Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/521

 

 

 

 

     2021             5             25                                         2021/ДШМ/521

 

М.Дд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Зориг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч М.Д, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,   

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/320 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Д, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар М.Дд холбогдох 2008016670164 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

М.Д, 1987 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй,

Шүүгдэгч М.Д нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, “М” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа буюу 2019 оны 6 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд “М” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан ундаа, жүүс борлуулсны орлого 4.970.290 төгрөгийг завшихдаа албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.Дий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Дийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Дийг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Дд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Дөөс 3.500.000 төгрөг гаргуулан хохирогч “М” ХХК-д олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, М.Дд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч болох “М” ХХК-д хохирлын 4.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Миний бие эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 7 дугаар байрны 65 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилтай, “Бэст бейкери” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажилладаг. Хорих ял нь надад болон эхнэр хүүхдүүдийн маань амьдралд хүндээр тусч байгаа болохоор М.Д миний хорих ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Уг шийтгэх тогтоолоор М.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завшсан гэм буруутайд тооцон ял оногдуулсан.

Хөрөнгө завших гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэдгийг “бусдын хөрөнгө завших үйлдэлдээ албан тушаалаа давуу тал болгон ашигласныг ойлгоно”.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт /хх-19, 60/ гэрч Л.Ц, /хх 64/ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т нар “М.Д ажил үүргийн хувьд Баянзүрх дүүрэгт байрлах манай харилцагч 300 дэлгүүрийг хариуцан хүнсний дэлгүүрээс захиалга авч, өгөх болон зээлээр борлуулсан бараа бүтээгдэхүүний орлого болох мөнгийг бэлнээр авч байгууллагын дансанд тушаах үүрэгтэй. ...” гэж тодорхой мэдүүлсэн.

Үүнээс үзвэл М.Д ажил үүргийн хувьд албан тушаалын байдлаа ашиглаж бусдын хөрөнгө завшсан гэхээсээ илүүтэйгээр дэлгүүрүүдэд зээлээр өгсөн барааны бэлэн мөнгийг хүлээн авах эрхтэй субьект гэдгийг гэрч Л.Ц болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т нар тодорхой мэдүүлсэн байна.

Байгууллагын орлогыг хүлээн авахаар итгэмжлэн хариуцсан этгээд болох М.Дий бусдын эд хөрөнгийг хувьдаа завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Харин бусдын эд хөрөнгийг завшихдаа албан тушаалаа дахин ашигласан талаарх үйл баримт тогтоогдохгүй, энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байгаа нь М.Дий үйлдэл бусдын эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэх тус гэмт хэргийн хүндрүүлсэн шинж хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна.

Улсын дээд шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 446 дугаартай тогтоолд “...хууль бус захиран зарцуулалт хийх буюу завших үедээ албан тушаалын байдлаа ямар нэг байдлаар дахин ашиглаагүй бол албан тушаалын байдлаа ашиглаж гэх нөхцөл байдлаар хүндрүүлэн зүйлчлэхгүй” гэж заасан тул уг шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, М.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хорих ялыг өөрчлөн торгуулийн ялаар сольж өгнө үү.

Хувийн байдлын хувьд: М.Д дээд боловсролтой, тодорхой эрхэлсэн ажилтай, эхнэр, бага насны хоёр хүүхдийн хамт амьдардаг. Урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөрийг бүрэн барагдуулж хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн. Гэм буруу дээр ямар нэг байдлаар маргадаггүй, холбогдсон хэрэгтээ гэмшдэг, архи тамхи огт хэрэглэдэггүй, ажил хийж амьдралаа авч явдаг залуу байгаа.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл: М.Д ажилд орохын тулд 2019 оны 5 дугаар сарын 25-нд автомашин зээлээр авч 2019 оны 6 дугаар сарын 1-нд “М” ХХК-д ажилд орсон. Учир нь, борлуулалтын менежер хувийн машинтай байх гэсэн шаардлага тавигдаж байсан. Автомашины зээлийн төлбөрт 2.500.000 төгрөгийг төлсөн боловч эцэст нь зээлээ төлж чадалгүй машинаа хураалгасан байдаг.

М.Д Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг боловч Баянзүрх дүүрэгт байрлах 300 орчим дэлгүүр хариуцан өдөрт 90 орчим дэлгүүрт очдог, хол маршруттай явдаг учраас компаниас сард 200.000 төгрөгийн бензиний мөнгө өгдөг ч хүрдэггүй /тус мөнгийг сард хувааж үзвэл өдөрт 4 литр бензин/ байсан, тус компани 7 хоногийн 6 өдөр ажиллуулдаг хоолны мөнгө өгдөггүй байснаас байгууллагын мөнгөнөөс хувьдаа машины зээлэнд 2.500.000 төгрөг, 1.000.000 төгрөг орчмыг бензинд зарцуулж, мөн хоол авч идэж хувьдаа зарцуулснаас тус компанид 4 сарын хугацаанд ажиллахдаа 4.000.000 төгрөгийн төлбөртэй болж тус гэмт хэрэгт холбогдсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Талууд дүгнэлт, санал хэлэхдээ ... ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт гаргаж өгч болно” гэж заасан байх тул М.Дий хувийн байдал болон ял хөнгөрүүлэхтэй холбоотой дараах баримтуудыг гаргаж өгч байна. Үүнд: М.Дий эхнэр Б.Оюунгэрэлээс “М” ХХК-д 3.500.000 төгрөг төлсөн баримт, М.Дий “Бэст бейкери” ХХК-д ажилладаг талаарх ажлын газрын тодорхойлолт, “Бэст бейкери” ХХК болон М.Дий хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ /эх хувь/, М.Дий нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, М.Дий шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт, М.Дий гэрлэлтийн бүртгэлий лавлагаа, М.Дий охин Д.Гүнжидийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, М.Дий хүү Д.Гүнбилэгийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, М.Дий иргэний үнэмлэхний лавлагаа, М.Дий оршин суугаа хорооны тодорхойлолт, М.Дий эхнэр Б.Оюунгэрэлийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, М.Дий эхнэр Б.Оюунгэрэлийн ажлын газрын тодорхойлолт зэрэг хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг гарган өгч байгааг минь хүлээн авна уу.

Хэрвээ зүйлчлэлийг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэх юм бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт нь сонгох санкцтай. Иймд шүүгдэгч М.Дд оногдуулсан хорих ялыг торгуулийн ял болгон өөрчилж өгнө үү. Учир нь, хохирогчийн хохирлыг барагдуулсан. Торгуулийн ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Лхагвасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгчөөс хоёр утгатай гомдол гаргасан байна. Зүйлчлэлийг хөнгөрүүлэх, зүйлчлэлийг хөнгөрүүлэхгүй бол торгуулийн ял оногдуулж өгнө үү гэх саналыг гаргаж байна гэж ойлголоо. Шүүгдэгч өөрийн албан тушаалын хувьд эрх олгосон байгууллагын гэрээ хэлцэл, тушаал шийдвэрийн дагуу чиг үүргийнхээ хүрээнд бусдын өмчлөлийг итгэмжлэн хариуцахдаа бусдад хохирол учруулсан асуудал байгаа. Мөн хэргийн хувьд болгоомжгүй үйлдэгдэх ямар ч боломжгүй. Гэм буруугийн зарчим гэж байдаг. Өөрийнхөө үйлдлийн үр дагаврыг мэдсээр байж үйлдсэн. 4.000.000 төгрөгөөр автомашиныхаа төлбөрийг төлсөн үйл баримт тогтоогдсон. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч М.Д нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, “М” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа буюу 2019 оны 6 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд “М” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан ундаа, жүүс борлуулсны орлого 4.000.000 төгрөгийг завшихдаа албан тушаалын байдлаа ашиглаж гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тын “...“Мон жүүс” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 6 дугаар сарын               1-нээс 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд М.Д нь 4.970.290 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авснаас 4.000.000 төгрөгийг хувьдаа завшсан байсан. ...” /хх 66/,

гэрч Л.Цгийн “...Худалдааны төлөөлөгч М.Д нь 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл нийт Баянзүрх дүүрэгт байрлах 36 хүнсний дэлгүүрээс байгууллагын ундаа, жүүс борлуулсны орлогын мөнгө 4.970.290 төгрөгийг бэлнээр хувьдаа завшсан байсан. ...” /хх 19/,

шүүгдэгч М.Дий “...би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мон жүүс” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа буюу 2019 оны 6 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд “Мон жүүс” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан ундаа, жүүс борлуулсны орлогын мөнгө 4.970.290 төгрөгнөөс “Мон жүүс” ХХК-ийн 4.000.000 төгрөгийг өөрийн авто машины зээл болон өөрийн хэрэглээндээ хэрэглэсэн нь үнэн. 970.290 төгрөгийн ундаа, жүүсийг аж ахуй нэгж байгууллагаас аваагүй. ...” /хх 178/ гэсэн мэдүүлгүүд,   

“Дотоод хяналт хийж шийдвэрлэсэн тухай акт” /хх 29/, авлага, өглөгийн товчоо /хх 30/, “Мон жүүс” ХХК-ийн захиргаанд гаргасан хүсэлт /хх 31, 32, 33/, зарлагын баримт /хх 96-124/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан  журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүхээс М.Дийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч М.Дий “М” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа ундаа, жүүс борлуулсны орлогын мөнгө 4.000.000 төгрөг завшсан үйлдлийг Эрүүгийн хуулиийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч М.Д “...миний хорих ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр “...М.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү, хэрэв зүйлчлэл хөнгөрүүлэх боломжгүй гэж үзвэл хорих ялыг өөрчлөн торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн тухайд, завшиж байгаа эд хөрөнгө нь гэрээ хэлцэл, хууль дүрэм, албан ажлын шаардлагын дагуу түүний өөрийнх нь эзэмшилд хууль зүйн дагуу шилжсэн байдаг.

Албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр олгогдсон албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа бусдын хөрөнгө завших үйлдэлдээ давуу тал болгон ашигласныг ойлгоно.

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг.  

Шүүгдэгч М.Д нь “М” ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн тушаал /хх 24/-аар худалдааны төлөөлөгчийн ажилд томилогдон хөдөлмөрийн гэрээ /хх 28/ байгуулагдсанаар уг компанийн харилцагч байгууллагуудад борлуулах эд хөрөнгө түүний эзэмшилд түр шилжсэн төдийгүй уг эд хөрөнгүүдийн төлбөрийг авч, компанидаа санхүүгийн баримт үйлдэн өгөх үүрэг хүлээжээ.

Тодруулбал, түүний албан тушаалын байдал нь бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгах боломжийг бий болгосон бөгөөд уг эд хөрөнгийг М.Д нь ажил үүргийнхээ дагуу зарж борлуулсны мөнгийг “М” ХХК-д тушаалгүйгээр өөртөө завшсан байх тул албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.   

              Шүүгдэгч М.Дий гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлын хэмжээ, уг хохирлыг “М” ХХК-д нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар М.Дд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял болгон өөрчлөх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

              Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч М.Д, түүний өмгөөлөгч Б.Буяндэлгэр нарын “...хорих ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэсэн хэсгийг хүлээн авч, харин шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэрийн “...17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/320 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Дийг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Дийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан М.Дий 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх цагдан хоригдсон 60 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 900.000 төгрөгийг эдлэх ялаас нь хасаж, түүний торгох ялыг хэмжээг 9.100.000 төгрөгөөр тогтоосугай.” гэсэн,

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дд оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Дд мэдэгдсүгэй.” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч нь М.Д нь 3.500.000 төгрөгийг “М” ХХК-д төлсөн болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

5. Шүүгдэгч М.Д, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарын “...хорих ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

6. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

 

 

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

 

 

                        ШҮҮГЧ                                                                        Т.ӨСӨХБАЯР