ-ийн 4-6, 14 дүгээр тал/
Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Энх-Амгалан 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9, 2.11 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан эрүүгийн 1809045770923 дугаартай Б.Энхбаяр, Т.Лундаа нарт холбогдох хэргийг 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд шилжүүлэх санал гаргаж прокурорын хяналтанд ирүүлснийг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянажээ.
Мөн прокурорын 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 35 тоот Зарим яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Б.Энхбаярт холбогдох 2015 оны 7 сард Баянзүрх дүүрэг, 8 хороо, УС 15-2, 15-7 дахь Г.Элбэгзаяа, Г.М нарын эзэмшлийн байрыг дахин төлөвлөлтөнд оруулж шинэ байр барьж өгнө гэх шалтгаанаар нурааж уг байрны материалыг залилан авч тус тус хохирол учруулсан гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.
Мөн прокурорын газрын 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 5/153 тоот хариу мэдэгдэх хуудсаар Б.Энхбаяр залилсан хэргийг иргэний эрх зүйн гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгаж зөв зүйлчилж өгнө үү гэх Г.Мөнхзаягийн гомдлыг хүлээн авах боломжгүй. Холбогдох гомдлоо Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргах боломжтой гэх хариуг өгчээ.
/ХХ-ийн 12-13, 32 дугаар тал/
Хариуцагч Э.П ХХК нь иргэдийн амьдрах орчинг сайжруулах төсөл хэрэгжүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших УС 15, 16 дугаар байрны оршин суугчидтай харилцан тохирч байрыг буулган шинээр орон сууц барьж иргэдэд буцаан олгох байрны талбайн хэмжээг тэдгээртэй тохирч гэрээ байгуулсан талаар талууд тайлбарлаж байна.
Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, УС 15 дугаар байрны 7 тоот 27 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч буюу нэхэмжлэгч Г.М, хариуцагч Э.П ХХК нар 2014 оны 7 дугаар сарын 31, 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрүүдэд тус тус гэрээ байгуулан Г.Мд орон сууцных нь оронд мөн газарт баригдах барилгын 1 давхрын 33 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайг шилжүүлэхээр,
иргэд өөрийн хүсэлтээр нэмж орон сууцны талбай худалдан авах тохиолдолд 1 м.кв талбайг 1.600.000 төгрөгөөр,
барилгын ашиглалтанд оруулах хугацааг барилгын ажил эхэлснээс хойш 10 сарын хугацаанд буюу 2014 оны 7 дугаар сарын 1-нээс 2015 оны 5 дугаар сарын 1 болгон,
дээрх хугацаанд барилга ашиглалтанд ороогүй нөхцөлд газар чөлөөлсөн захиалагчдад 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс хойш барилга ашиглалтанд орох хүртэл түрээсийн төлбөрийг тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцон олгохоор тус тус тохирчээ.
Талууд гэрээ байгуулагдсан болон гэрээний огноотой холбоотой маргаагүй бөгөөд дээрх гэрээнүүдэд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн болно.
/ХХ-ийн 7-11 дүгээр тал/
Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Төмөр Замын УС 15 дугаар байрны 7 тоотын 27 м.кв талбайтай, 2 өрөө бүхий эрхийн улсын бүртгэлийн Y-2204013870 дугаарт бүртгэлтэй, орон сууцны өмчлөгч Гүенбаатарын Мөнхзаяа, Булганбаярын Гуамарал /РД: УП03230421/ нар болох нь зохигчийн тайлбар болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдлоо.
/ХХ-ийн 10 дугаар хуудасны ар тал/
Г.М нь иргэн Б.Намсрайтай 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Төмөр Замын УС 15 дугаар байрны 7 тоот орон сууцыг 12 сарын хугацаатай, сард 500.000 төгрөгөөр хөлслүүлэхээр тохирсон байх ба уг гэрээнд тэд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
Орон сууцыг хөлслөгч нь хөлслүүлэгч буюу нэхэмжлэгч Г.Мд гэрээгээр тохирсон төлбөрүүдийг төлж байсан нь Худалдаа хөгжлийн банкны орлогын баримт, мөн түүний тухайн банк дахь депозит дансны хуулгаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 23-24, 35-36, 38-39 дүгээр тал/
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан тул барилгыг ашиглалтанд оруулах сүүлчийн хугацаа буюу 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Э.П ХХК-иас шаардах эрхтэй байна.
Талуудын хооронд 2014 оны 7 дугаар сарын 31, 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрүүдэд байгуулагдсан гэрээний 1-т Барилга баригдаж ашиглалтанд оруулах хугацааг хоёр тал харилцан тохиролцон барилгын ажил эхэлснээс хойш 10 сарын хугацаанд буюу 2014.07.01-2015.05.01 болгон шинэчлэн тогтоолоо,
2-т Дээрх хугацаанд барилга ашиглалтанд ороогүй нөхцөлд газар чөлөөлсөн захиалагчдад 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс хойш барилга ашиглалтанд орох хүртэл түрээсийн төлбөрийг тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцон олгохоор тохиролцов гэж заасан тул уг хугацаанаас хохирлыг нэхэмжилсэн нь үндэслэлтэй бөгөөд барилга ашиглалтанд ороогүй тул түрээсийн төлбөрийг нэхэмжлэгчийн тооцоолсноор 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл тооцсон болно.
Талууд гэрээгээр түрээсийн төлбөр төлж эхлэх хугацааг 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс хэмээн тохирсон тул нэхэмжлэгчийн тооцоолсноор байрыг нураасан буюу 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс тооцох үндэслэлгүй.
/ХХ-ийн 9 дүгээр тал/
Хариуцагч Э.П ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Энхбаяр нь Хан банк дахь өөрийн 5720474330 тоот данснаас нэхэмжлэгч Г.Мгийн эгч Г.Элбэгзаяагийн мөн банк дахь 5019156270 тоот данс руу 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 900.000 төгрөгийг шилжүүлсэнийг нэхэмжлэгч нь тухайн компани байрыг нурааж байхдаа эд хогшлыг маань гэмтээсэн тул уг мөнгийг өгсөн гэх боловч энэ нь тодорхойгүй тул хариуцагчийн гүйцэтгэх үүргээс хасч тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
/ХХ-ийн 41-45, 48, 57-61 дүгээр тал/
Хариуцагч Э.П ХХК-ийн гүйцэтгэх үүрэг:
2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 4 жил, 2 сар,
50 сар*500.000 төгрөг =25.000.000 төгрөг,
25.000.000 төгрөг-900.000 төгрөг =24.100.000 төгрөг
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Э.П ХХК-иас 24.100.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Мд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5.900.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Г.М нь 11.674.212 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан болохыг дурьдлаа.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Э.П ХХК-иас 24.100.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Мд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5.900.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 366.322 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.П ХХК-иас 278.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Мд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН