Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 09

 

“Т ө” СӨХ-ны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0413 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0604 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч: “Т ө” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох,

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас иргэн С.Д-д 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр олгосон Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 6 дугаар байрны 1 дүгээр орцны 0 тоот өрөөг эзэмших эрхийн 2011034 тоот гэрчилгээ, мөн өдөр иргэн Ж.Б-д олгосон уг байрны 2 дугаар орцны 0 тоот өрөөг эзэмших эрхийн 2011032 тоот гэрчилгээ, дээрх 0 тоот өрөөнүүдийг хувьчилсан Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтын иргэн С.Д, Ж.Б нарт холбогдох хэсэг, Орон сууц хувьчлах товчооноос С.Д-д олгосон 0114543 тоот, Ж.Б-д олгосон 0114544 тоот орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, уг байрны 1 дүгээр орцны 0 тоот өрөөг С.Д, Д.У нарын өмчлөлд Ү-2202018399 дугаарт, 2 дугаар орцны 0 тоот өрөөг Ж.Б, Д.М нарын өмчлөлд Ү-2202018398 дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг

Гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, гуравдагч этгээд С.Д, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээд Ж.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б.д, нарийн бичгийн даргаар Г.Гантогтох нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0413 дугаар шийдвэрээр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.3, 12 дугаар зүйлийн 12.4.5, 12.4.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.2.3, 15.4, 15.5, Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.4, 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 11 дүгээр зүйлийн 11.1, 13 дугаар зүйлийн 13.1, 13.3, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4, 23 дугаар зүйлийн 23.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Тэнгис өргөө СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас иргэн С.Д-д 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр олгосон Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 6 дугаар байрны 1 дүгээр орцны 0 тоот өрөөг эзэмших эрхийн 2011034 тоот гэрчилгээ, мөн өдөр иргэн Ж.Б-д олгосон уг байрны 2 дугаар орцны 0 тоот өрөөг эзэмших эрхийн 2011032 тоот гэрчилгээ, дээрх 0 тоот өрөөнүүдийг хувьчилсан Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтын иргэн С.Д, Ж.Б нарт холбогдох хэсэг, Орон сууц хувьчлах товчооноос С.Д-д олгосон 0114543 тоот, Ж.Б-д олгосон 0114544 тоот орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, уг байрны 1 дүгээр орцны 0 тоот өрөөг С.Д, Д.У нарын өмчлөлд Ү-2202018399 дугаарт, 2 дугаар орцны 0 тоот өрөөг Ж.Б, Д.М нарын өмчлөлд Ү-2202018398 дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэл, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосон байна.

Хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны төлөөлөгч, гуравдагч этгээд С.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0604 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0413 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “12.4.5”, “15.2.3”, 15.5”, “3.1”, “13.3”, “17.1” гэснийг тус тус хасч, “3 дугаар зүйлийн 3.2, 3.4” гэснийг “3 дугаар зүйлийн 2, 4” гэж, “5 дугаар зүйлийн 5.1, 5.2” гэснийг “5 дугаар зүйлийн 1, 2” гэж, “11 дүгээр зүйлийн 11.1” гэснийг “11 дүгээр зүйлийн 1” гэж, “13 дугаар зүйлийн 13.1” гэснийг “13 дугаар зүйлийн 1” гэж, “17 дугаар зүйлийн 17.1” гэснийг “17 дугаар зүйлийн 1” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны төлөөлөгч, гуравдагч этгээд С.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

Гуравдагч этгээд Д.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0413 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0604 дүгээр  магадлалын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг зөвшөөрөхгүй байна.

1. С.Д, Х.Д нар нь Сууц өмчлөгчдийн холбооны удирдлагын зөвлөл, Хяналтын зөвлөлийн хамтарсан хурлын 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 тоот тогтоолоор 15 м.кв өрөөг өөрсдийн зардлаар тус бүр 8 сая гаруй төгрөгөөр тохижуулж өнөө хүртэл 10 жил амьдарч байна. Одоо тус байранд Д-ын У 2-3 насны 2 хүүхэд, аав С.Д-ын хамт өрх толгойлон амьдардаг. Аав С.Д нь 2013 онд тархинд цус харвасан тул охины асрамж, эмнэлгийн хяналтад байдаг. Х.Д 2015 оны 11 дүгээр сард нас барж одоо түүний бэлэвсэн хань, үр хүүхдүүд нь амьдарч байна. Гэтэл Орон сууц хувьчлах тухай хуульд 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нэмэлт орсон байдаг. Тус хуулийн 15.3-т “Т ө” СӨХ нь 2013 оны 10 дугаар сарын 01-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд иргэний нэхэмжлэл гаргаж маргаан үүсгэснийг Чингэлтэй дүүргийн шүүх хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан. Хавтаст хэрэгт энэ шийдвэр бий. Энэ олон жил амьдарч байсан айл хүмүүстэй хуульд нэмэлт ороод хэдэн жил өнгөрсний дараа зарга хийдэг ямар учир байна вэ? Иргэнийхээ эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэж болдоггүй зарчим байдаг шүү дээ. Мөн “Аавын хийсэн хэргийг хүү нь хүлээхгүй” гэдгийг ч санах хэрэгтэй.

2. Хэрэв шүүх эдгээр шийдвэрээ зөв байна гэж үзэж байвал эдгээр хүмүүсийн хохирлыг хэн барагдуулах вэ? Төрийн албан хаагчийн гаргасан алдааг төр хариуцна гэдгээр төр хариуцах эсхүл шийдвэр гаргасан шүүх хариуцах уу?” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Орон сууц хувьчлах тухай хууль нь төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хувьчлах явцад төрийн эрх бүхий байгууллага иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулжээ.

Тухайн тохиолдолд маргаан бүхий 6 дугаар байрны 0 тоот өрөөнүүд төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна. Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлгүй, төрөөс иргэдэд хувьчлах орон сууцны жагсаалтад ороогүй барилгад Магадлан шинжлэх хэсэг дүгнэлт гаргах хууль зүйн үндэслэлгүйгээс гадна Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1.1-д заасан дундын өмчлөлийн эд хөрөнгөнд хамаарах зүйлийг эрх бүхий этгээдээс бусдын өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлээгүй байхад Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас эзэмших эрхийн бичиг олгож улмаар Нийслэлийн орон сууц хувьчлах товчооноос хувьчлах шийдвэр гаргасан нь хууль бус юм.

Нэгэнт хууль бус шийдвэрийг үндэслэн бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэл нь бүртгэл үнэн зөв байх хуулийн зарчимд нийцэхгүй тул Ү-2202018399, Ү-2202018398 дугаартай бүртгэлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин давж заалдах шатны захиргааны хэргийн шүүхээс хууль хэрэглээний талаар анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т нийцсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хамаарал бүхий хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0604 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.АТАРЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧ                                                                   Х.БАТСҮРЭН