| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 317/2025/0191/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/284 |
| Огноо | 2025-06-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Ууганцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/284
2025 06 18 2025/ШЦТ/284
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхбүрэн даргалж,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ууганцэцэг,
шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.Б-д холбогдох ************** дугаартай /1 хавтас/ эрүүгийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Б нь Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа 02 дугаар багийн нутаг дэвсгэр байх өөрийн гэртээ 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Х архи уулаа гэж уурласан шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зүүн хөлийн тавхай хэсэгт хутгаар хатгаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн:
Шүүгдэгч Д.Б нь Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа 02 дугаар багийн нутаг дэвсгэр байх өөрийн гэртээ 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Х-г архи уулаа гэж уурласан шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зүүн хөлийн тавхай хэсэгт хутгаар хатгаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Д.Бийн өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
Хэрэгт авагдсан:
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/,
-хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-7/,
-хохирогч А.Х-ийн өгсөн "...2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр манай нөхөр Д.Б бид хоёр Д гэх саахалт айлындаа очоод гэртээ ирсэн. …нөхрөө хонио хараад цаагуур нь орчоод ирэхгүй юм уу гэж хэлэхэд орой харанхуй болцон юм чинь харагдахгүй байлгүй гэж нөхөр хэлээд Б гэх айлд очно гээд байхаар нь би яах гээд байгаа юм шөнө болсон хойно гэж хэлээд байж байхад манай нөхөр Д.Б гал түлнэ гээд байхаар нь босоод очиход манай нөхөр хаймар огтлоод сууж байсан тэгээд боль гэж хэлээд түлхсэн чинь миний хөл рүү хутгаар хатгасан тэгээд манай нөхөр айсан юм уу яасан юм гараад явсан. Би охиндоо утсаар хэлээд охин эмч, цагдаа дуудсан... Бид хоёр уусан байсан. Манай нөхөр нэлээн их согтсон байсан гал түлэх гээд байхаар нь би түлэгдэж барьчих болов уу гэж айгаад гал руу ойртуулахгүй байсан юм. Надад ямар нэгэн гомдол санал алга..." гэх мэдүүлэг, /хх-18-19/
-гэрч С.Б-ийн өгсөн: “...2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр манай сувилагч Х дуудлага ирлээ гэж хэлээд 22 цаг 50 минут болж байхад унаа тэрэг дуудаж байгаад 23 цаг гээд явж байхад замд Улаан-Ухаа гэх газар өөдөөс хүү нь Б гээд залуу хөдөө гэрээсээ аавындаа очоод аваад ирсэн. Анх үзэхэд биеийн байдал хэвийн байсан зүүн хөлний ул хэсэгтээ зүсэгдсэн шархтай 6 см орчим цус нь тогтсон байсан. Эрүүл мэндийн төвд авчирч үзэхэд амин үзүүлэлт хэвийн шарханд 3 оёдол тавьсан. Цус алдсан тул шингэн хийсэн” гэх мэдүүлэг /хх-21/,
-гэрч З.Д-ийн өгсөн: “...2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр эхнэр Г-ы хамт Д.Бийн гэрт 10 цаг өнгөрч байхад очсон. Бид хоёр цагаан сараар очоогүй байж байгаад шинэлэх гэж очсон. 1 шил Тайга гэх нэртэй архи уугаад бууз жигнүүлж идээд 13 цаг болж байхад явсан. Би Д.Б, Х нарыг манай гэрт очиж шинэлээрэй гэж хэлсэн. 15 цаг 30 минут болж байхад манайд ирээд хоол идээд 2 шил ARKHI нэртэй архи уугаад 18 цаг өнгөрч байхад явсан” гэх мэдүүлэг /хх-23/,
-гэрч Д.Бийн өгсөн: “...Д.Б нь Д гэж 7 хүүхэдтэй айлын 3 дахь хүүхэд нь бөгөөд багаасаа аав, ээжийнхээ хамт мал маллаж өссөн. Баянжаргалан сумын Ерөнхий боловсролын сургуулийг 5 дугаар анги хүртлээ сураад сургуулиас гараад мал маллах болсон. Тогтсон ажил төрөл хийж байгаагүй. Цэргийн алба хаагаагүй. Мал дээр байсан. Оныг нь санахгүй байна. А.Х гэж эмэгтэйтэй гэр бүл болж суугаад одоо 3 хүүхэдтэй. Д.Б Улаанбаатар хотод ирэхээрээ манайд ирдэг. Зан байдлын талаар ярихад амархан хүнтэй маргалдаж, хэрүүл тэмцэл хийж байхыг нь би бол харж байгаагүй. Өдий хүртэл найзлахдаа хоорондоо нэг ч удаа маргалдаж үзээгүй. Нутаг усныхандаа нэр хүндтэй” гэх мэдүүлэг /хх-65/,
-Д.Бийн сэжигтнээр өгсөн "...2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр би гэртээ байж байхад 12 цагийн үед золгох гэж ирсэн. Манайд хоол идээд Д манайд очоорой ах эгч гэж хэлсэн. Эхнэр Х бид хоёр очоод Д бид хоёр нэг шил архи хувааж уугаад эхнэр бид хоёр малаа хотлуулах гээд гэртээ ирээд хонио хашаад гэртээ ороод галаа түлэх гээд хаймар хутгаар огтлоод сууж байсан эхнэр Х намайг Б гэх найзындаа очихоор явна гэхэд намайг явуулахгүй гэхээр нь би эхнэр Х-г зүүн хөлийн гадна талд чигчий хурууны ард талд хутгаар нэг удаа хутгалсан. Цус гараад байхаар нь орхиод уул руу зугтаасан тэгээд би хөдөө нэг шил ногоон "ARKHI" гэх нэртэй нэг шил архи уучихаад гэртээ эргээд ирэхэд гэрт хүн байхгүй байсан тэгээд намайг гэртээ байж байхад цагдаа нар ирээд намайг аваад явсан..." гэх мэдүүлэг /хх-26/,
-Д.Бийн яллагдагчаар өгсөн "...2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Д гэх манай нутгийн дүү эхнэртэйгээ хоёулаа манайд ирээд эхнэр Х авдарнаасаа 1 шил Тайга нэртэй архи гаргаж ирж өгсөн. Тэр 1 шил архийг манай гэрт уучихаад 13 цагийн үед үргэлжлүүлэн Д-ийн гэрт очиж, нэрийг нь мэдэхгүй 2 шил архи уусан. Би нэлээн согтсон байсан учир үдээс хойш 17 цагийн үед гэртээ харьсан. Гэртээ очсоноос хойш юу болсон талаар сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-47-48/,
-иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-ийн өгсөн: “А.Х нь 2025 оны 3 дугаар сарын 15, 17, 18-ны өдөр Баянжаргалан сумын эрүүл мэндийн төв, Төв аймгийн нэгдсэн эмнэлэг зэрэг газруудаас 663,894 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Лавлагаагаар гарсан мөнгөн дүнг Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дансанд буцаан шилжүүлж улсыг хохиролгүй болгомоор байна” гэх мэдүүлэг /хх-72/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын ЕГ*****дугаартай “Шинжилгээнд "Д.Б" гэж хаяглан ирүүлсэн "С00989229" хуруу шилний дугаартай цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цусны дээжээс 3.2 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 3.2 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх-29-30/,
-Төв аймаг дах шүүх шинжилгээний хэлтсийн ТӨВ*****дугаартай “Х-н биед зүүн хөлийн тавхайд шарх, зүүн хөлийн тавхайд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна" гэх дүгнэлт /хх-36-37/ зэрэг нотлох баримтууд болно.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй ба хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн нотлох баримтууд нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээч эмчийн дүгнэлтээр хохирогч А.Х-ийн биед “зүүн хөлийн тавхайд шарх, зүүн хөлийн тавхайд зөөлөн эдийн няцралт гэмтэл” буюу хөнгөн зэргийн гэмтэл учирсан, уг гэмтэл нь шүүгдэгч Д.Бийн үйлдлээс учирсан, шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсанд тооцох үндэслэлтэй байна.
Энэ хэргийн тухайд, шүүгдэгч Д.Бийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч А.Х-гийн эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна гэж дүгнэх үндэслэл болж байна.
Шүүгдэгч Д.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн буюу төрсөн эх А.Х-гийн бие бахбодид халдан хүчирхийлэл үйлдсэн, энэхүү үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан хохирогчийн болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинж үндсэн болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокурорын Д.Бийг яллагдагчаар татах тогтоол болон түүнд холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгчийн өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч Д.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн прокурорын газарт сайн дураараа гаргасан, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирол төлбөргүй, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Б нь илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Д.Б-ийн Төв аймгийн ********** нутаг дэвсгэр байх өөрийн гэртээ 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Х-г архи уулаа гэж уурласан шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зүүн хөлийн тавхай хэсэгт хутгаар хатгаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэл болж байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Тус хэрэгт хохирогчоор А.Х-г тогтоосон байх ба хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...миний хөл рүү хутгаар хатгасан тэгээд манай нөхөр айсан юм уу яасан юм гараад явсан. Би охиндоо утсаар хэлээд охин эмч, цагдаа дуудсан... Бид хоёр уусан байсан. Манай нөхөр нэлээн их согтсон байсан гал түлэх гээд байхаар нь би түлэгдэж барьчих болов уу гэж айгаад гал руу ойртуулахгүй байсан юм. Надад ямар нэгэн гомдол санал алга” гэжээ.
Энэ гэмт хэрэгтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч А.Х-д эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нийт 663,894 төгрөгийн зардал гарсныг иргэний нэхэмжлэгч Төв аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нэхэмжилжээ.
Шүүгдэгч Д.Б нь 663,894 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төлж барагдуулсан, хохирогч А.Х нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гарах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдав.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар Д.Бэд шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч Э.Ууганцэцэг: “...шүүгдэгч Д.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй...” гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн: “...шүүгдэгч Д.Б гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдэг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.
Хэрэгт шүүгдэгч Д.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, жолоочийн лавлагаа, Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-57-51, 55/ зэрэг авагджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бэд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзлээ.
Талууд шүүхэд торгох ялыг биелүүлбэл зохих хугацааны талаар тусгайлсан санал гаргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулын ялыг биелүүлэх хугацааг гурван сарын хугацаагаар тогтоож,
оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж,
шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Эрүүгийн ************ дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж,
эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж,
түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.3 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бэд зургаан зуун /600/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган /600,000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бэд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бэд оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5.Шүүгдэгч Д.Бэд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Эрүүгийн ************* дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тооцон гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах-д үүрэг болгосугай.
10.Улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гагцхүү энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргахыг тайлбарласугай.
11.Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН