Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2016/0170/з |
Дугаар | 221/МА2017/0102 |
Огноо | 2017-02-01 |
Маргааны төрөл |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2017/0102
Д.Энх-Амгалангийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Д.Энх-Амгалан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогбаяр нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 954 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Энх-Амгалангийн нэхэмжлэлтэй, Тагнуулын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “Тагнуулын ерөнхий газрын даргын “Албанаас халах тухай” 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/804 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох” гэжээ.
Анхан шатны шүүх шийдвэртээ: Тагнуулын байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Энх-Амгалангийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Тагнуулын ерөнхий газрын даргын “Албанаас халах тухай” 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/804 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Д.Энх-Амгаланг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 954 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Үйл баримтын талаар товч дурдвал:
Д.Энх-Амгалан нь ТЕГ-ын Тамгын газрын дарга, ЗХЖШ-ын 016 дугаар бригадын дарга нарын 2015 оны 9 дүгээр сард хамтран баталсан “Цэргийн ерөнхий бэлтгэлийн сургалтын хөтөлбөр”-ийн дагуу ТЕГ-ын зарим албан хаагчид 016 дугаар бригадад цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад суралцагчаар хамрагдах үедээ буюу 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 17.00 цагийн орчимд өөрийн эрх хэмжээг хэтрүүлэн танхимын хичээлд сууж байсан хамт явсан бие бүрэлдэхүүнийг гадаа гарган жагсааж, дээрх төлөвлөгөө, удирдамжид тусгаагүй дасгал хийлгэж, 2 хуваан дээш харуулан газарт хэвтүүлж, хүйс хамаарахгүйгээр 95 хүнийг тойргоор бие биенийхээ гэдсэн дээр гишгэж гүйхийг тушаасан. Үүний улмаас эмэгтэй албан хаагчид болох Ч.Баясгалан баруун хөхөн дээрээ гишгүүлэн цээжинд нь цус хурж, хөхөрч, тухайн шөнө өндөр хэмд хүрч халуурсан, П.Туул давсган дээрээ гишгүүлсний улмаас тухайн үед өмдөндөө шээсэн байна. Ч.Баясгалан Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт оношлуулахад цээж, хөхний хэсэг хөхөрч няцралт үүссэн, зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн онош гарсан. П.Туул “Сонгдо” эмнэлэгт оношлуулахад ноцтой гэмтэл учраагүй гэсэн онош гарсан хэдий ч тухайн албан хаагчдын бие, эрүүл мэнд болон нэр хүнд, сэтгэл санаанд нь ноцтой гэм хор учирч, эмэгтэй хүний хувьд гутаан доромжлуулсан үйлдэл болсон. Мөн сургалтад хамрагдаж байсан албан хаагчдын мэдүүлгээр Д.Энх-Амгалан нь тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь нотлогдсон. Иймд ТЕГ-ын Ёс зүйн хорооны “ёс зүйн ноцтой зөрчил гаргасан” тухай дүгнэлтийг үндэслэн ТЕГ-ын даргын 2015 оны Б/804 дүгээр тушаалаар х/а Б.Энх-Амгаланг албанаас халж, хурандаа цолыг хураасан.
1. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “хуульд заасны дагуу нарийн сайн шалгаж тогтоолгүйгээр”, “зөрчлийн шинж байдалд тохироогүй шийтгэл ногдуулсан байна” гэсэн байгаа нь үндэслэлгүй байна:
Тагнуулын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт “Тагнуулын ерөнхий газрын дотоод хяналт-аюулгүй байдал хариуцсан нэгж нь тагнуулын байгууллагын албан хаагчийг гэмт хэрэг, зөрчил үйлдэх, ёс зүй, сахилгын болон ашиг сонирхлын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалтын байдалд хяналт тавих үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу ТЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газар холбогдох нотлох баримтуудыг цуглуулан Д.Энх-Амгалангийн зөрчлийг нарийн шалгаж тогтоосон. Шалгалтын материал, бусад баримтууд хэрэгт авагдсаныг шүүх үнэлээгүй байна.
2. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “суралцагчдын ахлагч нь ямар эрх, үүрэгтэй оролцох, гадаа жагсааж ямар нэг дасгал хийлгэх, сургалтыг гардан явуулах эсэх талаар тусгаагуй” гэсэн нь үндэслэлгүй юм:
Хэрэгт нотлох баримтаар авагдсан сургалтын хөтөлбөр, ТЕГ-ын даргын тушаал, холбогдох баримтуудаар Д.Энх-Амгалан нь “суралцагч” гэдэг нь нотлогдох бөгөөд үүнтэй ижил өмнөх ээлжийн сургалтуудыг явуулсан хөтөлбөр, тушаал, ТЕГ-ын эрх бүхий албан тушаалтнуудын өгсөн албан ёсны тайлбар зэргээс Д.Энх-Амгалан хамт явсан албан хаагчдаа гадаа жагсааж ямар нэг дасгал хийлгэх, сургалтыг гардан явуулах, ТЕГ-ын даргын тушаалыг дур мэдэн өөрчлөх зэрэг эрхгүй нь нотлогдоно. Харин Д.Энх-Амгалан зөрчил гаргаагүй гэх хөдлөшгүй нотлох баримт байхгүй байхад шүүх Д.Энх-Амгалан болон түүний хүсэлтээр шүүхэд дуудсан гэрчүүдийн амаар өгсөн тайлбарыг үндэслэн шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг зөрчсөн.
Мөн Тагнуулын байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12, 15.1.5-т заасны дагуу ТЕГ-ын дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд, тушаалаар зохион байгуулсан сургалтын хөтөлбөрийг “хөтөлбөрийг цэргийн анхан болон цэргийн ерөнхий бэлтгэл сургалт гэж нарийвчлан зааглаагүй” гэх зэргээр дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг зөрчсөн.
3. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоосон байна” гэснийг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй юм:
Дээр дурдсанчлан Тагнуулын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасны дагуу ТЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газар Д.Энх-Амгалангийн зөрчлийг нарийн шалгаж тогтоосон. Мөн Төрийн албаны салбар зөвлөлийн Маргаан шалгах комисс шалгалтын ажил явуулж, 2016.01.08-ны өдрийн дүгнэлтээр Д.Энх-Амгаланг албанаас халсан ТЕГ-ын даргын тушаал нь үндэслэлтэй болох тухай дүгнэлт гаргасан байна. Шалгалтын материал, бусад баримтууд хэрэгт авагдсаныг шүүх үнэлээгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь дээрх үйл баримтыг сайтар нягталж, тогтоолгүйгээр гарсан нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул уг шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Тагнуулын ерөнхий газрын дарга 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/804 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Д.Энх-Амгаланг Тагнуулын байгууллагын албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж, ёс зүйн дүрмээр хориглосон үйл ажиллагаа явуулсан талаар Ёс зүйн хорооны дүгнэлт гарсан хэмээн төрийн албанаас халсан байна.
Сургалтын хөтөлбөрт “намаг туулах аргачлал” батлагдаагүй байхад сургалтын хөтөлбөрт дур мэдэн оруулан хүнд элемент бүхий дасгал сургуулалтыг суралцагчдаар хийлгэсэн гэх тухайд:
Тагнуулын ерөнхий газрын дарга, Зэвсэгт хүчний жанжин штабын 016 дугаар бригадын захирагч нарын хамтран баталсан “Цэргийн ерөнхий бэлтгэлийн сургалтын хөтөлбөр”-ийн Нэг. Хичээлийн стандарт хэсгийн 3-т Хичээлээр олгох мэдлэг, ур чадвар, дадал хэсэг, Тав. Цэргийн ерөнхий бэлтгэл, сургалтыг зохион байгуулах ажиллагааны ерөнхий дараалал хэсгийн гуравдугаар шатанд “байгалийн болон тактикийн саадыг туулах” хичээл орохоор туссан байна. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтууд болон оролцогчдын тайлбараас дүгнэвэл энэхүү байгалийн саад туулах хэсэгт “намаг туулах аргачлал” бүхий дасгал багтсан гэж үзэх боломжгүй байна.
Анхан шатны шүүх “Зэвсэгт хүчний жанжин штабаас баталсан гарын авлагын 9 дүгээр хуудсан Хурд тэнцвэрийн саад /намаг/ нийт саадын урт 50 м, өндөр нь 60 см, хоорондын зай 50 см, өргөст тороо холбосон дөрвөн эгнээтэй саад байна”, “... огт байхгүй дасгалыг өөрөө дур мэдэн зохиож сургалтын хөтөлбөрийг өөрчилж, дээрх дасгалыг өөрөө дур мэдэн зохиож сургалтын хөтөлбөрийг өөрчилж, дээрх дасгалыг буюу хүнд элементийг суралцагчдаар хийлгэсэн гэж үзэж, хариуцагчаас Д.Энх-Амгаланд албанаас халах арга хэмжээ авсныг зөвтгөх үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн нь буруу байна.
Учир нь Тагнуулын ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/596 дугаар тушаал нь Д.Энх-Амгаланг тус сургалтанд багшлах, сургалт удирдаж явуулах эрх бүхий этгээдээр томилсон шийдвэр биш байна. Нөгөө талаар, Д.Энх-Амгалан сургалт удирдан явуулах эрхтэй гэх боловч тэрээр тухайн удаагийн сургалтын хугацаанд “намаг туулах аргачлал”-аас өөр ямар нэг сургалтыг удирдан явуулаагүй байна. Цэргийн ерөнхий бэлтгэлийн сургалтын хөтөлбөрт заагдсан хичээлийг эрх бүхий томилогдсон этгээдүүд багшилж явуулах ёстой байсан ба хөтөлбөрт заагдаагүй, тухайн сургалтад хамрагдаж буй (мэргэжлийн хүмүүсээс гадна, анх удаа, эмэгтэй албан хаагч) хүмүүст, урьдчилан энэ дасгалын талаар сургалт явуулаагүй, “намаг туулах” дасгалыг Д.Энх-Амгалан цэргийн цолтны эрэмбийг ашиглан тушаал өгч хийлгэсний улмаас хүмүүс бэртсэн байна.
Д.Энх-Амгалан “согтууруулах төрлийн зүйл хэрэглэсэн” гэх тухайд: Нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг шалгахаар Тагнуулын ерөнхий газраас Б.Саруул, Д.Цолмонбаатар нарын хүмүүс Зэвсэгт хүчний 016 дугаар бригадад очсон ба согтуурлын зэрэг тогтоох багажаар шалгахад Д.Энх-Амгалангаас ямар нэг согтууруулах төрлийн зүйлс илрээгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгсөн байна.
Д.Энх-Амгалан нь өөрт олгогдоогүй чиг үүргийг хэрэгжүүлж, сургалтын хөтөлбөрт тусган заагдаагүй дасгал хийлгэсэн нь буруутай боловч түүнийг албанаас халсан нь зөрчлийн шинж байдалд тохироогүй гэж үзэхээр байна. Учир нь Тагнуулын ажилтны сахилгын дүрмийн Тав-ын 5.5.1-д “зөрчил гаргасан нөхцөл байдал, учирсан болон учирч болзошгүй хор хохирол, үр дагавар зэргийг харгалзан Тагнуулын байгууллагын тухай хуульд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасан байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагчийн шийдвэрийн нэг үндэслэл болсон “согтууруулах төрлийн зүйл хэрэглэсэн” гэдэг үндэслэл нь тогтоогдоогүй байна.
Дээрхээс үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн шинж байдалд ногдуулсан хариуцлага тохироогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Ц.ЦОГТ