| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 317/2025/0120/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/242 |
| Огноо | 2025-05-20 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Б.Лувсанцэрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/242
2025 05 20 2025/ШЦТ/242
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхбүрэн даргалж,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Лувсанцэрэн,
шүүгдэгч Э.Ч, түүний өмгөөлөгч П.Ганбаатар,
хохирогч И.Э, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч Б овогт Э.Ч-т холбогдох *************** дугаартай /2 хавтас/ эрүүгийн хэргийг 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авснаар энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Э.Ч нь Төв аймгийн Жаргалант сум, Өгөөмөр 2 дугаар баг "Хөдөлмөр зуслан" гэх газарт 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр "*" маркын *******улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийх үедээ хохирогч И.Э-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Э.Ч-ын: “2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр найз И.Э, Г.Г хоёр ярьсан. И.Э захиргаа руу явж хөөцөлдөх ажилтай байна, тэрийг хөөцөлдөөд явъя гээд тэгээд гурвуулаа захиргаа руу явж, ажлаа хөөцөлдөж дуусчихаад хоолонд орцгооё гээд 1 дүгээр багт байрлах Намуун караокед очиж хоол идсэн. Хоол идэж байх явцад Д.Э гаднаас орж ирсэн. Д.Э гаднаас орж ирээд бид нарын ширээнд суугаад цуг хоол идэж, нэлээн удаан ярилцаад сууж байх явцад Д.Э, Б.Г-ой яриад Б.Г гаднаас орж ирсэн. Тэгээд хэсэг хугацаанд ярилцаж суусны дараа тэр өдөр И.Э-ы машин хотод явдаггүй өдөр байсан учраас жаахан байж байгаад явъя гэдэг зүйлийг Г.Г, И.Э хоёр хоорондоо ярилцаж байсан. Бид нар хэсэг жаахан агаарт сууж байгаад явна гээд байж байсан. Тэгээд Б.Г орж ирээд хэсэг ярилцаад сууж байгаад Д.Э тэр караокеноос архи авсан. Би энэ хэд явах гэж байгаа учраас архи уух хүн байхгүй. Наад архиа буцааж өг гээд архийг буцаагаад тэр зуур дээшээ зуслан явъя гээд Б.Г ярьсан. Тэгээд дээшээ явцгаахаар болж, гадаа машинд гарч ирэхэд би И.Э-ы машинд сууж байсан. Д.Э гараад дэлгүүрээс тортой архи, ундаа зэрэг зүйлсийг аваад гарч ирсэн. Бүгдээрээ тийшээ явцгаахаар болсон. Миний хувьд төвд ажилтай байсан учраас яваагүй үлдсэн. Эндээс Д.Э, Б.Г, Г.Г нар дээшээ зуслан руу явсан. Би тэд нараас түрүүлээд хөдөлсөн. Би хүүхдээ эмнэлэгт үзүүлэх болон төвөөр хөөцөлдөх ажилтай байсан. Миний араас нэлээн залгасан. Б.Г, Д.Э нар архи дууссан учраас ирэхдээ шинэ архи аваад ирээч гээд. Тухайн үед Г.Г бил үү И.Э бил үү залгаад ирэхдээ шүдэнз, гал аваад ирээч гэж залгасан байдаг. Тэгээд би Б.Г-ийг ярихад нь архи дарс аваачиж өгч чадахгүй, тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Д.Э дахиад залгаад ирэхдээ нэг шил архи аваад ирээч гэж залгасан. Би сумын төвөөс архийг нь аваад бүүр гараад явж байтал Б.Г дахин залгаад надад н.М наанаас чинь архи авч ирэх гэж байгаа эсхүл чи тэр архийг аваад ирээч гэж хэлсэн. Би н.М ярихад би өөрөө очиж амжихгүй болсон учраас архины мөнгийг чам руу шилжүүлье гэхээр нь би дэлгүүр рүү очоод н.М-ийн шилжүүлсэн мөнгөөр нь 2 шил архи аваад дээшээ зуслан дээр очсон. Зуслан дээр очиход Г.Г, И.Э, Б.Г, Д.Э нар зуслан дээр архиа уугаад дууссан байсан. 2 шил архийг авч очиход 1 шил архийг задлаад уусан. Тэр архинаас нь би цуг хуваалцаж уусан. Хотоос Б.Б, Б.А нар надтай цуг ногоон тэжээл тарьсан байсан учраас ногоон тэжээлийн талбай очиж үзье гээд ирж байсан. Архи хувааж уугаад дуусах процест Б.Б, Б.А нар Жаргалант суманд ирсэн байна, хүрээд ирээч гэж ярьсан. Тэгээд ярьж дуусаад намайг гарах гэтэл Б.Г надтай нэлээн зууралдаж, байж бай гээд өмднөөс зуураад явуулаагүй. Нэлээн зууралдсан. Тэгээд би тэндээс явж, ногооны талбай дээр очсон. Ногооны талбайг үзсэн. Б.Б, Б.А хоёр И.Э-ы машиныг барьж явахаар болсон, И.Э ирээд машин аваад яваач гэж байсан. И.Э-ы нөхөр болох н.Б ирэхдээ манай эхнэр Тайвнаагийн машиныг унаад аваад ирээч гэж ярьсан гэж байсан. Тэгээд бид нар ногоон тэжээлээ очиж үзчихээд, дээшээ зуслангийн наана нууран дээр бид 3 сууж байсан. Тэгээд И.Э руу залгахад утсаа авахгүй байсан. Наанаасаа гараад ирээ, бид нар нууран дээр байна, бид хэд наад газар руу очихоо болилоо гээд мессеж бичсэн. Утсаа авахгүй байсан. Б.Б тэр 2 хотоос нэг шил архи авч ирсэн байсан. Бид 3 тэнд сууж байгаад задалсан. Б.А бол уугаагүй. Б.Б бид хоёр дээрээс нь 2, 2 рүнкээр уучихаад байж байтал И.Э-ы дунд хүү н.Т-д залгаад, ээжтэй ярих гэсэн юм, ээж байна уу ахаа гэж байсан. Тэгээд Б.Б бид хоёр ярьсан. Хэсэг хугацааны дараа дахиад над руу залгаад, та ээжтэй ойрхон байгаа бол ээжтэй яриулаад өгөөч гэж залгасан. И.Э утсаа авахгүй байсан учраас очихгүй бол болохгүй юм байна, хүүхэд нь залгаад байна гээд бид 3 тэнд архи ууж дуусгахгүйгээр үлдээчхээд зуслангийн байр дээр очсон. Тэгээд зуслангийн байран дээр очиход 2 шил архи уусан байхаа. 1 шил архийг задалсан ширээн дээр байж байсан. Тэгээд бид нар ороод бүгдээрээ тойроод суусан. Миний баруун талд Б.Б, зүүн гар талд Б.Г суугаад, өөдөөс Д.Э нар тойроод суусан. Тэгээд задалсан байсан архийг тойруулж уух явцад Д.Э сөн түшээд хундаглаж байсан. Тэгээд Б.А-д архи өгсөн. Б.А би машин барьж явж байгаа учраас архи уухгүй гээд татгалзсан. Гэтэл Б.Г яахаараа архи уудаггүй юм, алив аваад ир гээд сөнө түшиж байсан архийг аваад Б.Г өөрөө хундаглаад Б.А-д өгсөн. Б.А дахиад уухгүй гэтэл яахаараа уудаггүй юм гэж хэлсэн. Дахин нэмээд урд нь нөгөө хундагатай архийг чулуудаад шидсэн. Тэгэхээр нь би жаахан ундууцаж, хүн архи уухгүй, машин барьж яваа гэж байхад яагаад чи архиар шахаад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгтэл ярилцаж байх зуур урдаас босож ирээд Д.Э намайг цохиод унагаасан. Тэгээд би хойшоо ор руу савж уначхаад босоод ирэхэд миний зүүн гар талд байсан Б.Г яг босож ирээд буцаж намайг цохиж унагаасан. Би уначхаад босож ирээд зууралдах гээд байж байтал бужигнаад тэрүүгээр юм хум асгараад би зуслангийн байр дотор унасан. Тэгээд зууралдаад гадаа гарсан. Гадаа гартал Б.Г-ийн хажуу талаар Д.Э тойрч ирээд цохисон. Удаа дараа ээлжлэн цохисон. Тэгээд манай хэд салгах гээд хүч хүрээгүй. И.Э, Г.Г, Б.Б, Б.А нар салгах гээд хүч хүрэхгүй байсан. Д.Э нь Б.Б, Б.А хоёрыг зодох гэж үзсэн. Тэгээд тэр хоёр сүүлдээ зугатаасан. Миний хувьд Д.Э-д гар хүрсэн зүйл тохиолдол огт байхгүй. Надад боломж байгаагүй. Миний хувьд надаас ахмад байсан учраас би тэр хүнд гар хүрээгүй. Удаа дараа миний толгой тус газарт цохисон. Тухайн үед миний толгой руу удаа дараа цохисон учраас нэлээн дүйнгэдүү байдалтай байсан. Нэг хартал, Б.Б гүйж байсан. Тэгээд сүүлдээ манай хоёр найз машиндаа суугаад хөдөлье гэж байсан. Миний хувьд явах боломж байсан боловч ангийн хоёр охин байсан учраас үлдээж чадаагүй. Тэр хоёр яваад би үлдээд тэр хоёрыг авах гээд иртэл над руу дахиад дайрсан. Над руу дайрах гэж байх явцдаа тэр хоёр хоорондоо барьцалдаж аваад унасан. Тэр момент дээр нь бид 3 зуслангийн хашаанаас зугатаагаад гарсан. Зугатаж гараад би жолоочийн суудалд суугаад, миний ар талд И.Э сууж, И.Э эсрэг талд Г.Г суусан. Машинд суух явцад тэр хоёр машинд ирээд машиныг гадна талаас өшиглөж, машины шилийг хагалчих гээд нүдээд балбаад энэ хоёр ард орилоод байсан. Тэгээд ухраарай гээд ардаас орилсон. Тэр моментод миний бие ухрах үйлдэл хийсэн. Хагас дараад хойшоо ухрах явцад И.Э хэвтэж байсан. Тэгээд буугаад очиход гар нь хугарсан байсан. Тэгээд И.Э-ыг машинд нь суулгаад, би машиныг нь бариад төв рүү эмнэлэг явсан” гэх мэдүүлэг,
Хохирогч И.Э-ы: Зодоон үүссэнээс хэрэг гарсан гол шалтгаан нь Э.Ч-ын ярьсантай адилхан. Өмнө өдөр нь хотоос гарсан. Э.Ч айлын ажил явдал руу явъя гээд манай ангийн охин энэ хоёр ярьсан. Миний хохирогч болсон шалтгаан бол зодоон үүссэнээс болсон. Б.Г энэ хоёр маргалдаж эхэлсэн. Хөдөлмөр зуслан дээр Э.Ч ирсэн. Энэ хоёрыг цохилцох үед нь би бие засах гээд гарсан байсан. Буцаад ороод ирэхэд зодоон болсон байсан. Архи уух, уухгүй гэх үед нь би байхгүй байсан. Ороод ирэхэд барьцалдаж авсан байсан. Тэгээд яасан юу болсон бэ гэхэд Б.А-ыг архи уу гээд Б.А уухгүй гээд Э.Ч ингэсэн гэж байсан. Д.Э, Б.Г энэ 3 зодолдоод тэр 2 бол Э.Ч-ыг байнга 2 талаас нь зодоод байсан. Г.Г бид хоёр 2 талаас нь салгах гээд дийлээгүй. Би хамаг бие хөх няц болсон. Ангийнхаа залууг өмөөрөөд голоор нь ороод салгах гэж нэлээн үзсэн. Гэтэл дийлээгүй. Гар нь хүрсэн үү үгүй юу савж унаад байсан. Э ах түлхэж унагаад дийлдэхгүй, бүүр аймар байсан. Сүүлдээ дийлдэхгүй юм байна, болъё, явъя, зугтаая Ч боль, машин руугаа явъя гээд гүйсэн. Манай ангийн охин бид 3 машин руугаа гүйгээд түрүүлж очиж Э.Ч машины жолоонд сууж, би ард нь сууж, миний хажуу талд баруун гар талд Г.Г суусан. Яг машин асаагаад байж байтал тэр хоёр араас хөөж ирээд зүүн талаас Д.Э, баруун талаас Б.Г ирээд машины хаалга үүд рүү өшиглөж, цохисон. Би бодохдоо, миний машин байсан болохоор тэр хоёр Э.Ч-ыг зодох гээд хөөж байсан болохоор намайг жолоон дээрээ суугаад, Э.Ч-ыг хойно суусан гэж бодоод хаалга онгойлгосон байх. Машин тэргийн цонх хагаллаа, та хоёр ямар аймар юм бэ, болиоч гэж хэлтэл миний гарнаас хүрсэн үү үгүй юу гэлтэй би доошоогоо хараад унасан. Тэгээд секунт болсон байх. Э.Ч намайг анх суусан байсан гэж бодоод ухарсан байх. Нэг мэдэхэд л би дайруулсан байсан. Тэр болсон явдал нь тэр хоёр араас гүйж ирээд явуулахгүй, машин тэрэгний хаалга, үүдийг гаднаас нь балбаад хөдлөхгүй байсан. Машин асаагаад хөдлөх гэж байтал хөдлөгөхгүй гэж гүйж ирсэн. Зодох гэж л ирсэн” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Г: “И.Э-тай зуслангийн талаар яриад сууж байхад Э.Ч явсан. Тэгээд бид хоёр хүлээх зуураа зуслан, нутгийнхаа талаар багийнхаа дурсамжийг яриад байж байсан. Бид хэд ирчхээд Э.Ч-ыг уух юм аваад ирээч гээд залгаад хүлээгээд байсан. Манай найзын утас нь Б.Г-д байсан юм байна лээ. Тэр үед Э.Ч-ыг ирсэн талаар мэдээгүй. Хэрвээ ирсэн талаар мэдсэн бол бид хоёр тэндээс гараад явах боломж байсан байх. Утсаа авахгүй байсан болохоор Э.Ч хүрч ирсэн. Б.А энд байхгүй байна. Б.Г манай найз Б.А өгсөн. Уухгүй гээд архийг нь авахгүй байж байтал Б.Г хүний өгсөн юмыг авдаггүй, монгол хүн байж ямар сонин юм бэ гэж маргалдсан. Э.Ч голоор нь ороод хүн уухгүй гэж байхад заавал уух албагүй, өгөх ёсгүй шдээ гэж ийм яриа болсон. Эах сууж байгаад босож ирээд Э.Ч-ыг цохиод авсан. Бид хэд бужигналдаад овгор байсан. Тэр овгороос гараад тэндээс зодолдоод гарсан. Тэгээд заамдалцаж аваад энэ хоёр зэрэг дайрцгаасан. Тэнд бараг 10-20 минут зодолдоод хашааны голд ирсэн. Б.Б, Б.А хоёр бид хоёр эндээс явчихвал гайгүй байх. Арай ч хоёр эмэгтэй хүн байгаа учраас асуудал гаргахгүй байх, бид хоёр явчихвал арай ч нэг хүн рүү дайрахгүй байх гээд жаахан холбоод байж байя гээд тэндээс явсан. Бид тав үлдсэн. Э.Ч үлдсэн юм чинь энэ хоёр арай ч дайрахгүй байлгүй дээ гэж би бодсон. Бүүр тэр машин хүртэл зодолдоод, И.Э голоор нь орж салгах гээд би хажуугаар нь ойртож чадаагүй. Ойртохын аргагүй цохиод байсан. Тэр машин хүртлээ нэлээн цохиулж нүдүүлээд Ч бол 2 талаас нь цохиод Ч яаж ч чадаагүй. Э.Ч бол энэ хоёрыг цохиж нүдэх боломжгүй байсан. Тэгээд бүүр толгой тархи нь балбаад байсан. Болиоч ээ гээд зөндөө хэлэхэд хүний үг авахгүй байсан. Би бага байхдаа Эрка ахыг нутгийн хамгийн гоё, үлгэр жишээ ах гэж боддог байсан. Согтуу дүр төрхийг нь харж байгаагүй учраас аймар байсан. Яг л кино нь дээр гардаг шиг. Огт үг аваагүй. Бид нар зугатааж, гялс гурвуулаа машиндаа сууя, тэгэхгүй бол Ч-г алах юм байна гээд гялс зугатаагаад, машин руу зугатаж /машин онгорхой байсан байх/ бид хэд суусан. Жаахан уусан хүмүүс сандралтай байсан. Тэр бол хэдхэн секунтын дотор болоод өнгөрсөн асуудал. Машиндаа суугаад И.Э арын суудалд суухтай зэрэгцэж, машин асаж таараад, яг суухад нь гэнэт 2 талаас энэ хоёр тухайн үед машиныг 2 талаас өшиглөөд, цонх балбасан. Бид 3 машинтайгаа зугтвал арай гайгүй юм болов уу гэж бодсон. Тэгээд яг хөдлөхтэй зэрэгцээд И.Э-ы сууж байсан талаас Э ах хаалга онгойлгож, цуг унаж таарсан. Яг хашаатай тулсан байсан учраас машин ухрахтай зэрэгцээд унаж таарсан. Тэгэх зуур бүгд сэхээ авч, хүүе яанаа гээд бүгд хажууд нь очсон. Бид нар зугатахаас өөр аргагүй байсан. Бид нар энэ хүмүүстэй зодолдох ямар ч хүчгүй байсан. Машин дотор амжаад суулаа, за түгжээрэй гэж хэлэхтэй зэрэгцээд И.Э-ыг татаад унагасан. Тухайн үед машин тэргийг аймар балбаж, өшиглөсөн. Бид нар ингээд нэгийгээ яах юм байна гээд зугатаасан. Тэгээд найз маань тэр машины доогуур орсон байсан. Хэдхэн секунтэд болсон асуудал. И.Э ирээд суугаад машин асаж, хаалгаа хааж амжаагүй байтал татаад буулгасан. Б.Г машины миний сууж байсан талд байсан. Би жолооны хүрдний эсрэг талын баруун хойно сууж байсан. 7-8 метрийн зайд байх ямар ч боломжгүй. Зодолдож явсаар байгаад хашааны хаалгаар гарч, машины зогсоол руу гүйж, суух явцад тийм зүйл болсон. Түүнээс хол байх ямар ч нөхцөл байхгүй. Татаж унагаахтай зэрэгцээд машин хөдөлсөн. Хэрвээ унаагүй байсан бол өөр” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Б: “И.Э, Г.Г хоёрыг аваад хот руу явах байсан. Би тэнд жаахан ногоон тэжээлийг Э.Ч-тай нийлээд тарьсан байсан учраас тэрийгээ эргэх гээд очих үед И.Э, Г.Г тэр хоёр тэнд байгаа, хот руу явахдаа цуг аваад явчхаарай гэж байсан. Тэгээд Б.А, Э.Ч бид гурав авах гээд очсон. Тэгээд утас руу нь залгахад утсаа авахгүй байгаад байсан учраас тэр зуслан дээр нь яваад очсон. Тэгээд очиход тэнд архи ууж байсан. Шилтэй архи задалж байсан. Б.Г архинаас нь аягалж Б.А-д хийж өгсөн. Б.А уухгүй гэж хэлсэн. Гэтэл уу чи, хүн юм хийж өгч байхад гэж хэлсэн. Э.Ч уухгүй гэж байна, уухгүй гэж байхад уу гэж хэллээ гээд Б.Г, Э.Ч хоёр заамдалцаад авсан. Тэр үед нь Д.Э, Э.Ч-ыг цохиж авсан. Тэр хоёрыг салгах гээд явж байсан. Тэр үед Б.Г бид хоёр айхтар зодолдоогүй хэдий ч барьцалдаж авсан. Гэтэл Б.А хоёулаа жаахан холдъё, энэ гурав ойрхон өссөн хүмүүс. Намайг хараад жаахан хөөрөөд байгаа байх, хоёулаа холдъё тэгээд гайгүй болох байх гэж хэлсэн. И.Э, Г.Г хоёр Э.Ч-ыг араас аваад хүрээд ирэх байх гээд би машинд суугаад амралтын газраас 200 метрийн зайтай яваад хэсэг хүлээж зогсож байгаад тэгээд ирэхгүй болохоор нь Э.Ч руу яасан юу болсон бэ ирж байна уу гэж залгахад энд ийм асуудал болчихлоо гэхээр нь буцаад давхиад хүрээд ирсэн” гэх мэдүүлэг;
*************** дугаартай хэрэгт авагдсан:
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-8-10/,
-Хохирогч И.Э-ы: “2023 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотоос өөрийн ***** улсын дугаартай ***** маркын машинтай 10 жилийн нэг ангийн найз Ч, Г нарын хамт Төв аймгийн Жаргалант сум руу буяны ажилд очихоор явсан. 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 14 цагийн үед Жаргалант сумын Буурал 01 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Намуун” нэртэй караокед Ч, Г нарын хамт сууж байх үед Жаргалант сумын иргэн Э ах орж ирсэн. ...бид нар Э ахыг хоол ид гээд бид нартай хамт хоол идээд сууж байх үед гаднаас Г орж ирсэн. Г-ыг хоол ид гэсэн чинь би хоол идчихээд ирсэн идэхгүй гээд идээгүй. ...юм ярилцаад сууж байтал Эрка ах дүү нар хоолоор дайлсанд баярлалаа ах нь та нарт ганц шил архи авч өгье. Дүү нарыгаа хараад сэтгэл хөдөлчихлөө гэсэн. Би одоо хот явна жолоо барина архи уухгүй гэсэн чинь Э ах, Г хоёр жоохон сууж байгаад явъя гэсэн. Э ах нэг шил архи, ус ундаатай авч ирээд ширээн дээр тавьсан чинь Ч, Г хоёр энд хүний нүдэн дээр ууж яах юм караокед архи, ус, ундаа үнэтэй байгаа гээд авсан архи ундаагаа буцааж өгөөд хамтдаа Намуунаас гарсан. Би Г-н хамт араас нь гарч ирэхэд миний машинд Ч, Э ах хоёр сууж байсан. Машиндаа суугаад Г-г дэлгүүрээс ус ундаа аваад ир гэсэн чинь Э ах би ундаа авчихсан гэсэн. Тэгэхээр нь би ундаа уухгүй ус ууна гээд Г-р дэлгүүрээс ус авахуулсан. Тэгтэл Ч би ажилтай болчихлоо ээж дуудаад байна гээд явсан. Г явчихсан байсан. Би машинаа бариад Г, Э ах хоёртой Жаргалант сумын урд байдаг нуур орохоор явж байтал араас Г ирсэн. Э ах Г ирчихлээ шууд Өгөөмөр зуслан оръё гэсэн. Өгөөмөр зуслан дээр очоод нэг шовгор байшинд орсон. Э ах нэг шил 0.5 грамм Эдэн нэртэй архи задлаад бид нар хувааж уусан. Тэр архинаас би хоёр хундага уусан. Уухгүй гэсэн чинь уучих гээд шахаад байсан. Би хот руу жолоо барьж явна гэсэн чинь Г би хот орох ажилтай би машиныг чинь барьчихна гэсэн. Тэр задалсан архи нь дууссан чинь Г Ч-тай утсаар яриад ганц шил архи аваад ир гэсэн. Утсаар ярьж байгаад Э ахад утсаа өгөөд наад Ч чинь охин шиг юм яриад гэсэн. Удалгүй Ч ганцаараа хоёр шил 0.5 грамм архитай ирсэн. Тэр архинаас Ч 1 шилийг нь хувааж уучихаад үлдсэн нэг шил архийг нь задлан Гомбодорж, Э ах, Г бид дөрөвт үлдээгээд ажилтай болчихлоо гээд явсан. Г Ч-ыг явуулахгүй гээд зууралдаад байсан. Үлдсэн нэг шил архийг нь бид дөрөв хувааж уусан. Тэгээд Г шовгорт унтсан. Э ах сумын төв рүү замын унаанд суугаад явчихсан. Г бид хоёр хэсэг юм ярьж сууж байгаад Ч руу утсаар залгаад ирэх болж байна уу. Бид хоёр явлаа гэсэн чинь Ч удахгүй очлоо гэсэн. Байж байтал Э ах архи барьчихсан ирсэн. Г-ийг сэрээгээд тэр архийг нь бид нар хувааж уусан. Тэр архинаас би бараг уугаагүй намайг уух гэхээр Г, Э ах хоёр архиар шахаад байсан. Орой харанхуй болж байх үед Ч, Б, А нар ирсэн. Ууж байсан архинаасаа Ч, Б нарт хийж өгөөд дараа нь А-д хийж өгсөн чинь А уухгүй машин барьж байгаа гэсэн. Тэгээд би А-той тамхи татахаар гараад гадаа зогсож байтал шовгор дотор зодоон болсон яваад ороход Э ах Ч хоёр заамдалцсан байдалтай Э ах, Г хоёр Ч-ыг цохиод байсан. Гадаа гараад Ч-ыг Э ах, Г хоёр зодоод байсан. Б, А, Г бид дөрөв салгах гээд дийлээгүй. Г, Э ах хоёр Б, А хоёрыг зодох гээд байсан. Б, А хоёр яваад өгсөн. Ч миний машины жолоочийн суудалд суусан. Г бид хоёр арын суудалд суусан. Ч машинаа асаагаад хөдлөх гэтэл Э ах хашаа давж гүйж ирээд миний машиныг гарцаараа цохиод өшиглөөд байсан. Тэгээд арын хаалгыг онгойлгоод намайг зүүн гарнаас татаад машинаас унагасан. Тэр үед Ч машинтай ухарч байгаад миний баруун гар болон хэвлий, хөл хэсэг дээгүүр дайрчихсан. Би машин доор хэвтэж байсан. Гар хугарчихлаа гэж орилсон тэгээд тэд нар намайг эмнэлэгт хүргэсэн. Тухайн үед миний бөгсөн бие мэдээгүй болсон байсан” гэх мэдүүлэг /1хх-21-27/,
-Хохирогч И.Э-ы дахин өгсөн : “…би Ч, Г нарын хамт миний эзэмшлийн ***** маркын тээврийн хэрэгсэлд суусан. Суугаад байж байтал Э миний сууж байсан зүүнд хойд талын хаалгыг татаж онгойлгоод миний зүүн гараас татаж унагаагаад би газар хэвтэж байтал Ч тээврийн хэрэгслийг хөдөлгөж намайг дайрсан. ...би тээврийн хэрэгсэлд суухаас өмнө Г, Ч, Э нарыг зодолдож байхад салгах гээд дундуур нь орсон. Тэр үед би тэд нарт дайруулаад газар унасан. Мөн гар бага зэрэг хөхөрсөн. Гэхдээ гэмтсэн зүйл байгаагүй. ...Би хоёр компанид ажилладаг сард тус бүр 550,000 төгрөгний цалин авдаг нийт 1,100,000 төгрөгний цалин авдаг. Ингээд 2023 оны 09 сараас 2024 оны 01 сар хүртэл 5,500,000 төгрөгний цалин нэхэмжилж байна. Мөн миний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан тул сэтгэл санааны хохирол тооцох Монгол улсын дээд шүүхийн аргачлалын дагуу 25,294,500 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 890,000 төгрөг, эрүүл мэндэд учирсан хохирлын зардалд 2023 оны 9 дүгээр сарын 30-аас өмнө нийт 5,478,650 төгрөгөөр эмчилгээ хагалгаа, боолт хийлгэж хэвтэн эмчлүүлсэн. 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 2,976,088 төгрөгний эмчилгээ хийлгэсэн ингээд нийт эрүүл мэндэд болон эрүүл мэндийг сэргээн засахтай холбоотой хохиролд 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 8,454,038 төгрөг нэхэмжилж байна. Мөн би гар урлалын гоёл чимэглэлийн бөөний дэлгүүр ажиллуулдаг. Би нэг сард дунджаар 100 сая төгрөгний орлого олдог хүн би энэ гэмт хэрэг гарснаас хойш ажлаа бүрэн хийж чадахгүй миний орлого 50 сая төгрөгөєр буюу 50 хувь буурсан. Үүнийг 5 сараар үржүүлбэл 250 сая төгрөгний хохирол учраад байна би үүнийг олох ёстой байсан орлогод болон шууд хохиролд тооцуулан нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /2хх-29-30/,
-Э.Ч-ын хохирогчоор өгсөн: “2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр манай 10 жилийн ангийн найзууд болох Э, Г нар Төв аймгийн Жаргалант суманд ирээд ажил амжуулчихаад явах гэж байна явахаасаа өмнө хоолонд орчихоод явъя гээд бид гурав уулзаад Төв аймгийн Жаргалант сумын 01 дүгээр багт байрлах Намуун нэртэй цайны газар караокед хоол идсэн. Хоол идээд сууж байтал манай сумын танил ах болох Э гаднаас орж ирсэн. Тухайн үед Э, Г бид гурав нилээн их хоол захиалсан байсан учраас идээгүй хоол байсан учраас Э ахыг нутгийн ах наашаа сууж хоол ид гээд хамт хооллоод сууж байтал Э сумын орлогч дарга Г-той утсаар яриад сумын орлогч дарга Г орж ирээд бид нар Намуун караоке, цайны газар дотор юм яриад нилээн суусан. Тэгээд сууж байгаад Э нутгийн дүү нар ирсэн юм чинь ах нь дүү нарт архи авч өгнө гээд архи ундаа аваад ирсэн. Та үед би манай ангийн хоёр найз Улаанбаатар хот руу буцна архи уухгүй хэрэггүй гээд архийг нь буцаагаад өгүүлсэн. Тэгээд явах гээд гартал Э ах дэлгүүрээс мөн нэг шил архи ус ундаа зэргийг аваад Э-ийн машинд суусан. Тэгээд тэд нар ойрхон агаар салхинд гархаар ярилцаад нуурын тийшээ агаарт гарахаар болсон. Би явахгүй гээд үлдээд Э, Г, Э нар Э-ы машинтай явсан харин Г өөрийн машинтайгаа явсан би өөрийн машинтайгаа гэрлүүгээ явсан. Би гэртээ хариад ойр зуурын ажил амжуулаад байж байтал над руу Г залгаад ирэх болж байна уу гээд 2-3 удаа залгасан мөн Э, Г хоёрын аль нэг нь залгаад бид нар Хөдөлмөр зуслан дээр ирсэн байна ирэхдээ дэлгүүрээс гал аваад ирээрэй гэсэн мөн Г дахин залгаад Хөдөлмөр зуслан дээр ирсэн байна ирэх болж байна уу ирэхдээ дэлгүүрээс архи аваад ирээрэй гэхээр нь би архи дарс авч очиж чадахгүй шүү гэж хэлсэн. Тэгээд би сумийн төвөөс урагш гараад явж байтал Г над руу дахин залгаад М наашаа архи аваад ирэх гэж байгаа болоогүй бол чи ярьж байгаад архийг нь аваад хүрээд ир гэж хэлсэн. Би М-тэй утсаар ярьтал би очиж амжихгүй боллоо чи архийг нь аваад явчих надруу дансаа явуулчих би мөнгө шилжүүлэе гэхээр нь би дансаа явуулаад мөнгө аваад дэлгүүрээс архи авах гэж байтал Э над руу залгаад архи аваад ирээрэй ахын дүү гэхээр нь би дэлгүүрээс 2 шил архи аваад Хөдөлмөр зуслан руу явсан. Очиход Э, Г, Э, Г нар нэг зуслангийн байшинд орсон нэг шил архи уугаад дуусан чамайг удаан хүлээлээ гээд байж байсан. Би авч ирсэн 2 шил архийг оруулж өгөөд бүгдээрээ нэг шил архиа задлаад ууцгаасан. Тухайн 1 шил архийг бид нар хувааж уугаад дуусч байтал манай ангийн найзууд болох Б, А хоёр Жаргалант суманд ирсэн тарьсан ногоон тэжээлээ үзье гээд дуудахаар нь би сумын төврүү явах гэж байтал Г миний өмдний тэлээнээс зуураад архиа хамт ууж дуусгачихаад яв гээд байхаар нь би явахгүй бол болохгүй гээд зууралдаж байгаад гарыг нь тавиулаад явсан. Сумын төв рүү ороод Б, А хоёртой уулзаад ногоон тэжээлийн талбай дээр очиж үзчихээд байж байтал Э намайг хот руу машин бариад яваад өгөөч гэж ярьлаа би Э-ыг авч явна гээд Б, А бид гурав хөдөлмөр зуслан руу очсон. Очиход Э, Г, Э, Г архи уучихсан сууж байсан. Бид гурав ороод хамт суутал Э та нар ангийнхаа охидуудыг авах гэж ирэв үү гэхээр нь бид нар тэглээ гэсэн. Тэгээд Э сүн түшээд А-д архи хундгалж өгөхөд А би машин барьж яваа уухгүй гээд буцаагаад өгтөл Г яахаараа уудаггүй юм гээд шилтэй архийг нь Э-аас аваад хундагатай архийг сэргээгээд А-ыг уу гээд өгсөн. А уухгүй гээд дахиад өгтөл Г аваад яахаараа уудаггүй юм гээд хундагатай архийг ширээн дээр босоогоор нь А-ын урд шидсэн архи асгараагүй. Тэгэхээр нь би чи муу хүн уухгүй машин барьж яваа гээд байхад яах гээд байгаа юм гээд хундагатай архийг нь буцаагаад Г-ийн урд тавихад Э босч ирээд намайг шанаадаад ор луу унагаасан. Босоод иртэл Г миний нүүр рүү цохиод унагаасан. Би дахин босч ирээд Г-той барилцаж аваад шалан дээр хальтираад унасан. Тэгэхэд Г миний дээрээс нилээн хэд цохиж авсан. Тэгээд бид нар байшингаас гартал Э намайг цохиж унагаагаад Э, Г хоёр намайг зодсон. Тухайн үед Б, А хоёр салгах гэж нилээн оролдсон боловч дийлдэхгүй Г, Б-г зодох гээд хөөгөөд гүйж байсан. Тэгээд Э, Г хоёр давхралдаж унаад унах хооронд би Э, Гхоёрыг аваад машин руугаа зугтаагаад Э-ы хар өнгийн **** маркын машины жолоочийн суудал дээр суугаад Э, Г нар хойд талын суудал дээр суутал Г, Э хоёр ирээд машины хаалга өшиглөөд шил рүү гараараа цохиод байсан. Гэтэл Г хойноос ухраарай гээд орилохоор нь би машинаа асаагаад ухарсан. Ухраад тал эргээд зогсоод хартал машины урд талын гэрэлд Э газар хэвтэж байсан. Би машинаас буугаад очиход гар нь хугарсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд бид нар эмнэлэг явахаар болоод би Э-г аваад машиныг жолоодоод сумын төв рүү хөдлөөд явсан. Тэгээд сумын төв рүү эмнэлэгт үзүүлэхэд яаралтай Упаанбаатар хотруу авч явна гээд Улаанбаатар хотруу авч явсан” гэх мэдүүлэг /1хх-33-34/,
-Гэрч Б.Б: "...Би 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотоос найз А-ын хамт Төв аймгийн Жаргалант суманд очиж Ч-ай уулзахаар очсон. Жаргалант сумын төвд Ч-ай уулзаад нэг шил архи задлаад тэр архины талыг нь Ч бид хоёр хувааж уугаад Улаанбаатар хот руу буцах болоод Г, Э хоёрыг авах гээд гар утас руу нь залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд Г, Э хоёрыг Хөдөлмөр зуслан дээр байгаа гэдгийг мэдэж байсан болохоор Ч, А-ын хамт очсон. Бид нарыг очиход Э, Г, Г, Э дөрөв архи уугаад байж байсан. Ууж байсан архинаасаа Ч-т, бид хоёрт хийж өгсөн тэр архийг нь уусан. Тэгээд А-д архи хийж өгсөн чинь А жолоо барьж байгаа архи уухгүй гэсэн чинь Г нь би чамд архи өгч байна чи уучих гэхээр нь Ч бид хоёр наадах чинь жолоо барьж байгаа уухгүй гэсэн чинь Г архиар шахаад байсан. Тэгтэл Ч наад хүн чинь архи уухгүй гээд байхад чи яагаад шахаад байгаа юм бэ гэсэн чинь Э Ч-ыг цохиод унагачихсан. Тэгээд Э-ыг А, Э хоёр аваад гарсан. Г, Ч-ыг гараараа нүүр рүү нь нэг удаа цохисон. Би Г, Ч хоёрыг сапгаад байж байтап Э буцаж орж ирээд Ч-ыг дахиад гараараа нэг удаа нүүр рүү нь цохисон. Тэгээд дараа нь Ч, Гхоёр хоорондоо цохилцоод зодолдоод байсан. Тэгээд бид нар байшингаас гарсан. Ч, Г, Э гурав дахиад зодолдоод байсан. А, Г, Э бид дөрөв салгах гээд дийлдэхгүй байсан. Сүүлдээ Г нь над руу, Э нь А руу дайраад байсан. Тэгээд А машиндаа суугаад намайг суучих чи бид хоёр луу дайраад байна зодолдоод хэрэггүй жаахан холдоод зогсож байя Э, Г хоёр Ч-ыг аваад ирэх байх гэсэн. А бид хоёр тухайн газраас хөдлөөд 100 гаруй метрийн цаана очоод зогссон. Араас ирэхгүй болохоор нь Ч руу утсаар залгасан чинь энд асуудал үүслээ буцаад хүрээд ир гэсэн. Тэгээд А бид хоёр яваад очтол Э-ы гар нь хугарчихсан өөрийнхөө машины жолоочийн хажуу талын суудал дээр сууж байсан. Тэгээд бид нар Э-г эмнэлэгт хүргэсэн” гэх мэдүүлэг /1хх-40-41/,
-Гэрч Г.Г-ийн: "Би 2023 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотоос Жаргалант сумын Буурал 01 дүгээр багт байдаг "Намуун" караокед өдөр 14 цагийн үед Ч, Э хоёртой хоол идээд сууж байх үед Э орж ирсэн. Тэгээд Э-ыг хоол ид гээд ширээндээ суулгаад цугтаа хоол идсэн. Тэгээд байж байтал Г орж ирсэн бид нар юм яриад сууж байтал Э караокенаас нэг шил архи, ундаатай аваад ирэхээр нь бид нар уухгүй гэж хэлээд авсан архийг нь буцааж өгөөд караокенаас гарсан. Э, Э бид гурав Э-ы машинтай нуур орохоор явж байтал араас Г өөрийнхөө машинтай ганцаараа ирсэн. Бид нар хамтдаа нууран дээр очоод байж байтал Э ах Хөдөлмөр зуслан дээр очьё гээд бид нар хамтдаа зуслан дээр очсон. Г нэг шовгор онгойлгоод орж сууцгаасан Э нэг шил архи авсан байснаа гаргасан. Тэр архийг нь Г, Э, Э бид нар хувааж уусан. Дараа нь Ч сумын төвөөс ирэхдээ 2 шил Эдин нэртэй архитай ирсэн. Нэг шил архийг нь Г захисан. Нэгийг нь Ч өөрөө авсан гэж байсан. Тэр авч ирсэн архийг нь Г, Э, Э, Ч бид нар уугаад сууж байтал Ч хоёр найзтайгаа уулзаад ирье гээд сумын төв рүү явсан. Үлдсэн нэг шил архийг нь Г, Энхтайван, Э бид дөрөв хувааж уусан. Орой 22 цагийн үед Ч, А, Б нар ирсэн. А-ыг Г архиар шахаад би өгч байна уу гээд хундагатай архиа ширээн дээр нь шидсэн чинь Ч уухгүй гээд байхад нь яах гээд шахаад байгаа юм бэ гэсэн чинь Э ах босож ирээд Ч-рын нүүр рүү нь гараараа цохисон Ч орон дээр унаад босож ирсэн. Тэгээд Г-ой барьцалдаад авсан чинь Г гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохисон чинь Ч дахиад орон дээр унасан. Тэгээд Ч, Г, Э нар хоорондоо зууралдаад шовгороос гарсан. Гадаа харанхуй болсон байсан. Ч, Г, Э нарыг Б, А, Э бид дөрөв болсон байсан Ч, салгах гээд дийлээгүй. Сүүлдээ Г, Э хоёр Б, А хоёр руу дайраад байсан. А, Б, Ч гурвыг явж бай, зугтааж бай гэж хэлээд хашаанаас гаргасан чинь Г, Э хоёр Ч-ыг барьж аваад үлдсэн. А, Б хоёр машинаа унаад зугтсан. Ч-ыг Г, Э хоёр дахиад зодоод байсан. Тэгтэл Э, Г хоёр давхралдаад газар унах хооронд нь Ч Э бид гурав зугтаад машиндаа суусан. Ч жолоочийн суудал дээр, би жолоочийн эсрэг талын арын суудалд, Э жолоочийн арын суудалд суусан. Тэгтэл бидний машиныг өшиглөөд хаалга, цонхыг нүдээд байсан. Ч машинаа асаагаад ухрахтай зэрэгцээд Э жолоочийн арын Э-ы сууж байсан талын хаалгыг онгойлгоод Э-г машинаас татаад буулгасан. Тэгээд Ч машинаа зогсоосон би машинаас буугаад харахад машины өмнө Эгар нь хугарсан хэвтэж байсан. Хажууд нь Э, Г хоёр зогсож байсан. Тэгээд Э-г өөрийнх нь машинд суулгаад сумын төвийн эмнэлэгт хүргэсэн” гэх мэдүүлэг /1хх-44-46/,
-Б.Г-ийн гэрчээр өгсөн: “Би болон бусад хүмүүс Э-ыг зодож цохисон асуудал огт байхгүй Ч явах гэж Э-ы эзэмшлийн хар енгийн ***** маркын тээврийн хэрэгсэлд сууж байсан мөн Г, Э нар ар талд нь суусан. Тэгээд Э ах наадуул чинь согтуу хөдлөх гээд байна гээд хөдөлж болохгүй гээд машиных нь хаалга руу 2 удаа өшиглөсөн. Тэр үед би Э ахыг аваад буцаад хөдөлмөр зуслангийн хашаа руу орсон. Гэтэл хойно эмэгтэй хүн ёо ёо гээд дуугарсан. Би гүйгээд очтол Э машиныхаа урд талд хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 48-49/,
-Гэрч Г.А-ын: "Би Төв аймгийн Жаргалант суманд найз болох Б, Ч хоёртой нийлж ногоон тэжээл тарьсан юм. Б-ай хамт Төв аймгийн Жаргалант сум руу тарьсан ногоон тэжээлээ үзэхээр 2023 оны 9 сарын 04-ний өдөр найз болох Э нэг найзтайгаа Төв аймгийн Жаргалант суманд ирсэн гээд явж очоод Ч-тай уулзаад ногоон тэжээлээ үзчихээд явах гэж байтал манай найз болох Э нэг найзтайгаа Б руу яриад бид хоёр Э-ы машиныг жолоодоод Улаанбаатар хот руу авч явахаар болоод Э-ы байгаа газар дөхөөд наана нь хүлээгээд утсаар ярьтал утсаа авахгүй байсан. Тэгээд Ч, Б бид гурав Хөдөлмөр зуслан очиход Э-ы ****** маркын тээврийн хэрэгсэл байсан, мөн цагаан өнгийн ланд-200 маркын тээврийн хэрэгслүүд байсан. Тэгээд зуслангийн хашаа руу ороод нэг шовгор байшин руу очиход Э хоёр залуу нэг хүүхэнтэй сууж байсан. Ороод сууж байтал Э гэх хүн яасан охидуудаа авах гэж ирэв үү гээд уурлангуй өнгө аястай яриад надад архи хундагалж өгөхөөр нь би машин барьж яваа уухгүй гээд буцаагаад өгсөн. Гэтэл сумын орлогч Г гэх залуу миний өөдөөс уу гээд ширээн дээр 4-5 удаа шидээд байсан. Тэгээд би явлаа гээд Э-ы гараас хөтлөөд байшингаас гартал Э Ч-ыг цохиод авсан. Тэгэхээр нь би буцаж ороод Э гэх хүнийг байшингаас чирээд гаргасан. Гаргаад эргээд хартал Г гэх хүн Ч-ын дээрээс дарсан цохиод байсан. Тэр үед Б бид хоёр салгаад бүгдээрээ байшингаас гарсан. Бид нар байшингаас гараад явах санаатай байтал Г, Э хоёр ээлжлээд Ч-ыг зодоод явуулахгүй байсан. Б бид хоёр салгаж байгаад би Э гэх хүнд нэг удаа Б Г гэх хүнд нэг удаа цохиулсан. Тэгээд Ч, Э болон Э-ы найз болох эмэгтэйг хашаанаас авч гараад Б бид хоёр миний машинд суугаад зугтаагаад хөдлөөд явсан. Тэр үед Ч Э, Э-ы найз болох эмэгтэй 3 машиндаа суух гээд үлдсэн. Б бид хоёр хэсэг яваад машины толинд хартал машиных нь гэрэл асаад хөдөлж байгаа юм шиг харагдсан. Тэгээд Б бид хоёр хэсэг явж байгаад зогсоод хүлээтэл ирэхгүй байхаар нь буцаж очиход Э машин дотроо орилоод эмнэлэг явъя гээд байцгааж байсан. Бид нар тэгээд сумын эмнэлэг рүү явж очоод үзүүлтэл эмч Улаанбаатар хот руу авч явна гээд Улаанбаатар хотруу авч явсан...." гэх мэдүүлэг /1хх-51-52/,
-Д.Э-ы гэрчээр өгсөн: “Би Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 01 дүгээр багт ганцаараа амьдардаг. 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр орлогч дарга Б.Г-той хамт сумын фондны өвс бэлтгэхээр сумын хадлангийн хадуур техник угсарч байгаад цайны цагаар Б.Г гэр лүүгээ яваад би сумын төвд байрлах Намуун хоолны газарт хоол идэхээр орсон. Ортол Ч, Г, Э гурав хоол идээд сууж байсан тэгээд намайг нутгийн ах орж ирлээ хоол ид наашаа суу гэхээр нь би ах нь өөрөө хоолоо аваад идчихнэ гэтэл зүгээр хоолоо барахгүй байна ах наашаа суугаад хоол ид гэхээр очиж хамт суугаад хоол идсэн. Гэтэл Г над руу залгатал миний утсыг Э аваад Г-ой яриад Г Намуун караокед ирсэн. Тухайн үед бид нар хоол идэж хэсэг сууж байгаад хүүхдийн Хөдөлмөр зуслан явахаар болоод Ч, Э, Э, Г бид явахаар болоод Г араас түлхүүр аваад очино гээд Ч замдаа үлдээд араас очино гээд Э, Г бид гурав Э машинтай сумын төвөөс гараад 3-4 орчим км зайд явж байхад Г машинтайгаа гүйцээд ирсэн. Тэгээд Хөдөлмөр зуслан дээр Э, Г, Г бид дөрөв ирээд нэг байшинд ороод чихэр идээд юм ярьж суугаад нэг шил 0,5 литрийн Эдэн нэртэй архи хувааж уугаад дуусаад би гэр лүүгээ явлаа гээд зуслангийн хашаанаас гараад сууж байтал Ч сумын төвөөс 2 шил архитай ганцаараа ирсэн. Тэгээд Ч-ын авч ирсэн 2 шил архины нэг шил архийг хувааж Э, Г, Г, Ч бид нар уугаад сууж байтал Ч сумын төв рүү хүн тосно гээд явсан. Гэтэл удалгүй Ч хоёр залуутай хамт ирсэн. Ч тухайн хоёр залуутай орж ирээд Г архи хундагалаад Ч-тай ирсэн залууд өгсөн чинь уухгүй гэсэн. Тэгээд Ч болон түүнтэй хамт ирсэн залуу Г-ой муудалцаад Ч хоёр найзтайгаа Г руу дайраад зодолдсон. Би босоод салгатал Ч миний толгой руу цохиод, өшиглөсөн тэгэхэд би босоод байшин сав эвдлээ гээд бүгдийг нь байшингаас түлхээд гаргасан. Тэгээд гадаа Ч, Г хоёр хоорондоо зодолдоод бие биенийгээ цохиж аваад байсан. Мөн Ч-ын хоёр найз Г руу дайрсан. Би тухайн үед нэг хүнрүү гурвуулаа дайрлаа гээд салгах гэж очиход Ч миний толгой болон нүүр хэсэг рүү 1 удаа цохисон тэгээд миний толгой өвдөөд уур хүрээд хашгираад Ч болон хоёр найз руу нь дайрсан. Гэтэл Ч хоёр найзтайгаа зугтаагаад Г руу дайраад байсан. Тэр үед Э, Г, Ч нар явах гээд байсан болохоор нь би та нар согтуу машин барьж болохгүй нуур зам хэцүү, эрэг, далан ихтэй өндөр нисээд үхчив боль гэтэл Ч, Э, Г нар чамд хамаагүй гээд Ч Э-ы эзэмшлийн хар ***** маркын машинд суугаад хаазлаад байсан Э, Г нар машины хойд талын суудал дээр суусан. Би та нар согтуу машин барьж явах гэлээ гээд Ч-ын сууж байсан машины жолооч талын хаалгаруу 1-2 удаа өшиглөсөн. Гэтэл Г намайг хүний машин эвдлээ гээд араас татаад бид хоёр зуслангийн хашаа руу орсон. Тэр үед Ч-ай хамт ирсэн хоёр найз нь яваад өгсөн. Удалгүй эмэгтэй орилоод Г гүйгээд очсон би араас нь очсон. Гэтэл Э газар уначихсан гар нь хугарсан байсан. Харин Ч Г хоёр машиндаа суугаад байсан. Тэгээд Ч-ын хоёр найз буцаж ирээд бид нар эмнэлэг бараадуул гээд өргөөд машинд нь суулгаад Ч, Г, Э, Ч-ын хоёр найз нар машинтай сумын төв рүү эмнэлэг явсан. Г бид хоёр үлдээд Г сумын төвөөс жолооч дуудаад араас нь сумын төв рүү эмнэлэг орсон. Эмнэлэг ороход Улаанбаатар хот руу авч явна гээд сумын эмнэлэг Улаанбаатар хот руу авч явсан. Тэгээд Г бид хоёр гэртээ харьсан” гэх мэдүүлэг /1хх-54-55/
-Д.Э-ы иргэний хариуцагчаар өгсөн: “Би болсон явдлын талаар өмнө нь дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн байгаа. Одоо нэмж ярих зүйл байхгүй. Би хохирол мөнгийг боломжоороо төлж барагдуулах болно” гэх мэдүүлэг /2хх-6/,
-Б.Г-н иргэний хариуцагчаар өгсөн: “Би болсон явдлын талаар өмнө нь дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн байгаа. Одоо нэмж ярих зүйл байхгүй. Би хохирол мөнгийг боломжоороо төлж барагдуулах болно” гэх мэдүүлэг /2хх-9/
-Э.Ч-ын иргэний хариуцагчаар өгсөн: “Хэрэг болох үед Э-г Э машинаас татаж унагасан гэж Э болон Г нар хэлж байсан. Хэрвээ Эрдэнэчулуун машинаас татаж унагаагүй бол тийм зүйл болохгүй байсан гэж бодож байна. Би энэ талаар урьд өмнө нь дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн байгаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Би дахин мэдүүлэг өгмөөргүй байна” гэх мэдүүлэг /2хх-1/
-Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-нд: "И.Э-ы биед хоёр талын суудал ясны хугарал, умдаг ясны хугарал, ууц ясны хугарал, баруун шуу ясны ил хугарал, баруун, зүүн хацар, нуруу, цээжинд зулгаралт, зүүн шуу, зүүн тохой, баруун, зүүн гуя, баруун өвдөг, зүүн тахимд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-62-63/,
-Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн ** дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-нд: "Э.Ч-ын биед уруулын салстад шарх, баруун хацар, цээж, баруун бугалганд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаад үүссэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх урууланд үүссэн шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-66-67/,
-Шинжээч Т.Түвшинбаатарын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ** дугаартай дүгнэлтэд: “** маркын ** улсын дугаартай автомашины жолооч Э.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7."Жолоочид дараахь зүйлийг хориглоно; а/... согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 10.1 "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана", мөн дүрмийн 10.14."Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй" гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. И.Э-ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. **** маркын ***** улсын дугаартай автомашины жолооч Э.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 37.A. 10.1. 10.14 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол, хэрэг гаргасан гэж үзэж байна. Уг зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал болон бусад байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Нэмж тусгах саналгүй..." гэх дүгнэлт /1хх-149-151/
-Криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Гантогтохын 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр үйлдсэн “...тээврийн хэрэгсэлд И.Э мөргүүлж гэмтсэн гэх хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэлд хавсаргах” гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-139-140/,
-Э.Ч-ын яллагдагчаар өгсөн: “Би 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар баг Хөдөлмөр зуслангийн гадна талбайд найз болох Энхтайваны эзэмшлийн *****улсын дугаартай ***** маркын тээврийн хэрэгслийг жолоодож хөдлөөд ухрах үйлдэл хийхдээ найз Э-г дайрч эрүүл мэндэп нь хүнд хохирол учруулсан. Тэр хэрэг болох үед Э-г Э машинаас татаж унагасан гэж Э, Г нар хэлж байсан. Хэрвээ Э машинаас татаж унагаагаагүй бол тийм зүйл болохгүй байсан гэж бодож байна. Би хэрэг болох үед согтууруулах ундааны төлрийн зүйл хэрэглэсэн байсан. Би найз болох Э-аас уучлалт гуйсан байгаа. Эмчилгээний зардал мөнгийг төлж барагдуулна” мэдүүлэг /2хх-01/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-94/,
-Шүүгдэгч Э.Ч-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа /хх-90-93/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэллээ.
Харин шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан:
Гэрч Б.Г-ийн: “Тухайн өдөр ажлын өдөр байсан. Манай суман дээр Хөдөлмөр зуслан байгуулагдсан байсан. Д.Э ах, И.Э, Г.Г бид хэд хөдөлмөр зуслан руу явж сонирхъё гэж Г.Г асуусан учраас бид нар очсон. Тэнд ганц нэг шил архи уусан. Э.Ч араас 2 найзтайгаа очсон. Э.Ч бид хоёрын дунд жаахан үл ойлголцол байсан. Тэрнээс болж бид хоёр жаахан маргалдсан. Тэр дээрээс бид хоёрын хооронд маргаан үүсэж, зодооны асуудал үүссэн. Тэгээд маргаан дунд зодоон дуусахын үед Э.Ч, И.Э, Г.Г 3 хөдөлж явахын хооронд машинд И.Э-ыг дайрсан асуудал үүссэн. Б.А гэх хүнийг архиар шахсан үйлдэл байхгүй. Би шинэ архи задалж, архи өгөхөд машин барьж байгаа, уухгүй гэдэг зүйл ярьсан. Би өмнө тухайн үед Жаргалант сумын Засаг дарга хийж байсан. Намайг Авлигатай тэмцэх газар руу шалгуулахаар материал явуулсан байсан. Тэр материалыг байцаагч нь надад өгсөн. Ийм хүний гомдлоор таныг Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчил үүссэн гэдэг үүднээс шалгаж байна гэсэн. Э.Ч тухайн үед хурлын төлөөлөгч байсан. Газрын холбогдолтой хурлын материалыг намайг Авлигатай тэмцэх газарт өгсөн хүн дээр өгсөн байсан. Тухайн үед би өгөөгүй гэж байгаад хуралд суусан төлөөлөгч нар хурлын тэмдэглэл, материал хийсэн байсан. Тэгээд би Э.Ч-ыг өгсөн байна гэж бодоод бид хоёрын дунд үл ойлголцол үүссэн байсан. Бид хоёр муудалцсан. Э.Ч-ыг надтай явсан Д.Э ах цохиж авсан. Байшин дотор байж байгаад гарцгаагаад зодоон болсон. Б.А, Б.Б, Э.Ч, Д.Э ах бид нар гурвалжин, дөрвөлжин юм болсон. И.Э салгах гэж дундуур орсон. Б.А, Б.Б хоёр ер нь тух алдаад явсан. Э.Ч, Д.Э ах, Г.Г, И.Э бид нар үлдээд сүүлдээ энэ хэд хөдөлхөөр болж Д.Э ах бид хоёр үлдээд явсан. Д.Э ах Э.Ч-ыг согтуу машин бариад хэрэггүй гэж очихдоо И.Э-ы машиныг өшиглөөд шилийг нь цохьсон асуудал гарсан. Д.Э ахыг буцаагаад би нааш нь татаж авсан. Д.Э ахыг би боль гээд аваад үлдсэн байхад надаас салаад энэ гурвыг согтуу машин барьж хөдөллөө гээд жолоочийн хаалгыг өшиглөөд машиных нь шилийг цохисон. Хүний машин эвдчихлээ гээд би Д.Э ахыг болиулаад буцаагаад авсан. Машины жолоочийн талд байсан” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Э-ы: “Зодоон болсон. Мэдүүлэгтээ бүгдийг өгсөн. Ерөнхийдөө салгасан. Тэр байшин дотор тийм л процесс болсон. Тээврийн хэрэгсэл хашааны гадна талд байсан. Наад талдаа урдуураа хашаатай. Зодоон болсон газар бол 20-30 метрийн цаана. Дээд талын байшин дээр болсон. Э.Ч, Б.Г бид гурвын хооронд зодоон болсон. Зодоон болоход миний оролцоо бол ерөнхийдөө салгасан. Дандаа нутгийн хүүхдүүд байсан. Машин хаагдаад машин хөдөлсөн. Тэгээд Б.Г бид хоёр хашаан дотор байсан. Машин нь хашааны гадна талд байсан. Тэгээд хүн мөргөсөн. Б.Г бид хоёр цуваад араас нь гүйсэн. Очиход Б.Г гарыг нь та үзээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд гарыг нь би үзэхэд хугарсан байсан. Машин хөдлөөд зогссоны дараа би сүүлд нь очсон. Дараа нь унасан байхад нь очсон. Гарч яваад Б.Г бид хоёр хашаа руу ороод хашаан дотор 6-7 метрийн газарт сууж байсан. Энэ хэд хаалгаа тайлаагүй. Тэгээд хөдөлсөн. Хөдөлсний дараа тийм зүйл болсон. Явуулахгүй гэж хэлээд орж ирээд хашаа дотор байж байхад хаалга дуугарч аймаар орилсон. Тэгээд түрүүлж очоод би араас нь очсон” гэх мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт авагдсан бусад оролцогчийн мэдүүлгээс эрс зөрүүтэй бөгөөд түүний үндэслэл, эх сурвалж нь нотлогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг тусгайлан дурдах нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаас дараах үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэв. Үүнд:
Төв аймгийн Жаргалант сум Өгөөмөр "Буйлаастын ар" 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Хөдөлмөр" зуслангийн байшинд 2023 оны 9 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө иргэн Э.Ч, Б.Г, Д.Э, Б.Б, Б.А, Г.Г, И.Э нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, Б.Г, Д.Э, Э.Ч зодолдож, хохирогч Э.Ч-ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол /2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр/, Д.Э-ы эрүүл мэндэд нь хөнгөн хохирол /2023 оны 11 сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр/, Б.Г-ийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй /2023 оны 11 сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр/ байна.
Шүүгдэгч Э.Ч нь Б.Г Д.Э нарт зодуулах явцдаа тэднээс зугтааж, зодуулах явцад хамт байсан найз болох Г.Г, И.Э нарын хамт зуслангийн хашааны гадна байсан хохирогч И.Э-ы эзэмшлийн "****" маркын ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн суудалд Э.Ч /баруун талдаа жолооны хүрдтэй/, жолоочийн арын суудалд арын суудалд И.Э, жолооны хүрдний эсрэг тарын хойд суудалд Г.Г нар тус тус суусан,
-Б.Г, Д.Э нар нь Э.Ч, Г.Г, И.Э нарын хойноос хөөж ирээд тээврийн хэрэгслийн хаалгыг өшиглөж, цонхыг нүдсэн, мөн Д.Э нь жолоочийн арын суудалд сууж байсан хохирогч И.Э-ыг татаж буулгасны улмаас хохирогч И.Э тээврийн хэрэгслийн ард хэсэгт унасан,
-тухайн цаг мөчтэй зэрэгцэн шүүгдэгч Э.Ч нь тус тээврийн хэрэгслээр ухрах үйлдэл хийхэд хохирогч И.Э-ыг тээврийн хэрэгслийн арын хэсэгт унасан байсныг мэдэлгүйгээр буюу Б.Г Д. Э нараас зугтах зорилгоор ухрах үйлдлийг хийж, хохирогч И.Э-ыг мөргөж дайран түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна.
Сэргээн тогтоосон үйл баримтаас шүүгдэгч Э.Ч нь замын хөдөлгөөнд оролцох санаа зорилго агуулаагүй буюу Б.Г, Д.Э нараас зугтаах үйлдэл хийх, өөрийгөө болон бусдыг бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор дайралт, довтолгооноос хамгаалах, холдох зорилгоор "****" маркын ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг ухраах үйлдэл хийж, хохирогч И.Э-ыг мөргөж, дайрсан байна.
Дээрх үйлдлийн улмаас хохирогч И.Э-ы эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, эмнэлгийн яаралттай тусламж үйлчилгээ авсан байна.
Иргэн Б.Г, Д.Э нар нь бүлэглэн Э.Ч-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч Д.Э-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь гэрч нарын мэдүүлэг болон Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн дугаар**** дүгнэлтээр тус тус тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан боловч дээрх үйлдэл нь 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр нэг цаг хугацаа, нэг газарт үйлдэгдэж 1 жилийн хугацаа өнгөрсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг дуусгасан байх тул яллагдагчаар татаж болохгүй хуульд заасан үндэслэл үүсчээ.
Иймд шүүгдэгч Э.Ч-ын Төв аймгийн Жаргалант сум Өгөөмөр "Буйлаастын ар" 2 дугаар баг “Хөдөлмөр” зуслан гэх газарт 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр **** маркын **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг ухраах үйлдэл хийж хохирогч И.Энхтайваны эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, шүүхэд шилжүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцэв.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах" гэмт хэрэг нь Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байдаг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно" гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг хуульчилсан.
Шүүгдэгч Э.Ч нь "*****" маркын ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг ухраах үйлдэл хийхдээ хэн нэгнийг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулахгүй гэж итгэж тус үйлдлийг хийсэн байх тул шүүгдэгч Э.Ч-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэв.
Хэрэгт авагдсан 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хэргийн газрын үзлэг болон гэрэл зургийн үзүүлэлтээр шүүгдэгч Э.Ч-ын "*****" маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслээр хохирогч И.Э-ыг мөргөсөн үйлдэл нь Төв аймгийн Жаргалант сум, Өгөөмөр 2 дугаар баг "Хөдөлмөр зуслан" гэх газрын гадна үүдэнд үйлдэгдсэн болох нь нотлогдсон. Тодруулбал, гэмт хэрэг үйлдэгдсэн газар нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас байхгүй буюу тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох зам бүхий газарт хамаарахгүй, мөн хуулийн 3.1.5-д заасан замын хөдөлгөөнд оролцоогүй буюу зам дээр явганаар болон тээврийн хэрэгслээр хүн, ачаа шилжих үйл ажиллагаа явуулаагүй гэж дүгнэсэн улсын яллагчийн санал үндэслэл бүхий байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, тус гэмт хэргийг үйлдэх үед замын хөдөлгөөнд оролцоогүй тул замын хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэж үзэхгүй. Мөн тээврийн хэрэгслийг зэвсгийн чанартай ашигласан үйл баримт тогтоогдоогүй.
Харин бодит нүүрлэсэн аюул заналаас зайлхийх зорилгоор тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг асааж, улмаас ухрах үйлдэл хийх үед иргэний хариуцагч Д.Э нь хохирогч И.Э-ыг тээврийн хэрэгслээс татаж буулгасны улмаас шүүгдэгч Э.Ч нь хохирогчийг буулгасныг мэдээгүй, мэдэх боломжгүй нөхцөл байдалд тээврийн хэрэгслээр түүнийг мөргөж, дээгүүр нь гарч, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Э.Ч, түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд тээврийн хэрэгслийн жолооны хүрдэн дээр суусан, ухрах үйлдэн хийсэнд маргаагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокурорын Э.Ч-ыг яллагдагчаар татах тогтоол болон түүнд холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд “Шүүгдэгч Э.Ч-ыг Төв аймгийн Жаргалант сум, Өгөөмөр 2 дугаар баг "Хөдөлмөр зуслан" гэх газарт 2023 оны 9 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө "****" маркын **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийх үедээ хохирогч И.Э-ыг мөргөж, дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан үйлдэл нь түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэл болж байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.
Шүүгдэгч Э.Ч-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч И.Э-ы эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, үйлдэл, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй.
Хохирогч И.Э, түүний өмгөөлөгч Т.М гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт:
-эмчилгээний зардал баримтаар 5,004,505 төгрөг,
-цалин орлого буурсны зөрүү 24,420,000 төгрөг,
-сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 15,173,400 төгрөг,
-эд хөрөнгө буюу тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 880,000 төгрөг, нийт 45,477,905 төгрөгийг болон цаашид гарах эмчилгээний зардлыг шаардсан.
Эмчилгээний зардал, цалин орлого буурсан тухайд:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.
Хохирогч И.Э-ы эмчилгээний зардалд 5,004,505 төгрөгийг шаардсан дүнд Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт чөлөөлөлт олгосон 2,340,000 төгрөгийг хасч тооцоход нийт баримтаар 2,664,505 төгрөгийг хохиролд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч И.Э нь “Топ универсал констракшн” ХХК, “Жинст гоо групп” ХХК-д ажилладаг байсан нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаагаар нотлогдож байгааа гэж тайлбарлан, тухайн шимтгэл төлсөн дүнгээр тооцон, буурсан цалин хөлсний орлогод нийт 24,420,000 төгрөг нэхэмжилсэн. Үүнийг нотлох баримтын хүрээнд шүүхээс:
2023 онд 10,11,12 дугаар сарын цалин хөлсөд “Топ универсал констракшн” ХХК, “Жинст гоо групп” ХХК-д ажил эрхэлдэг байсан нь нотлогдсон гэж дүгнэж, 550,000 төгрөг х 3 сар, 2 байгууллага, нийт 3,300,000 төгрөг, 2024 онд “Жинст гоо групп” ХХК-д ажилласан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тул 660,000 төгрөгийг х 12 сараар, нийт 7,920,000 төгрөг, 2025 онд мөн “Жинст гоо групп” ХХК-д ажилласан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тул 660,000 төгрөгийг х 1 сар, 792,000 төгрөгийг х 1 сар, нийт 1,452,000 төгрөгөөр тооцож, бүгд 12,672,000 төгрөгөөр орлого буурсан гэж дүгнэж, цалин хөлсний зөрүүг тооцов.
Сэтгэцэд учруулсан гэм хорын тухайд:
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 106 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “И.Э-ы сэтгэцэд 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинж тэмдэгүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна” гэж тогтоожээ. /2хх-48-50/
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж зааснаар,
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3 дахь хэсэгт заасан зарчмыг удирдлага болгон, шүүх хохирогчийн эрүүл мэндэд хүнд хор уршиг учирсан, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг дүгнэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу дээд хэмжээгээр (660,000 төгрөг х 22.99) тооцон, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд хохирогч И.Э-д 15,173,400 төгрөгийг олгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүхээс хохирогч И.Э-ы эмчилгээний зардалд 2,664,505 төгрөг, багассан цалин орлогод 12,672,000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 15,173,400 төгрөг, нийт 30,509,905 төгрөгийн гэм хорын хохирол баримтаар тогтоогдсон гэж дүгнэлээ.
Тус хэрэгт Б.Г, Д.Э, Э.Ч нарыг иргэний хариуцагчаар татан оролцуулж, мэдүүлэг авсан ба тус гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг болон цаашид гарах зардлыг нөхөн төлөхийг иргэний хариуцагч нар шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг гаргасан. /2хх-4, 6, 7, 9/
Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч И.Э-ыг машины хаалгыг онгойлгож татаж буулгасны улмаас шүүгдэгч Э.Ч-ын ухрах хөдөлгөөн хийж байсан машинд мөргүүлэх, улмаар хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учрахад иргэний хариуцагч нарын буруутай үйлдэл нөлөөлсөн гэж шүүх дүгнэсэн.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуульд зааснаар хохирогч И.Э-д учруулсан гэм хорын хариуцлагыг төлөх үүрэг шүүгдэгч болон иргэний хариуцагч нарт үүссэн ба шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Б.Г 10,000,000 төгрөг, иргэний хариуцагч Д.Э 5,000,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн тул үлдэх 15,509,905 төгрөгийг шүүгдэгч Э.Ч-с гаргуулахаар шийдвэрлэж, шүүгдэгч болон иргэний хариуцагч нар хохирол төлөхөөр завсарлага авсан.
Завсарлагын хугацаанд шүүгдэгч Э.Ч 1,500,000 төгрөг, иргэний хариуцагч Б.Г нь 10,000,000 төгрөгийг хохирогч И.Э-д төлсөн бөгөөд Э.Ч нь 12,000,000 төгрөгт тооцож газрын өмчлөх эрхээ шилжүүлэхээр ярилцсан боловч шилжүүлж амжаагүй талаар шүүхэд тайлбарлаж, хохирлыг төлөхөө илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон.
Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар иргэний хариуцагч нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болно.
Эд хөрөнгөд учирсан хохирлын тухайд:
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.
Тус ******* маркын тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч нь хохирогч И.Э болох нь Худалдаа хөгжлийн банкны 2024 оны 5/5933 албан бичгээр нотлогдсон. /1хх-211/
Уг тээврийн хэрэгслийг хэрэг учрал болсон газар, цаг хугацаанд иргэний хариуцагч Б.Г, Д.Э нар цохиж өшиглөсний улмаас учруулсан хохирол болох /хөрөнгийн үнэлгээний шинжээчээр үнэлсэн/ 880,000 төгрөгийг төлж барагдуулах үүрэг хуульд зааснаар үүссэн тул иргэний хариуцагч Б.Г, Д.Э нараас тус бүр 440,000 төгрөгөөр гаргуулж, хохирогчид олгох үндэслэлтэй гэж дүгнэлээ. /1хх-190-191/
Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлын тухайд:
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч И.Э-д 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нийт 3,358,900 төгрөгийн зардал гарсан нь нотлогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан дээрх зардлыг шүүгдэгч Э.Ч-р нөхөн төлүүлэх нь хуульд нийцнэ. /хх-205-206/
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Б.Лувсанцэрэн нь: Шүүгдэгч Э.Ч-ыг гэм буруутайд тооцсон. Улсын яллагчийн зүгээс хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд заасны дагуу 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаяг буюу Жаргалант сум тогтоох. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй. Хэрэгт эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Т.Мөнхсүлд: “Хувийн нөхцөл байдлыг нь харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой эсэх талаар шүүх харж үзэх боломжтой. Ирээдүйд гарах эмчилгээний зардал болон бусад рашаан сувиллын зардал, мөн шүүхээр хэлэлцэгдээгүй зардлыг хохирогчийн нэхэмжлэх эрхийг шүүхийн шийдвэрт тусгуулах саналтай байна. Шүүх хуралдаанаар зарим баримтыг гаргаж өгч чадаагүй. Дахиад Бүгд Найрамдах Хятад Ард улс руу явж хагалгаанд орох нөхцөл байдал байгаа. Хүнд бэртлийн улмаас рашаан сувилал, сэргээн засахтай холбоотой нэмэлт зардлууд цаашдаа гарах нь ойлгомжтой. Эдгээр зардлуудыг жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна. Өөр тусгайлан гаргах санал байхгүй” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар: Шүүгдэгч Э.Ч-ын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ангиллын хувьд хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа. Шүүгдэгчийн хувьд анх удаа хэрэг, зөрчилд холбогдсон. Өөрийнхөө холбогдсон хэргийн гэм буруу, зүйлчлэл, хэргийн бүрдэл дээр анхнаасаа маргаан байхгүй, болсон асуудлыг үнэн зөвөөр нь мэдүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад бэрхшээл учруулаагүй. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал харагддаг. 1.1-т зааснаар анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэх, 1.2-т зааснаар хохирол төлбөрийг тодорхой хэмжээнд төлж барагдуулсан гэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн байдал, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан, нөхцөл зэргийг шүүх харгалзаж, ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэхийг хүсэж байна. Мөн улсын яллагчийн зүгээс дээрх зүйл ангид нь 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг гаргаж байна. Өмгөөлөгчийн хувьд, шүүгдэгчийн хувийн байдал байдал болон ажил төрөл, хохирол төлбөрийг барагдуулах эрүүгийн хуулийн зорилт байгаа. Шүүгдэгчийн хувьд хохирогч талтай уулзах, хохирол төлбөрийг барагдуулах зэрэг нөхцөл байдал үүснэ. Мөн Жаргалант суманд улирлын чанартай ажил хөдөлмөр эрхэлж, ирж, очино байдаг. Хэрвээ хязгаарлалт тогтоовол дээрх ял нь зөрчигдөж, хохирол төлбөр төлөгдөхгүй нөхцөл байдал үүсэхээс гадна шүүгдэгч өөрөө хоригдох, хорих ялаар солих үр дагавар үүсэж байгаа учраас дээрх зүйл ангид нь 2,700,000 төгрөгөөс 14,000,000 төгрөг хүртэлх торгох шийтгэл оногдуулах сонгох санкцтай гэмт хэрэг. Тийм учраас дээрх зүйл ангид нь шүүгдэгчийг 2,700,000 төгрөгөөр буюу 2700 нэгжээр торгох ялыг оногдуулж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна. Хамгийн гол нь зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахаар хохирол, төлбөр төлөгдөхгүй байх, ял өөрчлөгдөх асуудал, эрх зүйн үр дагавар үүсэх учраас торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Э.Ч: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, найзынхаа өмнөөс маш их харамсаж байна. Шүүх хуралдааны танхимд дахин найзаасаа уучлалт гуйя. Найздаа учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байна. Цаашдын эмчилгээний зардал, дараа учрах гэм хор эдгээр нөхцөл байдалд эмчилгээний төлбөрийг төлж барагдуулж, оролцохоо илэрхийлж байна. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж, торгуулийн арга хэмжээгээр шийтгэл оногдуулж өгнө үү” эцсийн үг хэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан бол хоёр жил хүртэл эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Ч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.“тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2.”гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Анхан шатны шүүх улсын яллагчийн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-т 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго, сонгох ялын төрөл тус бүрийн үр дагавар, үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, улсын яллагчийн санал болгосон ялын төрлийг хүлээн аваагүй болно.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Эрүүгийн ********** дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Ч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж,
түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8., 36.10., 36.13., 37.1., 38.1., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Э.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Э.Ч-т гурван мянган /3,000/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая /3,000,000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн зургаан сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5.Шүүгдэгч Э.Ч-т оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.3-т заасныг баримтлан шүүгдэгч Э.Ч-с 15,509,905 төгрөгийг, иргэний хариуцагч Б.Г-с 440,000 төгрөгийг, иргэний хариуцагч Д.Э-с 5,440,000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч И.Э-д олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Э.Ч-с 3,358,900 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч И.Энхтайван нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Э.Ч-, иргэний хариуцагч Б.Г Д.Э нараас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заасугай.
8.Эрүүгийн ********* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Ч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ч-т урьд авсан баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
10.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлсүгэй.
11.Шүүхийн шийдвэрийг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
12.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН