Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/255

 

                

 

 

  

     2025        05           30                                          2025/ШЦТ/255

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Цогзолмаа,

Шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч Б.Сонинбайгаль,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг нарыг оролцуулан,

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Т-т холбогдох ************ дугаартай /1 хавтас/ эрүүгийн хэргийг 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

урьд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Т.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг 32 дугаар байр 2-24 тоотод байрлах гэртээ өөрийн төрсөн охин болох насанд хүрээгүй хохирогч Т.Т-г "та архи уухаа болиоч" гэж хэлсний улмаас түүнийг "чи ямар том болчихоо вэ" гэж агсран уурлаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, улмаар газарт түлхэн унагааж, гараараа нүүрэн тус газарт цохиж, мөн сандлаар гар болон гарын шуу, нуруу хэсэгт нь зодож цохин эрүүл мэндэд нь "зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн шуу, зүүн гарын сарвуу, зүүн мөр, баруун мөр, зүүн өвдгөнд цус хуралт, зүүн нүдний зовхи, хамар, баруун шанаанд зөөлөн эдийн няцралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудад үндэслэн:

Шүүгдэгч Т.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн **** тоотод байрлах гэртээ өөрийн төрсөн охин болох насанд хүрээгүй хохирогч Т.Т-г "та архи уухаа болиоч" гэж хэлсний улмаас түүнийг "чи ямар том болчихоо вэ" гэж агсран уурлаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, улмаар газарт түлхэн унагааж, гараараа нүүрэн тус газарт цохиж, мөн сандлаар гар болон гарын шуу, нуруу хэсэгт нь зодож цохин эрүүл мэндэд нь "зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн шуу, зүүн гарын сарвуу, зүүн мөр, баруун мөр, зүүн өвдгөнд цус хуралт, зүүн нүдний зовхи, хамар, баруун шанаанд зөөлөн эдийн няцралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэлээ. Үүнд:

-зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,

-хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-8/,

-насанд хүрээгүй хохирогч Т.Т-ийн "...2025 оны 3 дугаар сарын 11-ний орой би гэртээ 2 дүүгийн хамт байсан. Намайг хичээлээ хийгээд сууж байхад 20 цагийн орчим гаднаас манай аав Т нь нэлээд согтуу орж ирсэн. Би хичээлээ хийгээд сууж байхад аав Т нь миний дэргэд ирээд хичээл чинь одоо хэдэн төгрөг болж байна гэж хэлсэн. Тэгээд над руу хуруугаараа чичлээд, надад садаа болоод байсан. Тэгэхээр нь би аавд хандан "аав та одоо архи уухаа болиоч ээ, архинд толгойгоо мэдүүлж дууслаа" гэж хэлтэл аав Т нь над руу уурлаж "чи ямар том болчихоо вэ" гэж хэлээд миний нүүр хэсэгт зүүн гараараа цохисон. Тэр үед нь би нүдээ аньсан. Миний ухаан балартсан байсан. Ямартай ч 4-5 удаа цохисон байх. Тэгээд намайг сандлаас түлхэж унагаагаад миний хэвлий хэсэгт 2 удаа цохисон. Тэр үед миний хамраас цус гараад байхаар нь би угаалгын өрөө орж угаахаар явсан. Намайг угаалгын өрөөнөөс гарч ирэхэд аав Т нь дүү Т-эй юм яриад сууж байсан. Хутга авчруулаад хутгаа өөрөө гартаа барьж байгаад надад хандан "би одоо чамд өөрийгөө бүлж харуулах уу, чи яасан их цэцэрхдэг юм бэ, чи завгүй болмоор байна уу" гэж хэлж байсан. Тэгсэн удалгүй аав дахин надад хандан "миний охин наад өмд чинь яагаад цус болчихсон юм бэ" гэхээр нь нь би юу ч хэлээгүй, ааваас айсандаа будаг" гэж хэлсэн. Тэгтэл аав Төмөрхуяг нь нөгөө өрөөнд ороод унтахаар хэвтсэн. Миний хамраас цус гарсан байхыг аав маань чатаар ээжтэй ярьж харуулаад "охиныг чинь ийм болгочихлоо" гэж хэлж байсан. Тэгээд ээж маань цагдаад дуудлага өгсөн байсан. Сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,

-насанд хүрээгүй хохирогч Т.Т-ийн дахин өгсөн...Миний толгой хэсэг рүү гараа зангидаж байгаад 10 хэдэн удаа цохисон. Харин цээж хэсэг рүү 2-3 удаа цохисон намайг сандлаас түлхээд сандлаар 4-5 удаа гарын бугуй хэсэг рүү цохисон... Би гомдолтой байна..." гэх мэдүүлэг /хх-22-23/,

-Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ****** дугаартай "... Т.Т-гийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн шуу, зүүн гарын сарвуу, зүүн мөр, баруун мөр, зүүн өвдгөнд цус хуралт, зүүн нүдний зовхи, хамар, баруун шанаанд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой" гэх шинжээчийн дүгнэлт /хх-35-36/

-2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Аюулын зэргийн үнэлгээ “дунд, нийлбэр оноо 7” гэх тэмдэглэл /хх-40-41/,

-насанд хүрээгүй гэрч Т.Т-ийн өгсөн "... 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр миний эгч болох Т.Т, дүү Т.Т бид 3... гэртээ байж байсан чинь орой 19 цагийн үед миний аав болох Т согтуу гэрт ороод ирсэн. Гэрт орж ирэхэд эгч Т том өрөөндөө хичээлээ хийж байсан, би том өрөөний буйдан дээр зурагт үзээд сууж байсан чинь аав эгч дээр очоод "энэ хичээлийн хэрэгсэл чинь хэдэн төгрөг болдгийг чи мэдэх үү гэсэн чинь Т эгч аавд хандаж "Та архи уухаа болиочээ" гэсэн чинь аав "чи яасан том болчихсон юм бэ" гээд гараа зангидаж байгаад эгчийн элэг хэсэг рүү нь 2 удаа цохиод нүүр хэсэг рүү нь гараа зангидаж байгаад 10 гаран удаа цохисон. Тэгээд модон түшлэгтэй сандлаар нуруу хэсэг рүү нь 3-4 удаа цохиод Тэргэлсаран эгчийн хамраас нь маш их цус гарсан. Тэгээд аниа угаалгын өрөөнд ороод цусаа угаачихаад гарж ирсэн чинь аав гал тогооны өрөөнөөс хутга аваад "би өөрийгөө хутгалж үзүүлэх үү" гээд хутга бариад байсан. Удалгүй цагдаа нар ирсэн бас ээж ирсэн ийм л зүйл болсон..." гэх мэдүүлэг /хх-25/,

-гэрч Х.А-ийн өгсөн "... 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр би ажил дээрээ байж байсан чинь 20 цагийн үед миний дунд хүү болох Төгөлдөр над руу видео калл хийгээд залгаад утсаа авсан чинь миний хамтран амьдрагч болох Т.Т согтуу "Чи энэ охиноо хардаа өөдөөс цэцэрхээд байна" гээд миний том охин болох Т-г надад харуулсан. Т-г харахад хамраас нь маш их цус гарчихсан үс нь арзайчихсан зодуулсан, уйлсан байдалтай байсан. Тэгэхээр нь би "хүүе ээ чи чинь яаж байгаа юм бэ уурлалаа уурлалаа гэхэд хүүхэд ингэж зодоод байхдаа яадаг юм бэ" гэж хэлээд би утсаа таслаад цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд ажлаасаа гараад цагдаа нартай хамт гэр рүүгээ орсон чинь миний охин уйлчихсан, нүүр нь хавдчихсан, нүдэнд нь цус хурчихсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллага руу явсан ийм л зүйл болсон..." гэх мэдүүлэг /хх-26/,

 -Т.Т-ийн яллагдагчаар өгсөн "... Би прокурорын тогтоолыг уншиж танилцсан.... хүлээн зөвшөөрч байна... Би тухайн үед согтуу байсан... гэм буруугаа хүлээж байгаа..." гэх мэдүүлэг /хх-49/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээч эмчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Т.Т-гийн биед “зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн шуу, зүүн гарын сарвуу, зүүн мөр, баруун мөр, зүүн өвдгөнд цус хуралт, зүүн нүдний зовхи, хамар, баруун шанаанд зөөлөн эдийн няцралт” буюу хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсанд тооцох үндэслэлтэй байна.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.

 Энэ хэргийн тухайд, шүүгдэгч Т.Т-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр насанд хүрээгүй хохирогч Т.Т-гийн эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна гэж дүгнэх үндэслэл болж байна.

Шүүгдэгч Т.Т нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн буюу төрсөн охин Т.Т-ийн бие махбодид халдан хүчирхийлэл үйлдсэн, энэхүү үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хоорондоо шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон.  

          Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинж үндсэн болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокурорын Т.Т-ийг яллагдагчаар татах тогтоол болон түүнд холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

          Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн прокурорын газарт сайн дураараа гаргасан, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар шүүх хуралдаанд мэдүүлж байх бөгөөд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

         Иймд шүүгдэгч Т.Т-ийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн ****** тоотод байрлах гэртээ өөрийн төрсөн охин болох насанд хүрээгүй хохирогч Т.Т-г "та архи уухаа болиоч" гэж хэлсний улмаас түүнийг "чи ямар том болчихоо вэ" гэж агсран уурлаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, улмаар газарт түлхэн унагааж, гараараа нүүрэн тус газарт цохиж, мөн сандлаар гар болон гарын шуу, нуруу хэсэгт нь зодож цохин эрүүл мэндэд нь "зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн шуу, зүүн гарын сарвуу, зүүн мөр, баруун мөр, зүүн өвдгөнд цус хуралт, зүүн нүдний зовхи, хамар, баруун шанаанд зөөлөн эдийн няцралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Тус хэрэгт насанд хүрээгүй хохирогчоор насанд хүрээгүй Т.Т-г тогтоож, түүний хууль ёсны төлөөлөгчөөр Хүүхэд, г,эр бүлийн хөгжил, хамгааллын газрын хууль эрх зүйн хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Г.Г-ыг томилсон байх ба хохирогч “...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Гомдол, санал байхгүй” гэж мэдүүлсэн ба хохирол төлбөр нэхэмжлэхгүй талаар хүсэлт гаргасан, мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Т.Т-гийн эмчилгээний зардалд 31,752 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Т.Т нь 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр төлсөн байх тул шүүгдэгч Т.Т-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Т.Т гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар түүнд шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

Улсын яллагч Б.Цогзолмаа: “...шүүгдэгч Т.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй...” гэх дүгнэлт,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль: “...шүүгдэгч Т.Т гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдэг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан шүүгдэгч Т.Т-ийн хувийн байдлын талаарх иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, жолоочийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-54-58/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-71/, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоол зэргийг шинжлэн судлаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн зүйлийн  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн болно. 

Шүүгдэгч Т.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-т нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах улсын яллагчийн санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн ********** дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Т нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.3 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-т нэг мянган /1,000/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая /1,000,000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Т.Т-т оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6.Эрүүгийн ************* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Т нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тооцон гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай. 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол хуульд заасан журмын дагуу хүргүүлсүгэй.

10.Улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гагцхүү энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргахыг тайлбарласугай. 

11.Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.МӨНХБҮРЭН