| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/0309/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/344 |
| Огноо | 2025-07-03 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/344
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Э.Г
Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-д холбогдох эрүүгийн 2525000000347 дугаартай хэргийг тус шүүхэд 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******, 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн,*******,*******, бүрэн дунд боловсролтой,*******,,
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн тэнсэн харгалзсан, У овогтой Б-ийн С /РД:********/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.С нь урьд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1149 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэн амьсгал дахь спиртийн агууламж 2.74 хувийн согтолттой байх үедээ буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь заалтыг зөрчин 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 17 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***** багийн нутаг дэвсгэр хүртэл **-** УЕО улсын дугаартай Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэл жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичсэнээр/ холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Б.С-ийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,
- эрүүгийн 2525000000347 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
-Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, Драгер багажын хэвлэмэл хуудас 2.74% /хх-ийн 3-р тал/
-Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1149 дугаар шийтгэврийн хуулбар /хх-ийн 9-12-р тал/
-хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13-р тал/
-Цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5-р тал/,
-гэрч Б.Б-ийн ...Би 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 17 цагаас 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн өглөөний 08 цаг хүртэлх хугацаанд замын оройны эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр ЗЦТ-ийн цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Л-ын хамтаар Орхон аймгийн хэмжээнд үүрэг гүйцэтгэсэн юм. Үүрэг гүйцэтгэж байх үед Орхон аймаг Баян-Өндөр сумын ***** багийн ******-*** дэлгүүрийн урд **-** УЕО улсын дугаартай Тоёота акуа маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тухайн тээврийн хэрэгслийн жолооч илт мэдэгдэхүйц согтолттой харагдсан тул тээврийн хэрэгслийн бичиг баримтыг шалгахад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан юм. Иймд тухайн тээврийн хэрэгслийн жолооч Б.С-ийн согтолтын зэргийг цагдаагийн байгууллагын 1 дүгээр байрны 1 давхарт Аlcotest Рrо загварын драгер багажаар шалгахад 2.74 хувийн согтолттой байсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/
-гэрч Г.О-ийн мэдүүлсэн:..Тухайн өдөр би өөрийн нөхөр Б.С-ийн хамт 2 шил 0.5 литрийн хэмжээтэй “Хараа” нэртэй архи хувааж уусан. Тэгээд хэсэг байж байгаад “****** ***” дэлгүүр рүү явж байгаад цагдаад шалгуулсан юм. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний машин байгаа юм. Би тухайн машиныг банк бусаас авсан. Одоо тухайн машин ****** ББСБ-ын нэр дээр байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/
-шүүгдэгч Б.С-ийн яллагдагчаар мэдүүлсэн: Би 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр эхнэртэйгээ хамт гэртээ 2 ширхэг 0.5 л “Хараа” нэртэй архийг хувааж уусан. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Тэгээд бид хоёр “****** ***” дэлгүүр рүү явж ундаа авах гэж байсан юм. Ундаа авах гэж явахдаа эхнэр Г.О-ийн **-** УЕО улсын дугаартай Тоёота Акуа загварын машинаар явахаар болсон юм. Тухайн үед эхнэр маань нэлээн согтуу байсан болохоор би машиныг нь бариад дэлгүүр рүү явсан юм. Тэгээд би машинаа бариад 400-500 метр зайтай явж байгаад гудамжны үзүүрт цагдаагийн алба хаагчид шалгуулаад цагдаагийн байгууллагад ирсэн. Би тухайн үед нэлээн согтуу байсан бөгөөд зарим зүйлсийг сайн санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 40-р тал/
-Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 04-р сарын 05-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 43-45-р тал/
-Сум дундын 14-р шүүхийн 2014 оны 07-р сарын 08-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 46-49-р тал/зэргийг нотлох баримтаар судалсан.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдсон.
Шүүгдэгч Б.С нь Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1149 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх хугацаандаа 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 17 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***** багийн нутаг дэвсгэрт 2.74 хувийн согтолттой согтуурсан үедээ **-** УЕО улсын дугаартай Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, согтуурал шалгасан баримт, бусад бичмэл баримтууд зэрэг хамаарал бүхий нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзсэн.
Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч Б.С нь нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу эрх хассан хугацааны дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, согтуурал шалгасан багажны заалт, жолоочийн лавлагаа мэдээлэл, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн тодорхойлолт шинжийг заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин долдугаар бүлэгт “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэргийн ердийн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжүүдийг тодорхойлон тогтоосон ба 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,...бол... ял шийтгэнэ” гэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэлд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан.
Энэ гэмт хэрэг нь үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд гэм буруугийн хэлбэр нь болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай үйлдэл гэж дүгнэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн хэлбэрийн талаар тодорхойлсон ба 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг тодорхойлсон.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгч Б.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл болохыг нотолж байна.
Шүүгдэгч Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийж тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох эрхгүй, шүүхийн шийдвэрээр эрхээ хасуулсан атлаа, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан мэдэж хайхрамжгүй хандсан болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн гэж дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлогдсон, гэм буруугаа хүлээсэн тул түүнийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.С нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлогдсон, гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээн авч 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял санал болгоход зөвшөөрсөн, төлөх төлбөргүй гэж,
-шүүгдэгч Б.С: Гэм буруугаа хүлээж сайн дураараа хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж прокурорын санал болгосон ялыг ойлгосон гэж тус тус дүгнэлт санал гаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ,
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогтой Б-ийн С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 2800 /хоёр мянга найман зуу/ тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160,167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.С-д шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
7. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.А