Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 156/ШШ2020/00198

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 156/ШШ2020/00198

Хэрлэн сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2020/00068/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах, В ББСБ -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт оршин суух, С.Ж-д холбогдох зээл, зээлийн хүү, нийт 1,959,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, хариуцагч С.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В ББСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Ж нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр В ББСБ-ын Хэнтий аймаг дахь салбараас 10610196 тоот зээлийн гэрээ байгуулан 2,000,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 12 сарын хугацаатай зээлийг зээлж авсан. Хариуцагч нь зээлийн графикт заасны дагуу зээлээ төлөхгүй сар бүр хугацаа хэтэрч байгаа одоогийн байдлаар нийт 1,959,000 төгрөгийн үлдэгдэлтэй 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хойш эргэн төлөлтийг төлөөгүй байна. Иймд С.Жаас зээл, зээлийн хүү, нийт 1,959,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч С.Ж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр В ББСБ-ын Хэнтий аймаг дахь салбараас 2,000,000 төгрөгийн зээлийг авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа 1,959,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Надад одоогоор дээрх мөнгийг төлөх ямар нэгэн боломж байхгүй байна. 2020 оны 3,4,5 дугаар саруудад боломжоороо төлнө гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч В ББСБ-ын Хэнтий аймаг дахь салбар нь хариуцагч С.Жаас зээл, зээлийн хүү, нийт 1,959,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчид шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Зохигчид нь харилцан тохиролцож бичгээр зээлийн гэрээ байгуулан мөнгө зээлсэн ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан харилцаа үүссэн байна. Энэ талаар талууд маргаагүй болно.

Хариуцагч С.Ж нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа Би 1,959,000 төгрөгийг одоо төлөх боломжгүй гэсэн болохоос төлж чадахгүй гэж хэлээгүй. Би одоогоор төлөх ямар ч боломжгүй байна. 2020 оны 3,4,5 дугаар сард боломжоороо төлнө гэжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, үүний дагуу С.Ж нь зээл 2,000,000 төгрөгийг авсан болох нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 10610196 тоот зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.

Иймд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 10610196 тоот зээлийн гэрээний хавсралтын дагуу 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх 12 сарын хугацаанд төлөх ёстой байсан 1,959,000 төгрөгийг хариуцагч С.Жаас гаргуулан нэхэмжлэгч В ББСБ-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Жаас зээл, зээлийн хүү, нийт 1,959,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В ББСБ-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,294 төгрөгийг улсын орлогод хэвээ үлдээж, хариуцагч С.Жаас улсын тэмдэгтийн хураамж 46,294 төгрөг гаргуулан В ББСБ-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА