Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 95

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, 
Улсын яллагч Ч.Мядагбадам, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Очирдорж, 
Шүүгдэгч Э.Доржпүрэв нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Эрдэнэхоролын Доржпүрэвт холбогдох 201715000096 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд 1993 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Мандал овооны 3-05 тоотод оршин суух хаягтай, одоо Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар баг, “Эргэн ус” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1/67 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, Боржигон овгийн Эрдэнэхоролын Доржпүрэв. /РД:ЙЮ93092317/  
Шүүгдэгч Э.Доржпүрэв нь шунахайн сэдэлтээр 2017 оны 02 дугаар сарын 19-ний шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутагт байрлах 121 дүгээр байрны гадна талын автомашины зогсоол дээрээс М.Бүрэнтогтохын 19-28 ГАА улсын дугаартай “Toyota Prius11” маркийн тээврийн хэрэгслийн арын 2 ширхэг их гэрэл хулгайлж 440000 төгрөгийн хохирол,  
Мөн давтан үйлдлээр 2017 оны 03 дугаар сарын 12-ны шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутагт байрлах 191 дүгээр байрны гадна талын зогсоол дээрээс Т.Ганбатын 23-24 ӨВР улсын дугаартай Toyota Prius-11 маркийн тээврийн хэрэгслийн арын 2 ширхэг их гэрэл хулгайлж 400000 төгрөгийн хохирол,  
2017 оны 04 дүгээр сарын 07-ны шөнө 25-22 УНП улсын дугаартай Prius-11 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 121 дүгээр байрны гадна талын автомашины зогсоол дээрээс М.Бүрэнтогтохын 19-28 ГАА улсын дугаартай Toyota Prius-11 тээврийн хэрэгслийн 2 ширхэг их гэрэл хулгайлж 400000 төгрөгийн хохирол, Б.Өнөржаргалын 60-62 УНС улсын дугаартай Toyota Prius-11 маркийн тээврийн хэрэгслийн арын 2 ширхэг их гэрэл хулгайлж 400000 хохирол нийт 1640000 төгрөгийн хохирол буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/   
ТОДОРХОЙЛОХ нь:   
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  
Шүүгдэгч Э.Доржпүрэв шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө цэргийн ангийн 121 дүгээр байрны гадна талд зогсож байсан Приус-11 маркийн авто машины хойд хоёр гэрлэн дохиог хулгайлсан. Цагаан сараас өмнө шөнө ахындаа бууз чимхчихээд явж байгаад цэргийн ангийн 121 дүгээр байрны хойно нь зогсож байсан машины хойд хоёр гэрлэн дохиог хулгайлсан. Тэгээд маргааш өглөө нь Улаанбаатар хот руу 8 цагийн автобусанд суугаад явсан. Замдаа фэйсбүүк орж Приус-11  машин эзэмшигчдийн зарын хуудас гэсэн  групп дээр Приус-11 машины хоёр гэрлэн дохио зарна гэж зар тавьсан. Намайг Улаанбаатар хот руу орж явахад Түмэн гэдэг хүн миний утас руу залгаад гэрлэн дохио чинь байгаа юу гэсэн. Тэгээд би Гурвалжингийн гүүрний тэнд тэр хүнтэй уулзаад хоёр гэрлэн дохиогоо 150000 төгрөгөөр зарсан. Тэгэхэд Түмэн гэдэг хүн өөр гэрлэн дохио байвал хэлээрэй гэсэн. Дараа нь 2017 оны  3 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Ганбат гэдэг хүний машины гэрлэн дохиог хулгайлсан. Тэгээд Түмэн гэдэг хүний утасны дугаар луу залгаад гэрлэн дохио авах уу? гэж асуухад авна гэхээр нь маргааш өглөө автобусанд тавиад явуулсан. Мөнгийг нь өөрийнхөө нэр дээр байдаг данс руу шилжүүлж авсан. Тэгээд 2017 оны 4 дүгээр сарын 07-ны орой ТИС-ийн тэнд байдаг ахындаа оччихоод шөнө 01 цагийн үед гэр лүүгээ буцаад явж байхдаа цэргийн ангийн 121 дүгээр гадна талд Приус-11 маркийн машин байхаар нь машинаа хол тавьчихаад гэрлийг тайлаад аваад явсан. Маргааш өглөө нь нэг машины гэрлийг автобусанд тавьж явуулж Түмэн гэдэг хүнээс 50000 төгрөг авсан. 2 хоногийн дараа үлдсэн 100000 төгрөгийг таньдаг эгчийнхээ данс руу хийлгэж авсан. Нөгөө гэрлийг цагдаад баригдахдаа хураалгасан.  Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.  
Хохирогч Б.Өнөржаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2017 оны 04 дүгээр сарын 07ны орой 20 цагийн орчим өөрийн эзэмшлийн 60-62 УНС улсын дугаартай цагаан өнгийн Prius-11 маркийн автомашиныг 5 дугаар багийн нутагт байрлах 121 дүгээр байр буюу гэрийнхээ гадна талын зогсоол дээр тавиад орсон юм. Тэгээд өглөө 9 цагийн орчим гэрээсээ гарч ирэхэд миний машины ард талын 2 гэрэл дохио байхгүй хулгайд алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Би өглөө ажилдаа явах гэж гарч ирэхдээ л мэдсэн. Миний машины хойд хоёр гэрэл нь хулгайд алдагдсан байна. Машин арчдаг сэгсгэр алчуур байхгүй болсон байсан. Өөр эд зүйл алдагдаагүй. Миний алдсан гэрэл дохио мөн байна. Миний алдсан гэрэл дохио нь доогуураа хар ленттэй байсан юм. Харин сая үзсэн миний гэрэл дохио нь нэг гэрэл нь доогуураа хар ленттэй нөгөө гэрэл дохио хар ленттэй байсныг нь хуулсан нь мэдэгдэж байна. Би эдгээр содон шинж тэмдгээр нь таньж байна." гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/,  
Хохирогч М.Бүрэнтогтохын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2017 оны 04 дүгээр сарын 07ны өдөр 18 цагийн орчим өөрийн эзэмшлийн 19-28 ГАА улсын дугаартай цагаан өнгийн Prius-11 маркийн автомашиныг 5 дугаар багийн нутагт байрлах 121 дүгээр байр буюу гэрийнхээ гадаа тавиад орсон юм. Тэгээд өнөө өглөө 09 цагийн орчим гэрээсээ гарч ирэхэд миний машины ард талын 2 гэрэл байхгүй хулгайд алдсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Мөн би урьд нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны шөнө энэ машиныхаа ард талын 2 ширхэг гэрэл дохиог алдсан юм. Тэгтэл сая дахиад алдлаа. Энэ нэг л хүн хулгай хийгээд байх шиг байна. Би уг гэрлийг Улаанбаатар хотоос 280000 төгрөгөөр худалдаж авсан юм. Би өглөө ажилдаа явах гэж гарч ирэхдээ л мэдсэн. Би гомдолтой байна 2 удаа машины гэрлээ алдаж хохирол амслаа. Иймд миний хохирлыг хурдан шуурхай барагдуулж хулгайчийг нь олж өгнө үү." гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/,  
Хохирогч Т.Ганбатын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2017 оны 03 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн 191 дүгээр байрны гадна талын зогсоол дээр байсан 23-24 ӨВР улсын дугаартай Toyota Prius-11 маркийн автомашины ард талын 2 гэрэл дохиог хулгайд алдсан юм. Би өглөө 06 цагийн үед гандан явах гээд гараад ирэхэд миний гэрэл дохио байхгүй байсан юм. Тэгээд хулгайд алдсанаа мэдсэн. Миний машины хойд хоёр гэрэл дохио хулгайд алдагдсан байна. Өөр эд зүйл алдаагүй. Би гомдолтой байна. Би гэрэл дохио худалдаж авсан хохирлоо нэхэмжилж байна." гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/,  
Гэрч Ц.Батхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Миний машин байгаа юм. 2013 онд 7 сая төгрөгөөр худалдан авч байсан, гэрчилгээ нь миний нэр дээр байж байгаад Гуртын тавилан ББСБ-д зээлээр тавьсан байгаад 2017 оны 01 дүгээр сарын 03-нд зээлээ дуусгасан. Одоогоор нэрээ шилжүүлж авч чадаагүй байна. Барилгад хамт ажилладаг байхад Доржпүрэв надаас авч унадаг байсан, даатгал дээр жолоо барих эрхэд нэрийг нь бүртгүүлчихсэн байсан, дуртай үедээ аваад унадаг би ч зүгээр өгчихдөг байсан, би Өвөрхангай аймаг унаад явахыг нь мэдээгүй байсан. Тэгээд сүүлд нь сонсоход Өвөрхангайд унаж ирээд цагдаад хураалгасан гэж надад хэлсэн. Би хэргийн талаар мэдэхгүй, хотод унаад явж байгаа гэж л бодсон. Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоно. Машинаа авчихвал надад гомдол санал алга." гэсэн мэдүүлэг /ххийн 25 хуудас/, 
 
Гэрч Б.Түмэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн. "...Би Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошууны хөтөлд хувиараа автомашины сэлбэг зарж борлуулдаг юм. Тэгээд Facebook-ээр ороод приүс сонирхогчдын зарын хуудас гэсэн хуудас руу орж үзэхэд 88300691 гэсэн Эрдэнэхорол Доржоо гэсэн хаягтай хүн Toyota Prius-11 маркийн автомашины ард талын гэрэл дохиог яаралтай мөнгөний хэрэг гарсан тул хямд зарна, салгаж зарахгүй 150000 төгрөг гэсэн зарын дагуу залгаад гэрэл дохио байгаа юу гэсэн чинь байна гэж хэлээд бид хоёр гурвалжингийн гүүрэн дээр уулзаад Prius-11 маркийн автомашины ард талын 2 ширхэг гэрэл дохиог 150000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгэхэд л анх харсан. Садан төрлийн холбоо байхгүй. Дараа нь 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр над руу Э.Доржпүрэв 88300691 дугаараас залгаад би машин задалж зарж байгаа Prius-11 маркийн автомашины ард талын 2 ширхэг гэрэл дохио байна авах уу гэхээр нь би авъя чи хаана задалж байгаа юм гэсэн чинь Өвөрхангайд задалж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи яаж хот руу явуулах юм гэхэд би замын автобусанд хийгээд явуулчихъя гэхээр нь за тэг гэж хэлээд би Драгон дээрээс тосч авсан. Тухайн үед би мөнгийг нь 5361112888 гэсэн дансаар нь шилжүүлсэн. Тэгээд мөнгө шилжүүлсний дараа би Доржпүрэвээс чи энэ гэрэлнүүдийг хаанаас олоод байна энэ гэрэл чинь хотод олддоггүй гэрэл шүү дээ, арай хулгайн юмнууд биш биз дээ гэж асуухад би юу гэж хулгай хийхэв дээ, би Өвөрхангайд машин задалдаг юм гэж хэлж байсан. Хамгийн сүүлд 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дахин над руу залгаад дахиад Prius-11 маркийн автомашины 2 ширхэг ард талын гэрэл байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгийг нь яах юм гэсэн чинь та тэгж байгаад боломжоороо шилжүүлчих гэхээр нь 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр урьд нь мөнгө шилжүүлж байсан 5361112888 гэсэн ХААН банкны дансаар нь 50000 төгрөг шилжүүлээд 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр үлдсэн 100000 төгрөгийг нь 5029643783 гэж надад өгсөн данс руу нь шилжүүлсэн. Нийт 3 хос 6 ширхэг гэрэл дохио зарсан. Ямар ч содон шинж тэмдэггүй бүгд ижилхэн гэрэл дохио байсан. Би Э.Доржпүрэвээс худалдаж авсан гэрэл дохионуудаа Facebook дээр зар тавиад зарчихсан. Тус бүрийг нь хосоор нь 250000 төгрөгөөр зарсан." гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/,  
Гэрч Н.Бадамдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Э.Доржпүрэвийн эхийнх нь талаар холын хамаатан байгаа юм. Айл саахалт байсан хүмүүс. Э.Доржпүрэв нь аав, ээж, эгчийн хамт Хайрхандулаан суманд мал маллаж амьдардаг. Бүрэн дунд боловсрол эзэмшсэн, цэрэгт явж байгаагүй, урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, айлын бага хүүхэд байгаа юм. Амжиргааны хэдэн малтай, амьдрал ахуй өөрсдийнхөө хувьд боломжийн амьдардаг айл байгаа юм. Зан аашийн хувьд төлөв даруу, хүнд юм яриад байдаггүй, хүний өмнөөс юм хэлэхдээ тааруухан, томоотой дуугүй хүүхэд байдаг. Жаахан зүрх муутай юмуудаа гэж санагддаг. Ажилд сайн, хүний үгнээс гардаггүй, архи уудаггүй, тамхи татдаг өөр элдэв муу зуршил байхгүй, ер нь томоотой л хүүхэд байгаа юм. Өөрөө тусдаа гараагүй, эгч нь тусдаа гарчихсан.” гэсэн мэдүүлэг /хх 28 хуудас/,  
Гэрч С.Пүрэвийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Э.Доржпүрэв нь миний ач хүү байгаа юм. Аав, ээж, эгчийн хамт Хайрхандулаан суманд мал маллаж амьдардаг. Бүрэн дунд боловсрол эзэмшсэн, цэрэгт явж байгаагүй, урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, айлын 
бага хүүхэд байгаа юм. Ааш зангийн хувьд төлөв даруу, томоотой, үг дуу цөөтэй хүн байгаа юм. Жаахан хөнгөндүү юм шиг санагддаг. Ажилд сайн, дуулгавартай, архи уудаггүй, тамхи татдаг өөр элдэв муу зуршил байхгүй, ер нь томоотой л хүүхэд байгаа юм. Одоогоор тусдаа гараагүй байгаа болохоор өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх 29 хуудас/,  
Шүүгдэгч Э.Доржпүрэвийн мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн "...Би 3 удаагийн үйлдлээр Арвайхээр сумын 5дугаар багийн нутаг дэвсгэрээс Prius-11 маркийн 4 ширхэг автомашины 8 ширхэг арын гэрэл дохио хулгайлсан. 2017 оны 02 дугаар сарын 19-20нд шилжих шөнө Арвайхээр сумын 5 дугаар багийн нутагт байрлах цэргийн ангийн байрны гадна талын зогсоол дээр байсан 19-28 ГАА улсын дугаартай Toyota Prius-11 автомашины ард талын 2 ширхэг гэрэл дохиог ахынхаа Toyota Prius-11 маркийн машинтай очиж хулгайлсан. Тухайн хулгайлсан гэрлээ маргааш нь автобусанд суугаад хотод аваачиж зарсан. 2017 оны 03 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Арвайхээр сумын 5 дугаар багийн нутагт байрлах гэрлэх ёслолын ордны хажуу талын байрны гадна талын зогсоол дээр байсан улсын дугаарыг нь санахгүй байна. Toyota Prius-11 маркийн автомашины ард талын 2 ширхэг гэрэл дохиог явган явж байгаад хулгайлаад урьд өмнө нь гэрэл дохио зарсан хүнтэйгээ ярьж байгаад замын унаанд тавиад явуулсан. 2017 оны 04 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Арвайхээр сумын 5 дугаар багийн нутагт байрлах цэргийн ангийн байрны гадна талын зогсоол дээр байсан 19-28 ГАА улсын дугаартай Toyota Prius-11 ард талын нийт 4 ширхэг гэрэл дохиог Toyota Prius-11 маркийн автомашинтай очиж хулгайлаад гэмт хэргүүдийг үйлдээд цагдаад баригдсан. Би ганцаараа гэмт хэрэг үйлдсэн. Би мөнгө олох гэж л гэмт хэрэг үйлдсэн. Би гурван машины 6-н гэрлийг нь хотод нэг хүнд зарсан. Toyota Prius-11 автомашины багажийг онгойлгоход амархан байдаг юм. Тухайн автомашины ус зайлуулагчийн тагийг аваад багажийн татуургыг арматурын төмрөөр хөшиж онгойлгоод гэрлүүдийг нь гараараа тайлж авсан. Би интернэтэд зарлал тавьж байгаад л зарсан. Би 99868438 гэсэн дугаартай хүнд л нийт 6 ширхэг гэрэл дохиог 450000 төгрөгөөр зарсан. Би уг хүний нэрийг нь мэдэхгүй. Харах юм бол танина. Би хулгайн эд зүйл гэж хэлээгүй. Харин машин задалж зардаг юм гэж хэлсэн чинь намайг дахиад гэрлэн дохио байвал авна шүү гэж хэлж байсан. Тэгж хэлсэн болохоор дараагийн хулгайлсан гэрлэн дохионуудаа замын машинд дайж явуулсан юм. Би яг хэрэг үйлдэх үедээ л ойр орчмын газраас хайж байгаад л арматурын төмөр байхаар нь авч багажийг нь онгойлгочихоод тэр хавьд хаясан одоо надад байхгүй." гэсэн мэдүүлэг /хх-ийн 94-95, 97-98 хуудас/,  
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 04/07 дугаартай "Б.Өнөржаргалын 60-62 УНС улсын дугаартай “Toyota Prius-11” маркийн автомашины алдагдсан /хойд баруун, зүүн/ гэрэл дохионы үнэлгээг 400000 төгрөгөөр тогтоов" гэсэн дүгнэлт /хх-ийн 31-32 хуудас/,  
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 04/06 дугаартай "М.Бүрэнтогтохын 19-28 ГАА улсын дугаартай “Toyota Prius-11” маркийн автомашины алдагдсан /хойд баруун, зүүн/ гэрэл дохионы үнэлгээг 400000 төгрөгөөр тогтоов" гэсэн дүгнэлт /хх-ийн 42-43 хуудас/, 
 
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05/09 дугаартай "М.Бүрэнтогтохын 19-28 ГАА улсын дугаартай “Toyota Prius-11” маркийн автомашины алдагдсан /хойд баруун, зүүн/ гэрэл дохионы үнэлгээг 440000 төгрөгөөр тогтоов" гэсэн дүгнэлт /хх-ийн 49-50 хуудас/,  
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 04/28 дугаартай "Т.Ганбатын 23-24 ӨВР улсын дугаартай “Toyota Prius-11” маркийн автомашины алдагдсан /хойд баруун, зүүн/ гэрэл дохионы үнэлгээг 400000 төгрөгөөр тогтоов" гэсэн дүгнэлт /хх-ийн 57-58 хуудас/,  
Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1/,  
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,  
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5/,  
Эд зүйл /2 ширхэг гэрэл, дохио/-г түр хураан авч, үзлэг хийн хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 13/,  
Эд хөрөнгө /5000 төгрөг/ битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 14-15/,  
25-22 УНП улсын дугаартай, саарал өнгийн, “Приус-11” маркийн автомашиныг хураан авах тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 69-71 хуудас/,  
Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1/67 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 107-108 хуудас/,  
Шүүгдэгч Э.Доржпүрэвийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар /хх103/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-104/, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-112/, бүрэн дунд боловсролын үнэмлэх /хх-115/,   
Хохирол төлсөн баримт /хх-ийн 133-134 хуудас/,  
Хохирогч Т.Ганбатын шүүхэд ирүүлсэн “Э.Доржпүрэвээс хохиролд 400000 төгрөг авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн,   
Хохирогч Б.Өнөржаргалын шүүхэд ирүүлсэн “Миний бие Э.Доржпүрэвээс хулгайд алдсан хойд их гэрэлээ бүрэн бүтэн хүлээн авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн,   
Хохирогч М.Бүрэнтогтохын шүүхэд ирүүлсэн “Би хулгайд алдсан гэрэлнүүдийн үнэ болох 840000 төгрөгийг Э.Доржпүрэвээс хүлээн авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн хүсэлтүүд зэрэг болно.  
Шүүгдэгч Э.Доржпүрэв нь 2017 оны 02 дугаар сарын 19-ний шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутагт байрлах 121 дүгээр байрны гадна талын автомашины зогсоол дээрээс М.Бүрэнтогтохын 19-28 ГАА улсын дугаартай “Toyota Prius-11” маркийн тээврийн хэрэгслийн арын 2 ширхэг их гэрэл хулгайлж 440000 төгрөгийн хохирол,  
Мөн давтан үйлдлээр 2017 оны 03 дугаар сарын 12-ны шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутагт байрлах 191 дүгээр байрны гадна талын зогсоол дээрээс Т.Ганбатын 23-24 ӨВР улсын дугаартай “Toyota Prius-11” маркийн тээврийн хэрэгслийн арын 2 ширхэг их гэрэл хулгайлж 400000 төгрөгийн хохирол,  
2017 оны 04 дүгээр сарын 07-ны шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 121 дүгээр байрны гадна талын автомашины зогсоол дээрээс М.Бүрэнтогтохын 19-28 ГАА улсын дугаартай Toyota Prius-11 тээврийн хэрэгслийн 2 ширхэг их гэрэл хулгайлж 400000 төгрөгийн хохирол, Б.Өнөржаргалын 60-62 УНС улсын дугаартай Toyota Prius-11 маркийн тээврийн хэрэгслийн арын 2 ширхэг их гэрэл хулгайлж 400000 төгрөгийн хохирол, нийт 1640000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Доржпүрэвийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Өнөржаргалын "...2017 оны 04 дүгээр сарын 07-ны орой 20 цагийн орчим өөрийн эзэмшлийн 60-62 УНС улсын дугаартай цагаан өнгийн Prius-11 маркийн автомашиныг 5 дугаар багийн нутагт байрлах 121 дүгээр байр буюу гэрийнхээ гадна талын зогсоол дээр тавиад орсон юм. Тэгээд өглөө 9 цагийн орчим гэрээсээ гарч ирэхэд миний машины ард талын 2 гэрэл дохио байхгүй хулгайд алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм.” /хх-ийн 18/, хохирогч М.Бүрэнтогтохын "...2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 18 цагийн орчим өөрийн эзэмшлийн 19-28 ГАА улсын дугаартай цагаан өнгийн Prius-11 маркийн автомашиныг 5 дугаар багийн нутагт байрлах 121 дүгээр байр буюу гэрийнхээ гадаа тавиад орсон юм. Тэгээд өнөө өглөө 09 цагийн орчим гэрээсээ гарч ирэхэд миний машины ард талын 2 гэрэл байхгүй хулгайд алдсан байхаар нь цагдаагийн байгууллагад 
дуудлага өгсөн юм. Мөн би урьд нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны шөнө энэ машиныхаа ард талын 2 ширхэг гэрэл дохиог алдсан юм. Тэгтэл сая дахиад алдлаа. Энэ нэг л хүн хулгай хийгээд байх шиг байна.” /хх-ийн 21/, хохирогч Т.Ганбатын "...2017 оны 03 дугаар сарын 12-13нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн 191 дүгээр байрны гадна талын зогсоол дээр байсан 23-24 ӨВР улсын дугаартай Toyota Prius-11 маркийн автомашины ард талын 2 гэрэл дохиог хулгайд алдсан юм. Би өглөө 06 цагийн үед гандан явах гээд гараад ирэхэд миний гэрэл дохио байхгүй байсан юм. Тэгээд хулгайд алдсанаа мэдсэн." /хх-ийн 24/, гэрч Б.Түмэнгийн "... Facebook-ээр ороод приүс сонирхогчдын зарын хуудас гэсэн хуудас руу орж үзэхэд 88300691 гэсэн Эрдэнэхорол Доржоо гэсэн хаягтай хүн Toyota Prius-11 маркийн автомашины ард талын гэрэл дохиог яаралтай мөнгөний хэрэг гарсан тул хямд зарна, салгаж зарахгүй 150000 төгрөг гэсэн зарын дагуу залгаад гэрэл дохио байгаа юу гэсэн чинь байна гэж хэлээд бид хоёр гурвалжингийн гүүрэн дээр уулзаад Prius-11маркийн автомашины ард талын 2 ширхэг гэрэл дохиог 150000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгэхэд л анх харсан. Садан төрлийн холбоо байхгүй. Дараа нь 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр над руу Э.Доржпүрэв 88300691 дугаараас залгаад бимашин задалж зарж байгаа Prius-11 маркийн автомашины ард талын 2 ширхэг гэрэл дохио байна авах уу гэхээр нь би авъя, чи хаана задалж байгаа юм гэсэн чинь Өвөрхангайд задалж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи яаж хот руу явуулах юм гэхэд би замын автобусанд хийгээд явуулчихъя гэхээр нь за тэг гэж хэлээд би Драгон дээрээс тосч авсан. Тухайн үед би мөнгийг нь 5361112888 гэсэн дансаар нь шилжүүлсэн. Тэгээд мөнгө шилжүүлсний дараа би Доржпүрэвээс чи энэ гэрэлнүүдийг хаанаас олоод байна, энэ гэрэл чинь хотод олддоггүй гэрэл шүү дээ, арай хулгайн юмнууд биш биз дээ гэж асуухад би юу гэж хулгай хийхэв дээ, би Өвөрхангайд машин задалдаг юм гэж хэлж байсан. Хамгийн сүүлд 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дахин над руу залгаад дахиад Prius-11 маркийн автомашины 2 ширхэг ард талын гэрэл байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгийг нь яах юм гэсэн чинь та тэгж байгаад боломжоороо шилжүүлчих гэхээр нь 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр урьд нь мөнгө шилжүүлж байсан 5361112888 гэсэн ХААН банкны дансаар нь 50000 төгрөг шилжүүлээд 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр үлдсэн 100000 төгрөгийг нь 5029643783 гэж надад өгсөн данс руу нь шилжүүлсэн. Нийт 3 хос 6 ширхэг гэрэл дохио зарсан. Ямар ч содон шинж тэмдэггүй бүгд ижилхэн гэрэл дохио байсан. Би Э.Доржпүрэвээс худалдаж авсан гэрэл дохионуудаа Facebook дээр зар тавиад зарчихсан. Тус бүрийг нь хосоор нь 250000 төгрөгөөр зарсан." /хх-ийн 27/ гэсэн мэдүүлгүүд, эд зүйл хураан авч үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 04/07 дугаартай /хх-ийн 31-32/, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 04/06 дугаартай /хх-ийн 42-43/, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05/09 дугаартай /хх-ийн 49-50/, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 04/28 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 57-58 хуудас/, шүүгдэгч Э.Доржпүрэвийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 94-95, 97-98/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж шүүх үзлээ.    
 Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Э.Доржпүрэвийг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр, машин механизм хэрэглэн хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.  
Шүүгдэгч Э.Доржпүрэв нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ  өөрийн үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд 
хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор иргэний нэхэмжлэгч Ц.Батхүүгийн эзэмшлийн 25-22 УНП улсын дугаартай, “Приус-11” маркийн автомашиныг хэрэглэсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй, шүүгдэгч Э.Доржпүрэвийг хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм хэрэглэсэн гэм буруутай байна гэж үзэхэд эргэлзээтэй байх тул “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ" гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасныг баримтлан  шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй байна.  
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийн “давтан үйлдэх” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  хуульчлагдаагүй, шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.Доржпүрэвийн эрх зүйн байдал дээрдэж байна.   
Иймд Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Э.Доржпүрэвт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.  
Шүүгдэгч Э.Доржпүрэвийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  
Хохирогч Т.Ганбат, Б.Өнөржаргал, М.Бүрэнтогтох нар нь хохирлоо бүрэн барагдуулж авсан тул цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Э.Доржпүрэвийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж үзлээ.  
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан,  үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан ял хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзлээ.  
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Доржпүрэвт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, 
 Шүүгдэгч Э.Доржпүрэв нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Өнөржаргалд машины ар талын 2 ширхэг гэрлийг буцаан өгсөн, хохирогч Т.Ганбатад 430000 төгрөг, хохирогч М.Бүрэнтогтоход 830000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй болохыг,  
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг тус тус дурьдаж,  
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 25-22 УНП улсын дугаартай “Тоёота Приус 11” маркийн автомашин нь иргэний нэхэмжлэгч Ц.Батхүүгийн автомашин болох нь хавтаст хэрэгт авагдсан “Гуртын тавилан” ЗГБХН-ын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1181 дугаар албан бичиг, иргэний нэхэмжлэгч Ц.Батхүү, шүүгдэгч Э.Доржпүрэв нарын мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байх тул 25-22 УНП улсын дугаартай “Тоёота Приус 11” маркийн автомашиныг иргэний нэхэмжлэгч Ц.Батхүүд буцаан олгож,  
Шүүгдэгч Э.Доржпүрэвийн эзэмшлийн AN3561826 дугаартай 5000 төгрөгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Доржпүрэвт буцаан олгож,  
Шүүгдэгч Э.Доржпүрэвт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.  
 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг  удирдлага болгон  
                                                              ТОГТООХ нь:  
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Өвөрхангай аймгийн Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Доржпүрэвт холбогдох хэргийн 
зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.  
2. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэхоролын Доржпүрэвийг  бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэхоролын Доржпүрэвийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.  
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Доржпүрэвт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьчдилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.  
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Э.Доржпүрэвийг  бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.  
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Доржпүрэв нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.  
7. Шүүгдэгч Э.Доржпүрэв нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Т.Ганбатад 430000 төгрөг, хохирогч М.Бүрэнтогтоход 830000 төгрөг тус тус төлсөн, хохирогч Б.Өсөхжаргалд машины ар талын 2 ширхэг их гэрлийг буцааж өгсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.  
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 25-22 УНП улсын дугаартай Приус-11 маркийн автомашиныг иргэний нэхэмжлэгч Ц.Батхүүд буцаан олгосугай. 
 9. Хэрэгт шүүгдэгч Э.Доржпүрэвийн эзэмшлийн AN3561826 дугаартай 5000 төгрөгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч Э.Доржпүрэвт буцаан олгосугай.  
10. Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Доржпүрэвт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
  11.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.   
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Доржпүрэвт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   
                      
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.ЦЭЦЭГЭЭ