| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/0271/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/320 |
| Огноо | 2025-06-23 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/320
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Ц.Л
Хохирогч М.М, Б.Н
Шүүгдэгч Б.Б, О.Ө, С.А, Л.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, О.Ө, С.А, Л.Б нарт холбогдох эрүүгийн 2525000000035 дугаартай хэргийг тус шүүхэд 2025 оны 06-дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******, 1997 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн,*******,*******,*******,*******,*******,, Т овогт Л-ийн Б /РД:********/,
*******, 1998 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн,,*******,,*******, урьд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар,
2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр дахь сум дундын эрүүгмйн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Ө овогт С-ийн А /РД:********/,
Монгол Улсын иргэн,,*******, эрэгтэй,,, урьд 2017 оны 03-р сарын 10-ны өдөр дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.2 дугаар зүйлд зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн Б овогт О-ын Ө /РД:********/,
*******,,,*******,,,, Б овогт Б-ын Б /РД:********/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Б, Л.Б, С.А нартай бүлэглэн,ын ********* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Б баарны үүдний хэсэгт 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шөнийн 01 цагийн орчимд хохирогч Б.Н-г өмдний тэлээнээс шатны уруу чирч газарт унагааж, нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж доошоо тонгойж байх үед нь өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Б, О.Ө, С.А нартай бүлэглэнын ********* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Б баарны үүдний хэсэгт 2024 оны 12 дугаар сарын 20-ны шөнө 01 цагийн орчимд хохирогч М.М-ын нүүрэн хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хохирогч Б.Н-ын нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж газарт унагаж, хөлөөрөө нэг удаа хүзүү хавьцаа өшиглөж, доошоо тонгойх үед нь нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөж гараараа толгой чамархай хэсэгт нэг удаа цохиж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч С.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ө.Ө, Б.Б, Л.Б нартай бүлэглэнын ********* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Б баарны үүдний хэсэгт 2024 оны 12 дугаар сарын 20-ны шөнө 01 цагийн орчимд хохирогч М.М-ын нүүрэн хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хохирогч С.Л-ыг толгой болон нүүрэн хэсэгт удаа дараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч Б.Н-ыг толгой болон нүүрэн хэсэгт удаа дараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Ө, Л.Б, С.А нартай бүлэглэнын ********* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Б баарны үүдний хэсэгт 2024 оны 12 дугаар сарын 20-ны шөнө 01 цагийн орчимд хохирогч Б.Н-ын нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд хүндэвтор хохирол санаатай учруулсан, хохирогч С.Л-ын толгойн ар хэсэг рүү 7-8 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан/яллах дүгнэлтэд бичснээр/ гэмт хэрэгт тус тус холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч О.Ө-ын мэдүүлсэн: С.А ухаан алдсан байсан. Б.Н хажууд нь байсан. Би Б.Н-ыг шат руу чирж унагаж цохисон. Хажууд М.М байсан. Хохирогч М.М , С.Л нарыг зодоогүй...гэх мэдүүлэг,
-шүүгдэгч Л.Б-ийн мэдүүлсэн: Манай найз С.А-г зодсон гэж ойлгосон. Б.Н-ыг би нэг удаа цохисон, хамгаалагч салгасан. Хохирогч С.Л-д гар хүрээгүй гэх мэдүүлэг,
-шүүгдэгч С.А-ын мэдүүлсэн: Үүдэнд Б.Б хүмүүстэй маргаж цохиулж унасан. Тамхины өрөөнд Б.Н-тэй явж байсан дээлтэй ахтай маргалдсан, Б.Н маргасан. Хохирогч М.М-ыг цохиогүй, С.Л-ыг толгой руу нь цохисон гэх мэдүүлэг,
-шүүгдэгч Б.Б-ын мэдүүлсэн: М.М нь манай 10 жилийн ангийн охин. Тамхины өрөөнд С.А тай Б.Н ах маргалдаж байсан. Биэлж цохисон, над руу подвалкаа тайлаад ороод ирсэн. Их согтуу байсан. Чих хацар руу нь цохисон. М.М-д би гар хүрээгүй, С.Л-тэй маргалдсан орилж чарлаж дайраад байсан. Толгой руу нь олон удаа цохисон. Б.Н-ыг тэгээд бүгд цохиж зодсон гэх мэдүүлэг,
-хохирогч М.М-ын мэдүүлсэн: Тамхины өрөөнөөс нөхөр Б.Н-тэй Б.Б гарсан. Ханцуйгаа шамлаж нэг цохисон. Тэгээд бүлэглэж зодсон. Л.Б намайг цохиж унагасан. Манай нөхрийг ямар ч биеэ хамгаалах чадваргүй байхад нь зодсон. Нөхрийн биеийн байдал тааруу байгаа, шүүгдэгч нар 10 сая төгрөг өгсөн. Сэтгэл санааны хохирол төлөөд өгвөл гомдолгүй. Сэтгэл санааны хохирол 18 сая төгрөг нэхэмжилнэ. Нөхрийн нүдний ухархайг 3-5 сая төгрөг, хамрыг 7 сая төгрөгөөр эмчилгээ хийнэ гэсэн. Би дөнгөж төрсөн байсан, сэтгэл санаагаар хохирсон гэх мэдүүлэг,
-хохирогч Б.Н-ын мэдүүлсэн: Би их согтуу байсан, гомдолгүй. Хамраа эмчлүүлээгүй байгаа. Цаашид эмчилгээ хийлгэнэ гэх мэдүүлэг,
эрүүгийн 2525000000035 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан, талуудаас судалснаар тооцуулсан:
-хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10-р тал/
-хохирогч М.М-ын мэдүүлсэн:...2024 оны 12 дугаар сарын 19-ний орой 22 цагийн үед би нөхөр Б.Н-г шинэ жилийн арга хэмжээнээс нь авах гэж **** багт байрлах "******" ресторанд очиж нөхрийн ажпын зарим нэг хүмүүсийг нь гэр лүү нь хүргэж өгсон. Тэгээд манай нөхөр ажпынхаа газрын хоёр хүнтэй хамт ********* баг байрлах Б бааранд орж ганц хоёр цаг суугаад харьяа цаг эрт байна гэхээр нь ажлын газрын С.Л, О.Б нарыг Б баар луу хүргэж, тэр 3-тай хамт бааранд орсон. Тэр 3-т би 0.75 граммын нэг шил Еден нэртэй архи авч өгсөн тэр гурав хувааж уусан. 12 цаг өнгөрч 01 цагийн үед манай нөхөр Н тамхи татахаар тамхины өрөө рүү ороод эргэж гарч ирэхдээ надтай хамт сурч байсан Б.Б тамхины өрөөнөөс түрүүлж гарч ирээд Б.Н-г дуудаад баарны гарах үүдний хаалтны хэсэгт авч ирэн Б.Б манай нөхөр Б.Н-г гараараа нэг удаа шанаа хэсэгт нь цохиж газарт унагаасан. Тэр үед С.А, О.Ө, Л.Б нар унасан байгаа хүний дээрээс гар хөлөөрөө дэвсэлж өшиглөөд байсан.Тэгээд баарны хамгаалагч салгаад байж байтал, Б.Н-г О.Ө баарны шатруу түлхэж гаргаад,Б.Б, С.А нар бүлэглэж зодсон.Үйл явдал болоод өнгөрөх гэж байхад Б.Н-г О.Ө, Л.Б, Б.Б, С.А нар дахиж бүлэглэж зодсон. Би айж сандарсан байсан болохоор яг хэн нь хаашаа нь цохисныг мэдэхгүй байна. Гэхдээ О.Ө, Б.Б, Л.Б нар Б.Н-г цустайгаа хутгалдсан байхад нь толгой, цээж хэсэгт нь зодоод байсан. Хамгийн сүүлд С.А толгой хэсэгт нь нэг удаа өшиглөсөн... " гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/
-хохирогч С.Л-ын мэдүүлсэн...2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ 2-р микрт байрлах ****** гэх газарт болсон юм. 22 цагийн үед манай шинэ жилийн арга хэмжээ дуусч, Н*******ээ дуудсан хамт явъя гэхээр нь би тэгье гэж зөвшөөрч ******-оос гарахад Н-ын******* М-ын машинтай гадаа хүлээж байсан. Тэгээд Н. О.Б ах Б ах нарын хамт дөрвүүлээ М-ын машинд сууж, 3-р микрт байрлах Б нэртэй бааранд 23 цагийн үед Н, М, О.Б ах, Б ах бид тав орж нэг шил 0.75 граммын Еден нэртэй архи авч Н, О, Б бид дөрөв хувааж уусан. Тэгээд байж байтал Б ах******* нь гадаа ирсэн байна гээд гараад явсан, бид нар баарны талбай дээр бүжиглэж байсан. М-ын хоёр гурван залуутай уулзаж тамхины өрөө орж тамхи татаад ирсэн. Н юу хүмүүс вэ? гэж М-ын аас асуухад манай 10 жилийн ангийн хүүхдүүд байна гэж хэлж байсан. 00 цаг өнгөрсөн 01 цаг болж байсан байх би гадаа шатан дээр цагаан цамцтай Б.Б гэх залуутай маргасан. Тэнд бол зодоон болоогүй, би бааранд ороход манай ширээн дээр хүн байгаагүй болохоор тамхины өрөө рүү ороход Н, О.Б хоёр тамхи татаад байж байсан. Гаднаас С.А гэх залуу орж ирээд надад хандан чи яагаад манай найз руу томроод байгаа юм бэ? гэж хэлээд над руу тулаад зогссон. Тэр үед Н чи манай найзыг яагаад байгаан гээд Н, С.А хоёр хоорондоо маргажэлсэн. Гаднаас Б.Б орж ирээд С.А-аа “наадуул чинь ямар овоо пизда нар вэ? Алчихая” гээд орилсон хажууд нь баарны хамгаалагч байсан болохоор Б.Б-г зодоон хийх гэж байхад нь хамгаалагч цээжээр нь тэврээд аваад гарсан. С.А, бид нарыг гараад ир сайхан үзье гээд орилоод байсан. Н дагаж гарсан чинь баарны гарах хаалган дээр хэн нь Б.Н-г цохиод байгаа нь мэдэгдэхгүй бөөнөөрөө зууралцаад байсан. Тэгээд баарны шатаар доошоо бууж талбайн хэсэг дээр бөөн зодоон болоод байсан. Миний сэтгэл санаад ямар нэгэн байдлаар хор хохирол учраагүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/
-хохирогч Б.Н-ын мэдүүлсэн:.. ********* багт үйл ажиллагаа явуулдаг Б гэх нэртэй бааранд орсон. Тэнд ганц шил архи ууж байх шиг байсан тэгээд тэрнээс хойш юу ч санахгүй байна. Маргааш өглөө нь буюу 2024-ны 12-р сарын 20-ны 11 цагийн үед гэртээ сэрсэн. Эхнэр чи үхлээ шүү дээ бос эмнэлэг орж үзүүлье гэхэд нь юу болсон талаар асуухад манай ангийн залуучууд чамайг бөөнөөрөө нийлж зодсон. Би чамайг тэд нараас салгах гэж айгаад өөрөө хүртэл зодуулсан гэж хэлсэн. Тэгээд би босч нүүрээ толинд харахад толгой, нүүр, цээж, хэвлий хэсэг нэл хөндүүр, хавдсан, биеийн минь энд эндгүй хөх няц болсон байсан. Тэгээд эмнэлэгт очиж үзүүлэхэд хамар хугарсан, зүүн нүдний ухархайн яс хугарсан, зүүн талын 6 дахь хавирга хугарсан, нүүр, эрүү, шанааны махны няцралттай, үүдэн шүднүүд бүгд мэдээгүй болсон байна гэдэг эмчийн онош гарсан. Сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ...гэх мэдүүлэг, /хх-ийн 24-25-р тал/
-гэрч Ж.А-ын мэдүүлсэн:...2024 оны 12 дугаар сарын 20-ны орой 22 цагийн үед Би найз нар болох С.А, Х, Л.Б, Б.Б, О.Ө манай******* А бид долуулаа тухайн бааранд орж үйлчлүүлээд 01 цагийн үед баарнаас гараад явж байх үед баарны үүдэн хэсэгт орилох чимээ гарсан. Н түүнтэй хамт явж байсан С.Л нэг танихгүй дээлтэй настайвтар ах болон манай найз нар болох С.А, О.Ө, Б.Б, Х, Л.Б нар тэр хүмүүстэй зодоон хийгээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,
