Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/236

 

2025        05            27                                  2025/ШЦТ/236

 

                       

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхбүрэн даргалж,

улсын яллагчаар хяналтын прокурор Ж.Мөнхзул, 

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Х, түүний өмгөөлөгч Л.Батжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х,

хохирогч П.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овогт Б.Б-д холбогдох ************* дугаартай /2 хавтас/ эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

урьд 2003 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймаг дахь сум дундын шүүхийн * дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 02 дугаар багийн нутаг Галзуу хар гэх газар Улаанбаатар хотоос Өвөрхангай чиглэлийн А0301 автозамын 35 дугаар км шонгийн орчим 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т**** маркын ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа эсрэг урсгал сөрж П.Б-ийн жолоодон явсан D********* маркын ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас П.Б, А.С нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн Б.Х, Б.Г нарын амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудад үндэслэн:

       “Шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 02 дугаар багийн нутаг Галзуу хар гэх газар Улаанбаатар хотоос Өвөрхангай чиглэлийн А0301 автозамын 35 дугаар км шонгийн орчим 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т****** маркын ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа эсрэг урсгал сөрж П.Б-ийн жолоодон явсан Д маркын **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарсны улмаас П.Б, А.С нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, Б.Х, Б.Г нарын амь насыг хохирсон үйл баримт буюу гэмт хэргийн нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэлээ. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

-шүүгдэгч Б.Б-ын өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэг өгөхгүйгэх мэдүүлэг,

Хэрэгт авагдсан:

           -хохирогч П.Б-ийн өгсөн: “...Би талийгаач Б.Х, Ч.Э нарын хамт Булган аймгийн Рашаант сум Элсэн тасархай гэх газарт нарны төхөөрөмжийг амралтын газар хийж өгчхөөд 2024 оны 5 дугаар сарын 07-ны орой 18 цагийн үед тэндээсээ Улаанбаатар хот руу гарсан. Би тухайн үед өөрийнхөө ****** улсын дугаартай **** амжиргаа маркын тээврийн хэрэгсэлтэй миний хажуу талд талийгаач Б.Х бид 2 хамгаалах бүстэй явсан. Араас Ч.Э ******* улсын дугаартай ****** маркын машинтай ганцаараа явсан. Замдаа Төв аймгийн Аргалант сум Хөшөөт 02 дугаар багийн Галзуу хар гэх газарт 50-60 км/ц хурдтай явж байхад гэнэт өөдөөс ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд орж ирээд мөргөлдсөн. Би тэгээд юу болсныг яасан талаар мэдэхгүй, нэг сэрсэн ГССҮТ эмнэлэгт сэргэсэн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл, 50-60 км/ц хурдтай хамгаалах бүс зүүсэн явж байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Зүгээр замын хөдөлгөөнд оролцож яваад эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирсон" гэх мэдүүлэг /1хх-30/,

          -хохирогч А.С-рын өгсөн …Би Увс аймгаас 2024 оны 4 дүгээр сарын эхээр Төв аймгийн Аргалант сум Хөшөөт 02 дугаар баг Галзуу хар гэх газар байрладаг өөх хайлуулах үйлдвэрт ирж ажилд орсон. Ажилд ороод талийгаач Д.Г, Б.Б нартай танилцсан. 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр юу болсон талаар санахгүй байна. Сэрсэн чинь эмнэлэгт сэрсэн" гэх мэдүүлэг /1хх-33/,

          -хохирогч А.С-ын дахин өгсөн Гэмтлийн зэргийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би сэтгэцэд учирсан хохирлоо тоглоолгохгүй. Надад сэтгэл санааны хохирол болон зам тээврийн ослын хэрэгтэй холбоотой ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2хх-12/,

          -гэрч Ч.Э-ын өгсөн: "Би талийгаач Б.Х, П.Б нарын хамт Булган аймгийн Рашаант сум элсэн тасархайд 3 хоног нарны толь суурилуулах ажил хийж дуусгаад 2024 оны 5 дугаар сарын 07-ны орой 18 цагийн үед Улаанбаатар хот руу гарсан. Замдаа 00 цагийн үед байх Төв аймгийн Аргалант сум Хөшөөт 02 дугаар багийн нутаг Галзуу хар гэх газарт явж байхад миний машины урд П.Б өөрийнхөө ****** улсын дугаартай амжиргаатайгаа хажуу талд нь талийгаач Б.Х суугаад 50-60 км/ц хурдтай явж байтал өөдөөс нь урсгал сөрөөд ****** улсын дугаартай А**** ирээд мөргөсөн. Тэгээд би цагдаа дуудсан. Машинаас буугаад хартал А*** машины жолооч Б.Б гэх залуу согтуу архи үнэртэж байсан" гэх мэдүүлэг /1хх-35/,

          -Б.Б-ын гэрчээр өгсөн: “Би Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 баг Галзуу хар гэх газарт өөх хайлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт засварчнаар 2024 оны 4 дүгээр сарын 05-нд ажилд орсон. Ажилдаа ороод талийгаач Д.Г, А.С нартай танилцсан. 2024 оны 5 дугаар сарын 07-ны өглөө 07 цагт Баруунсалаанаас ажил руугаа явсан. 9 цаг өнгөрөөгөөд өөхний үйлдвэр дээрээ очоод ажлаасаа гарахаар болоод хувцсаа авсан. Тэгтэл А.С өчигдөр архи уусан шартаад үхлээ ахаа гэхээр нь 1 шил архи авчирч өгчихөөд Улаанбаатар хот руу 10 цагийн үед буцсан. Өдөр 12 цагийн үед А.С утсаар яриад намайг Яармаг руу хүргээд өгөөч 30,000 төгрөг өгье гэхээр нь тэгье гээд өөхний үйлдвэрт 14 цагийн үед очсон. Очтол өглөө авч өгсөн архийг талийгаач Д.Г-той хамт уусан байсан. Надаас дахин жижиг 0,33 архи нэхэхээр нь дахин авч өгтөл Д.Г-той хувааж уусан. Сүүлдээ талийгаач Д.Г, А.С 2 нэлээд согтоод нэмж дахин талийгаач Д.Г архи авч ууя гээд Эмээлт рүү дөнгөж орж дэлгүүрээс 0,75 литр 2 архи авсан. Тухайн архиа ууцгаагаад Хүй 7 худагт очиж уугаад машиндаа хонохоор болсон. Орой 22 цагийн үед талийгаач Д.Г хүнтэй яриад ажил руугаа явахаар боллоо. Та яаж ийгээд хүргээд өгөөч гэхээр нь хүргэж өгөхөөр болоод 23 цагийн үед ***** дугаартай А маркын машины арын суудалд А.С тасарсан байдалтай хэвтсэн, талийгаач Д.Г жолоочийн хажуу талын суудалд сууж, өөрөө жолоогоо бариад өөхний үйлдвэр рүү явахаар болоод зам руу ороод явж байтал гэнэт эсрэг урсгал руу ороод зам тээврийн осол гаргасан. Би өмнөх өдөр нь нойр дутуу байсан, дээрээс нь А.С, Д.Г нарын сүүлийн архинаас нь хонохоор болохоор нь бага зэрэг уусан байсан. Тэрүүхэн хооронд нойрмоглож эсрэг урсгал руу орсон. ****** дугаартай Т маркын машин нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Өөрийгөө буруутай гэж бодож байна. Маш их харамсаж байна” гэх мэдүүлэг /1хх-37-38/,

          -Б.Б-ын яллагдагчаар өгсөн: “Би Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 баг Галзуу хар гэх газарт өөх хайлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт засварчнаар 2024 оны 4 дүгээр сард ажилд орсон. Ажилдаа ороод талийгаач Д.Г, А.С нартай танилцсан. 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ажлаасаа гарахаар болсон. Тэгээд маргааш нь 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ажил дээрээ хувцсаа авахаар очиход А.С, талийгаач Д.Г нар архи уусан халамцуу байсан. Тэгээд бид хэд ажлаас хамт гараад Хүй 7 худгийн тийшээ очиж хамт архи ууцгаасан. Тэгсэн  орой 22 цагийн үед Д.Г ажил руу хүргээд өг гээд болохгүй болохоор нь хүргэж өгөх гээд Д.Г жолоочийн хажуу талын суудалд, А.С арын суудалд тасарчихсан хэвтээд явсан. Би тухайн үед өөрийн ****** улсын дугаартай А маркын тээврийн хэрэгсэлтэй явсан. Тэгсэн засмал зам руу ороод явж байтал урьд шөнө нь нойр дутуу явсан нойрмоглоод эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан. Би өөрийн буруутай буюу архи уусан үедээ машин барьж замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гаргаж бусдын амь насыг хохироосон гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /1хх-228/,

          -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Г-ы: "... 2024 оны 5 дугаар сарын 08-ны өглөө 09 цагийн үед намайг Баянхонгор аймагт ажил дээрээ байхад ах Х.Э над руу утсаар залгаад ээж Д.Г-ыг зам тээврийн осолд орсон талаар хэлсэн. Тухайн мэдээг сонсоод нягтлахад ээж Д нь зам тээврийн ослоор нас барсныг мэдсэн. Тэгээд Улаанбаатар хотод ирсэн. Би талийгаач ээж Д.Г-ын бага охин нь байгаа юм. Дээрээ 2 ахтай. 2 ахтайгаа ярилцаад би хууль ёсны төлөөлөгчөөр оролцохоор болсон. Талийгаач ээж Б.Г нь Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 02 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг өөх хайлуулах үйлдвэрт тогоочоор ажилладаг байсан. Хэрэг болох шөнийн өдөр нь ээж надтай ээж нь уулан дээр агаар амьсгалж байна гэж ярьсан. Талийгаач ээж маань хууч өвчин болон байнга хэрэглэдэг эм тариа байхгүй. Хааяадаа архи согтууруулах ундаа хэрэглэдэг" гэх мэдүүлэг /хх-40-41/,

          -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х-ийн: "... 2024 оны 5 дугаар сарын 07-ны орой 23 цаг 45 минутад гэртээ буюу ***** тоотод нөхөр 3 хүүхдийн хамт амрах гээд байж байхад бага дүү над руу утсаар залгаад агаа /амь хохирогч Б.Х/ элсэн тасархайгаас ирж яваад зам тээврийн осолд орсон байна гэж хэлсэн. Би тэгээд шууд зам тээврийн осол болсон газарт буюу Төв аймгийн Аргалант сум Хөшөөт 02 дугаар баг Галзуу хар гэх газарт 00 цаг өнгөрөөгөөд очсон. Намайг ослын газарт очиход манай төрсөн ээж Г.О очсон талийгаач дүү Б.Х-ыг нас барсан байна гэж хэлээд уйлаад байж байсан. Манай төрсөн дүү талийгаач Б.Х нь 1991 онд айлын дунд хүү болж төрсөн. Ганц бие, эхнэр хүүхэдгүй, аав П.Б, ээж Г.О, дүү Б.Т нартай хамт амьдардаг байсан. Талийгаач дүү Б.Х нь нарны гэрэл суулгадаг ажил хийдэг. Хэрэг болохоос өмнө Өвөрхангай аймгийн элсэн тасархай гэх газарт нарны гэрэл суулгаад буцаад явж байгаад зам тээврийн осолд орж нас барсан. Талийгаач дүү Б.Х нь байнга хэрэглэдэг эм тариа байдаггүй, F71 буюу мэдрэлийн оюун ухааны хоцрогдол гэх оношоор эмнэлгийн байгууллагын группт ээж Г.О-ийн асаргаанд байдаг" гэх мэдүүлэг /1хх-44-45/

          -Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ** дугаартай “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-нд: "1.7.Талийгаач Б.Х нь гавал тархи, цээж, хэвлий, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач Б.Х-ын цогцост суурь ясны хугарал, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, өвчүү ясны хугарал, цус хуралт, зүүн уушгины эдийн няцрал, хоёр уушгины уг, бөөрний өөхөн эдэд цус хуралт, элэгний эдийн язрал, зүүн шуу, богтос ясны ил хугарал, мултрал, зүүн шаант, тахилзуур ясны ил, далд хугарал, зүүн өлмий, тавхайд хууларсан шарх, зүүн тавхайн 2,3,4,5-р шивнүүрийн ил хугарал, шөрмөсний тасрал, баруун чихний дэлбэн, хуухнагт няцарсан шарх, дух, зүүн эгэм, тохой, ташаа, шилбэ, баруун шилбэ, өлмийд зулгаралт, цээжний зүүн хэсгийн булчин, зүүн сарвуу, баруун шагайн үенд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тогтоогдсон гэмтэл нь шинэ гэмтэл байна. 5.6.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цус, ходоодны шингэнд спиртийн агууламж илрээгүй. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй" гэх шинжээчийн дүгнэлт /хх-48-58/,

          -Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ** дугаартай “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-нд:  "Талийгаач Д.Г нь цээж, хэвлий дарагдах хэлбэрийн механик амьсгал бүтэлтийн улмаас амьсгалын цочмог дутагдлаар нас баржээ. Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач Д.Г-ын цогцост цээжний хөндий дэх цус хуралдалт 1400.0мл, голт, цээжний гялтанд цус хуралт, баруун шуу, богтос ясны далд, баруун 4,5-р хавирганы шууд бус хугарал, зүүн алганд няцарсан шарх, баруун шуунд зүсэгдсэн шарх, чацархай, зүүн зулайн хуйх, цээж, баруун бөөрний өөхөн эд, тохой, шилбэ, зүүн мөр, шуу, сарвуу, гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, дух, хамар, эрүү, цээж, хэвлий, баруун хацар, шанаа, өвдөг, шилбэ, зүүн мөр, бугалга, шуу, өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо, болон ир, ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цусанд 1.8 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Цөсөнд 1.5 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй" гэх шинжээчийн дүгнэлт /1хх-64-73/

          -Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай Химийн шинжилгээнд: “Шинжилгээнд ирүүлсэн “Б” гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-80-81/,

           -Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн **** дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-нд: "П.Б-ийн биед зүүн сүүжний дэлбэн яс, зүүн сүүжний тогооны бүх хана, суудал яс, умдаг ясны хугарал, симфиз үений салалт, баруун шилбэ, зүүн сарвуу, зүүн шуунд цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна" гэх шинжээчийн дүгнэлт /1хх-86-88/

          -Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн **** дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-нд: "А.С-ын биед зүүн 6-9 дүгээр хавирганы хугарал, цээжний хөндий дэх хий хуралдалт, хэвлий, баруун ташаа, гуянд цус хуралт, хамарт зулгаралт, цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэх шинжээчийн дүгнэлт /1хх-98-100/,

          -Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн **** дугаартай Химийн шинжилгээнд: “Шинжилгээнд ирүүлсэн "Б" гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэнэ. “Б.Б” гэж хаягласан цуснаас 1,6 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1,6 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-92-94/,

          -Хохирлын үнэлгээний тайлан /2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 06/80 дугаартай/-д: "D маркын ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ 8,800,000 төгрөг" гэх шинжээчийн дүгнэлт /хх-106-116/

          -Хохирлын үнэлгээний тайлан /2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн **** дугаартай/-д: шинжээчийн дүгнэлт үнэлгээний **** дугаартай "T маркын ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ 9,705,000 төгрөг" гэх шинжээчийн дүгнэлт /хх-128-138/

          -Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн **** дугаартай Автотехникийн шинжилгээнд: "Шинжилгээнд ирүүлсэн Т маркын ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормос ажиллаж байсан байна. Хурд хэтрүүлсэн, аюул саад тулгарахаас өмнө хурд хасах арга хэмжээг оройтож авсан нь осолд нөлөөлөх үндэслэлтэй. Шинжилгээнд ирүүлсэн Т маркын ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэл 101-83 км/цагийн хурдтай явж байсан байна" гэх шинжээчийн дүгнэлт /1хх-149-169/

          -Шинжээч Я.С-ын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн **** дугаартай Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоох шинжилгээнд: "Т маркын ***** улсын дугаартай автомашины жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 "Жолооч дараах үүргийг хүлээнэ: 6/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бус хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх" мөн дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ... ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. D маркын ***** улсын дугаартай автомашины жолооч П.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. T маркын ***** улсын дугаартай автомашины жолооч Б.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэж байна" гэх дүгнэлт /1хх-175-177/,

          -Төв аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн **** дугаартай албан бичигт: “...2024 оны 5 дугаар сарын 08-нд үүлэрхэг, салхи 2-4 м/с түр зуур 16 м/с хүрсэн, агаарын дундаж температур 10.3°С, агаарын үнэмлэхүй бага температур 5.5°С дулаан, цаг агаарын үзэгдэл ажиглагдаагүй байна” гэж /1хх-181/,

          -Иргэний нэхэмжлэгч Б.Г-ийн өгсөн "... П.Б-ийн 3,594,320 төгрөгийн, А.Сүхбаатарын 1,694,488 төгрөгийг даатгалын сангаас эмчилгээ болгон авсан байна. Энэ мөнгийг Б.Б-аас нэхэмжилнэ..." гэх мэдүүлэг /1хх-188/,

          -Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 03-ны  өдрийн “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож дүгнэлт гаргах журмын 2.6 дахь хэсэгт “Шинжилгээ хийлгэх хохирогч нь шинжилгээнд биечлэн хамрагдана” гэж заасан. ...Мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Ю.Э-тай утсаар холбогдож шинжлүүлэгч П.Б-ийг ирүүлж, үзлэг хийлгэхийг хүсэхэд өнөөдрийг хүртэл үзүүлээгүй байна. Иймд Шүүх шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэн шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзаж байна” гэх 13/8828 дугаартай албан бичиг /2хх-2/,

          -Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 04-ний  өдрийн “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож дүгнэлт гаргах журмын 2.6 дахь хэсэгт “Шинжилгээ хийлгэх хохирогч нь шинжилгээнд биечлэн хамрагдана” гэж заасан. ...Мөрдөгчтэй утсаар холбогдож шинжлүүлэгч А.С-ыг ирүүлж, үзлэг хийлгэхийг хүсэхэд өнөөдрийг хүртэл үзүүлээгүй байна. Иймд Шүүх шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэн шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзаж байна” гэх 13/8860 дугаартай албан бичиг /2хх-5/,

          -цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-18-19/

          -2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зургууд /1хх-2, 5-14/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлсэн, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд хуульчилсан.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар бүлэгт “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих”-ийг гэмт хэрэгт тооцохоор, уг гэмт хэргийн хүндүүлэх шинжийг 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн”, 4.2-т “энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол гэж хуульчилсан.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн аутентик тайлбарт буюу хууль тогтоогч “энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж хүндрүүлэх шинжийг тайлбарласан бөгөөд шүүгдэгч Б.Б-ыг “согтуурсан” гэж дүгнэх үндэслэл “Б.Б гэж хаягласан цуснаас 1,6 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1,6 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан мэдүүлгүүдээр нотлогдлоо.  

          Хэрэгт авагдсан, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн Б.Б нь Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 02 дугаар багийн нутаг Галзуу хар гэх газар Улаанбаатар хотоос Өвөрхангай чиглэлийн А0301 автозамын 35 дугаар км шонгийн орчим 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр согтууруулсан үедээ Т маркын ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4."Жолооч дараах үүргийг хүлээнэ: 6/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бус хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх", мөн дүрмийн 3.7."Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй... ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 11.3."Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчиж, эсрэг урсгал сөрж явсны улмаас П.Б-ийн жолоодон явсан D маркын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас жолооч П.Б, зорчигч А.С нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн зорчигч Б.Х, Б.Г нарын амь насыг хохироосон нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

          Шүүгдэгч Б.Б-ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол, хоёр хүний амь насыг хохироосон үйлдэл нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т заасан шинжийг бүрэн хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

          Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаж мэтгэлцээгүй болно.  

Иймд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 02 дугаар багийн нутаг Галзуу хар гэх газар Улаанбаатар хотоос Өвөрхангай чиглэлийн А0301 автозамын 35 дугаар км шонгийн орчим 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр согтуурсан үедээ Т маркын ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж эсрэг урсгал сөрж П.Б-ийн жолоодон явсан Д маркын ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас П.Б, А.С нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн Б.Х, Б.Г нарын амь насыг хохироосон шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

          1.2.Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч Б.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас Б.Х, Б.Г нарын амь нас хохирсон, П.Б, А.С нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хоорондоо шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж, 3 дахь хэсэгт “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж, мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хохирогч нас барсан ... тохиолдолд түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэж тус тус хуульчилсан бөгөөд амь хохирогч Б.Х-ын хууль ёсны төлөөлөгчөөр Б.Х, амь хохирогч Д.Г-ын хууль ёсны төлөөлөгчөөр С.Х нарыг тогтоосон тул хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон этгээд нь хохирогчийн эрхийг эдэлж, нэхэмжлэх эрхтэй этгээд гэж үзнэ.  

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Х-аас оршуулгын зардалд 16,497,529 төгрөг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х-аас оршуулгын зардалд 21,369,210 төгрөгийг, хохирогч П.Б-ээс мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардалд 12,490,000 төгрөгийг, шүүх хуралдаанд 1,150,000 төгрөгийг эмчилгээний зардалд тус тус шаардаж, баримтыг хэрэгт хавсаргасан байна.  

Шинжээчийн дүгнэлтээр хохирогч П.Б-ийн жолоодож явсан "D маркын ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ 8,800,000 төгрөг" гэж тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нар нь хохирогч нарын шаардсан оршуулгын зардал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцсон шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаж мэтгэлцээгүй.

Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан тул гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Б нь хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ.  

Иймд амь хохирогч Д.Г-ын хууль ёсны төлөөлөгч С.Х-д 16,497,529 төгрөг, амь хохирогч Б.Х-ын хууль ёсны төлөөлөгч Б.Х-д 21,369,210 төгрөгийг, хохирогч П.Б-т эмчилгээний зардалд 13,640,000 төгрөг, машины хохирол 8,800,000 төгрөг, нийт 22,440,000 төгрөгийг тус бүр шүүгдэгч Б.Б-аас гаргуулж олгуулахаар шийдвэрлэв.

Сэтгэцэд учруулсан гэм хорын тухайд:

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5-д “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй” гэж заасан тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Х, Б.Х нар нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 1457 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Х-ы сэтгэцэд учирсан хохирлын зэргийг гуравдугаар зэрэглэлд хамаарна” гэж, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 1458 дугаартай шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х-ийн сэтгэцэд учирсан хохирлын зэргийг гуравдугаар зэрэглэлд хамаарна” гэж тус тус тогтоожээ. /2хх-144-146, 149-151/

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж зааснаар,

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3 дахь хэсэгт заасан зарчмыг удирдлага болгон, амь хохирогч нарт нөхөж баршгүй хүнд хор уршиг учирсан, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг дүгнэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу дээд хэмжээгээр (660,000 төгрөг х 22.99) тооцон, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Х, Б.Х нарт тус бүр 15,173,400 төгрөгийг шүүгдэгч Х.Б-аас гаргуулж олгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.     

Хохирогч П.Б нь шүүх хуралдаанд амь хохирогч нарын хохирлыг ч барагдуулаагүй хүнээс сэтгэцэд учирсан гэм хорын хохирол шаардахгүй гэснийг дурдав.

          Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлын тухайд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан тул энэ гэмт хэргийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хохирогч А.С-т 1,694,488 төгрөг, хохирогч П.Б-т 3,594,320 төгрөг, нийт 5,288,808 төгрөгийн зардал Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсныг шүүгдэгч Б.Б-с нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хохирогч А.С-с баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн тул хохирогч А.С-т холбогдох хэсгийг хэлэлцээгүй үлдээснийг дурдав.  

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх тогтоосон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд... эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар түүнд шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна

Улсын яллагчаас: “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэргийн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилго, зорилтод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлөөгүй. Шүүгдэгч энэ хэрэгтээ баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл байхгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна” гэх дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Х-ы өмгөөлөгч Л.Батжаргал: “...Хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Б.Б-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд 2 хүний амь нас хохирч, 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Шүүхээс энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг төлж барагдуулаагүй нөхцөл байдлыг харгалзаж үзээд шударга ёсны зарчимд нийцсэн эрүүгийн хариуцлагыг оногдуулах байх гэж өмгөөлөгчийн хувьд харж байна. Хоног, хугацааны хувьд тусгайлан гаргах саналгүй. Иймд шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох учиртай. Шүүхийн шийдвэр гарснаараа биелэгдэх учиртай. Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр байх хууль зүйн боломж байхгүй. Хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах байх” гэх дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х: “Л.Б өмгөөлөгчтэй санал нэг байна” гэх дүгнэлтийг,

Хохирогч П.Б: “Л.Б өмгөөлөгчтай саналыг дэмжиж байна. Хохирогч болон хууль ёсны төлөөлөгч нарт хохирол барагдуулах талаар санаачилга гаргаагүйд би гэмшиж байна. Ядаж нэг удаа утсаар ярьж болно. Хэрвээ би ийм хэрэг үйлдсэн бол нэлээн араас нь явж, ядаж нэг халуун сав цай бариад ч хамаагүй очино. Хуулийн талаар сайн мэдэхгүй. Хариуцлагаа хүлээх ёстой. Хуулийн дагуу тохирсон ял шийтгэлийг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Б-ыг гэм буруутайд тооцсон учраас улсын яллагч болон хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар саналаа хэлсэн. Энэ гэмт хэргийн тухайд 2-8 жилийн хугацаагаар хорих ял, мөн нэмэгдэл ял 8-12 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах хуулийн зохицуулалттай. Өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гаргасан саналтай холбогдуулан нэмэлт тайлбар байхгүй. Улсын яллагчийн зүгээс хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж тайлбарласан. Иймд ял шийтгэлийн хувьд хэлэх зүйл байхгүй. Энэ гэмт хэргийн улмаас 2 хүний амь нас хохирч, 2 хүн хүнд гэмтсэн. Өнөөдрийн байдлаар миний үйлчлүүлэгч Б.Б хохирол төлөөгүй байна. Б.Б-ын хувьд ийм гэмт хэрэг үйлдчихээд ингээд зогсож байгаад өмгөөлөгчийн зүгээс маш их харамсаж байна. Өөр хэлэх тайлбар байхгүй гэх дүгнэлтийг тус тус гаргаж,

Шүүгчдэгч Б.Б эцсийн мэдүүлэгтээ: “Ийм гэмт хэрэг хийсэндээ харамсаж явдаг. Эдгээр хүмүүсээс уучлалт гуйж байна” гэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг найман жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байна.

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа, хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-190-194/ зэрэг баримтууд авагдсан, одоо 60 настай байх ба эхнэрээсээ 2012 онд салсан, 2 хүүхэд тусдаа гарсан, ганц бие иргэн гэж шүүхэд мэдүүлсэн. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6,6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд эхнээсээ дэмжлэг үзүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болж байгаагүй зэргийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б-д үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдалд дүгнэлт хийж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тогтоохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг найман жилийн хугацаагаар хасаж, таван жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг түүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Эрүүгийн ************** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж,

шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолохоор тогтоов.   

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13., 37.1, 37.2, 38.1., 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х овогт Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар шүүгдэгч Х овогт Б.Б-д тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.  

5.Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.3-т заасныг баримтлан амь хохирогч Д.Г-ын хууль ёсны төлөөлөгч С.Х-д 31,670,929 төгрөгийг, амь хохирогч Б.Х-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Х-д 36,542,610 төгрөгийг, хохирогч П.Б-т 22,440,000 төгрөгийг тус тус шүүгдэгч Б.Б-аас гаргуулан олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Х.Б-аас 5,288,808 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.С-ын хохирлыг хэлэлцэхгүй орхисугай.   

8.Эрүүгийн ************ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг ирээгүйг тус тус дурдсугай. 

          9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

        12.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлсүгэй.

       13.Шүүхийн шийдвэрийг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

       14.Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.МӨНХБҮРЭН