| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2018/00468/И |
| Дугаар | 156/ШШ2018/00507 |
| Огноо | 2018-07-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 156/ШШ2018/00507
| 2018 оны 07 сарын 10 өдөр | Дугаар 156/ШШ2018/00507 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2018/00468/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн ................. нутагладаг, Тугчин овогт Г. Л/............../-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хэнтий аймгийн .................тоотод оршин суух, Ө.р овогт Б.н Б. /............/-д холбогдох,
“7 000 000 /долоон сая/ төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г...., хариуцагчийн өмгөөлөгч Г.Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.С. нар оролцов.
Нэхэмжлэгч Г. Л болон хариуцагч Б.Б. нарын хэн аль нь өөрсдөө шүүх хуралдаанд оролцохгүй, сонгож авсан өмгөөлөгчөө шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг урьд гаргасан тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулав.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Л нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Г овогтой Лминий бие Б.ад 2013 оны 06 сарын 19-ны өдрөөс 2014 оны 06 сарын 20 ны өдрийг хүртэл 366 хоногийн хугацаатай хүү алданги тооцохгүйгээр 7 000 000 /долоон сая/ төгрөг зээлдүүлсэн.
Зээлийн гэрээг 2013 оны 06 сарын 19-ны өдөр байгуулсан бөгөөд нотариатаар баталгаажуулалт хийж авсан. Б.Б. нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийж 5 жил болж байна. Утсаар ярихаар өгнө гэсээр байгаад өнөөдрийг хүрээд байна. Иймд Б.Б.аас зээлийн гэрээний үүргийн 7 000 000 /долоон сая/ төгрөгийг яаралтай гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1-2х/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б. Б. нь 2012 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө миний үйлчлүүлэгч Хэнтий аймгийн ....... сумын иргэн Хэнтий Г. Л.ын 45 лангийн ...... хийцийн мөнгөн чимэглэлтэй 2 ширхэг эмээл, хазаар, хударга зэргийг бусад хэрэглэгдэхүүний хамт хулгайлж 20 000 000 /хорин сая/ төгрөгийн хохирол учруулсан ба хэрэг шалгагдах үед эмээлийн хохирлыг 13 246 050 төгрөг гэж 7 сая төгрөгөөр дутуу бага үнэлсэн байсан. Б. Б. нь энэ гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож тогтоогдоод шүүх дээр очоод биеэр шоронд орж ял эдлэхгүй байх үүднээс миний үйлчлүүлэгч, нэхэмжлэгч Г. Л.ыг хохирол төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бичиг тодорхойлолт хийж өгөхийг гуйж, ятгаж байсны дагуу Г. Лнь 2013 оны 06 сарын 19-нд 7 сая төгрөг зээлдүүлсэн тухай Зээлийн гэрээг Б. Б.тай байгуулж нотариатчаар батлуулсан. Ингээд Б. нь хохирогчийн 13 сая төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан гэдгээр олон жилийн хорих ял авалгүйгээр 4-хөн сарын баривчлах ял аваад гарсан байдаг. Иймд Л.д учруулсан 20 сая төгрөгийн хохирлоос үлдсэн 7 сая төгрөгийг Б.аас нэхэмжилж байгаа юм гэв.
Хариуцагч Б.Б. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г.Л.н нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2012 оны 12 сарын 30-ны өдөр ............ багт байрлах Г.Л.ын гэрээс эд зүйлийг нь хулгайлж 13 790 000 төгрөгийн хохирол учруулсан.
Энэ үйлдэлдээ гэмшиж хохирлоо бүрэн барагдуулан ял шийтгэлээ эдэлсэн. Ингэхдээ шүүх хуралдаанаас өмнө буюу 2013 оны 06 сарын 19-ны өдөр өөрийн хадам аав Дэмид овогтой Э.ийн эзэмшилд байсан 0269280 тоот гэрчилгээтэй Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн ..........тоотод орших тоосгон хашаатай газрыг Г.Л.тай тохиролцон хохирлын 13 790 000 төгрөгт тооцон дүйцүүлэн өгч хохирлоо барагдуулсан бөгөөд Г.Л нь энэ тухайгаа бичгээр бичиж шүүхэд өгсөн.
Тухайн үед Г.Л нь надаас нэмж 7 000 000 төгрөг нэмж авна гэхээр нь би дахин мөнгө нэмж өгч чадахгүй гэтэл зээлийн гэрээ байгуулна гээд одоо нэхэмжилж буй зээлийн гэрээг байгуулвал гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн бичгээ хийж өгнө гэхээр нь би аргагүйн эрхэнд зөвшөөрч энэ зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Түүнээс биш Г.Л надад 7 000 000 төгрөгийг 1жилийн хугацаатай зээлсэн зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх-ийн 11х/
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :Г. Л., Б. Б. нарын хооронд 2013 оны 06 сарын 19-ний өдөр байгуулсан 7 сая төгрөгийн зээлийн гэрээ бол үйлчлүүлэгчийг маань шахаж дарамталж байгаад хийлгэсэн дүр үзүүлж хийсэн гэрээ юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв
Шүүх хуралдаанаар зохигчдын өгсөн тайлбарууд болон хэрэгт нотлох баримтаар авагдсан Г. Л., Б. Б. нарын хооронд 2013.06.13-нд байгуулсан зээлийн гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013.06.25-ны өдрийн №86 дугаартай шийтгэх тогтоол, гэрч Ж. Ц.ийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Л нь хариуцагч Б.Б.ад холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд 7 000 000 /долоон сая/ төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэргийн үйл баримтаас үзэхэд хариуцагч Б. Б. нь шунахайн сэдэлтээр, машин механизм ашиглан 2012 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Хэнтий аймгийн ................ сумын нутаг Мангирт гэдэг газарт нутаглаж байсан иргэн Хадаагийн гэрт хууль бусаар нэвтрэн орж нэхэмжлэгч Г. Л.ын өмчлөлийн 45 лангийн Б. хийцийн мөнгөн чимэглэлтэй их гарын 2 ширхэг эмээл, хазаар, хударга зэргийг бусад хэрэглэгдэхүүний хамт хулгайлж 13 246 050 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013.06.25-ны өдрийн №86 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 17-22х/-оор нотлогдон тогтоогдож байх ба хариуцагч Б. Б.ын хувьд дээрх үйлдсэн гэмт хэрэгтээ 4 сарын баривчлах ял шийтгүүлсэн байна.
Хариуцагч Б. Б. нь нэхэмжлэгч Г. Л.ын эд хөрөнгийг хулгайлж, түүнд хохирол учруулсан байдал нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон тул энэ байдалд дүгнэлт хийх шаардлагагүй юм.
Харин нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд хохирол төлбөртэй холбоотой асуудлаар 2013 онд хэлцэл болсон гэдгийг үгүйсгэхгүй хэдий ч нэхэмжлэгч Г. Л.ын хулгайд алдсан........... дарханы хийцийн их гарын 2 ширхэг эмээл нь 20 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн гэдгийг нотлох баримт хэрэгт алга байна.
Нөгөөтэйгүүр анхаарах гол зүйл бол нэхэмжлэгч Г. Л., хариуцагч Б. Б. нарын хооронд 2013 оны 06 сарын 19-ны өдөр 7 сая төгрөгийн зээлийн гэрээ бодитоор байгуулагдаагүй, өөрөөр хэлбэл Г. Л. зүгээс Б. Б.ад дээрх мөнгийг огтоос зээлдүүлээгүй, өгөөгүй болох нь зохигчдын өөрсдийнх нь шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Бодит байдал дээр нэхэмжлэгч Г. Л нь 2 ширхэг мөнгөн тоногтой эмээлээ 20 саяаар өөрөө үнэ тогтоон үнэлж, 7 сая төгрөгийг гэмт хэрэг үйлдсэн хариуцагч Б. Б.аас нэмж төлбөр гаргуулах баталгаа, арга хэрэгсэл болгож 2013 оны 06 сарын 19-ны өдөр түүнд 7 сая төгрөг зээлдүүлсэн мэтээр зээлийн гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч Г.Л., хариуцагч Б. Б. нарын хооронд 2013 оны 06 сарын 19-ны өдөр байгуулсан дээрх зээлийн гэрээ нь эрүүгийн хэрэг дээр ял шийтгэл, хохирол төлбөрийн асуудлаар хоорондоо тохиролцож хийсэн хэлцлийг халхавчилж хийсэн хэлцэл /зээлийн гэрээ/ мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т: өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заажээ.
Иймд нэхэмжлэгч Г. Л.ын хариуцагч Б. Б.аас зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд 7 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэгэнт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийлдвэрлэж буй учир нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилж төлсөн 126 950 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар Г.Лхагвын нэхэмжлэлтэй, Б.Б.аас зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд 7 000 000 /долоон сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Л.ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 126 950 /нэг зуун хорин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР