| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00324/И |
| Дугаар | 156/ШШ2017/00736 |
| Огноо | 2017-12-18 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 156/ШШ2017/00736
|
2017 оны 12 сарын 18 өдөр |
Дугаар 156/ШШ2017/00736
|
Хэнтий аймаг
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00324/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны ”Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн ......................... оршин суух, Лэгдүүд хөгдүүд овогт Гомбын Сүнжидмаа /РД:........../-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...........ны Хэнтий салбарт холбогдох,
“......................Хэнтий салбарын захирлын 2017.05.11-ний өдрийн №73 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулж, суутгасан цалин, урамшууллыг буцаан олгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.С., хариуцагч ..............Хэнтий аймаг дахь салбарын захирал Б.Ю., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.С. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.С. би Төрийн банкны Хэнтий салбарын харьяа Хурх тооцооны төвийн захирлаар ажилладаг. ...ны Хэнтий салбарын захирал С.М. нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн салбарын захирлын 73 тоот тушаалаар надад үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Миний бие Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн банкны хөдөлмөрийн дотоод журмыг зөрчөөгүй байхад үндэслэлгүй сахилгын шийтгэл ногдуулсан тул уг тушаалыг хүчингүй болгож суутгасан цалин 900 000 төгрөг, урамшуулал 300 000 төгрөг, нийт 1 200 000 төгрөгийг буцаан олгуулж өгнө үү. Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.6 дахь заалтад ажилтныг гүйцэтгэх захирал, орлогч захирал болон шууд удирдлагын санаачлагаар илүү цагаар долоо хоногийн амралтын болон нийтээр амрах өдрүүдэд ажиллуулсан тохиолдолд нөхөж амруулах, эсхүл илүү цагаар ажиллуулсан хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 52, 53 дугаар зүйлд заасны дагуу тооцон олгоно. Хөдөлмөрийн дотоод журмын 8.1.4 дэх заалтад ажлын бус цаг амралтын өдрүүдэд амрах, жилд нэг удаа ээлжийн амралт эдлэх: Үндсэн хуулийн 16.10 дахь заалтад аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний хувьд хүнийг ялгаварлан гадуурхах хэлмэгдүүлэхийг хориглоно. Амралтын өдөр сургалт зохион байгуулах шууд удирдлагын шийдвэр байхгүй, нөхөж амраах, эсвэл илүү цагийн хөлс олгох талаар тодорхой зүйл байхгүй. Миний бие 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр даралт ихсээд бие өвдсөн. Нэгдэх өдөр эмчид үзүүлж 17, 18-ны өдрүүдэд акттай байсан. (акт хавсаргав). 04 дүгээр сарын 16-ны өдрийн сургалтад олон ажилтан сургалт тасалсан байхад зөвхөн намайг ялгаварлан гадуурхаж арга хэмжээ авсан. Хөдөлмөрийн дотоод журмын 8.2.2 дахь заалтад өөртөө болон бусдад өндөр шаардлага тавих гэж бичигдсэн байна. Манай тооцооны төвтэй газрын захирал танилцахаа очиход М. захирал надад хэлээгүй ахлах теллер О.д хэлсэн. Тооцооны төвийн захирал миний бие ажлаа танилцуулах ёстой. Үүнээс үүдэж би надад хэлэхгүй яасан юм бэ гэж асуухад О. захирал нэг теллерийг аваад яв гэсэн юмаа гэсэн. Би хариуд нь чамд ер нь өөрийн гэсэн толгой байдаг юм уу гэж хэлсэн. Энэ үйл явц банкны байранд биш гадаа болсон. Энд хэлсэн хэдэн үгийг хэл амаар доромжилсон гэж үзэхгүй байна. Бодит зүйлийг хэлж шаардлага тавьсан. Хүлээн авалт дуусаад гадагшаа гарч байхдаа хувцас өлгөдөг үүдний хэсэгт М захирал Төв банкны хүмүүстэй зогсож байхад нь би очиж “Г. та хоёрыг Шуудан банкнаас яаж халагдсаныг чинь мэднэ шүү гэж хэлэхэд би ч гэсэн чамайг мэднэ, чи нутгаасаа хөөгдөж ирчихээд энд худалдагч хийж байсан биз дээ гэж хашгирсан. Ийм л үгээр бие биеэ дайрсан үзэгдэл болсон. Намайг үг хэлээр доромжилсон гэж байгаа бол М захирал ч намайг доромжилсон. Салбарын захирал хүний хувьд надтай уулзаж асуудал шийдэх талаас бодоогүй гэж хэлэх байна. Сургалтын дундуур архи уух ажил зохион байгуулсан нь буруу байсан. Би архи нэхээгүй, нүүрийг нь маажаагүй, нүүр маажсан бол тодорхойлох эмчийн магадлагаа байхгүй байна. Газрын захирал Я.О. нь намайг салбарын захирлаас буулгасан хүн тул аль болох намайг буруутгах талаас хурлын тэмдэглэлд бичжээ. Хөдөлмөрийн дотоод журмын 5.16.3-дахь заалтад гүйцэтгэх захирал эрхээ шилжүүлснээр орон нутгийн салбарын захирлаас бусад ажилтны асуудлыг салбарын захирлын зөвлөл шийдвэрлэх ба салбарын захирлын тушаалаар баталгаажуулна гэж заагдсан байна. Салбарын захирлын зөвлөлөөр хэлэлцээгүй, тушаалд захирлын зөвлөлийн хурлын шийдвэр байхгүй. Хөдөлмөрийн дотоод журмын 13.7 дахь заалтад ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудас хавсралт 8-ыг танилцуулж гарын үсэг зуруулна гэж байна. Салбарын захирал арга хэмжээ авах талаар танилцуулаагүй. Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд заасан банкны нэр хүндийг гутаах, ажлын байранд танхайрах, хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хоргоох зэргээр ажлын байранд ямар нэгэн маргаан болоогүй гэж бичжээ. Я.О.н хөтөлсөн хурлын тэмдэглэлийн шийдвэрлэх хэсэгт С.г арга хэмжээ авах тухай дурдаагүй. Ийм учраас хурлын тэмдэглэлийг үндэслэн шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй юм. Төрийн банкны ёс зүйн дүрмийн 1.1-д зааснаар банкны бүх ажилтнуудыг нас хүйс, яс үндэс, иргэншлээр нь ялгаварлан гадуурхахыг хориглоно гэсэн заалт байгаа. 2017 оны 04 дүгээр сарын 15-наас 16-ны өдрийн хооронд зохион байгуулагдсан сургалтыг Төрийн банкны олон ажилчид тасалсан. Уг цагийн бүртгэлийг +, -, ч, т гэсэн тэмдэглэлгээгээр тэмдэглэсэн. Гэтэл сургалтанд ирээгүй хүмүүсийг – тэмдэглэгээгээр, харин намайг т гэж тэмдэглэсэн. Ийм учраас хувийн ашиг сонирхлоор хандсан гэж үзэж байна гэжээ. (хх-ийн 1, 72-73х)
Нэхэмжлэгч Г.С. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан Төрийн банкны Хэнтий салбарын захирал С.М.ын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №73 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, суутгасан цалин 900 000 төгрөг, авах ёстой байсан 2017 оны 2 дугаар улирлын 600 000 төгрөгийн урамшууллыг 50 хувиар бууруулсан 300 000 төгрөг нийт 1 200 000 төгрөгийн суутгуулсан цалин, урамшууллаа буцаан олгуулахаар нэхэмжилж байгаа. Гэсэн хэдий ч одоо үндэслэлгүйгээр арга хэмжээ авсан С. М. захирал солигдсон. Одоо Ю. захирал шинээр томилогдоод ажлаа авсан байгаа үед би цалин, урамшууллын нэхэмжлэлээс тодорхой хэмжээгээр хасаж тохиролцоход бэлэн байна гэв.
Хариуцагч Т. захирал С.М. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т. банкны Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.1 дэх хэсэгт “Т. банкны ажилтан нь Т.н банкны Хөдөлмөрийн дотоод журам, Ёс зүйн дүрэм зэрэг төрийн банкны дотоодод мөрдөгдөж буй актыг судлан танилцаж, чанд сахин мөрдөж, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах үүрэгтэй гэж, Т. банкны Сургалтын журмын 3 дугаар зүйлд “... хүндэтгэн үзэх шалтгаан болон ажлын зайлшгүй шаардлагаар сургалт, семинараас чөлөө авах тохиолдолд шууд удирдлагад мэдэгдсэн байх ба албан ёсоор чөлөө аваагүй бол ажилтныг ажил тасалсанд тооцон Хөдөлмөрийн дотоод журамд заасан арга хэмжээ авна” гэж Хурх тооцооны төвийн захирлын ажлын байрны тодорхойлолтод “Банкны нийт ажилтны дунд зохион байгуулсан нэгдсэн арга хэмжээнд хүндэтгэн үзэх шалтгаангүй бол заавал оролцох үүрэгтэй” гэж, Г.С.тай байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 62 дугаар гэрээний 6.2.1-д “банкны дотоодод мөрдөгдөж буй дүрэм, журам, зааврыг заавал дагаж мөрдөх үүрэгтэй” гэж тус тус заасан. Т.н банкны сургалтын журамд заасны дагуу банкны Төв салбарын удирдлагын баг бүрэлдэхүүн 2017 оны 04 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд Хэнтий аймагт “Т.н банкны бүх ажилтнуудын сургалт”-ыг зохион байгуулсан. Уг сургалтын хоёр дахь өдрийн буюу 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн сургалтанд Г.С. нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй тасалсан. 2. Сургалтын эхний өдөр 4 дүгээр 15-ны үдээс хойшхи сургалтын дундуур газрын захирал Я.О., салбарын захирал С.М. нар Хурх тооцооны төвийн тохижилтыг үзэж танилцахаа явахад банкны үүдэнд С. өөрийг нь хамт авсангүй гэж уурлаж, салбарын захирал С.М. руу дайрч давшилж хэл амаар доромжилсон. 3. Сургалтын хөтөлбөрийн дагуу хамт олны оройн зоогийн үеэр С. нь салбарын захирлаас архи нэхэж, элдвээр хашгичин хэл амаар доромжилж олон хүний өмнө нүүр рүү маажиж 2 шарх үүсгэсэн. Хурх тооцооны төвийн захирал Г.С.ийн гаргасан эдгээр үйлдлүүд нь Т. банкны Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлд заасан ажилтны хориглох зүйлд хамаарч, мөн журмын 5.28-д “Дараах зөрчлийг “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилтэй адилтган үзэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэл болно. Үүнд: 5.28.25-д “Банкны нэр хүнд имиджийг гутаах зан авир, үйлдэл гаргасан” гэсэн заалт, Г.С.тай байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 62 дугаар гэрээний 7.4.22-д “Ажлыг байранд танхайрах, хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хоргоох, айлган сүрдүүлэх, цээртэй үгээр доромжлох, банкны нэр хүндийг гутаах” 7.4.26-д “Банкны нэр хүнд имиджийг гутаах зан авир, үйлдэл гаргах” зэрэг нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно гэж заалтуудад хамаарч байгаа юм. Дээрх зүй бус үйлдлүүдийг гаргаж Т,н банкны ёс зүйн дүрэм болон бусад холбогдох дүрэм журмуудын хэм хэмжээг зөрчсөн гэж үзэн Төрийн банкны хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1-д “Банкны хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулна” гэсний дагуу Хөдөлмөрийн дотоод журмын 13.5.2-т заасныг баримтлан “Үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар, 20 хүртэл хувиар бууруулах гэснийг баримтлан сахилгын шийтгэл ногдуулсан. Төрийн банкны Хэнтий салбарын захирлын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль, Т. банкны Хөдөлмөрийн дотоод журам, холбогдох бусад журам, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үндэслэлээр гарсан хууль ёсны шийдвэр тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ. (хх-ийн 35-36х)
Хариуцагч Т...... Хэнтий салбарын захирал Б. Ю. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие нь Төрийн банкны Хэнтий салбарын захирлаар 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр томилогдоод ажлаа аваад хэдхэн хонож байна. Хурх тооцооны төвийн захирал Г.С.н гаргасан гэх хөдөлмөрийн сахилгын зөрчлийн асуудлыг би мэдэхгүй бөгөөд энэ асуудал дээр Төв банкны удирдлагуудын байр суурь, өгөх чиглэлийг нь хүлээж байгаа ч тэд маань одоогоор хариу өгөөгүй л байна. Иймд энэ асуудал дээр би өөрөө нэхэмжлэгчтэй зөвшилцөж тохиролцох, тодорхой тайлбар хэлэх боломжгүй байна. Шүүх шийдвэрээ гаргана биз гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.С. нь Т.банкны Хэнтий салбарын захирлын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаартай өөрт нь сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулж, суутгасан цалин, урамшууллыг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.С.н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Т. банкны Хөдөлмөрийн дотоод журмын 5.16.3-т Гүйцэтгэх захирал эрхээ шилжүүлснээр Орон нутгийн /салбарын захирлаас бусад/ ажилтны асуудлыг салбарын захирлын зөвлөл шийдвэрлэх ба салбарын захирлын тушаалаар баталгаажуулна гэсэн хэдий ч ....ХХК-ийн гүйцэтгэх захирал энэ эрхээ Хэнтий салбарын захиралд шилжүүлж тус банкны Хурх тооцооны төвийн захирал Г.С.тай холбоотой хөдөлмөрийн сахилга, ёс зүйн асуудлыг шийдвэрлэж, арга хэмжээ тооцож, сахилгын шийтгэл ногдуулах эрх олгосон болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх ба хариуцагч тал үүнийг шүүхэд нотолсонгүй.
Түүнчлэн Т. банкны Хэнтий салбар нь дангаараа бие даасан хуулийн этгээдийн эрх эдэлж, үүрэг хүлээх статусгүй байх ба Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д: хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар нь хуулийн этгээдийн эрхгүй байна гэж заасан байхад Т. банкны Хэнтий салбарын захирал нь Т. банкны төвийнхөө эрх бүхий албан тушаалтнаас өөрт нь эрх шилжүүлж өгөөгүй байхад дур мэдэн хуулийн этгээдийн эрх эдэлсэн тушаалыг гаргасан нь буруу болжээ.
Т. банкны Хэнтий салбарын захирлын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №73 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тушаал нь Г.С.г хөдөлмөрийн харилцааг зөрчсөн чухам ямар ямар тодорхой зөрчил, дутагдалд нь энэ арга хэмжээ, сахилгын шийтгэлийг ногдуулсан болох нь ойлгомжгүй байх ба тушаалд Г.С.ийн гаргасан гэх хөдөлмөрийн сахилгын зөрчлийн талаар огт дурдаагүй байна.
Хариуцагч талаас /С.М./ Г.С.г Т. банкны Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.25-д заасан: банкны нэр хүнд имиджийг гутаах зан авир, үйлдэл гаргасан, мөн журмын 12.3-т заасан: ажлын байранд танхайрч, хэрүүл маргаан үүсгэсэн, бусдыг дайрч, цээртэй үгээр доромжилсон, архи нэхэж агсам тавьсан, өөр рүү нь дайрч нүүрийг нь маажсан учраас тушаалаар сахилгын шийтгэл хүлээлгэсэн гэж тайлбарлаж байгаа ч Г.С........ийн гаргасан гэх дээрх зөрчлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч П.Б., П.А. нарын мэдүүлгүүдээр нотлогдохгүй байхаас гадна хариуцагч тал нь Г.С.н гаргасан гэх дээрх зөрчлийг шалгаж тогтоогоогүй байна.
Нөгөөтэйгүүр хариуцагч талаас /С.М./ Г.С.н гаргасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг Т. банкны орон нутгийн банкны газрын захирал болон бусад мэргэжилтнүүдийг байлцуулж Хэнтий салбарын захирлын зөвлөлийн өргөтгөсөн хурлаар 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хэлэлцэж, тус хурлын шийдвэрээр Г.С.д сахилгын шийтгэл хүлээлгэсэн гэх тайлбарыг өгч байгаа хэдий ч энэ хурлын протокол /хх-ийн 41-42х/-оос үзэхэд Г.С.д сахилгын шийтгэл хүлээлгэх шийдвэр дээрх хурлаас гараагүй нь тодорхой байна.
Иймд Т. банкны Хэнтий салбарын захирлын 2017.05.11-ний өдрийн №73 дугаартай тус салбарын Хурх тооцооны төвийн захирал Г.Сү.йн сарын үндсэн цалинг 3 сарын хугацаагаар, 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь үндэслэлгүй, хууль бус тушаал шийдвэр байх тул уг тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.С.с суутгасан цалин /сарын үндсэн цалингийн 20 хувь нь нэг сард 300 000 төгрөг, 3 сард нийт 900 000 төгрөг, 2017 оны 2 дугаар улиралд авах ёстой байсан урамшуулал 600 000 төгрөгийн 50 хувийг сахилгын шийтгэлтэй гэсэн үндэслэлээр хассан 300 000 төгрөг, нийт 1 200 000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг хариуцагч Т.н банкны Хэнтий салбараас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдол нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул Г.С.с улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгон, хариуцагч Төрийн банкны Хэнтий салбараас 70 200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар Т. банкны Хэнтий салбарын захирлын 2017.05.11-ний өдрийн №73 дугаартай тус салбарын Хурх тооцооны төвийн захирал Г.С.н сарын үндсэн цалинг 3 сарын хугацаагаар, 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгосугай.
2. Т. банкны Хэнтий салбарын захирлын 2017.05.11-ний өдрийн №73 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Г.С.с суутгасан цалин 900 000 төгрөг, авах ёстой байсан урамшуулал 300 000 төгрөг, нийт 1 200 000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг хариуцагч Т. банкны Хэнтий салбараас гаргуулж, нэхэмжлэгч Г.С.д олгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.С.г улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, түүний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг Төрийн сангийн 180000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч Т. банкны Хэнтий салбараас 70 200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээо зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор, ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР