Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/520

 

 

 

 

      2021           5             25                                          2021/ДШМ/520

Г.Ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Зориг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч Г.И, түүний өмгөөлөгч А.Очбадрал,  

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/244 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Игийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2005 02010 0081 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.И, 1984 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн;

Шүүгдэгч Г.И нь 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орхоны 2-17 тоот хашааны үүдэнд иргэн Б.Гийн нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан хүч хэрэглэх явцдаа гар утсыг нь авсны улмаас 272.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Игийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Ганболдын Г.Иг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Иг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн нийт 30 хоног буюу нэг сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Игийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Г.И цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг дурдаж, Г.Ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялын хугацааг 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.И гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.И миний бие уг хэргийг үйлдсэндээ өнөөдрийг хүртэл харамсаж байгаа. Миний ард үлдсэн 11 сартай хүү И.И.Чг миний эцэг асран халамжилж байгаа хэдий ч эцэг Ганболд маань өөрөө хоёр удаагийн зүрхний хагалгаа хийлгэж, тахир дутуугийн группт орсон билээ. Иймд ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж, надад оногдуулсан ялаас бага ч болов хөнгөлж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Игийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Г.И нь бага насны хүүхэдтэй хувийн нөхцөл байдлыг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Итай хамтран амьдарч байсан хүүхдийн эхийг хүүхдээ хаяад явсан гэдэг боловч хүүхдээ 6 сар хүртэл өсгөсөн байдаг. Хамт амьдарч байгаад хувийн таарамжгүй харьцаанаас болоод салсан гэж яригддаг. Эх нь эх байх эрхээсээ татгалзаагүй. Эхэд нь хүүхдийг өгөх талаар ярилцаж байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.И нь 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орхоны 2-17 тоот хашааны үүдэнд иргэн Б.Гийн нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан хүч хэрэглэх явцдаа гар утсыг нь авсны улмаас 272.000 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Гийн “...Тэгээд гэрийн үүдэнд очиход нөгөө залуу гар утсаараа нэг яриулчих гээд шууд толгойн тус газарт гараараа цохьсон. Тэгэхээр нь би өөрийн утсаа гаргаж өгөхөд миний утсыг аваад шууд яваад өгсөн. ...” /хх 18/,

шүүгдэгч Г.Игийн “...гудамжинд ганцаараа эмэгтэй хүн явж байхаар нь утсаа өгчих, нэг ярих гэсэн юм гэхэд тухайн хүн гар утсаа гартаа барьчихсан байсан бөгөөд энэ үедээ намайг түлхээд хөлөөрөө хашааны хаалга нүдээд эхэлсэн. Энэ үед нь би эмэгтэйн толгой руу өөрийнхөө толгой хэсгээрээ мөргөөд халаасандаа гар утсаа хийх үед нь гар утсыг нь аваад зүүн зүгт буюу модны 2 автобусны буудал чигтэй гүйсэн. ...” /хх 47/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 6516 дугаартай шинжээчийн “...Б.Гийн биед хамрын ясны хугарал, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 36/ гэсэн дүгнэлт,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12-13/, эд зүйлийн үнэлгээ /хх 32-33/, Юнител ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 05-01/4314 тоот албан бичиг /хх 55/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан  журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч Г.Иг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон тус тус гэм буруутай гэж дүгнэсэн хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заажээ.

Шүүгдэгч Г.Игийн хохирогч Б.Гийн нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах явцдаа гар утсыг нь авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Г.И “...ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж, надад оногдуулсан ялаас бага ч болов хөнгөлж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Дээрэмдэх гэмт хэргийн хувьд, нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжээр нь зүйлчлэхээр хуульчилсан байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлосон тохиолдолд ял шийтгэхээр заажээ.

Шүүгдэгч Г.И гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогч Б.Гт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан /хх 131/ боловч анхан шатны шүүхээс түүний үйлдсэн гэмт хэрэг, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг харгалзан 2 жил 1 сарын хорих ял оногдуусан нь тохирчээ.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзэв.

Түүнээс гадна, дээрэмдэх гэмт хэргийн “хүч хэрэглэхээр заналхийлэх” шинж нь тодорхой болон тодорхой бус хүчин зүйлийн нөлөөнд оруулан айлган сүрдүүлэх, эсхүл сэтгэл зүйн болон бие бялдарын хувьд илт давуу байдлаа ашиглан айлган сүрдүүлэх хэлбэрээр илэрдэг бол “хүч хэрэглэж” гэдэгт хохирогчийн эсэргүүцэл үзүүлэх боломжийг алдагдуулах зорилгоор бие махбодид нь идэвхтэй хөдөлгөөнөөр хүч хэрэглэх байдлаар илэрдэг. 

Анхан шатны шүүх бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах зорилго бүхий гэмт этгээдийн үйлдлийн шинжийг хүч хэрэглэхээр заналхийлж, хүч хэрэглэж гэсэн хоёр байдлаар тодорхойлсон нь буруу байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад найруулгын шинжтэй өөрчлөлт оруулав.

Шүүгдэгч Г.И нь өөрийн хүү болох 1 настай И.И.Чгийн хамтаар амьдардаг байсан бөгөөд 1 настай хүү нь асран хамгаалагчгүй байгаа талаар давж заалдах гомдолдоо дурджээ.

Хавтас хэрэгт И.И.Чгийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх 63/, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн засаг дарга Н.Ганболдын 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаартай албан бичиг /хх 59/ зэргээр Г.И нь бага насны хүүхдийн хамт амьдардаг болох нь нотлогдож байхад анхан шатны шүүх бага насны хүүхдийг асран хамгаалахтай холбоотой асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй бага насны хүүхдэд асран хамгаалагч тогтоохоор заасан байх бөгөөд тус хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар тухайн хүүхдэд хууль ёсны асран хамгаалагч томилох, асран хамгаалахтай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг тухайн аймаг, сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлэхээр хуульчилсан байх тул Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргад дээрх асуудлыг шийдвэрлэхийг даалгах нь зүйтэй.

Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Г.Игийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/244 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтын “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон...” гэсэн хэсгийг “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон...” гэж өөрчилсүгэй.

  1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийн 63.1.3 дахь заалтад, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Игийн хүү Г.Игийн И.Чд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын засаг даргад даалгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
  2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Игийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                               

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              М.АЛДАР

 

 

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                                        Т.ӨСӨХБАЯР