-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 12-р сарын 24-ний өдрийн 124 дугаартай…С.Л-ын биед дээд уруулд цус хуралт, шарх, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нураанд цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх дээд уруулд цус хуралт, шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо...” дүгнэлт /хх-ийн 34-35-р тал/,
-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 12-р сарын 25-ны өдрийн 123 дугаартай …М.М-ын биед баруун, зүүн бугалганд цус хуралт, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 45-46-р тал/
-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 125 дугаартай шинжээчийн …Б.Н-ын биед зүүн завжинд цус хуралт, шарх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, цээж хүзүүнд цус хуралт, дух зүүн чамархай, хамрын нуруу, баруун, зүүн хацар, зулай, баруун мөр, баруун, зүүн шуу, зүүн тохой, цээж, хүзүү, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн завжинд цус хуралт, шарх гэмтэл нь дангаараа бусад гэмтэл нь нийтдэз эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 55-56-р тал/
-Шүүгдэгч Л.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн:..Би 2024 оны 12 дугаар сарын 19-ний орой 21 цагийн үед******* Х-ийн хамт ********* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Б нэртэй бааранд очсон. Тухайн үед О.Ө-ын төрсөн өдрийг тэнд тэмдэглэж байсан юм. Эхнэр бид хоёрыг дотор ороход О.Ө, С.А, Б.Б, Ш, А, Д нар хамт байсан. Бид нар тэнд согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад 12 дугаар сарын 20-ны шөнө 01 цагийн үед гарахаар болсон. Тэгээд бүгдээрээ баарны гадаа тамхи татаад юм ярьж байтал нөгөө хэд маань С.А хаана байгаа юм бэ, байхгүй байна шүү дээ гэж хэлсэн. Энэ үед гадаа зогсож байсан Ж.А-ийн******* А, манай******* Х хоёр бид хоёр ороод С.А-г дагуулаад гараад ирье гээд баар руу буцаж орсон. Нээх удалгүй дотор хүмүүс орилох чимээ гарахаар нь дотогшоо ортол С.А, Б.Б хоёр хүмүүстэй маргалдаж байсан. Мөн би тухайн үйл явдлыг бүрэн санахгүй байна. Миний санаж байгаагаар өөр нэг залуутай андуураад М гэх эмэгтэйн толгой нэг удаа цохиж авсан бас Н гэдэг*******г хагас тонгойсон байхад нь цээж рүү нь өшиглөж байсан гэдгээ санаж байна. Миний хувьд Н, М гэдэг хүмүүсийн биед халдаж зодсоноо санаж байна. Мөн гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. Буруугаа хүлээн зөвшөөрч байна. М, Н гэдэг хүмүүс бид нараас 15,000,000 төгрөг өг, тэгэхгүй бол гомдолтой гээд байгаа юм, уг нь би буруугаа ойлгож байна гэхдээ шууд хүнд гаргаад өгөх 15,000,000 төгрөг бид нарт байхгүй учраас өгч чадахгүй байна. О.Ө, С.А, Б.Б бид дөрөв Н, М хоёртой холбогдож эмчилгээний 10,000,000 төгрөг төлөхөөр болсон. Ер нь бол хүний 2,500,000 төгрөг өгөхөөр болсон. Миний хувьд 500,000 төгрөг дутуу өгчихсөн байгаа. Энэ долоо хоногтоо багтаагаад үлдэгдэл 500,000 төгрөгийг өгөх болно. Өөрийн хийсэн буруутай үйлдэлдээ гэмшиж байна, дахин ямар нэгэн байдлаар гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-р тал/
-шүүгдэгч С.А-ын яллагдагчаар мэдүүлсэн:..Прокурорын топгоолтой танилцлаа, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Мөн тухайн үед би бааран дотор байхад маргаан үүссэний дараа шатан дээр С.Л гэдэг залуугийн толгойн ар хэсэг руу баруун гараараа 3 удаа цохисон бас баарны гадаа байхад Н гэдэг залууг газар унаад босох үед нь цээж хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Өөрөөр би хэн нэгнийг цохиж зодоогүй... Би нэг мэдсэн чинь ухаан алдаад босож ирсэн. Яагаад ухаан алдсан гэдгээ санахгүй байна. Баарны үүдний хэсэгт сэрээд харсан чинь С.Л гэдэг залуу намайг өшиглөх гэж байхаар нь босож очоод цохисон. Бас гадаа гарсан чинь Н гэдэг******* дээгүүрээ шалдан газраас босож ирж байхаар нь явж очоод цээж рүү нь нэг удаа өшиглөсөн. Бусад хүмүүсийг хэн яаж зодсон гэдгийг санахгүй байна. Би өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...Л.Б, О.Ө, Б.Б бид дөрөв өмнөх байцаагч дээр байхдаа камерын бичлэгийг үзсэн. Буруугаа ойлгож байгаа. Бас М, Б.Б бид гурав Ерөнхий боловсролын 16 дугаар сургуульд 9 дүгээр ангиа хамт төгсөж байсан. Өмнө нь таньдаг учраас М-тэй уулзаж болсон явдалд уучлалт гуйхад та нар нөхөр бид хоёр 15,000,000 төгрөг өг, үгүй бол та нарыг шоронд суулгана, дахиж шинжээч томилуулна гэсэн. Бид нар өөрсдийн бурууг ойлгож байгаа ч шууд гаргаад өгөх 15,000,000 төгрөг байхгүй. Ийм учраас цаашид эмчилгээ хийлгэсэн баримтаа гаргаж өгөх юм бол яаж ийж байгаад бид нар төлөх болно. Тэрнээс шууд хүний хэлснээр мөнгө өгөх боломж бололцоо байхгүй. Би дөрөв “******* ***** ******” ХК-д ажилладаг бөгөөд энэ явдлаас хойш ажилдаа явж чадаагүй, цалин мөнгө ч байхгүй, өөрөө хэцүү байдалд байгаа..” гэх мэдүүлэг /хх-ийн 92-р тал/
-шүүгдэгч О.Ө ын яллагдагчаар мэдүүлсэн:...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Энэ явдалд харамсаж байна. Би 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр найзуудын хамт ********* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Б бааранд төрсөн өдрөө тэмдэглэж байсан юм. Тухайн үед баарны үүдний хэсэгт найз С.А газарт хөлөө жийгээд суучихсан байхаар нь би өмөөрч Н гэх залуугийн тэлээнээс татаж шатны уруу буулгаад нүүр рүү нь цохиж, нэг удаа нүүр рүү нь өшиглөсөн. Надад өөр хэн нэгнийг цохиж зодсон зүйл байхгүй. Би Н-ын******* М гэх эмэгтэйн биед гар хүрээгүй. Бид нар өөрсдийн бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн Н, М нараас уучлалт гуйж тохиролцон эмчилгээнд нь 10,000,000 төгрөг өгөхөөр болсон. Өнөөдрийг байдлаар бид дөрөв Н, М нарт 9,000,000 төгрөг дансаар өгсөн. Үлдэгдэл 1,000,000 төгрөгөө яаралтай өгөх болно. Энэ асуудлаа шийдүүлж дуусгаад тайван ажил төрлөө хийж, дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх болно.. гэх мэдүүлэг /хх-ийн109-р тал/
-шүүгдэгч Б.Б-ын яллагдагчаар мэдүүлсэн... баарны тамхи татах өрөө рүү ганцаараа очсон чинь С.А, Н гэх залуу хоёр хоорондоо хэрүүл хийгээд байсан. Тамхины өрөө рүү ороод зогстол Н гэдэг залуу над руу уурлаж намайг хэл амаар доромжилжэлсэн. Юу гэж доромжпоод байсныг нь санахгүй байна. Тухайн үед баарны хамгаалагч байсан бөгөөд намайг Н-тэй хэрэлдэж байхад авч гарсан. Тэгээд коридорт алхаж явсан чинь Н араас гарч ирээд дээгүүрээ өмссөн байсан өнгийг нь санахгүй байна, цамцаа тайлж фудволктойгоо үлдсэн. Н надтай зодолдох гээд урдаас ирэхээр нь би хамгийнлээд хальт хацрыг нь шүргэж цохисон, дараа нь харин зүүн талын шанаа хэсэг рүү нь дахин нэг удаа цохисон. Түүний дараа Н бид хоёрыг үргэлжлүүлэн баарны коридорт маргалдаж байхад хүмүүс цуглаад ирсэн. Хүмүүс овоорчихсон байхад би түлхэгдээд шатаар буусан. Дараа нь Ж.А-ын хамт баарны гадаа хэсэг байж байгаад буцаж дотогшоо ороход С.А үүдний коридорт хана руу налаад газар суучихсан байхаар нь би хөөе андаа босоорой гэж хэлээд цаашаа явсан. Дөнгөж бүжгийн талбай руу ороод яагаад С.А ганцаараа тэнд сууж байгаа юм бол гэж бодоод буцаж С.А руу очсон. Энэ үед С.А газраас босож байсан. Дараа нь би шатан дээр зогсож байсан С.Л гэх залуутай маргалдаж зууралцаад газар унагааж толгой ар хэсэг рүү нь нэлээн хэд хэдэн удаа цохисон. Яагаад гавал С.Л гэх жижигхэн биетэй залуу бид нарыг хэл амаар доромжилж, маргааш та нарыг харна юу юу ч билээ баахан юм яриад байсан. Үүнээс хойш миний хувьд хэн нэгнийг дахиж цохиж зодоогүй... Энэ явдлаас хойш хэд хоногийн дараа арван жилийн ангийн фейсбүүк хаяг дээр М намайг утасны дугаараа үлдээгээрэй гэсэн байсан. Тэгэхээр нь би утасны дугаараа бичиж үлдээсэн. Дараа нь М надтай утсаар холбогдож чи манай нөхрийг цохиж зодсон гэж орилж хашхирсан. Би М-д танай нөхөр чинь маш их согтуу тасарчихсан хүмүүс рүү дайраад байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 126-127-р тал/
- Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01-р сарын 31-ний өдрийн 05 дугаартай:... Б.Н-ын биед зүүн талын хоншоорын урд хана ба гадна хананы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, зүүн талын зургаа дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтлүүд ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн талын хоншоорын урд хана ба гадна хананы хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, зүүн талын зургаа дугаар хавирганы хугарал нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэгтогтоох журмын 3.1.1- д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт /хх-ийн 144-145-р тал/
-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 03-р сарын 21-ний өдрийн 456 дугаартай:..Б-ын Н /РД:********/-ын сэтгэцэд 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна... гэх штнжээчийн дүгнэлт /хх-ийн 189-191-р тал/
-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 03-р сарын 07-ны өдрийн 455 дугаартай:..М-ын М /РД:********/-ын сэтгэцэд 2024 оны 12 дугаар сарын 20-ны шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай гэх дүгнэлт /хх-ийн 198-199-р тал/зэргийг нотлох баримтаар шинжлэн судалсан.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч О.Ө, Б.Б, Л.Б, С.А нар Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*********” бааранд 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шөнийн 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ”тамхины өрөөнд С.А-тай Н маргалдсан” гэх үл ялих зүйлээр шалтаглан Б.Н-ыг бүлэглэн зодож биед нь зүүн талын хоншоорын урд хана ба гадна хананы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, зүүн талын зургаа дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр гэмтэл хохирол учруулсан,
шүүгдэгч Л.Б нь Н-ын******* М.М-ын нүүрэн хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь баруун, зүүн бугалганд цус хуралт, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч С.А, Б.Б нар бүлэглэн Б.Н-тэй хамт явж байсан С.Л-ыг зодож биед нь дээд уруулд цус хуралт, шарх, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нураанд цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл шүүгдэгч нарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзсэн.
Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч О.Ө, Б.Б, Л.Б, С.А нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Б.Н-ыг бүлэглэн зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр зэргийн гэмтэл хохирол учруулсан шууд шалтгаант холбоотой,
шүүгдэгч С.А, Б.Б нар бүлэглэн С.Л-ыг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан шууд шалтгаант холбоотой,
Шүүгдэгч Л.Б нь М.М-ыг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан шууд шалтгаант холбоотой болох нь тус тус тогтоогдсон,шүүгдэгч,хохирогч нар үйл баримтын талаар маргаагүй.
Хэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотлогдвол зохих байдал нотлогдсон, нотлох баримтууд харилцан хамааралтай,хангалттай, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн тодорхойлолт шинжийг заасан.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” буюу 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан “бүлэглэж” үйлдсэн,
Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” буюу 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан “бүлэглэж” үйлдсэн,
Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус шинжтэй байна.
Шүүгдэгч нар үл ялих зүйлээр шалтаглан,Эрүүгийн хуулиар хамгаалсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд бүлэглэн халдаж гэмтэл хохирол учруулсан байна.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн санаатай шинжийг заасан.
Шүүгдэгч нарын үйлдэл өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн ба хор уршигт зориуд хүргэсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хуулийн дагуу цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдсон, танхай сэдлээр өдөөгдсөн санаатай гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй.
Харин,шүүгдэгч Л.Б хохирогч С.Л-ыг зодоход оролцоогүй болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй гэж үзсэн.
Иймд шүүгдэгч О.Ө, Б.Б, Л.Б, С.А нарыг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч Б.Б, С.А нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Гэмт хэрэг гарсан нөхцөл шалтгааны тухайд, шүүгдэгч нар архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, танхайн сэдлээр бусдын эрүүл мэндэд халдсан, мөн хохирогч согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн нь нөлөөлсөн гэж дүгнэсэн.
Шүүх хуралдаанд улсын яллагч: шүүгдэгч нар бүлэглэж Б.Н-ыг зодож хүндэвтэр гэмтэл учруулсан, Б.Б, С.А нар бүлэглэж хохирогч С.Л-ыг зодож хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Л.Б М.М-ыг зодож хөнгөн хохирол учруулсан тул тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай. Шүүгдэгч нар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, үл ялих зүйлийг дэвэргэн зодоон үүсгэсэн. Хохирогч Б.Н-д 10 сая төгрөг төлсөн. С.Л, М.М нарт төлөх төлбөргүй. Хохирогч М.М, Б.Н эмчилгээний төлбөрийн баримт гаргаагүй, сэтгэл санааны хохирол 18 сая төгрөг нэхэмжилсэн ч 10 сая төгрөг төлсөн тул төлөгдсөн гэж үзэж хэрэгсэхгүй болгох саналтай гэж,
-шүүгдэгч нар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж оролцсон ба шүүгдэгч О.Ө :Гэм буруугаа хүлээж байна, хохиролд 10 сая төгрөг төлсөн. Гэтэл 18 сая төгрөг нэхэмжилснийг гайхаж байна гэж,
-шүүгдэгч Л.Б : гэм буруугаа хүлээж байна гэж,
-шүүгдэгч Б.Б : гэм буруугаа хүлээж байна гэж,
-шүүгдэгч С.А : гэм буруугаа хүлээж байна гэж,
-хохирогч М.М: гэмт хэргийн улмаас бидний сэтгэцийн эрүүл мэндэд хохирол учирсан талаар шинжээчийн дүгнэлт гарсан тул үүнийг үндэслэн 18 сая төгрөг нэхэмжилж байгаа гэж тус тус дүгнэлт гаргажээ.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,
хэргийн нөхцөл байдал, гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн умаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байдал зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч:
Шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгоор торгох, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах,
Шүүгдэгч О.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах,
Шүүгдэгч С.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах,
Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А, Б.Б нарт оногдуулсан торгуулийн ялыг нэмж нэгтгэн 3,800,000 төгрөгийн торгуулийн ялаар, шүүгдэгч Л.Б-д оногдуулах торгуулийн ялыг нэмж нэгтэн 3,600,000 төгрөгийн торгуулийн ялаар тогтоож, Шүүгдэгч Л.Б, О.Ө, С.А, Б.Б нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй гэж,
-шүүгдэгч нар: өөр саналгүй гэжээ.
3.Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:
Хохирогч М.М мэдүүлэхдээ: Нөхөр эмчилгээ хийлгээгүй, хагалгаанд орох шаардлагатай байгаа. Мөн сэтгэцэд учирсан хохирол 18 сая төгрөг нэхэмжилнэ гэсэн.
Шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч М.М, Б.Н нарт нийт 10,000,000 төгрөг төлсөн байна. Хохирогч нар эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлэх шаардлагатай талаархи нотлох баримт мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаагүй.
Шинжээчийн дүгнэлтээр гэмт хэргийн улмаас хохирогч М.М-ын сэтгэцийн эрүүл мэндэд 2-р зэргийн, хохирогч Б.Н-ын сэтгэцийн эрүүл мэндэд 1-р зэргийн хохирол учирсан гэж тогтоосон байна.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д “Эдийн бус гэм хор арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй”, 230.2-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах...”гэж, 511-р зүйлийн 511.3-д “ Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заасан ба,
УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах,нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын Хүснэгт 1-д “...Нэгдүгээр зэрэглэл-0-3%...” гэж, Хоёрдугаар зэрэглэл “4-8%” гэж тогтоосныг баримтлан,
уг аргачлалд зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн болон нөхөн төлбөрийн дээд хязгаар буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг / 660,000 төгрөг/150 дахин нэмэгдүүлсэн хэмжээнээс хохирогч М.М-д учирсан хохиролыг 6%-иар тооцож 5,940,000 төгрөг, хохирогч Б.Н-д учирсан хохиролыг 2 %-иар тооцож 1,980,000 төгрөг шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн ба шүүгдэгч нар хохирогч нарын сэтгэцийн эрүүл мэндэд учруулсан хохиролд нийт 7,920,000 төгрөг төлөхөөс 10 сая төгрөг төлсөн байх тул гаргуулах төлбөргүй гэж шийдвэрлэсэн.
Харин, хохирогч Б.Н-ийн биеийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зайлшгүй зардлыг хуулийн дагуу шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэй тул нотлох баримтыг үндэслэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заалаа.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б баарны хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт Л-ийн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Т овогт Л-ийн Б, Ө овогт С-ийн А, Б овогт О-ын Ө, Б овогт Б-ын Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- шүүгдэгч Т овогт Л-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
-шүүгдэгч Ө овогт С-ийн А, Б овогт Б-ын Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч О.Ө, Л.Б, Б.Б, С.А нарыг тус тус 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 мянган төгрөгөөр торгох ялаар
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А, Б.Б нарыг тус тус 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600,000 мянган төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3,600,000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч С.А, Б.Б нарт 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4,000,000 төгрөрөөр торгох ялаар тус тус тогтоосугай.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.Ө, Л.Б, С.А, Б.Б нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд сайн дураар төлөх үүрэгтэйг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч О.Ө, Л.Б, С.А, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.М-ын 18 сая төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Н иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б баарны хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.А