| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2019/01529/И |
| Дугаар | 101/ШШ2019/02817 |
| Огноо | 2019-10-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2019/02817
2019 оны 10 сарын 17 өдөр Дугаар 101/ШШ2019/02817 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ХХХХХХ, Т банкны /РД:ХХХХХ/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ХХХХХХ тоотод оршин суух, Г.Д /РД: ХХХХХХХХХХ/,
Хариуцагч: ХХХХХ тоотод оршин суух, Г.Ө /РД: ХХХХХХ/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 70.508.343, 25 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамьяндагва, Г.Дариймаа,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Батжин,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Энхтөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамьяндагва, Г.Дариймаа нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.Д, хамтран зээлдэгч Г.Ө нар Т банктай 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ХХХ тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 49.909.533,27 төгрөгийг жилийн 14.4 хувийн, сарын 1.2 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлсэн.
Г.Д нь тус банкинд 2011 оноос байх 1 жил гарангийн хугацаанд хянан шалгагчаар ажилласан ба 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 30.000.000 төгрөгийн цалингийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 14.4 хувийн хүүтэй зээлэн төлж байгаад 29.009.533,27 төгрөг үлдэхэд нэмж 20.000.000 төгрөгийг зээлэн дээрх 2018 оны 11 дүгээр сарын 22-ны гэрээг байгуулсан. Ахынхаа эмчилгээнд мөнгө шаардлагатай гээд нэмж зээл авсан.
Мөн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ХХХХХХ тоот кредит карт эзэмших гэрээ байгуулж 20.000.000 төгрөгийн олон улсын алтан кредит картыг бэлэн гүйлгээний жилийн хүү 36 хувь, бэлэн бус гүйлгээний жилийн хүү 24 хувиар, 24 сарын хугацаатай авсан.
Уг кредит картын үндсэн зээлийн төлбөр 20.808.491,06 төгрөг, үндсэн зээлийн хүү 808.967,68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22.871,69 төгрөг, нийт 21.640.330,43 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Нэхэмжлэгч Т банкны зүгээс хариуцагч Г.Ө-эс татгалзаж байгаа бөгөөд хариуцагч Г.Д-өөс үндсэн зээл 69.052.011,08 төгрөг, зээлийн хүү 1.426.102,14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23.729,23 төгрөг, нийт 70.501.843,25 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг, бүгд 70.508.343,25 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Д шүүхэд гаргасан тайлбартаа:
Т банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Д надад холбогдох нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэлд дурьдсан 70.508.343, 25 төгрөгийг би авсан нь үнэн. Энэ төлбөрийг би төлж барагдуулна. Үүн дээр маргах ямар ч үндэслэл байхгүй.
Зээлийн гэрээнд хамтран зээлдэгч Г.Ө гарын үсэг зурсан нь үнэн боловч Г.Өд би нэг ч төгрөг өгөөгүй учраас уг төлбөрийг би төлж барагдуулна.
Иймд нэхэмжлэгч талтай эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг зөвшөөрч байна гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Батжин шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
Г.Д нь миний эхнэрийн дүү бөгөөд би түүний гуйсны дагуу өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* ******* гудамж, ******* байрны зоорийн давхрын ******* тоотод байршилтай, 18 м.кв талбайтай, авто зогсоолоо барьцаалах итгэмжлэл олгож гарын үсэг зурсан. Итгэмжлэл олгосон тул хууль журмынхаа дагуу шийдвэрлэгдэх байх гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т банк нь хариуцагч Г.Д, Г.Ө нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 70.508.343,25 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
/2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний үндсэн зээл 48.243.520,02 төгрөг, хүү 617.134,46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 858,24 төгрөг,
Мөн өдрийн кредит карт эзэмших гэрээний дагуу үндсэн зээл 20.808.491,06 төгрөг, хүү 808.967,68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22.871,69 төгрөг, нийт зээлийн үлдэгдэл 69.778.945,72 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг, бүгд 70.508.343,25 төгрөг/
Хариуцагч Г.Д нь Т банктай 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 188 тоот барьцаат зээлийн гэрээг байгуулан 49.909.533,27 төгрөгийг жилийн 14.40 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн нь, мөн өдөр нь олон улсын кредит карт эзэмших гэрээг 2 жилийн хугацаатай байгуулан, зээлийн хэмжээг 20.000.000 төгрөгөөр тохирч, бэлэн гүйлгээний хүү жилийн 36 хувь, бэлэн бус гүйлгээний хүү жилийн 24 хувь хэмээн гэрээ байгуулсан нь зохигчдын тайлбар, барьцаат зээлийн гэрээ, кредит карт эзэмших гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрхи барьцаат зээлийн гэрээ болон олон улсын кредит карт эзэмших гэрээнд Г.Ө нь хамтран зээлдэгчийн үүрэг хүлээн оролцсон байх бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний үүрэгт Б.Батжингийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* ******* гудамж, ******* байр, зоорийн давхрын ******* тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, авто зогсоолыг барьцаалсан нь хэрэгт авагдсан 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн АА/01 тоот барьцааны гэрээ, зохигчийн шүүхэд өгсөн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов.
/ХХ-ийн 6-28 дугаар тал/
Талууд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, мөн өдөр нь улсын бүртгэлд бүртгүүлснээр уг барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,
мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байна.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй.
Хариуцагч нар 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл үндсэн зээл 2.656.479,98 төгрөг, үндсэн хүү 3.349.839,18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.399,29 төгрөг, нийт 6.007.718,45 төгрөгийг төлсөн нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон болно.
Зээлдэгч буюу хариуцагч тодорхой хугацаанд гэрээний үүргийг биелүүлээгүй тул гэрээг цуцлах эрх бүхий этгээд банк гэрээний харилцааг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн гэрээг цуцлах мэдэгдлийг хүргүүлж байсан бөгөөд зээлдэгч нь олгосон хугацаанд гэрээний үүргийг биелүүлээгүй тул банк гэрээг цуцалжээ.
/ХХ-ийн 26-27 дугаар тал/
Талуудын байгуулсан барьцаат зээлийн гэрээний хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, кредит карт эзэмших гэрээний хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дуусахаар ба гэрээгээр тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг мөн өдрөөс хойш тооцох ёстой бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө тооцсон нэмэгдүүлсэн хүү буюу өмнө төлүүлсэн болон нэхэмжилж буй 25.129,22 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасах нь зүйтэй.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгчийн хүлээх хариуцлага учраас гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй юм.
Дээрхээс үзэхэд хариуцагч Г.Дийн гүйцэтгэх ёстой үүрэг дээр дурьдсан барьцаат зээлийн болон кредит карт эзэмших гэрээ ёсоор 70.508.343,25 төгрөг-25.129,22 төгрөг=70.483.214 төгрөг байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Г.Дөөс 70.483.214 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т банкинд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 25.129,22 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч Т банк нь хариуцагч Г.Өээс татгалзсан тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Хариуцагч Г.Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т заасан шүүх хуралдааны товыг лавлах үүргээ биелүүлээгүй, мөн тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Мон******* Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1, 1*******.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Г.Дөөс 70.483.214 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т банкинд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 25.129,22 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т банкны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 580.692 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Дөөс 580.566 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т банкинд олгосугай.
3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Г.Д нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн биелэлтэд барьцаалсан барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* ******* гудамж, ******* байр, зоорийн давхрын ******* тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-220603 дугаарт бүртгэлтэй, авто зогсоолыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Т банк нь хариуцагч Г.Өээс татгалзсан тул Г.Өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 6810 дугаар захирамжаар хариуцагчийн эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН