Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2018/02107

 

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2018/02107

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух,  Д. Х /РД:000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ГК ХХК /Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, Хоршооллын Глоб хотхон Б.Доржийн гудамж, Хаусын 0 тоот хаягт байрлах, РД: 000/,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Дэнж 0 дугаар гудамж 00 тоот хаягт оршин суух,  Э. Х /РД:000/-т холбогдох,

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгах, алданги 10.140.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхжаргал /ШТ№000/,

Хариуцагч Ж.М,

Хариуцагч Э.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмарнаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч М.Э-ын хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний аав Ц.Д 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ГК ХХК-тай орон сууцны барилгаас нь захиалгаар байр худалдан авах зорилгоор Орон сууц захиалгын гэрээ /№08/-ыг байгуулж, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрнаас 35.5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны /нийт үнийн дүн 11.670 ам.доллар/ 70 хувийг буюу тухайн үеийн ханшаар 8261 ам.доллараар /10 сая төгрөг/ төлсөн. Уг мөнгийг 000 тоот дансанд шилжүүлсэн. Ц-ийн Н нь тухайн компанид мөнгөний нярав ажилтай байсан, тухайн үед компанийн санхүүгийн хүндрэлээс шалтгаалан хувь хүний дансаар барилгын төлбөрийг хүлээн авч байсан байна. Гэрээ байгуулсан эдний ажилтан н.А-ийн тушаа гэсэн дансанд урьдчилгаа төлбөрийг тушаасан.

Аав минь гэрээний нөхцөлүүдэд итгэн 1 сарын дараа шинэ байранд орох нь гэж үзээд энэ сонголтыг хийсэн. Гэтэл гүйцэтгэгчийн өөртөө хүлээсэн энэхүү үүрэг нь хугацаандаа биелэгдэхгүй сунжирсаар тус байранд 2005 оны 06 дугаар сарын 01-нд орсон. Гүйцэтгэгч тал уг байрыг улсын комисс хүлээн авсан, удахгүй ордерыг олгоно гэсэн.

Гэвч байрыг Улсын комисс хүлээж аваагүйгээс өнөөг хүртэл хэний эзэмшилд байгаа, эсэх нь тодорхойгүй, байрны ордер албан ёсоор гараагүй ба ГК ХХК нь бидний хооронд байгуулсан №08 тоот гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөг хүртэл биелүүлээгүйгээс талиийгаач болсон аав болон намайг олон жил хохироож ирсэн.

Тус байранд оршин суугчдын байрыг хувийн өмчлөлд шилжүүлэх шаардлага хүсэлт-ийг компаний захирал Ж.М-т тавихад хүлээж авдаггүй, энэ талаар ярилцан, санал солилцох гэхлээр оршин суугчдыг дарамтлан хэл амаар доромжлох, хүч хэрэглэн зодох, ална гэж айлган сүрдүүлэх зэргээр зохисгүй зан гаргасаар олон жил болж байна. ГК ХХК нь Гэрээний энэхүү гол нөхцөл болох орон сууцыг ашиглалтанд оруулах хугацаагаар захиалагчдыг хуурч мэхлэн, үүнтэй холбогдон гарсан бусад хохирлыг захиалагчид хүлээсэн.

Тус байрыг чанаргүй, стандарт баримталж бариагүй нь өнөөг хүртэл амьдарч, ашиглах үед илэрсээр байна. Жишээ нь: байрны дулаацуулага өвлийн хүйтний улиралд +9с +10с байдаг, үүнээс болж аав минь эрүүл мэндээрээ хохирч удаа дараалан эмнэлэг болон сувилалд хэвтэн эмчлүүлж байсан. Тухайн үеийн ГК удирдлагад гомдол гаргаж байсан боловч арга хэмжээ аваагүй.

Улсын байцаагчийн актаар үүрэг өгсөн боловч зөрчлөө арилгаагүй.

Энэ асуудлаар аав минь Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж 2008 оны 10 сарын 24-нд шүүх хуралдаан болж ГК ХХК-аас миний аавд 1,755,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Гэвч тухайн үед ГК ХХК нь дансандаа мөнгөгүй, захирал Ж.М нь ял эдэлж байгаа гэсэн шалтгаанаар байрны үлдэгдэл төлбөр болох 3,669 ам доллараас хасна гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э-тай тохиролцож байсан боловч энэ нь огт хэрэгжээгүй болно. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э нь тухайн үед данс нь улайчихсан компани учраас мэдээлэл өгч чадахгүй байна гэж бидэнд хэлж байсан.

Аав минь 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр насан өөд болсон. Аавын маань нэр дээр 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ГК ХХК-аас мэдэгдэл ирсэн. Миний аав байрны үнийн 70 хувийг төлсөн, байртай холбогдох байр, гэрэл, засварын мөнгө зэрэг төлбөрүүдийг төлж ирсэн, мөн уг маргаан бүхий байранд 2005 оны 06 дугаар сарын 15-наас хойш одоог хүртэл 12 жил амьдарсан шудрага өмчлөгч юм. Уг байранд авга эгчийн хүүхэд гэр бүлийнхээ хамт амьдарч байтал үлдэгдэл төлбөр нэхэх, байр чөлөөлөх шаардлага тавих, цахилгаан тасалснаас болоод нүүсэн. 2017 оны 12 сард цоожны голыг сольсон байсан. Шүүхээс байрыг битүүмжилсэн, мөн миний бие бүртгэлийн газарт урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн байхад 2018 оны 1 сард Э.Х-т өмчлүүлэх гэрчилгээ гарсан байна.

Э.Х-ын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсантай холбогдуулан зохих байгууллагад гомдол гаргаагүй. Шүүхийн шийдвэрээр хариуцагчаас манайд төлөхөөр шийдсэн 1.755.000 төгрөгийг аваагүй тул түүнийг үлдэгдэл төлбөрт тооцуулах боломжтой, үлдэгдэл мөнгийг төлөөгүй байгаа. ГК ХХК нь гэрээгээр хүлээсэн хугацаандаа байрыг ашиглалтанд оруулаагүй, гаднах тохижилтыг хийгээгүй зэргээс үлдэгдэл төлбөрөө төлөөгүй.

Иймд Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 0 дугаар хороолол, СЭН 0 дугаар байр, 08 тоотын 35.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Д.Х намайг тогтоон, уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн хариуцагчаас гаргуулахыг даалгаж өгнө үү.

Мөн Орон сууц захиалгын гэрээ-ний 2-т Ашиглалтанд орох хугацаа: 2005 оны 06 дугаар сарын 15 гэж заасан заалт одоог хүртэл хэрэгжээгүй, ашиглалтанд өгөөгүй. Уг барилгыг 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтанд оруулахаар гэрээндээ тусгасан боловч хугацаандаа ашиглалтанд ороогүй ба одоог хүртэл ашиглалтанд өгөөгүй буюу улсын комисс хүлээж аваагүй тул Эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бөгөөд энэ нь бидний хооронд байгуулсан гэрээний 7.2-д зааснаар хугацаандаа ашиглалтанд өгөөгүй бол компани хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувиар алданги тооцож захиалагчид төлөх ёстой гэсэн заалт нь хэрэгжээгүй. Энэ заалтаар тооцсон алданги 8261 ам доллар буюу 10.140.000 төгрөг болж байна.

Иймд Д.Х миний дээрхи нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагуудыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

 

Хариуцагч ГК ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь "Тус компанийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд барьсан 32 дугаар байрны 08 тоот байрыг худалдан авахаар 2004 оны 10 дугаар сарын 18-нд 32/08 тоот захиалгын гэрээ хийсэн. Уг байрыг улсын комисс хүлээж аваагүйгээс өнөөг хүртэл хэний эзэмшилд байгаа эсэх нь тодорхойгүй, байрны ордер албан ёсоор гараагүй, бидний хооронд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүрэг өнөөг хүртэл биелэгдээгүйгээс олон жил хохирсон. Ж.М оршин суугчдыг дарамталдаг, доромжилдог, зоддог, ална гэж айлган сүрдүүлдэг. Байр чанаргүй, стандарт баримталж бариагүй. Орон сууцны захиалгын гэрээний 2-т "Ашиглалтад орох хугацаа: 2005 оны 06 дугаар сарын 15" гэж заасан заалт одоог хүртэл хэрэгжээгүй, хугацаандаа ашиглалтад өгөөгүй буюу улсын комисс хүлээж аваагүй тул эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй. Байрны үнийн 70%-ийг төлсөн, ашиглалтын зардалуудаа төлж ирсэн, 2005 оны 06 дугаар сарын 15-наас хойш өнөөг хүртэл 12 жил амьдарсан шударга өмчлөгч тул байрны өмчлөгчөөр тогтоолгон, өмчлөх эрхийн гэрчилгээг Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн хариуцагчаас гаргуулахыг даалгуулах, гэрээний 7.2-т хугацаандаа ашиглалтад өгөөгүй бол компани хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1% алданги тооцож захиалагчид төлөх ёстой гэсэн заалтаар 10.140.000 төгрөг төлүүлэх нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "2005 оны 06 дугаар сарын 01-нд байрандаа орсон, үүнээс хойш одоог хүртэл 12 жил амьдарч ашиглаж байна" гэж компани үүргээ хэзээ биелүүлснийг болон байр хэний эзэмшил ашиглалтад байгааг маш тодорхой дурьдан хүлээн зөвшөөрсөн байна. Гэрээний 2.10 заалтаар компани "байрыг 2005 оны 6 дугаар сарын 15-нд ашиглалтад оруулна" гэсэн үүргээ 15 хоногийн өмнө биелүүлсэн тул компани гэрээний 7.2 заалтаар алданги хүлээх боломжгүй. Мөн уг хугацаанд улсын комисст өгч ордер гаргаж өгөх эсвэл гэрээ хийсэн өдрөөс хойш 1 сарын дараа байранд нь оруулах үүрэг компани хүлээгээгүй.

"Орон сууцны нийт үнэ 11670 ам.доллар. Үүнээс 70% буюу 8261 ам.доллар төлсөн" гэж нэхэмжлэлдээ дурьдан үнийн үлдэгдэл 3409 ам.долларыг төлөөгүй байгаагаа мөн хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд уг үлдэгдэл төлбөрөө нэхэмжлэгч нь гэрээний 6.2 заалтаар компаний зохих хугацаатай зээлэнд хамруулсан учир 7.3-т зааснаар тус компани "Урт хугацааны зээлд хамрагдсан захиалагч нарт ямар нэгэн алданги төлөхгүй". Харин ч нэхэмжлэгчийн уг зээлийн төлбөрөө төлөх хугацаа 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсон боловч тэрээр уг төлбөр төлөх үүргээ өнөө хэр биелүүлээгүй байх тул гэрээний 6.4 заалтыг Иргэний Хуулийн 232 дугаар зүйлд нийцүүлэн 2645 ам.долларын анзыг болон Иргэний хуулийн 222.5 заалтаар хариуцагч нь гэрээний үүргээ хэтрүүлсэн хугацаандаа тохирсон хүүг тооцон манайд төлөх ёстой байсан.

Хариуцагч нь байрны үнийн 70%-ийг төлсөнөөр болон байранд 12 жил ашиглалтын зардлаа төлж амьдарсан нь байрыг өмчлөх үндэслэл биш бөгөөд харин гэрээний 6.3-т "зээлийн үлдэгдэлтэй нөхцөлд байрны өмчлөгч нь компани байх бөгөөд... гэрээний хугацаандаа захиалагч зээлээ барагдуулсан нөхцөлд уг байрыг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ" гэж заасны дагуу өнөөдөр байр компаний өмч хэвээр байгаа ба нэхэмжлэгч нь зөвхөн үлдэгдэл төлбөрөө хугацаанд нь төлсөн нөхцөлд байрыг өмчлөх боломжтой байсан.

Харин тэрээр гэрээний 6.2-аар хүлээсэн үүргээ нэгэнт биелүүлээгүй учраас тус компани Иргэний Хуулийн 264.1-ээр олгосон эрхээ хэрэгжүүлэн түүнтэй байгуулсан 32/08 тоот гэрээнээсээ татгалзаж энэ тухайгаа нэхэмжлэгчид мэдэгдсэн ба уг шийдвэрээ 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр баталгаажуулан Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн албанд хүргүүлж, төлбөрийг 100% төлсөн дараагийн худалдан авагчид өмчлөх эрхийг шилжүүлэн Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь олгосон. Нэгэнт нэхэмжлэгч зээлээ хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тул компани хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэж байна.

Түүнээс гадна уг гэрээний үүрэгт 10.000.000 төгрөг төлсөн гэдгийг зөвшөөрөхгүй, уг мөнгийг Ц.Н-ээс компани хүлээн аваагүй. Компани санхүүгийн хүндрэлтэй байсан учир хувь хүний дансаар байрны төлбөрийг хүлээн авч байсан гэдгийг зөвшөөрөхгүй. Тухайн үед ХЗХоршоонд асуудал үүссэн болохоос компанид ямар нэгэн хүндрэл байгаагүй.

Ц.Н нь бэлэн мөнгөний нярав ажилтай байсан бөгөөд тэрээр өөрийн хувийн дансаар бэлэн мөнгөний гүйлгээ хийдэггүй байсан. Ц.Н бол компани биш учраас энэ 2-ыг зааглах хэрэгтэй, гэрээний төлбөрөө компанид өгснөө нотлох ёстой.

Гэрээ байгуулсан хүн нас барсан, бие муудсан нь байрны чанараас болсон зүйл байхгүй. Тэгээд ч танайх тэр байрыг байнга бусдад түрээслүүлдэг байсан. Гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл өгснөөс бид маргасан. Гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөх ёстой гэдгээ та мэдэж байсан.

Шүүхийн шийдвэрт манайд 10.000.000 төгрөг төлсөн нь нотлогдохгүй байгаа боловч нөгөө тал маргахгүй байх тул гэсэн үг байгаа. Үүнээс гадна 10.000.000 төгрөгөө төлсөн гээд байгаа юм бол үлдэгдэл төлбөрөө төлнө гэдгээ мэдэхгүй өдий хүрсэн гэдэгт эргэлзэж байна.

Иймд Д.Х-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

Хариуцагч Э.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э овогтой Х миний бие ГК ХХК-иас Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, Доржийн гудамжинд байрлах 0 дугаар байрны 0 тоот, 35,5 м.кв 2 өрөө байрны төлбөрийг 100% төлж барагдуулан худалдан авсан. Үүний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Ү-000 дугаартай гэрчилгээ миний нэр дээр гарсан.

Миний нэр дээр дээрх байрны өмчлөх эрхийн гэрчилгээ 2017 оны 12 сард гарсан бөгөөд энэ үед үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас битүүмжлэгдсэн, өөр хүний өмчлөлийнх, маргаантай зүйл байхгүй учраас надад өмчлүүлсэн. Эдгээр хүмүүсийн маргаанаас болж миний өмчлөх эрх зөрчигдөж байна. Тэгээд миний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан учраас байрандаа засвар хийсэн.

Нэхэмжлэгч Д.Х-тай миний бие ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, түүнийг танихгүй, шүүх дээр ирж түүнийг анх харсан.

Д.Х болон ГК ХХК-ийн хоорондох асуудлыг нэн даруй шийдэж, өмчлөгч миний байрыг бусдад худалдах, барьцаанд тавих зэрэг эрх хөндөгдөж байгааг харгалзан үзнэ үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч ГК ХХК. Э.Х нарт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн алданги 10.140.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагагы бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Нэг талаас захиалагч Ц.Д асан, нөгөө талаас гүйцэтгэгч ГК ХХК-ийн хооронд 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдөр №08 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан байх бөгөөд захиалагч Ц.Д нь 11.930 ам.долларын хөлс төлөх, гүйцэтгэгч ГК ХХК нь 35.5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг гэрээнд заасан нөхцөл, батлагдсан зураг төслийн дагуу барилгын ажлыг хийж гүйцэтгэж, 2004 оны 11 сард захиалагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон гэрээг бичгээр байгуулсан байна.

 

Уг гэрээний 5 дах хэсэгт нийт талбай 35.5 м.кв, 2 өрөө, талбайн үнэ 11.670 ам.доллар, цонхны хэмжээ 4 м.кв, цонхны үнэ 180 ам.доллар, гадна хаалганы үнэ 80 ам.доллар, нийт үнэ 11.930 ам.доллар байхаар,

6 дах хэсэгт үнийг гурван үе шаттайгаар /40 хувь, 30 хувь, 30 хувь/ хэсэгчлэн төлөх боломжтой, нийт дүнгийн 40 хувийг урьдчилгаа болгон төлснөөр гэрээ байгуулах эрхтэй, дараах 30 хувийг орон сууц баригдах явцад, үлдэх 30 хувийг зээлээр буюу эхний 1 жилд хүүгүй, 2 дахь жилд сарын 2 хувь, 3 дахь жилд сарын 3 хувь гэх мэтээр 10 жил хүртэл 10 хувийн хүүтэйгээр төлөхөөр харилцан тохиролцжээ.

/хх-ийн 17-18 дугаар тал/

 

Гэрээний захиалагч тал Ц.Д 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нас барсан тул түүний ГК ХХК-тай байгуулсан орон сууцны захиалгын гэрээний хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай шаардах эрхийг түүний охин Д.Х 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №00 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөсөн байна.

/хх-ийн 6 дугаар тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу захиалагч Ц.Д нь гэрээний үнэнд 10.000.000 төгрөгийг 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын банкаар дамжуулан гүйцэтгэгч ГК ХХК-ийн ХААН банкны 000 тоот дансанд шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн гэж, хариуцагч ГК ХХК нь уг дансыг эзэмшдэггүй, төлбөрийг хүлээн аваагүй гэж маргажээ.

/хх-ийн 27 дугаар тал/

 

ХААН банк ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №05059/01 тоот албан бичгээр: ГК ХХК нь тус банкинд нээгдсэн болон хаагдсан ямар ч дансны бүртгэлгүй болохыг,

2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 29/4803 тоот албан бичгээр: Тус банкны 000 тоот данс Ц-ийн Н-ийн нэр дээр бүртгэлтэй, хамтран эзэмшигч М.Б болохыг тус тус тодорхойлсон байна.

 

/хх-ийн 53, 71 дүгээр тал/

 

Захиалагч асан Ц.Д-ийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 11.420.000 төгрөг, эмчилгээний зардал, орон сууц өмчлөх эрхийн бичиг, ирээдүйд орон сууц хөлслөх болон түрээслэх зардал гаргуулах, эд хөрөнгийн доголдлыг арилгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №000 тоот шийдвэрээр шийдвэрлэжээ.

 

/хх-ийн18-20 дугаар тал/

 

Уг шийдвэрээр Ц.Д болон ГК ХХК-ийн хооронд 2008 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээ-г Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, Ц.Д нь гэрээний үүрэгт 9.750.000 төгрөгийг ГК ХХК-д төлсөн гэж дүгнэн, уг үнийн дүнгээс тооцон, гэрээнд заасан хугацаагаар буюу 2004 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс байранд орсон 2005 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 180 хоногийн торгууль болох 1.755.000 төгрөгийг /урьдчилгаа төлбөр 9.750.000 төгрөгийн 0.1 хувь 9750 төгрөгх180хоног=1.755.000/ хариуцагчаас гаргуулан олгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Мөн орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагчаас гаргуулах шаардлагын хувьд гэрээний 6 дах хэсгийн 4-т:зээлийн үлдэгдэлтэй нөхцөлд байрны өмчлөгч нь компани байх бөгөөд энэ хугацаанд уг байрыг барьцаалан банкнаас зээл авч дараагийн барилгын ажлаа санхүүжүүлэх эрхтэй. Гэрээний хугацаандаа захиалагч зээлээ барагдуулсан нөхцөлд уг байрыг банкны барьцаанаас чөлөөлж захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь уг орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөөгүй...тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээс хойших хугацаанд хариуцагч ГК ХХК нь гэрээний үүргээ биелүүлэх талаар 2015 оноос эхлэн шаардсан, гэрээнээс татгалзах санал хүргүүлсэн гэж тайлбарлаж байх ба нэхэмжлэгч үүнтэй маргаагүй бөгөөд харин шүүхийн шийдвэрээр хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 1.755.000 төгрөгийг төлбөрт харилцан тооцох боломжтой гэх тайлбарыг гаргасан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т: Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заажээ.

 

Үүнээс үзэхэд талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр байна.

 

Гэрээгээр худалдан авагч асан Ц.Д нь 11.930 ам доллар төлөх үүрэг үүссэн байх ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тэрээр 9.750.000 төгрөг буюу 8261 ам.доллар төлсөн, үлдэх 3669 ам.долларыг гүйцэтгэгч буюу ГК ХХК-д төлөх гэрээний үүргээ биелүүлсэн болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.

 

Түүнээс гадна нэхэмжлэгч гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх төлбөрийг төлөөгүй нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүрэг болох гадна тохижилтыг хийгээгүй, байрыг хугацаанд нь ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй, улсын комисст хүлээлгэн өгөөгүй гэх тайлбар нь түүнийг үүргээ гүйцэтгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д: талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэсэн байх ба талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6 дугаар зүйлийн 4-д зааснаар худалдан авагч асан Ц.Д болон түүний өв залгамжлагч нь орон сууцны үнэ төлөх үүргээ биелүүлээгүй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн гэрээгээр хүлээсэн орон сууцны үнэ төлөх үүргээ нэхэмжлэгч биелүүлснээр түүнд уг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх буюу өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрх үүснэ.

Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул түүний гэрээний 7 дугаар зүйлийн 2-т зааснаар байрыг заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй тул гүйцэтгэгч тал хоног тутамд захиалагчийн урьдчилгаа төлбөрийн 0.1 хувийн торгуульд тооцон 10.140.000 төгрөг шаардсан нь үндэслэлгүй болжээ.

 

Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, Цэргийн хотхон /000/, Б.Д-ийн гудамж, 0 байр, 0 тоот хаягт байршилтай, 35.5 м.кв талбайтай, орон сууцыг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэн Э.Х-ын гаргасан мэдүүлэг, өргөдөл, иргэний үнэмлэхний лавлагаа, ГК ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээ, ГК ХХК-ийн төлбөр тооцоо дууссан албан бичиг, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын албан бичиг, эд хөрөнгийн план зураг, фото зураг зэрэг нотлох баримтуудыг үндэслэн түүнд Эрхийн улсын бүртгэлийн Y-000 дугаарт бүртгэн, өмчлөх эрхийн 000 тоот гэрчилгээ олгосон болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 7/3809 тоот албан бичиг, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 8/720 тоот албан бичиг, тэдгээрт хавсарган ирүүлсэн баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

/хх-ийн 76-89, 96-110 дугаар тал/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд дээрх орон сууцтай холбоотойгоор нэхэмжлэгч Д.Х болон хариуцагч Э.Х нарын хооронд үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч ГК ХХК, Э.Х нарт холбогдох Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 32 дугаар байр, 8 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн алданги 10.140.000 төгрөг гаргуулах тухай Д.Х-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

115 115.1, 115.2.3, 116, 118-т

:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ГК ХХК, Э.Х нарт холбогдох Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн алданги 10.140.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Х-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 441.030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШЗ2018/05624 тоот Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