Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 156/ШШ2020/00179

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2020/00078/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах, Хэнтий аймгийн ХХҮГ- ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Л.Э-т холбогдох зээл, зээлийн хүү, нийт 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн ХХҮГнь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Э нь ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдан 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатайгаар хүүгүй, барьцаагүй, 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл зээлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч Л.Э нь төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Иймд зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн 3,000,000 төгрөгийг Л.Эаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Э шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хэрэгжүүлсэн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор батлагдсан ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн 4-т заасан эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгоход үүсэх харилцааг зохицуулахаар харилцан тохиролцож, 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл аж ахуй бичил бизнес, эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн гэрээ байгуулж 3,000,000 төгрөгийг авсан нь үнэн болно. Миний бие өөрийн эзэмшил газар болох Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Өлзийтийн 13-17 тоот хашаандаа блок хийж эхэлсэн юм. Энэхүү ажлыг хийхдээ Г.Б, Я.Ч, С.М, Ё.Б гэх 4 иргэнийг ажлын байраар хангаж ажилласан. Тэдний хөдөлмөрийн хөлсөнд өдөрт нэг хүнд 30,000 төгрөг өгөхөөр тохиролцож, өдрийн хоол, цайг нь даахаар аман гэрээ байгуулж ажилласан. Гэвч ямар ч ашиг байхгүй ажил маань алдагдалтай байсан учир Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 5-13 тоотод оршин суух найз С.М-д байшин барьж өгөхөөр ажлыг эхлүүлж 1000 блок өгсөн. Дээрх хүмүүс блокоо өөрсдөө хийсэн, харин блокны бүтээгдэхүүнийг би гаргасан. Ингээд миний хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас авсан 3,000,000 төгрөг дуусаж би төлбөрөө төлөх боломжгүй болсон. Надад одоогоор дээрх мөнгийг төлөх ямар нэгэн боломж байхгүй, би энэ мөнгийг төлөхгүй биш төлнө, гэхдээ 2020 онд төлж чадахгүй гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн ХХҮГнь хариуцагч Л.Эаас зээлийн төлбөр 3,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдийн шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хариуцагч Л.Э нарын хооронд 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 04 дугаартай Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ байгуулагдан, талууд гарын үсэг зурж, тус гэрээний дагуу 3,000,000 төгрөгийг хариуцагч Л.Э хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 04 дугаартай Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар ﴾хх-ийн 14-15﴿, эргэн төлөлтийн хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар ﴾хх-ийн 16﴿, шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн тайлбар зэргээр нотлогдож байна. Иймд зохигчдийн хооронд Иргэн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан харилцаа үүссэн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

Дээрх хуулийн заалтаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгч Хэнтий аймгийн ХХҮГнь хариуцагч Л.Эаас зээлийн төлбөр 3,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байна.

Хариуцагч Л.Э нь нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй ба харин тэрээр төлбөрийг 2020 ондоо багтаан төлж чадахгүй гэсэн тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй байна. Талуудын төлбөр төлөх хугацааг тохиролцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зөвхөн хэргийн оролцогчдийн эдлэх эрх бөгөөд шүүхэд талуудын төлбөр төлөх хуваарь, хугацааг тогтоох эрх хэмжээ олгогдоогүй болно.

Иймд 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 04 тоот Аж, ахуй бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ-ний дагуу 3,000,000 төгрөгийг хариуцагч Л.Эаас гаргуулан нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч Л.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас авсан эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг болох 3,000,000 төгрөгийг архинд донтсон хүмүүсийг нийгэмшүүлэх, орон гэргүй иргэнд байшин барихад зарцуулсан, өөрөө хэрэглээгүй гэж тайлбарлан энэхүү ажил, бүтээлээ баримтжуулан хэрэгт гэрэл зургуудийг хавсаргасан байна. Эмзэг бүлгийн хүмүүсийг нийгэмшүүлэх, орон гэргүй хүнийг амьдрах байшинтай болгосон нь хувь хүний хувьд нөр их хөдөлмөр юм. Энэ нь түүний нийгэмд сайн үйлсийн төлөө оруулж буй хувь нэмэр, эх оронч зүтэл бөгөөд хүний сайхан чанарыг харуулсан, бахархмаар ажил үйлс байна. Хүний сайн үйл бүтээснийх нь төлөө төр засаг, эрх бүхий албан тушаалтууд тухайн хүнийг хүндэтгэж, ажил үйлсийг нь дэмжих ёстойг анхаарах ёстой.

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П нь ...би нэгдсэн эмнэлгийн сэргээн засах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Эаас 3,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 3,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 62,950 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАРИНА